| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 185/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Хонгорзул
Улсын яллагч Г.Ганцэцэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Золжаргал
Орчуулагч Э.Гармаа
Шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin /, Рэн Жиюун /Ren Zhyoung/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн
шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын Хөх хотод 1969 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санни таун 830-201 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, / Рэн Жиюун /Ren Zhyoung/ /CHN E44558135/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын Шандун муж, Лайзуй хотод 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шандун муж, Лайзуй хотын Венчан хотхон 1779 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санни таун 830-201 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Лү Вэйшин /Liu Wexin/ CHN 9001271/ нарт холбогдох эрүүгийн 2303007090531 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin –нд Сүхбаатар прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар, Рэн Жиюун /Ren Zhyoung/ Сүхбаатар прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт заасан буюу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Ren Zhiyoung / CHN E44558135/ нь "2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох Сайшаалт ерөөлт, Бадаргуулт төр, Төр гэрэлт, Богд хаант Монгол Улсын үе, БНМАУ-ын үед тус тус хамаарах 4 багц 249 хуудас бүхий бичвэрийг Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Liu Weixin / CHN9001271/-д Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр өгч, улмаар Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Liu Weixin / CHN9001271/ нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 488 дугаартай галт тэрэгний 4 дүгээр вагоны 21 дүгээр суудалд зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
-Цагаан өнгийн ууттай 81 хуудас, цаасан суурьтай баримт, бор өнгийн цаасан ууттай 72 хуудас цаасан суурьтай баримт, бор өнгийн жижиг цаасан хайрцагтай 54 хуудас цаасан суурьтай баримт, цагаан цаасанд ороосон 25 хуудас цаасан суурьтай баримтыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 63/
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн 4 багцалж боосон цаасан баримтуудыг нэг бүрчлэн задалж тоолж үзэхэд:
- 1 дүгээр багц буюу цагаан өнгийн цаасан уутанд 74 хуудас баримт;
- 2 дугаар багц буюу бор өнгийн цаасан уутанд 91 хуудас баримт;
- 3 дугаар багц буюу бор өнгийн жижиг цаасан хайрцагт 51 хуудас баримт;
- 4 дүгээр багц буюу цагаан өнгийн цаасанд боосон 27 хуудас нийт 243 хуудас баримт байна.
Шинжилгээнд ирүүлсэн зарим цаасан баримтын агуулгад огноо, мэдээлэл, эзэн холбогдогч нь бүрэн дурдагдсан, тал баримтууд нь огноо, толгой гарчигтай хэдий ч тасархай, ихэнх баримтуудын доторх агуулга бүрэн бус байна. Эдгээр баримтуудын 40% нь Манж хэлээр бичигдсэн, 60 хувь Монгол хэлээр бичигдсэн баримт байна. Монгол баримтуудын ихэнх нь Их Журган, Сэцэн хан аймагт хамаарах баримт болно. Дээрх баримт нь бодит үйл явдлыг гэрчилсэн, язгуур зориулалтаараа үйлдэгдсэн тул холбогдох он цагаараа түүх, соёлын дурсгалт зүйл буюу соёлын биет өвд хамаарна,
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.1.12 дахь заалтад бичгийн дурсгалт зүйл түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна, ЮНЕСКО-гийн "Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" конвенцид оруулах, Түүнчлэн өмчлөх эрхийг • 100 жилээс өмнөх үеийн бичээс, гар бичмэлүүд, хэвлэмэл зүйлс, хэвлэл гарц нэгээрээ буюу цуглуулга"-ыг Соёлын үнэт зүйлс гэж тус тус заасан байдаг,
Шинжилгээнд хүргүүлсэн 4 багц 249 хуудас баримтын бичвэрийн агуулгыг уншин үзэхэд Сайшаалт ерөөлт, Бадаргуулт төр, Төр гэрэлт, Богд хаант Монгол Улсын үе, БНМАУ-ын үед тус тус хамаарч байна /Сайшаалт ерөөлт нь 1796-1820 он, Төр гэрэлт нь 1820-1850, Түгээмэл элбэгт нь 1850-1861 он, Бадаргуулт төр нь 1875- 1908 он, Богд хаант Монгол Улс нь 1911-1924 оны үе болно/,” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/
-Шинжээч М.Оюунтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Дээрх баримтууд нь Орос үсгээр бичиж 1970 оны Улсын архивын тамга тэмдэг дарагдсан байх тул Монгол Улсын архивын сан хөмрөгт байсан баримтууд байна. Уг баримтуудыг 1970 он гэж үзсэн Монгол бичгийн машинаар хадгаламжийн нэгжийн дугаарын асуулгуудыг бичсэн, Орос үзгээр дугааруудыг бичсэн /аль хадгаламжийн нэгж, хэд дүгээр баримтын байршлын дугаар/-г крилл тоогоор бичсэн байсан. Нэгэнт улсын бүртгэлд орсон сан хөмрөгийг ажилтан, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр дээрх бичгийн хөдлөх биет өвийг улсын архивын сан хөмрөгөөс гаргах боломжгүй, эсхүл хулгайлах нэг бол тухайн архивын албан тушаалтнуудын хууль бус үйлдлээр гарах боломжтой бусдаар улсын сан хөмрөгөөс гаргах ямар ч боломж байхгүй. Дээрх баримтууд нь улсын сан хөмрөгт авагдсан учир иргэдийн гар дээрээс зарагдах ямар нэгэн боломжгүй. Харин улсын хөмрөгт авагдаагүй бол иргэд өөрсдөө хадгалж байсан бол боломжтой. Харин дээрх баримт бол боломжгүй юм. Одоогоор Монгол Улсад түүх соёлын биет өв, баримтыг мөнгөөр үнэлэх боломжгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-115/
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн “ шүүгдэгч Луй Вейшин /Liu Wexin/-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай 2023/ШЗ/362 дугаартай шүүгчийн захирамж / 1хх-ийн 159-160/
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн “ шүүгдэгч Рен Жn Юон /Ren Zhiyoung/-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай 2023/ШЗ/363 дугаартай шүүгчийн захирамж / 1хх-ийн 164-165/
-1 дүгээр багц 74 хуудас, 2 дугаар багц 91 хуудас, 3 дугаар багц 51 хуудас, 4 дүгээр багц 27 хуудас нийт 243 хуудас соёлын биет өвийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 244/
-Шинжээч Х.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Шинжилгээнд ирүүлсэн 4 багц 243 хуудас баримт нь эх баримт мөн учир нь тухайн баримтуудын огноо, дата мэдээлэл, болон мутуу цаасан дээр бэхээр бичсэн тамга тэмдэг нь байгаа энэ эх баримт гэдгийг нотолж байгаа юм. Мөн тухайн цаг үед мутуу цаасан дээрээ бичвэр бичих шугам татсан энийг мөн гараар зурж татдаггүй модон бар хэвээр татсан нь эх баримт гэдгийг нотолж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Түүнчлэн өмгөөлөгч А.Золжаргал 2-р хх-ийн 15-25 дугаар хуудсанд авагдсан Жун чан протерти ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, Улаанбаатар хотод болсон газын дэлбэрэлтэнд өртсөн гэх барилгын зураг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Диэйчби ХХК-ний нэхэмжлэлтэй, Рэн Жиюун холбогдох 708,186,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хуулбар зэргийг,
Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд тусгасан нотлох баримтуудыг шинжлэн судалсанаар тооцуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт заасан буюу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin /, Рэн Жиюун /Ren Zhyoung/ нар үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт санал болгосон ялыг батлуулах дүгнэлтийг,
Өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, прокурорыг ял санал болгох үед торгуулийн ялыг тухайн хэмжээгээр биелүүлэх боломжтой байсан боловч миний гаргаж өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт судалснаар тооцуулсан баримтаар оффисын өрөө галд өртөж шатсан, мөн Рэн Жиюунд холбогдуулан 708,186,919 төгрөгийн нэхэмжлэл гарсан байдлыг харгалзан шүүх Рен Жиюүныг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр, Лү вейшинийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр тус тус торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү “ гэж дүгнэлт гаргаж, мэтгэлцсэн.
Шүүхээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Рэн Жиюун /Ren Zhyoung/-ны хүлээн зөвшөөрсөн 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн торгох ял, Лү Вэйшин /Liu Wexin/ -ны хүлээн зөвшөөрсөн 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Рэн Жиюун /Ren Zhyoung/-ны хүлээн зөвшөөрсөн 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн торгох ял, Лү Вэйшин /Liu Wexin /,-ны хүлээн зөвшөөрсөн 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт зүйл болох нь тогтоогдсон 1 дүгээр багц 74 хуудас, 2 дугаар багц 91 хуудас, 3 дугаар багц 51 хуудас, 4 дүгээр багц 27 хуудас нийт 243 хуудас соёлын биет өвийг Соёлын яаманд шилжүүлж, хэргийн хамт ирсэн “архивын ерөнхий газар” гэсэн бичиг бүхий цагаан дугтуйтай 1 ш сидиг хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Рэн Жиюун /Ren Zhyoung/ /CHN E44558135/, Лү Вэйшин /Liu Wexin/ CHN нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг бүлэгдэж үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Рэн Жиюун /Ren Zhyoung/ /CHN E44558135/-ыг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin/ CHN 9001271/-ийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin /, Рэн Жиюун /Ren Zhyoung/ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт зүйл болох нь тогтоогдсон 1 дүгээр багц 74 хуудас, 2 дугаар багц 91 хуудас, 3 дугаар багц 51 хуудас, 4 дүгээр багц 27 хуудас нийт 243 хуудас соёлын биет өвийг Соёлын яаманд шилжүүлж, хэргийн хамт ирсэн “архивын ерөнхий газар” гэсэн бичиг бүхий цагаан дугтуйтай 1 ш сидиг хэрэгт үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Рэн Жиюун /Ren Zhyoung/-ны 30,000,000 төгрөгийн торгох ял, Лү Вэйшин /Liu Wexin/-ны 25,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лү Вэйшин /Liu Wexin /, Рэн Жиюун /Ren Zhyoung/ урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД