Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Д.Ц,

Шинжээч эмч П.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох 2423000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн .... сумын ... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овгийн ...-ийн Н регистрийн дугаар  .........

                                         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Н-г хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн ..... сум .... баг “Хар толгойн шанд” гэдэг газарт хохирогч П.Э-тай бэлчээрийн маргаанаас болж маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч П.Э-ийн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай үхэр Хар толгойн шанд нэртэй газар байсан юм. Хар толгойн шанд нэртэй газраас 2-3 км зайд Н-ийн өвөлжөө байдаг юм. Н нь өмнө тэр газар манай үхэр бэлчиж байхад манай өвөлжөө рүү орж байна гээд манай үхрийг хөөгөөд, ...... руу оруулаад байсан. Тэгэхээр нь би тухайн өдөр үхрээ  айлд тавихаар Хар толгойн шанд нэртэй газар ирээд, туугаад явж байхад Н эхнэрийн хамт машинтай миний хажууд ирээд намайг дайрчих дөхөөд зогссон. Тэгээд Н машинаас бууж ирэхээр нь би чи намайг дайрлаа гэж Н-д хэлэхэд миний урдаас яадаг юм гэж хариулсан. Тэгэхээр нь би гарт барьж явсан жижиг ташуураар Н-ийн зүүн гарт нь 1 удаа цохисон. Тэгсэн Н миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Н-ийн эхнэр намайг буудчихъя гэж хэлээд машинаасаа буу гаргаад ирсэн чинь Н цааш буугаа хий яах гээд байгаа юм гээд бууг буцаагаад машиндаа хийсэн. Тэгээд би яваад өгсөн. Тухайн бууг би ямар маркийн буу байсныг сайн харж амжаагүй. ...Ер нь бол бэлчээрийн маргаанаас болж уг хэрүүл маргаан үүссэн. Н нь манай бэлчээр рүү мал орууллаа гэж намайг цохиж зодсон. ...Тухайн үед миний хамар хэсэг битүү хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Н гэгч гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохиж  үүсгэсэн. Уг асуудал Завхан аймгийн ..... сумын ..... багт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн үед болсон.” гэх мэдүүлэг /х.х-ийн 15-16-р хуудас/,

- Гэрч Д.П-ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр .... сумын ... багийн нутаг дэвсгэр “Хөндлөн ар” гэдэг нэртэй уулан дээр хонио хариулаад явж байхад миний байгаа газраас 1 км орчим зайтай газар манай хүү П.Э хэдэн үхрээ туугаад явж байсныг би дурандаад хараад байж байхад /тэр үед өдрийн 13 цагийн орчим/ Н гэрээсээ машинтайгаа манай хүү дээр нэлээд тулж машинаа зогсоож машинаасаа гарч байхад нь манай хүү ч П.Э мориноосоо бууж харагдсан. Би дурангаараа харж байхад манай хүү гар нь ороолгож байгаа юм уу даа гэж харагдахаар гараа гозойлгоод байсан. Тэр үед Н бас манай хүүг цохиж хүү ч газар унасан. Тэр үед морь нь тэр хоёроос үргээд байгаа харагдсан. Би тэр 2 дээр яваад очдог юм уу гээд 100 орчим метр газар алхсан тэгэхдээ очиж чадаагүй. Би алхаад явж байхад тэр хоёр нэгийгээ хэд, хэд цохисон байх гэж би бодож байна. Дурангаараа дурандаад харахад Т.Н манай хүүг 2-3 цохиж байгаа юм уу даа гэж би дурангаараа харагдсан. Түүний дараа Т.Н-ийн машин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан байхад 1 хүн машинаас гарч ирэхдээ гартаа буу юм уу гэмээр гозгор 1 зүйл барьчихсан гарч ирж байсан. Тэр үед Н сүүлд гарч ирсэн хүнийг буцаагаад машиндаа оруулж харагдсан. Тэгээд тун удаагүй машин хөдлөөд Н гэр рүүгээ явж байсан.  Э түүний дараа над руу залгаж аав “Би Т.Н-д зодуулчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь чи тэгээд гайгүй юу гэж асуухад би хамар руугаа цохиулчихлаа гэсэн. Би хүүдээ чи тэгээд Н яав гэж асуухад “Би мөр рүү нь ташуураар 2 удаа ороолгосон” гэж утсаар надад хариулахад нь “за за гайгүй байлгүй дээ наад үхрүүдээ туугаад айлдаа аваачиж өгөөд хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 18-19-р хуудас/,

- Гэрч С.И-ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны 13 цагийн орчим би нөхөр болох Т.Н-ээ өөрийн идэшний 2 ямаа гаргачхаад махаа тэнийлгэх гээд өвөлжөө рүүгээ явж байхад манай гэрээс холгүй “Шандны дэрс” гэдэг газар хэдэн үхэр байхыг хараад очиход морьтой нэг хүн туугаад явж байсан. Хэн юм бол доо гээд явж очоод, манай нөхөр машинаасаа буугаад тэр хүн дээр очсон тэр хүн ч мориноосоо бууж харагдсан. Тэр хоёрыг би машин дотроос харж байхад хоорондоо ярьж байснаа сүүлдээ маргалдаад байсан. Тэр хүн тухайн үедээ зүүн гартаа морины цуулбараа барьчихсан, баруун гартаа ташуураа барьчихсан байж байгаад гэнэт манай нөхрийн толгой руу 1 удаа ташуураар ороолгосон. Тэр үед манай нөхөр толгойгоо зүүн гараараа дараад, доошлох үед дахин ташуураар ороолгож харагдсан. Энэ үед манай нөхөр өндийгөөд толгой хавьцаа нь цохиход нь морь нь цаашаа тэр хоёроос үргэж П.Э зүүн гартаа цулбуураа барьчихсан байсан болохоор мориндоо татагдаж газар унасан. П.Э газраасаа босож ирээд манай нөхөртэй маргалдаж байхдаа нүүрээ далдалсан хар өнгийн маскаа авч байсан. Би тэр үед машин дотроосоо утсаар тэр хоёрын талаар бичлэг хийх гэсэн боловч утас маань болоогүй. Тэр 2 машины урд байж байгаад сүүлдээ манай машины баруун талд гарчихсан хэрэлдэж маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 22-23-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 00000013 дугаартай “...1.П.Э-ийн биед хамрын хянга ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /х.х-ийн 26-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Н нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж П.Э-тай бэлчээрийн маргаанаас болж маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, таславчны мурийлт, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирлыг эрүүл санаатай үйлдлийн улмаас учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С-ийн “...хохирогч эхэлж шүүгдэгчийг ташуураар ороолгосон бөгөөд энэ үед шүүгдэгч сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж П.Э-ийг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.” гэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Т.Н-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх 209,267 төгрөгийн баримтыг түүний өмгөөлөгч шүүхийн шатанд ирүүлсэн байх бөгөөд уг баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд авсан эм тариа болон шатахууны баримт байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 423,600 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан зардлын жагсаалтыг иргэний нэхэмжлэгчээс мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Ц нь “...хохирогч П.Э нь хамрын гэмтэл авч хохирогчоор тогтоогдсон байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардлын “Тунгалагдалай яруу” эмийн сангаас авсан хөнгөлөлттэй 180,600 төгрөгийн эм нь цөс, нойр булчирхайн эмчилгээнд хэрэглэх эм байх тул уг эмийг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой биш гэж үзэж байна. Иймд үүнийг эргэж харах нь зүйтэй байх” гэв.

Уг гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хохирогч П.Э нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 223,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Харин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн амбулаторийн үзлэгийн 20,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөнгөлөлттэй 180,600 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч В.С нар нь 5 минутын завсарлага авч хохирогч П.Э-т 223,000 төгрөгийн хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 223,000 төгрөгийн зардлыг тус тус төлсөн бөгөөд энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн дээрх оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдов. Иймд шүүгдэгч Т.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь гэмт хэргийн улмаас хохирогч П.Э-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүх хуралдаанаар тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрэлэлээ. Мөн гэмт хэргийн улмаас П.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид хамрын хагалгаанд орох болон бусад эмчилгээ сувилгааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх санал гаргав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч П.Б “...Няцарч бяцарсан хугарал нь цаашдаа хагалгаанд орох шаардлагатай. Цаашдаа тархи толгой өвдөх зовуурь шаналгаа их байдаг. Хугарал засах, мурийлт засах хагалгаанд орох шаардлагатай байдаг. П.Э-ийн хамарт учирсан гэмтэл нь шинэ сэргэг дээр нь хагалгаанд орох боломжгүй. Заавал 3 дугаар шатлалын эмнэлэгт хагалгаа хийгддэг тэр даруйд хагалгаанд орох гэмтэл бөгөөд бороолж эдгэрсний дараа хагалгаагаар уг гэмтлийг засаж эмчлэх ёстой” гэв.

Иймд хохирогч П.Э-ийн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй байна.

                                       Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Т.Н урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 67-р хуудас/

Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, мөн хэсгийн 1.4 дүгээр зүйлд заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Т.Н-ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт ....-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас П.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 209,267 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч П.Э нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын баримт болон эрүүл мэндэд учирсан эмчилгээ, сувилгаатай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Т.Н-ээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч П.Ц-ийн 423,600 төгрөгийн нэхэмжлэлээс 200,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 223,000 төгрөгийг шүүгдэгч Т.Н нөхөн төлсөн болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Т.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ