| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2026/0536/З |
| Дугаар | 221/МА2026/0652 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0652
“З ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
“З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “З ББСБ” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.
Хэргийн индекс: 128/2026/0536/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, З ББСБ ХХК-ийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
Хоёр. Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний талаар: Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ, 27.1.3-т хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд 27.3-т “Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ” гэж хуульчилсан ба Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний мэдээлэлд 2025 онд 73,000,037.3 (далан гурван сая гучин долоон төгрөг гучин мөнгө) төгрөгийн борлуулалт, 34,656,849.00 (гучин дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин ес) төгрөгийн худалдан авалт хийсэн нь Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байна.
•Ажил гүйлгээний борлуулалтын орлогын дэлгэрэнгүй мэдээлэлд Ж.Л (РД: -д 14,052,356, Б.М (РД:Х8)-т 4,388,953, “Си” (РД:5) ХХК-д 54,588,718 төгрөг, нийт 73,000,037 төгрөг'
•Ажил гүйлгээний худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл."Г” (РД: 5) ХХК-с 34,656,849 төгрөгийн гүйлгээ тус тус хийсэн байна.
Гурав: Харилцан хамааралтай этгээдүүдийн албан татвар ногдох орлогын дүнгээр тооцох тухай: Ж.Л (РД:УС) 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, Б.М (РД:Х) 2025 онд 51,312,50 төгрөгийн борлуулалтын орлогыг төлбөрийн баримтаар шивж баталгаажуулсан, “Си” (РД:) ХХК нь 2,899,285,202.39 төгрөгийн борлуулалтын орлогыг төлбөрийн баримтаар шивж баталгаажуулсан,”Г” (РД:5) ХХК нь 1,577,021,909.09 төгрөгийн борлуулалтын орлогыг төлбөрийн баримтаар шивж баталгаажуулсан, иргэн Г.Лс (РД: 8) 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “Нү” (РД:7) ХХК 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “З” (РД: 7) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “Хо” (РД:8) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэ 0 төгрөг, “С” (РД:7) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “А” (РД: 5) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “С л” (РД: 5) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “Жи” (РД:5) ХХК 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “З” (РД:70) ХХК 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “” (РД: 81) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “” () ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого байхгүй төлбөрийн баримтын мэдээлэл 0 төгрөг, “) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого 10,739,012,092.39 төгрөг, төлбөрийн баримтаар баталгаажсан, ... нь 2025 онд борлуулалтын орлого 11,807,197,018.53 төгрөг төлбөрийн баримтаар баталгаажсан, “) ХХК нь 2025 онд борлуулалтын орлого 22,654,687,319.87 төгрөг төлбөрийн баримтаар баталгаажиж нийт 50,480,470,600.56 төгрөг байх тул хуульд заасан татварын хөнгөлөлт эдлэх нөхцөлийг хангаагүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах боломжгүй байна.
Иймд Харилцан хамааралтай этгээдүүдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүн нь 50,480,470,600.56 төгрөгт хүрч татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан хуулийн шалгуураар тодорхойлогдож байхад хуулийг буруу хэрэглэж татвар төлөгчид давуу байдал олгосон мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаа тодорхой, шударга байх зарчмын үгүйсгэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0682 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-аас “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий 5/929 дүгээр албан бичгээр “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т ... зааснаар танай компани харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийж, албан татвар ногдох орлогын нийлбэр дүнг тодорхойлоход 1.5 тэрбум төгрөгөөс их байна. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах боломжгүй байна...” гэж нэхэмжлэгчид “татгалзсан” хариу өгсөн байна.
Анхан шатны шүүх “... хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар хуульд тусгайлан зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчид тухайн жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан, уг зохицуулалтын зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл, бага, дунд орлоготой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих явдал ...” гэж хуулийн зорилго, агуулгыг зөв тайлбарласан атлаа харилцан хамааралтай Ж.Л, Б.М, “Сас” ХХК, “Гурван гал групп” ХХК-иадаас хийгдсэн 107,656, 886 төгрөгийн гүйлгээ нь бодит байдалд тус иргэд, компаниудын хооронд хөрөнгө хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар тусгай нөхцөлөөр ажил гүйлгээ хийж, эдийн засгийн үр дүн үүсгэсэн, тийм боломжийг харилцан бий болгосон гэж үзэхээргүй байна” гэж Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийг 22.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Энэ талаар шийдвэрлэсэн гэх Улсын Дээд шүүхийн 2025 оны 98 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн маргааны үйл баримтаас энэхүү хэрэг ялгаатай, нэхэмжлэгч хуулийн этгээдийн явуулж буй үйл ажиллагаа болон ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн нөхцөл байдал ялгаатай байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.11."харилцан хамааралтай этгээдүүд" гэж Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг;” ойлгохоор,
22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5[1] тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:”[2],
22.3-д “Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж тус тус заасан.
Уг хуулийн 22.3-т 22.1-д зааснаар хөнгөлөлт үзүүлэх татвар төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээг харилцан хамааралтай этгээдтэй ажил гүйлгээ хийснээс хамаарч тооцохоор заасан тул а/ “харилцан хамаарал бүхий этгээд” гэдгийг Татварын ерөнхий хуулийн 27.1-д зааснаар зөв тодорхойлох, б/харин түүнтэй хийсэн ажил гүйлгээний шинж чанар, тоо хэмжээг тодорхой заагаагүй байхад “... орлогыг хуваах зорилготой байсан эсэхийг тодорхойлон агуулгыг өргөжүүлэн тайлбарлах эсэхийг холбогдох хуулийн агуулгатай уялдуулан тайлбарлаж хэрэглэхээр байна.
а/Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ: ... 27.1.3.хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд;” гэж тус тус заасан.
Уг заалтын “нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн “хөрөнгө” ... эзэмшдэг ...” гэдэгт 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшдэг этгээд хамаарах бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьцааны 29 хувийн хувьцааг Б.М /гүйцэтгэх удирдлага/, 31 хувийг эзэмшдэг Г.Лс нь “Гурван гал групп” ХХК-ийн 25 хувийг, 31 хувийг эзэмшдэг Ж.Л “Сити палас” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг гэх зэргээр “хөрөнгө” эзэмшдэгийнхээ хувьд “харилцан хамааралтай” этгээдүүд байна.
Нэгэнт хөрөнгө эзэмшлийн хувьд харилцан хамааралтай нь тодорхой, энэ хөрөнгийн хэмжээ буюу хувьцааны хувь хэмжээгээрээ Компанийн тухай хуульд заасны дагуу хяналт, удирдлагад оролцдог нь ойлгомжтой тул хөрөнгө эзэмшлийн хувьд харилцан хамааралтай этгээдийн хувьд дээрх хуулийн 27.1-д заасан “хяналт, удирдлагын үйл ажиллагаанд оролцдог эсэх, ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой эсэх зэргийг давхар тодорхойлохгүй, хуулийн заалтын энэхүү хэсэг нь 27.1-д заасан бусад харилцан хамааралтай этгээдийг тодорхойлоход харгалзаж үзэх агуулгатай байна.
Гэтэл анхан шатны шүүх “.... харилцан хамааралтай этгээдийн хуулийн хэлбэрийн шалгуурт нийцэж байгаа хэдий ч зээл олгосны хүү, түрээсийн төлбөр төлөх гүйлгээ хийгдсэн нь “хяналт, удирдлагын үйл ажиллагаанд оролцдог эсэх, ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой” байх хуулийн ерөнхий шалгуурыг хангаагүй (шийдвэрийн үндэслэх хэсгийн 14, 15) байна гэж хуулийг буруу тайлбарлажээ.
Мөн шүүхээс тухайн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зорилгыг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой гэж зөв тодорхойлсон, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ: ... 8.1.3.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;” гэж заасныг зөрчиж аж ахуйн нэгжийг хохироож байна” гэж маргасан бөгөөд уг хуулийн холбогдох суурь заалтуудтай уялдуулан хуулийн зорилго, агуулгыг тодорхойлох нь зүйтэй байна.
Тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн борлуулалтын орлогын хэмжээг тогтоохдоо түүнтэй харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцно” гэж зааснаас үзвэл зөвхөн тухайн хуулийн этгээдийн борлуулалтын орлогоос хамаарч жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа этгээд гэж үзэхгүй, харин харилцан хамаарал бүхий этгээдүүдийн борлуулалтын орлогын нийт дүнгээр хуульд заасан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч” гэж үздэггүй байна.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө, хяналт, удирдлагын оролцооны хувьд харилцан хамааралтай буюу толгой компани болон удирдлага нь борлуулалтын орлого өндөр байвал жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хуулийн аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх нь хуулийн зорилгод нийцэхгүй тул ажил гүйлгээ хийсэн харилцан хамааралтай этгээдүүдийн нийт борлуулалтын орлогоор тооцохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 22.3-т заасан байна.
б/ Энэ тохиолдолд харилцан хамааралтай этгээдийн хоорондоо хийгдсэн ажил гүйлгээний тоо хэмжээ, шинж чанарын талаар хуульд тодорхой заагаагүйг өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэх шаардлагагүй байна.
Харин дээрх хуулийн 22.3-т нийт харилцан хамааралтай этгээдийн борлуулалтын орлогын дүнгээр бус, зөвхөн татвар төлөгчтэй ажил гүйлгээ хийсэн харин хамааралтай этгээдийн тухайн жилийн борлуулалтын орлогын нийт дүнгээр тооцохоор тусгайлан зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “З ББСБ” ХХК-ийн Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2025 оны жилийн эцсийн тайланг татварын албанд ирүүлэхдээ харилцан хамаарал бүхий этгээдийн мэдээлэлд иргэн Ж.Л, иргэн Г.Лс, иргэн Б.М болон “дү” ХХК, “” ХХК, “” ХХК, “ХХК, “” ХХК, гэсэн нийт 19 этгээдтэй шууд болон шууд бусаар харилцан хамааралтай болохоо тайлагнасан нь тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэрэг, 30-33 дахь тал).
Эдгээрээс уг хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчтэй зөвхөн ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий Ж.Л /борлуулалтын орлого 0/, Б.М /51,3 сая/, “п” ХХК /22,6 тэрбум/, “С” ХХК /2,9 тэрбум/-ийн борлуулалтын орлогын нийлбэр дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэмжээнээс илүү байх тул хариуцагчийн “албан татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах боломжгүй” гэж татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/929 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ