Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01205

 

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02853 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2089 дүгээр магадлалтай,

С.Н-гийн нэхэмжлэлтэй,

Ж.Г-д холбогдох,

Хүүхдийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ж.Гд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02853 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Гаас 5,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлээс 5,925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 109,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2089 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх”, “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” хуулийн заалтуудыг зөрчсөн тул хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри би энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Н Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.06.25-ны өдөр Ж.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...хүү Г.Авидын “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 11,850,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн. Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Учир нь хариуцагч хүү Авидын 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 10,750,000 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 10,750,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд гарган өгсөн. Түүгээр ч зогсохгүй бусад хүүхдүүд болох Ашидын 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2,064,690 төгрөг, охин Амритагийн 10,950,000 төгрөг, охин Амритагийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 12,975,000 төгрөгийг тус тус хариуцан төлсөн байдаг.

Ийнхүү хариуцагч 2 жилийн хугацаанд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс хүү Авидын 2018-2019 оны хичээлийн жилийн төлбөрт төлсөн 11,850,000 төгрөгийг шаардсаныг анхан шатны шүүхээс хэсэгчлэн хангаж нэхэмжилсэн төлбөрийн талыг буюу 5,925,000 төгрөгийг Ж.Гаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасныг үндэслэсэн байна.

4.1. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26.1-т “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эх болох С.Н хүү Авидын 2018-2019 оны Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрт төлсөн 11,850,000 төгрөгөө бүхлээр нь шаардсан бол эцэг болох Ж.Г нь хүү Авидын 2016-2017, 2017-2018 оны ЕБС-ийн сургалтын төлбөрт нийт 21,900,000 төгрөгийг төлсөн байна. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх хүү Авидын өмнө адил үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг зөрчсөн.

4.2. Нотлогдоогүй асуудлаар дүгнэлт хийсэн:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрээсээ 6 дахь догол мөрөнд “...хүү Г.Авидыг төлбөртэй сургуульд 2014 оноос хойш суралцуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд хүү Г.Авидыг гагцхүү эх С.Нгийн дангаар гаргасан шийдвэрийн дагуу төлбөртэй сургуульд суралцуулсан гэж үзэхээргүй байна.” гэсэн дүгнэлт хийсэн. Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа “уг сургуульд хүүхдээ сургах талаар зөвшилцөөгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 2018-2019 оны хичээлийн жилд өндөр төлбөртэй тус сургуульд хүү Г.Авидыг суралцуулахдаа эцэг болох Ж.Гаас эх болох С.Н зөвшөөрөл авсан эсэхийг нягтлах ёстой байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Ж.Г 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд хүү Г.Авидын сургалтын төлбөрийг төлсөн нь “2018-2019 оны хичээлийн жилд уг сургуульд суралцуулах талаар С.Н, Ж.Г нарыг зөвшилцсөн” гэдгийг нотлохгүй. Хэрэгт авагдсан сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтууд, нэхэмжлэлээс үзэхэд С.Н хүү Авидыг өөр сургуульд шилжүүлэн суралцуулсан үйл баримт тодорхой байх ба ингэхдээ мөн л эцэг Гаас зөвшилцөлгүй өөрийн дураар шийдвэрлэснийг олж харж болохоор байна. Ж.Г ч мөн хүүхдүүдийг ийм өндөр төлбөртэй ЕБС-д суралцуулахыг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргасан. 2018-2019 оны хичээлийн жилд уг төлбөртэй сургуульд хүүг суралцуулах шийдвэрийг С.Н дангаар гаргасан байна.

4.3. Үндсэн хуулийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” гэж заасан. С.Н 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцах хүү Г.Авидыг зайлшгүй 11,850,000 төгрөгийн төлбөртэй “И Эс Эм” олон улсын дунд сургуульд сургах шаардлага байсан уу? Энэхүү ерөнхий боловсролыг төрөөс төлбөргүй эзэмшүүлэх бүрэн боломжтой байна. Гэтэл анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэгэнт Үндсэн хуулиар ерөнхий боловсролыг төрөөс төлбөргүй олгодог хуулийн зохицуулалттай бөгөөд хүүхэд ерөнхий боловсролыг эзэмшиж их, дээд сургуульд элсэн суралцах тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэдэг шүүхийн жишиг түгээмэл байна. Түүнчлэн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.23-ны №1706 оны шүүхийн шийдвэрээр Ж.Гы нэхэмжлэлээр С.Нгоос гэрлэлт цуцлагдсан. Уг шийдвэрийн 4 дэх заалтаар 78,932,000 төгрөгийг С.Нгоос гаргуулж Ж.Гд олгохоор шийдвэрлэсэн ч С.Н энэ үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл явсан байна. 2018-2019 онд хүүгээ төлбөртэй сургуульд суралцуулах талаар Гтай зөвшилцөөгүй, сургуулиас шилжүүлэхдээ ч зөвшөөрөл авдаггүй, Г бүх хүүхдийн төлбөрөө 2 жилийн турш ганцаараа төлсөн байхад эх С.Н зөвхөн 2018-2019 оны нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлчхөөд бүтнээр нь Гаас нэхэмжилж байна. Энэ мэт хэргийн нөхцөл байдлыг шударгаар үнэлж, дүгнээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ж.Гд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...хүү Г.Авид 2018-2019 оны хичээлийн жилд “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн 8-р ангид суралцаж байгаад Улаанбаатар Эмпати сургуульд шилжин суралцсан, ...2018-2019 оны сургалтын төлбөрийн 11,850,000 төгрөгийг аав Ж.Г нь хариуцан төлнө гэсээр төлөөгүйн улмаас төлбөрийн нэхэмжлэл удаа дараа ирсэн. ...би хүүгээ бодон арга буюу өр зээл тавин байж нэхэмжилсэн төлбөрийг 2020.03.06-ны өдөр төлж барагдуулан, хүүгийнхээ хувийн хэргийг авсан. ...Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүү Г.Авидын сургалтын төлбөрийн 11,850,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хүү Г.Авидыг заавал өндөр төлбөртэй “И Эс Эм” олон улсын дунд сургуульд сурга гэсэн хууль байхгүй. Миний хувьд хүүгээ бусдын нэгэн адил Үндсэн хуульд заасны дагуу үнэ төлбөргүй, төрийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй болно. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. ...хүү Г.Авидыг 2018-2019 оны хичээлийн жилд заавал “И Эс Эм” олон улсын дунд сургуульд сургах онцгой нөхцөл байдал үүсээгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.07.23-ны өдрийн 1706 дугаар шийдвэрээр Ж.Г, С.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2005.01.07-ны өдөр төрсөн хүү Г.Авид, 2010.11.24-ний өдөр төрсөн хүү Г.Ашид нарыг эх С.Нгийн асрамжид үлдээж, хүү Г.Авид, Г.Ашид нарыг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, тэдний хүү Г.Авид нь “И Эс Эм” олон улсын дунд сургуульд 2014 оноос хойш суралцсан, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг эцэг Э.Г, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 11,850,000 төгрөгийг эх С.Н төлсөн үйл баримтууд тогтоогджээ.

Тодруулбал, хүү Г.Авид нь төлбөртэй, “И Эс Эм” олон улсын дунд сургуульд 2014 оноос суралцан, хариуцагч Э.Г нь 2016-2017, 2017-2018 онуудын хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн ...хүү Г.Авидыг 2018-2019 оны хичээлийн жилд заавал “И Эс Эм” олон улсын дунд сургуульд төлбөртэй сургах онцгой нөхцөл байдал үүсээгүй,  ...хүүгээ Үндсэн хуульд заасны дагуу үнэ төлбөргүй, төрийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.   

11. Хоёр шатны шүүх ...Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, ...нэхэмжлэгч нь хүү Г.Авидыг төлбөртэй сургуульд сургасантай холбоотой гарсан нэмэлт зардлын 50 хувийг эцгээс нь шаардах эрхтэй гэж дүгнэн,  хариуцагчаас нэхэмжилсэн сургалтын төлбөрийн 50 хувь болох 5,925,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

12. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтуудыг зөрчсөн. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02853 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2089 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.10-ны өдөр төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                                Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ