Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0436

 

 

 

 

     2022           06           08                                    128/ШШ2022/0436

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В м ХХК /РД: /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О,

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий В м ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О, иргэдийн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч В м ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн улсын байцаагч Д.Оийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.

          2.Гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар нь нэхэмжлэгч В м ХХК-ийн 2013-2017 оны импортлосон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн хяналт шалгалт хийж, Гаалийн улсын байцаагч Д.Б 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсаар В м ХХК нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, Гаалийн татварт 50.884,757 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварт 89.053,442 төгрөг, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар,

          Гаалийн улсын байцаагч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар В м ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн зөрчилд 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

          3.Нэхэмжлэгч В м ХХК-иас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч В м ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “В м ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Тус компани нь Холбооны Бүгд найрамдах Герман улсын W брэндийн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийг Монгол улсад худалдан борлуулдаг W группын салбар компани юм. Манай компанид Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О, Д.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар нэг хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, шийтгэл оногдуулсан.

          Энэхүү хяналт шалгалтыг манай компанид өмнө нь Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан А.Өын гомдлын дагуу хийсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас халагдсандаа өс хонзон тээсэн хүний худал гомдол мэдээллийн дагуу дээрх хяналт шалгалтыг хийж, үндэслэлгүйгээр дээрх актуудыг тавьсан гэж үзэж байна.          

          А.Ө нь 2017 оны 8 дугаар сард ажлаас халагдсаныхаа дараа санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын байгууллага, харьяалах дүүргийн татварын хэлтсүүдэд хандаж удаа дараа огт үндэслэлгүй гомдлуудыг гаргаж, манай компанийн нууц мэдээллийг задруулж хууль зөрчиж байгаа этгээд бөгөөд манай компанитай холбоотой гааль, татварын асуудлаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс манай компанид шалгалт явуулж, гомдолд дурдсан асуудлаар зөрчилгүй гэж үзэж, гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо мөн Өын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

          Нэг.Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн 839,649,463 төгрөгийн барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн гэж үзэж, 139,938,179 төгрөгийн нөхөн татвар, 41,981,454 төгрөгийн торгууль нийт 181,919,632 төгрөгийн шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1.Манай компани нь дээр дурдсанчлан W брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад оруулж ирэх албан ёсны эрхтэй цорын ганц байгууллага юм. Бидний энэхүү давуу тал нь W брэндийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээрх ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс илүү хямд үнэ өртгөөр Монгол улсад оруулж ирж, худалдан борлуулах боломжийг олгодог ба бидний үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг, гаалиар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийг шударгаар мэдүүлж ирсэн бөгөөд Гаалийн улсын байцаагчийн дээрх актанд дурдсан 839,649,463 төгрөгийн барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн явдал огт байхгүй болно.

          2.Гаалийн улсын байцаагчийн дээрх актын хавсралтанд заасан гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүн /хүснэгтийн 10 дахь багана/-г хаанаас, хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн дүн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. 2013 онд бидний Монгол улсын гаалиар оруулж ирж мэдүүлсэн бараануудын нийт барааны үнийг 23,7 хувиар нэмж, 2014 оны барааны үнийг 8,5 хувиар, 2015 онд 37,5 хувиар, 2016 онд 19 хувиар, 2017 онд 24,4 хувиар тус тус шууд нэмэгдүүлж дээрх зөрчлийн дүнг гаргаж ирсэн байгаа нь баримтад үндэслээгүй, хууль бус гэж үзэж байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргуудын алийг нь ашигласан нь мөн тодорхойгүй байна. Бидний толгой компаниасаа авч байгаа бараа бүтээгдэхүүн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлох бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнүүд бөгөөд бид хэлцлийн үнийн аргын дагуу барааны үнээ хууль, журмын дагуу үнэн зөвөөр, шударгаар мэдүүлж ирсэн.

          3.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан зөрчил шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Мөн Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь тус тус Татварын ерөнхий хуулиас бүрдэж байгаа бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Гэтэл Гаалийн улсын байцаагч нь дээрх актаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/ байхад шалгалт явуулж акт тавьсан нь үндэслэлгүй байна.

          Хоёр: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Оийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 191,429,618 төгрөгийн бараа бичихгүй орхисон гэж үзэж 29,671,591 төгрөгийн нөхөн татвар, 8,901,477 төгрөгийн торгууль нийт 38,573,068 төгрөгийн шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1.Уг актын үндэслэл болсон SАР санхүүгийн програм хангамжийг манай компани нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн хамаарал бүхий зэрэгцээ компани болох W IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн нь үнэн боловч уг санхүүгийн програм хангамжийг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, толгой компанийн хэрэглэдэг програм хангамжийг ашиглаж байгаа явдал юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж юу байх талаар тодорхойлсон ба бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, гээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхой заасан бөгөөд програм хангамж нь дээрх тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй юм. Мөн бид дээрх програм хангамжийг худалдаж аваагүй, програм хангамжийн лиценз эзэмшдэггүй тул Гаалийн улсын байцаагчийн уг акт үндэслэлгүй юм.

          2.Гаалийн улсын байцаагчийн актын хавсралтанд манай компанийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх SAP санхүүгийн програм хангамжийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн мэтээр нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй акт тавьсан нь үндэслэлгүй байна.

          Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“В м ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Энэ компани нь ХБНГУ-ын В брэндийн хөдөлмөр, хамгааллын хувцас, багаж хэрэгслийг Монгол Улсад худалдан борлуулдаг В гээд дэлхийг хамарсан том групп компанийн салбар гишүүн компани юм. Энэ компанийн онцлог нь толгой компанитайгаа 100 охин компани учраас бараа, материалуудыг Монгол Улсад оруулж ирж борлуулахдаа худалдаа нь эхлээд төлбөрөө төлөөд бараагаа авдаг бол В м компанийн онцлог нь бараа нь ирээд, бараагаа зарсны дараа төлбөрөө өгдөг онцлогтой. В брэнд нь дэлхий даяар олон орнуудад сүлжээ компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас мэдээллийн технологи, ворлд вайд байдлаа хангахын тулд ай ти-гийн байдалдаа маш их анхаардаг. Монгол Улсад В брэндийн нэг алх зарагдаж байгаа тохиолдолд өдөрт хэдэн алх зарагдаж байна гэдгийг толгой компани нь программаараа хянадаг онцлогтой. Онцлогийн хувьд дараа төлбөрт тооцоогоор бараагаа авдаг онцлогтой. В брэнд нь үйлдвэрлэгч нэг компани нь байгаа, мөн В финанс гэж бараа, бүтээгдэхүүн худалдахтай холбоотой санхүүгийн тооцоонуудыг дамжуулдаг компани байдаг. Энэ компаниудыг яагаад ярьж байна вэ гэвэл нэгдүгээрт 110 хоногийн дотор тэр барааг төлбөрийг нь шилжүүлсэн тохиолдолд хүү тооцдоггүй. В м ХХК В-ын үйлдвэрлэлээс бараа авлаа гэж бодоход түүний төлбөрийг нь В финанс компани Вмонголиа ХХК-ийн өмнөөс хийчихнэ. В финанс компани В м ХХК-ийн өмнөөс төлбөрийг нь төлсөн байгаа учраас В м ХХК төлбөрөө В финанс компанийн данс руу шилжүүлдэг. Үүн дээрээ 110 хоногийн дотор мөнгөө шилжүүлэх юм бол ямар нэгэн хүү тооцохгүй, 110 хоногоос хойш төлөөд эхлэх юм бол хойш төлсөн хугацаан дээр нь 2.5 хувийн байдлаар хүү тооцдог онцлогтой. Энэ зардлуудтай холбоотой ай ти-гийн зардал, хүүгийн зардал гэдэг зүйлүүд гардаг.

Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгээд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 52, 53 тоот шийтгэлийн хуудсуудыг оногдуулсан. Зөрчлийн хэрэг нээх болсон үндэслэл нь Вмонголиа ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан н.Өын гомдлын дагуу хяналт шалгалт хийгээд акт тавьсан байдаг.

Гаалийн улсын байцаагч нар яг энэ гомдолд дурдсан асуудлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэж байна. Нэгдүгээрт Д.Оийн оногдуулсан 0223053 тоот шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байгаа зүйлээ ярья. Энэ акт нь программ хангамж оруулж ирээд, үүндээ гаалийн татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр акт тавьсан байдаг. Программ хангамж гэдэг зүйл нь Гаалийн тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүн гэдэгт орох уу гэдэг асуудал байна. Гаалийн тухай хуулийн 3.1.1."бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан, хөдлөх эд хөрөнгө байна гээд заасан. Хөдлөх эд хөрөнгө гэж юуг ойлгох вэ гэдгийг Монгол Улсын Иргэний хуульд тодорхойлсон. Иргэний хуулийн 83 дугаар зүйлд 83.1. эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. Эд юмс гэдэг нь эд хөрөнгө буюу хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 3.1.1-т заасан бараа, бүтээгдэхүүн гэдэг нь биетээр оршиж байгаа зүйлийг бараа, бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байна. Гэтэл В м ХХК-ийн зүгээс толгой компаниасаа авч байгаа, В Ай Ти мэдээлэл технологийн салбар компаниасаа үйлчилгээ авч байгаа программ хангамжууд нь Монгол Улсад биетээр орж ирсэн зүйл байхгүй, интернетээр өргөтгөлөөр нь татаж аваад, худалдаж аваагүй, ашиглаж байгаа онцлогтой зүйл байгаа. Худалдаж аваад лиценз эзэмшиж байгаа этгээдийн хувьд энэ программ хангамжаа бусдад худалдан борлуулах, түрээслэх эрхтэй байдаг бол В м ХХК-ийн зүгээс хэрэглэж байгаа программууд нь өөрөө худалдан борлуулах боломжгүй, зөвхөн ашиглаж байгаа онцлогтой байгаа. Тийм учраас Гаалийн тухай хуулийн 3.1.1-т заасан бараа гэдэг зүйлд ашиглаж байгаа ай ти-гийн төхөөрөмжүүд хамаарахгүй гэж үзэж байна. Гаалиар бараа оруулж ирэхэд Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системийн дагуу барааг кодлоод, кодтой бараанд татвар ногдуулах асуудал яригддаг.

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө програм хангамж гэдэг зүйлийг бараа гэж үздэггүй байсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/300 тушаалаар батлагдсан Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтыг баталсан байдаг. Энэ захиргааны хэм хэмжээний акт нь захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны тодорхойлолт байгаа, Гаалийн ерөнхий газрын 2017 оны A/300 тоот тушаал 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн гэдэг тодорхойлолт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн, түүнээс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

 Шийтгэлийн хуудсаар ногдуулсан программ хангамжтай холбоотой зөрчлүүд гээд шийтгэлийн хуудасны хавсралтад дурдсан тооцооллууд байгаа. Энэ тооцооллууд нь 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл В Ай Ти гэдэг компани руу шилжүүлсэн төлбөрүүд дээр программ хангамжийн гаалийн зардал төлөөгүй гэдэг байдлаар Д.О байцаагчийн шийтгэлийн хуудас гарсан. Өөрөөр хэлбэл захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болоогүй байхад энэ актын дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 67.3-т энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гээд маш тодорхой заасан.  

2018 онд хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг 2017 оны зөрчилд буцааж хэрэглэхгүй, энэ нь хууль зүйн хувьд нэгэнт ойлгомжтой зарчим юм.  Дараа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчлүүд байна. Хамгийн эхний зүйл юу вэ гэвэл шийтгэлийн хуудасны үндэслэл нь 2013-2017 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тэгэхээр 2013 оны зөрчилд 2017 онд үйлчилж эхэлсэн хуулийг баримталж зөрчил гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хууль батлагдсан өдрөөсөө хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ёстой. Энэ зарчим, энэ хуулийг зөрчсөн асуудал байгаа. Зөрчлийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 хоногоор сунгасан байдаг. Сунгаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусч байгаа. Өөрөөр хэлбэл удирдамжид заасан хугацаа, шалгалт хийх эцсийн хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байгаа. Гэтэл шийтгэлийн хуудсаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тавьсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан процесс ажиллагаа нь 10 дугаар сарын 31-ний өдөр үргэлжлээд байна, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна, мөн тайлбар, мэдүүлэг авсан байна, шийтгэлийн хуудсаа танилцуулж байна. Энэ нь процессын зөрчил юм. Энэ нь юугаар нотлогдох вэ гэвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.6-д удирдамжийн дагуу хийж байгаа шалгалт нь шалгалт эхлэх болон дуусах хугацаагаа тодорхой заасан байна гэсэн шаардлага байгаа.

Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийх журмын 7.3-т гаалийн улсын байцаагчийн хориглох үйл ажиллагааг заасан. Уг журмын 7.3.1-т гаалийн удирдах байгууллагын даргын баталсан удирдамжгүйгээр шалгалт хийх гэсэн, удирдамж байсан, гэхдээ хугацаа нь 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад 10 дугаар сарын 31-ний өдөр хийж байгаа процесс ажиллагаа нь удирдамжгүйгээр шалгалт хийж байгаа асуудал үүсч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5-д хууль ёсны төлөөлөгч гэсэн зохицуулалт байгаа. Үүний 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай. Үүн дээр хууль ёсны төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлүүлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн зохицуулалттай.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 гэдэг зохицуулалтын агуулга нь юу вэ гэвэл зөрчлийн хэрэг нээлээ гэж үзэхэд хуулийн этгээд дээр шалгалт хийж байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг нээснээс хойш хууль ёсны төлөөлөгчөөр нэг этгээдийг томилоод, тэр этгээдтэй харилцаад тэр этгээдэд хуульд заасан эрхийг нь эдлүүлэх зохицуулалтыг тусгасан. Зөрчлийн тухай хуулийн 3.1-т холбогдогчийн эрхийг тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 2.1-т ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрх холбогдогчид байдаг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 10 дугаар сарын 30-ны өдөр дуусчхаад байхад 31-ний өдөр буюу шийтгэлийн хуудас танилцуулахдаа чи хууль ёсны төлөөлөгч шүү, танайд ийм акт тавьсан гэж гардуулж байгаа нь өөрөө ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангасан юм уу, хангаагүй байна. Үүнийг өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэрэг хийсэн хүн байлаа гэж бодоход цагдаа, прокурорын байгууллага тэр хүнд мэдэгдэхгүйгээр шалгаж байснаа таныг яллагдагчаар татсан, таны шийтгэх тогтоол гээд гардуулж байгаатай ямар ч ялгаагүй зүйл юм. Ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангахгүйгээр шалгаж байгаа нь ийм процессын зөрчлүүд гаргасан байна. Ийм учраас 53 тоот шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлийн хувьд, процесс ажиллагааны хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаанууд болсон байна. Ийм учраас энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хангалттай үндэслэл байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт  Д.Б байцаагчийн тавьсан  0123052 тоот шийтгэлийн хуудасны хувьд нэгдүгээр үндэслэл нь 0123053 тоот шийтгэлийн хуудастай ижилхэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчлүүд байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл энэ шийтгэлийн хуудас дээр 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны зөрчлийг шалгасан. Шийтгэлийн хуудасны үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.2 дахь заалтыг үндэслэсэн. 2013 онд батлагдаагүй хуулийн заалтаар зөрчил тогтоож байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт процесс ажиллагааны сая хэлсэн зөрчлүүд байгаа. 10 дугаар сарын 30-ны өдөр удирдамжийн хугацаа дуусаад шалгалт дууссан байхад 10 дугаар сарын 31-ний өдөр хууль ёсны төлөөлөгчөөр томилоод тайлбар мэдүүлэг аваад шийтгэлийн хуудсаа танилцуулдаг. Энэ нь сая хэлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 3.5.1.2, 3.1 гэсэн заалтуудыг зөрчсөн. Хууль зүйн үндэслэлийн хувьд Д.Б байцаагчийн тавьсан актад жишээ авч ярихад танайх 80.000 еврогийн бараа авчхаад яагаад толгой компани руугаа 100.000 евро шилжүүлээд байгаа юм бэ гэдэг агуулгаар шийтгэлийн хуудас ногдуулсан. 20.000 евро яагаад илүү шилжүүлчхээд байгаа вэ, энэ чинь зөрчил гэдэг байдлаар акт тавьсан. Би анх нэхэмжлэлийн шаардлага танилцуулахдаа хэлсэн, энэ 20.000 еврогийн зөрүү нь нэгдүгээрт ай ти-гийн зардлуудын мөнгийг толгой компани руу шилжүүлж өгч байгаа. Мөн гэрчүүд мэдүүлэг өгөхдөө В компанийн гар утасны аппликэшн нь энэ гар утсаа би солиод тэр аппликэшны паспортуудыг мартсан бол Вын толгой компани руу хандахад би танай паспортыг шинэчлээд өгье гээд шинэчлээд өгчихдөг, түүнтэй холбоотой инвойс, энэ төлбөрүүд нь нэгдүгээрт орчихож байгаа. Хоёрдугаарт В финанс компанид 110 хоногийн дотор хүү төлөхгүй, түүнээс хойш төлбөрөө төлөхөд 2.5 хувийн хүү тооцно, энэ төлбөрүүд бас орчхож байгаа юм.

 Гуравдугаарт санхүүгийн тайланд зөрүү байдаг. Энэ зөрүү юунаас үүсч байна вэ гэвэл замд явж байгаа барааны асуудал байдаг. Жишээ нь Герман улсаас ирж байгаа барааны хувьд Монгол Улс, Герман Улс хэр хол зайтай билээ. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалсан бараанууд нь 30-45 хоногийн дараа Монгол Улсад ирнэ гэхээр 2018 оны 01 дүгээр сард Монгол Улсад ирж байна. Энэ мэт зөрүүнүүд үүсдэг. Үүнтэй холбоотой 80.000 долларын 20.000 еврогийн зөрүү гардаг. Харамсалтай нь гаалийн улсын байцаагч нар энэ зөрүүг бүтэн нягталж шалгахгүйгээр зөрүү гарсан тул танайх бараагаа дутуулсан байна гэдэг байдлаар зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.     6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үндсэндээ тооцоололтой холбоотой хэсэг дээр ойлгомжгүй байна, мэргэжлийн хөндлөнгийн байгууллага томилоод шинжээчийн дүгнэлт хийлгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 8 асуулт тавиад түүний дагуу дэлгэрэнгүй байдлаар хийлгэсэн. Нэг өдөр гарсан хоёр маргаан бүхий акт байгаа. Эхнийх нь барааны үнэ төлүүлээгүй байна гэдэгтэй холбоотой, дутуу мэдүүлсэн гэдэг юм уу, хоёр дахь нь программ хангамжтай холбоотой акт байгаа юм.

Энэ актыг хамтад нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.1 хуульд үндэслэх журмыг баримтлаагүй, 37.6, 39.1, 40.4, 40.2.3, 40.3-т заасан шаардлагуудыг хангахгүй буюу хууль бус захиргааны акт гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу хоёр захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны актын утга агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн шаардлагыг хангаагүй, тодорхой бус байна гэж үзэж байна, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна, бүрэн дүүрэн хараагүй, шалгаагүй.

Гурав дахь үндэслэл нь хууль буцаан хэрэглэсэн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчинтэй болсон хуулийг 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх зөрчил дээр хэрэглэсэн байна. 2015 оны Зөрчлийн тухай хууль байсан, 2015 оноос өмнө Гаалийн тухай хуульд зөрчлүүд байсан. Шат дараатай тухайн цаг үед нь мөрдөгдөж байсан хуулиудыг хэрэглэхгүй бол өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийг 5 жилийн өмнөх зөрчилд хэрэглэж болохгүй.

Нэгдүгээрт шалгалтын хугацаа 2013-2017 он байгаа, 5 жилийн хугацааны эхний үлдэгдлийн тооцоолол нь хариуцагч нарынхтай таарч байгаа юм уу, өөрөөр хэлбэл яг адилхан тоо баримтыг хоёр тал адилхан ойлгоод тэрэн дээр зөв дүгнэлт хийсэн юм уу гэдэг дээр асуусан, зөрж байгаа шалтгаан нь юу вэ гэж асуусан, шинжээчийн дүгнэлтэд хариултыг өгөхдөө эхний ба эцсийн үлдэгдэл тохирохгүй байна, зөрүүтэй байна, шалтгаан нь гаалийн улсын байцаагчийн тооцоололд харилцагчийн нэр тодорхойгүй, төрөл ялгаатай, ялгаатай тооцоолол болсон гэж хариулсан. Хоёр дахь нь мөн 5 жилийн хугацаанд барааны төлбөрт гадаад улс руу шилжүүлсэн төлбөрийн дүн нь Вын гадаад руу шилжүүлсэн дүнтэй тохирч байгаа юм уу, зөрж байгаа бол хэдэн төгрөг зөрж байна вэ, шалтгаан нь юу вэ гэж асуусан. Шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар хуудсанд гадаад улс руу шилжүүлсэн төлбөрийн дүнг нь В м ХХК-ийн 2013-2017 онуудын гадаад руу шилжүүлсэн дүнтэй тулган шалгахад 2016 оноос бусад онуудад тохирохгүй байна, шалтгаан нь гурван шалтгаан байсан: В финанс руу шилжүүлсэн төлбөрийн дүн нь зөвхөн Adolf W GmbH&Co-д хамаарах өглөгөөс гадна бусад харилцагчийн өглөгийг хамт бууруулж байгаагаас. Adolf W гэдэг нь гол нийлүүлэгч, үйлдвэрлэгч, Вын толгой компани. В финанс гэдэг нь санхүүгийн чиг үүрэгтэй компани.

Гурав дахь нь гаалийн улсын байцаагчийн тооцоолол нь В м ХХК-ийн нийт гадаад шилжүүлгийн дүнгээс он тус бүр зөрүүтэй гээд шинжээчийн дүгнэлтийн 8 дугаар хуудсанд байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт нь нэлээн дэлгэрэнгүй болсон. Гурав дахь нь мөн онуудын гаальд мэдүүлээгүй эсвэл үнийг дутуу мэдүүлсэн бараанууд байгаа юм уу, байгаа бол эдгээр бараануудын үнийн дүн хэд юм бэ гэдэг асуулт тавьсан. Гурван хариулт өгсөн. Нэгдүгээрт В м ХХК-ийн нягтлан бодоход бүртгэсэн бараа нь бүгд гаальд мэдүүлсэн бараа байна, бүгдийг нь мэдүүлсэн байна гэж шинжээчийн дүгнэлтийн 12 дугаар хуудсанд байгаа. Мэдүүлэгч В м ХХК нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7-д заасан гаалийн үнийг тодорхойлж, гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч үнээ зөв тодорхойлсон байна, үүргээ биелүүлсэн байна. Гаалийн байцаагч нар гаалийн үнэлгээний хяналтыг хийж сонгосон горимд барааг байршуулах зөвшөөрөл өгсөн. Тухайн цаг мөчид гаалийн хяналтыг хийж байгаа. Зөвшөөрлийг нь өгсөн юм байна. Дөрөв дэх асуулт: барааны төлбөр тухайн ондоо бүрэн төлөгдөж байсан юм уу? Гаалиар мэдүүлж авсан барааны үнэ тухайн жилдээ төлөгдөөд дуусаад тооцоо нь хаагдаж байсан юм уу? гэж асуусан. Шинжээч бүрэн төлөгдөөгүй гэж дүгнэсэн. Нийт энэ 5 жилийн хугацаанд төлөгдөөгүй төлбөр 544.327.73 евро байна гэж 14-15 дугаар хуудсанд байна. Тав дахь нь замд яваа бараа гэж бид нар маргаад байдаг. Өмнөх хурал дээр бид замд яваа барааны схем өгсөн. Замд яваа барааны төлбөрийг гаалийн байцаагчид тооцоонд оруулсан юм уу, хэрхэн оруулсан бэ гэж асуусан. Хариулт нь гаалийн байцаагч нар гаргаж өгсөн өглөгийн задаргааг эх сурвалж болгож ашигласан гэх боловч эх сурвалжтайгаа дүн нь таарахгүй байгаа. Энэ 5 жилийн онуудын дүнг замд яваа барааны дүнтэй харьцуулахад зөрүүтэй байна.

Зургаа дахь асуулт: Программ хангамжтай холбоотой асуулт: Программ хангамжийн зардалд төлсөн төлбөр программ хангамж худалдан авсан төлбөр үү?, Эсвэл ашигласан, түрээсэлсэн, хэрэглэсний хариу төлбөр үү? Өмчлөлдөө авсан юм уу, эсвэл эзэмшиж, ашиглаж байгаа юм уу? гэж асууж байна. Хариулт нь зөрчлийн хэргийн материалд гаалийн улсын байцаагчийн програм хангамж, лицензид ногдох татвар, шийтгэлийн тооцоонд зөвхөн нэхэмжилсэн огноо, мөнгөн дүн гэсэн мэдээлэл бүхий хүснэгт байна. Уг нэхэмжлэхүүд нь хаанаас ирсэн, ямар агуулгатай нэхэмжлэх болох тухай мэдээлэл байхгүй гэж хариулсан.

Долоо дахь асуулт: Гаальд бараа мэдүүлэхдээ нэхэмжлэгч тал үнэн зөв, хуулийн дагуу тодорхойлсон юм уу? Манайх бараагаа үнэн зөв мэдүүлээд, хуулийн дагуу тодорхойлсон. Хариулт нь гурван бүрэлдэхүүнтэй шинжээч ажилласан. Энд зөрүүтэй байр суурьтай байсан учраас бүгдийнх нь хариултыг тусгасан байна. н.Бямбахишиг шинжээч: В м ХХК нь гаалийн үнийг зөв мэдүүлсэн, гаальд хуулийн дагуу мэдүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Шинжээч н.Норжинсүрэн 390 мэдүүлгээр барааг мэдүүлэхдээ хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжтой, гаалийн мэдүүлгийн нийт 58 хүснэгт байдлаар өгсөн мэдээлэл нь гаалийн хуульд нийцсэн байна, бүрдүүлэлтийн үе шатанд тус компани барааг гаалийн байгууллагад буруу, дутуу, худал мэдүүлсэн зэрэг гаалийн зөрчил гаргаж байсан мэдээлэл, баримт хэргийн материалд байхгүй байна гэсэн. Хариулт нь нэгдүгээрт 5 жилийн хугацаанд импортын гаальд мэдүүлснийг тодорхойлох, хуулийн дагуу үнэлэх ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Хариуцагч талыг энэ 5 жилийн хугацааны гаальд үнэн зөв мэдүүлснийг тодорхойлох, үнэлэх ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж дүгнэсэн. Мөн энэ дүгнэлтийн хавсралтаар нийт 4 төрлийн гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх журам, заавар, үнэлгээний хяналт, илтгэх хуудасны төрлүүд, дөрвөн процедурын баримт бичиг, алхмуудаар яг энэ баримт бичгүүдийнхээ дагуу хийсэн дээр шинжээчийн дүгнэлтийн хавсралт 10.1-10.4 дээр дүгнэлт өгсөн. Үүн дээр энэ заавраа баримтлаагүй байна, заавраа дагаж мөрдсөн талаар баримт байхгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч компанийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичгүүд, санхүүгийн тайлантай тулгаад шалгалт хийгээгүй, гаалийн мэдүүлэг, барааны нэр төрөлгүйгээр нэгж болон нийт үнийг шалгаж тогтоосон баримт байхгүй.

Нэгж бараан дээр шалгалт хийсэн баримт байхгүй. Нийт үнэ дээр шалгасан баримт байхгүй. Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнэ тодорхойлох заавраа биелүүлээгүй байна. Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам, зааврыг мөрдөөгүй байна. Илтгэх хуудасны бүрдүүлбэрийг хангаагүй байна. Ийм учраас энэ талаар мэдээлэл байхгүй байна. Мэдээлэл байхгүй гэдэг нь энэ журмаа мөрдөөгүй гэж шууд ойлгогдож байна. Хариуцагч нар захиргааны акт гаргахдаа импортын барааны гаалийн үнийг үнэн зөв, бодитой, хуулийн дагуу тодорхойлсон гэж дүгнэх боломжгүй.

Хоёр дах нь 8 дугаар асуултыг шинжээч нар дүгнэхдээ хоёр хариулт болгоод хариулсан. Түүний хоёр дахь хариулт нь гаалийн улсын байцаагч нар нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй буюу дутуу мэдүүлсэн программ хангамж худалдан авсан тооцоолол нь үнэн зөв, алдаагүй, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн стандарт зарчим, хууль тогтоомжид нийцсэн юм уу гэж өөрсдөө задлаад үүнийхээ хариултыг өгсөн. Программ хангамжийг гаалийн хилээр бодитой оруулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Программ хангамжийн 5 гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнд хамаарахгүй гэрээнүүд байна. Гаалийн мэдүүлэг тус бүрээр шалгаж тогтоосон баримт байхгүй гэж дүгнэсэн. 5 төрлийн гэрээгээр үйлчилгээ ашиглаж, түрээслэж байгаа нь хилээр оруулсан бараанд хамаарахгүй. Учир нь онлайнаар буюу хиймэл дагуулаар нийлүүлсэн, худалдсан программ хангамж биш байна, бараа гэж тодорхойлох боломжгүй байна. Хатуу биетээр зөөвөрлөгдөөгүй, тоног төхөөрөмжид бичигдээгүй гаалийн мэдүүлэг, импортын бараанд хамаарахгүй. Мөн бараа мөн эсэхийг тодорхойлохын тулд хатуу биетээр зөөвөрлөгдөх боломжтой эсэх, эсвэл тусгай тоног төхөөрөмжид бичигдсэн хэлбэрээр нийлүүлдэг болохыг баримтаар нотлох шаардлагатай.

Ингээд программ хангамж дээр энэ дүгнэлтийг өгсөн юм. Ингээд дүгнээд үзвэл маргаан бүхий хоёр захиргааны акт нь агуулга ойлгомжгүй, тодорхой бус, акт гаргах шаардлага бүхий нөхцөл байдал байхгүй байхад акт гаргасан, бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй, тогтоож чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т хууль зүйн үндэслэлийг заасан, хуульд нийцсэн байх ёстой. Гаалийн тухай 2017 оны хуулийг баримталсан байгаа нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зөрчил дээр тохирохгүй, буцааж хэрэглэж болохгүй. Тэгэхээр шийтгэлийн хуудсуудад үндэслэсэн хууль нь хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна.

Акт гаргах тусгайлсан журам байгаа. Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам, заавар, импортын барааны гаалийн үнийг шалгах, үнийг тодорхойлох заавар, илтгэх хуудасны бүрдүүлбэр зэрэг энэ дөрвөн шаардлага бүгдээрээ хангагдаагүй, ямар ямар заалтыг хангаагүй нь дүгнэлтэнд жагсааж бичсэн байгаа. Тийм учраас энэ хоёр захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж дүгнэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11.1.4-т зааснаар зөрчлийг хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь 31-ний өдөр тухайн үеийн захирал Бен Штамхард, Д.М, бид гурав очсон. Тэгэхэд акт чинь гарсан, үүнтэй танилцаад яв гэсэн ажил хийгээгүй, төлөөлөгчөөр тогтоож байгаа юм, ярилцлага хийж мэдүүлэг авсан, хэрэг танилцуулсан, ажиллагаа нь хийгдээд байна. Хугацаандаа ажлаа хийсэн, актыг нь маргааш гаргасан биш юм. Нэг хоног хэтэрсэн байхад ажлаа хийгээд байгаа юм. Ямар ч ойлголтгүй очиж байгаа. Ийм үнийн дүнтэй, ийм хэргийг урьдчилж танилцуулаад, баримт шаардах зүйл огт хийгдээгүй. Шууд ийм юм гарсан, гарын үсэг зур гэсэн, хүлээн зөвшөөрөхгүй гээд тухайн үедээ бид нар айхтар мэтгэлцээгүй. Зөвшөөрөхгүй гээд зурчих гээд бид гурав гурвуулаа очсон, гарын үсэг зураад шууд шүүхийн процессоо эхлүүлсэн.

2008 оны Гаалийн тухай хуульд тухайлсан зөрчлүүд байгаа. Аль хуулийн заалтыг аль акт дээр хэрэглэсэн нь тодорхойгүй. Үүнийг зөвшөөрөхгүй гээд байна. Үүнийг үгүйсгэсэн үгүйсгэл байхгүй учраас наадах чинь үндэслэлгүй гэдэг нь үндэслэлгүй. Эхлэх үеэр уулзалт зохион байгуулна. Мэнджаргалд удирдамж өгч байгаа бол итгэмжлэл нь байхгүй. Сунгалт нь хууль бус гэж үзэж байгаа. Эрх олгосон зүйл байхгүй. Сунгаад хугацаа нь хэтэрсэн. Эд юмсын тодорхойлолтыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа. Бодит байдалд нийцэхгүй, хууль зөрчиж хууль бусаар хэрэглэсэн. Бодит байдлыг шалгаж тогтоогоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ” гэв.

          7. Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар В м ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэн гаалийн байгууллагад барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн болно. Шалгалтаар тус компани нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж 50.884,757 төгрөгийн гаалийн татвар, 89.053,442 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх, 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно.

          Мөн Вмонголиа ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргаж 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн.

          Тус компани барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэж бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн.

          Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.” гэж зааснаар Вмонголиа ХХК нь 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн 348706.19 ам.доллар буюу 839.649,463 төгрөгийн үнийг гаалийн үнийг мэдүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

          Өөрөөр хэлбэл, В м ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамжийг толгой компани болох W IT компанитай ашиглалтын гэрээний дагуу 191.429,618 төгрөгийн төлбөр төлсөн нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэг ойлголтод хамаарах эд юмс гэсэнд хамруулан  Үүний дагуу бусад аж ахуйн нэгж, байгууллагууд интернетээр худалдан авсан програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлэн холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа болно. Энэ нь хууль бүгдэд ижил тэгш үйлчилж, хуулийг бүгд ижил тэгш мөрдөх зарчмыг В м ХХК нь мөрдөхгүй байгааг харуулж байна гэж гаалийн байгууллага үзэж байна. гэжээ.

8.Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Д.Б:  “2015 онд батлагдсан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын хүрээнд удирдамж батлагдаж, удирдамжийн хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Илтгэх хуудас, үнийг тодорхойлох юмнуудаа гаргаж өгөөгүй гэж нэхэмжлэгч ярьж байна. Энэ нь манай дотоод процессын асуудлууд юм. Бидний удирдлагаа мэдээллээр хангах процессыг нэхэмжлэгч тал хольж яриад байх шиг байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Прокурор бүх зөрчлийн үйл ажиллагаа нь хууль, дүрэм журмын дагуу явж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьж явдаг болсон. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх асуудлыг яах вэ гэдэг асуудлыг бид нар прокуророос тухайн үед зөндөө асууж, тайлбарлуулж байсан. Үүн дээр өмнөх хуулиар жишээлбэл санкцууд нь хувь хүн ч байдаг юм уу, зөрчлийн арга хэмжээний хувьд өөрчлөгдсөн тохиолдол байж болно. Хуулийг дээрдүүлээгүй, дордуулаагүй, шууд Гаалийн тухай хуульд заасан, Татварын ерөнхий хуульд заасан шийтгэлийн арга хэмжээ нь Зөрчлийн тухай хуульд дээрдүүлээгүй, дордуулаагүй, шууд яг тэр үг, үсгээр нь оруулаад тавьсан. Тэгэхээр энэ нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дордуулаад, дээрдүүлсэн гэдэг ч юм уу, өмнөх хуулийнх нь заалт аваад гайгүй ч юм уу, хүндрүүлж авах байсан гэдэг процесс байхгүй учраас прокурорын байгууллага үүнийг яг энэ хуулиараа явна гэж үзээд шийдвэрлэсэн.

Өмнө ч гэсэн бид нар бүх процессийн үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулийг баримталж шийдвэрлүүлж байсан. Шүүх дээр маргаан болоод явж байгаад шүүх эцсийн байдлаар манай актыг энэ асуудал дээр зөв байна гэж үзэж байсан. Тэгэхээр энэ компанийнхыг өмнөх хуулиар явна, энэ компани ингэж явна гэдэг ойлголт байхгүй, эрх тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна.

10 дугаар сарын 30-ны өдөр шалгалт дууссан. Нэхэмжлэгчийн тооцооны нягтлан гээд хоёр охин ирээд өдөржин, шөнөжин сууж байсан, Д.М хааяа ирдэг байсан. Энэ чинь болохгүй байна, үүнийгээ гаргаж өгнө үү, энэ баримт чинь байна уу гэдэг байсан. Үүн дээр өөрөөр нь гарын үсэг зуруулсан юмнууд байгаа. Огт харилцаагүй биш, харилцаж байсан, мэйлээ хүртэл өнөөдөр гаргаж өгч байна. Баахан юм нэхээд байхад хойноос ийм юм явууллаа гэсэн байна. Тэгэхээр ор тас харилцаагүй байж байгаад гэнэт 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж ирээд тавьчихсан зүйл биш. Ийм зөрүү байна, үүнийгээ нотлох юмнуудаа явуулна уу гэдгийг өдөр бүр харьцдаг байсан, энэ хүмүүс ирээд тооцоон дээрээ суудаг байсан. Сүүлдээ нотолж чадахгүй болонгуутаа 10 дугаар сарын 31-ний өдөр Герман захиралтайгаа ирсэн. Тэгэхээр үүн дээр тайлбар хийх юм байна уу, одоо бид нар тайлбар аваад явъя гэсэн. Герман захирал нь тухайн үед ерөнхийдөө танилцаад, ойлгоод бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Зөрчлийн хэрэг шийдвэрлэх асуудал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр санхүү хариуцсан Д.Мыг томилсон учраас тэр хүнээс нь тайлбарыг авсан, 10 дугаар сарын 30-ны өдөр бүх юмнуудаа дуусгасан байсан. Гарын үсэг зуруулах, шийтгэлийн хуудас бичих юмнууд нь 10 дугаар сарын 31-ний өдөр байсан. Энэ нь процессын хууль, янз бүрийн хууль зөрчсөн юм байхгүй. Эрх үүрэг, хариуцлагыг нь танилцуулсан. 2015 онд батлагдсан бүрдүүлэлтийн дараа шалгалт хийх журам нь нийтээр дагаж мөрдөх журам, Хууль зүйн яамаар баталгаажуулсан. Ийм шалгалт хийж байна гэдгийг удирдамжаа гардуулаад бичиг баримтаа гаргаад өгч байгаа хүмүүс үзэж танилцуулаагүй гэж байгаа бол үзэж танилцах эрх нь нээлттэй байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах гэж байхад эрх, үүргийг Д.Мд танилцуулсан, Д.Мын гарын үсэг байна. 10 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл дээр эрх, үүргийг танилцуулсан байна. Процессын хувьд асуудал байхгүй гэж дүгнэж байна. Ямар зөрчилд хамрагдаж байгааг ерөөсөө тайлбарлаагүй гээд байна. Тэндээс өөрсдөөс нь асуултыг асуусан байна. Ийм зөрчил гарч байна, ингэсэн байна гэдгийг бүгдээс нь асуусан байна. Үүн дээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болохоос яг ийм баримтаар няцааж байна гэдэг зүйлийг гаргаж ирж тавиагүй. Тэгэхээр бид нар одоо яах вэ. Санхүүгийн анхан шатны баримт дээр үндэслээд үүнийг няцаах ёстой. Гэтэл ийм юмаа гаргаж ирэхгүй, зүгээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэснээс биш огт тайлбарласан зүйл байхгүй. Түүнээс өмнө тооцооны нягтлангууд ирээд, Д.М мөн ирж байсан. Гэнэт 10 дугаар сарын 31-ний өдөр ирээд бужигнуулаад май энэ танайх, гарын үсгээ зур гэсэн юм огт байхгүй. 80.000 еврогийн үнэтэй бараан дээр 100.000 евро шилжүүлчхээд 20.000 еврогийн зөрөө байна гэж нэхэмжлэгч хэлж байна. Тэгэнгүүт энэ 20.000 евро нь ай ти-гийн зардал байх ёстой байсан гэж тайлбарлаж байх шиг байна. Ай ти буюу программ хангамжийг бид нар тусад нь ялгаад барааныхыг тусад нь Д.Маар гаргуулсан. Нэхэмжлэлийн үнийн дүн дээр ай ти-д зориулсан нь хаана байна гээд ялгаад хасаад тооцсон. Ай ти-гийн программ хангамжтай холбогдолтойг тусад нь ялгаад гаргасан. Магадгүй 100.000 еврогийн 10.000 евро нь ай ти-гийн зардал байсан юм бол үлдсэн 10.000 евро илүү байгаад байна, юунд зарцуулсан бэ, баримт нь хаана байна гэдгийг бид нар яриад байна, тэгээд байхгүй. Замд яваа бараа гэж байна, байж болно. Гол нь үүнийг өглөгөөр яаж тусгасан байгаа вэ, авлагаар тусгасан юм уу. Үүнийг тооцоог нь гаргаад ир гэхээр гаргахгүй байгаад байна. Гаалийг үнийг тодорхойлохдоо төлбөл зохих буюу төлсөн үнэд нь үндэслэж явж байгаа. Магадгүй он дамжаад явж байгаа юмнууд байгаа, бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Д.Маар бид нар бүх тооцоог нь гаргуулж байгаа, өөрийнх нь гарын үсэг зурсан зүйлс байгаа. Өглөг, авлагын эхний үлдэгдлүүд дээр компанидаа өгөх өглөгийнхөө гадаад валютын дүнг гаргана уу гээд өөрөөр нь гарын үсэг зуруулсан. В м ХХК-д оны эхэнд ийм еврогийн үнэтэйг өгөх ёстой юм гээд жил жилээр гаргаад өгсөн. Үүн дээр үндэслээд бид нар гаргаж байгаа. Түүнээс он дамжсан зүйлийг өглөгөөр эсвэл авлагаар бүртгэнэ. Үүнийг Д.Маар гаргуулж авч байгаад үүнийг нь хасаж өгөөд нэмээд тооцоод ийм төгрөгийн илүү гарчхаад байна гэдгийг гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр үүнийг би санаанаасаа гаргаж ирээд зохиосон зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Нэхэмжлэгч талаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан гэсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт яагаад энэ асуудал дээр дээш шат хүртлээ явчихаад анхан шатан дээр ирж байгаа вэ гэвэл мэргэжлийн байгууллага гэдэг нь ямар байгууллага гэдгийг тодорхойлуулах гэсэн, тэгэхэд дандаа татварын мэргэшсэн байгууллага. Татварын мэргэшсэн байгууллага нь татварынхаа чиглэлийн дүгнэлт гаргадаг юм, энэ нь манай гаалийн юмыг тодорхойлж чаддаггүй юм гэж хэлсээр байгаад дээд шат хүртлээ яваад, дээд шатны шүүх шийдвэрээ гаргаад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шийдвэр гарсан. Дандаа татвар талаасаа үзсэн, манайхтай зөрнө, ойлгомжтой. Жишээлбэл хариуцагч талаас бүх шилжүүлсэн мөнгөний дүн татварын итгэмжлэгдсэн байгууллагын гаргасан дүнтэй найман мянган хэдэн зуун еврогоор зөрж байгаа юм. Үүнийг би зөв гэж үзэж байна. Нэг талаар энэ нь бид нарыг хамгаалж байна гэсэн үг. Яагаад гэвэл бид нар энэ компанийн толгой компани руугаа шилжүүлсэн мөнгөнүүдээс менежментийн зардлыг гаалийн үнэд оруулаагүй. Энэ зардлуудыг бид нар хасаж тооцоход татварын итгэмжлэгдсэн зөвлөх нь гаалийн үнэд ямар үнэ орох ёстой юм, ямар мөнгө орох ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй учраас бүх шилжүүлснээр тооцчихож байгаа юм. Бид нар энэ менежментийн зардал орохгүй юм гэдгийг хасаад тооцоход манайхтай зөрөөд гараад ирж байна. Тэгэхээр яг манай үүгээр нотлогдож байгаа. Жишээлбэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дунд бид нар нэхэмжлэх зэрэг дээр бүгдэн дээр нь гарын үсэг зуруулсан, энэ дунд шараар тодруулсан менежментийн зардал гэсэн байгаа. Ай ти-гийн төлбөр гээд нэхэмжлэх ирсэн байхад бид нар үүнийг ялгаж, хасаж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ шилжүүлсэн мөнгөнүүд нэхэмжлэхтэйгээ уялдаад яг энэ бараандаа хэдэн төгрөг төлсөн бэ гэдгийг бид нар гаргаад ирж байгаа юм. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлт зөвхөн татвар талаасаа, шилжүүлсэн мөнгө талаасаа бодоод байдаг, гаалийн үнэ гэдгийг юуг нь мэддэггүй учраас үүнийг тодорхойлж гаргаж ирээгүй, гэхдээ нэг бодлын энэ нь бид нарын зөв байгааг нотолж байна гэж харуулж байна. гэв.

Шинжээчийн дүгнэлтэд: “...импортын барааны гаалийн үнийг үнэн зөв, бодитой, хуулийн дагуу тодорхойлсон гэж дүгнэх боломжгүй, ...программ хангамжийг “эд юмс, “үнэт зүйлс” гэсэн тайлбар гаалийн хууль тогтоомжид байхгүй... “Бараа” гэж өмчлөх эрх бүхий эсхүл өмчлөх эрх нь нэгээс нөгөөд шилжиж болдог, эрэлт хэрэгцээтэй материаллаг эд зүйлсийг хэлнэ. ... Иймд тус программ хангамжийг “Бараа” мөн эсэхийг тодорхойлохын тулд дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу хатуу биетээр зөөвөрлөгдөх боломжтой эсэх, эсхүл тусгайлан тоног төхөөрөмжид бичигдсэн хэлбэрээр нийлүүлэгдсэн болохыг баримтаар нотлох шаардлагатай...” гэжээ.

9.Иргэдийн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч, хариуцагч гэх хоёр талаас гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, нэхэмжлэгч талын мэдүүлсэн үнэн болно.” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:                                                

1.Вмонголиа ХХК-иас гаргасан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Гаалийн улсын байцаагч Д.Б 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсаар Вмонголиа ХХК нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, Гаалийн татварт 50.884,757 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварт 89.053,442 төгрөг, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх 41.981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

2.Нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр маргасан.

1/ ...бараа бүтээгдэхүүний үнийг дутуу, худал мэдүүлсэн зүйл байхгүй.

2/барааны үнийг үндэслэлгүй нэмэгдүүлж, зөрчлийн дүнг тооцсон.

Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б нь Вмонголиа ХХК-ийн 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж 50.884,757 төгрөгийн гаалийн татвар, 89.053,442 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 41.981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            3.Вмонголиа ХХК нь 2013 онд 38.469,51 ам.доллар буюу 77.145,704 төгрөг, 2014 онд 23.458,81 ам.доллар буюу 55.922,420 төгрөг, 2015 онд 95.331,50 ам.доллар буюу 208.671,877 төгрөг, 2016 онд 81.132,68 ам.доллар буюу 192.594,944 төгрөг, 2017 онд 110.313,69 ам.доллар буюу 305.314,518 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь Вмонголиа ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          4.Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ.”, 10.2 Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлцлийн үнэ гэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.3-т гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардал, тухайлбал мөн хуулийн 10.3.1-10.3.5 заасан зардлыг нэмж тооцно.” гэж заажээ.

5.Хариуцагч нь  Вмонголиа ХХКийн 2013-2017 оны гадаад шилжүүлгийн баримтууд дээр үндэслэн худалдан авсан барааны шууд болон шууд бусаар төлсөн болон төлбөл зохих төлбөрийг Гаалийн байгууллагад мэдүүлээгүй гаалийн үнийг дээрх хуульд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

Хоёр.Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар шалгалтын удирдамжаар Гаалийн улсын байцаагч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар Вмонголиа ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн зөрчилд 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.Дээрх шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

1/ Санхүүгийн программ хангамжийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хамаарал бүхий W IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн.

2/ Уг программ хангамжийг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, программ хангамж нь бараа гэж тооцогдохгүй.

3.Вмонголиа ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн программ хангамжийг өөрийн хамаарал бүхий W IT компанитай ашиглалтын гэрээний дагуу худалдан авч ашиглаж байгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаанд ирүүлсэн гадаад гуйвуулын болон санхүүгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон байна.

4.Хэдийгээр Гаалийн тухай хууль болон  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд программ хангамжийг “бараа” гэж шууд тодорхойлоогүй боловч Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ... бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг; гэсэн заалтын “эд юмс гэх ойлголтод программ хангамж багтана гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

          Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/300 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 8523.80 дугаарт “Онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан програм хангамж” гэж тодорхой зааснаас үзэхэд программ хангамж нь “бараа” гэдэг ойлголтод хамаарахаар байна.

          5.Нэхэмжлэгч нь санхүүгийн программ хангамжийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн гэх боловч 2015 оноос эхлэн тухайн программд зориулж төлбөр төлж байсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаанд нэхэмжлэгчээс ирүүлсэн гадаад гуйвуулгын болон санхүүгийн тайлан зэрэг баримтаар нотлогдсон байна.

         Иймээс Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд.

          1.“Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар В м ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэн гаалийн байгууллагад барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн. Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан удирдамжийг 2018 оны 10 дугаар 31-ний өдрийг хүртэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг мөн өдөр хүртэл сунгасан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хугацаа хэтрүүлэн гаргасан гэж үзэх боломжгүй.

          Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 02 дугаар тогтоолыг прокурор хянаж, 1802000432 дугаар олгосон, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Вмонголиа ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.М хяналт шалгалтын удирдамжтай танилцан гарын үсэг зурсан байна.

          2.Хариуцагч нараас явуулсан хяналт шалгалт нь Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна.” гэж заасан хүрээнд хийгдэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-т гаалийн улсын байцаагч нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон эсхүл худал мэдүүлсэн”, 1.2-тгаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл ногдуулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

          3.Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд мөн өдрөөс өмнө хэрэгжиж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.

          4.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан шийтгэл нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т заасныг дордуулахааргүй байх тул гаалийн улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийг 2015 оноос өмнөх зөрчилд буцаан хэрэглэж шийтгэл ногдуулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. 

          Иргэдийн төлөөлөгч М.Эийн  “Нэхэмжлэгч, хариуцагч гэх хоёр талаас гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, нэхэмжлэгч талын мэдүүлсэн үнэн болно.” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, гаалийн улсын байцаагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Вмонголиа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 274 дүгээр зүйлийн 274.1.7, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасныг тус тус баримтлан Вмонголиа ХХК-ийн гаргасан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Нөхөн төлүүлэх шүүхийн зардал байхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

                                               ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                    ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ