Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2020/00408

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: М.Л-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: ОАШШГГд холбогдох,  

“13 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Э.Н, иргэдийн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн М.Л нь “БУ” ХХК-ийн 45 хувь эзэмшигч бөгөөд энэ компанийн нэрээр тендерт хийсэн ажлын ашгийн 45 хувийг эзэмших эрхтэй хууль ёсны эзэмшигч билээ. Гэтэл Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад мэдэгдэлгүйгээр “БУ” ХХК-ийн данснаас 30 000 000 төгрөг суутгаж авсан байдаг билээ. Уг ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь шийдвэр гүйцэтгэгч Нармандах, Энхцэцэг нар билээ. Иймд энэ суутгасан мөнгөний 45 хувь буюу 13 500 000 төгрөгийг М.Лд гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Э.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Ө.Бээс 52 500 000 төгрөг гаргуулж О.Байгалд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ө.Б нь “БУ” ХХК-ний захирал юм. Шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагаагаар “БУ” ХХК-ий арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилсэн. “БУ” ХХК-ий Капитал банкинд байрлах данснаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 /Дөрвөн сая/, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 /Найман сая/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 4 000 000 /Дөрвөн сая/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг, нийт 17 500 000 /Арван долоон сая таван зуун мянган/ төгрөг суутгаж төлбөр авагч нарт олгосон байна. “БУ” ХХК-ний данснаас Ө.Бийн төлбөрт суутгаж авсан мөнгөн хөрөнгө нь тухайн суутгал хийх үед тус компанийн дансан дахь мөнгөн хөрөнгийн 45%-аас хэтрэхгүй болно.

Иймд М.Лгийн тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Л нь Орхон аймаг дахь ШШГГд холбогдуулан 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай Ө.Бээс 52 500 000 төгрөг гаргуулан О.Байгальд олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 866 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130 дугаартай гүйцэтгэх хуудас,

мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Н.Мижидсамбуу, “БУ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, “БУ” ХХК /Ө.Б/-аас 105 000 000 төгрөг гаргуулан Б.Уранбилэгт олгохоор шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаартай шүүхийн шийдвэр, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 885 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон гүйцэтгэх хуудас зэргийн дагуу Орхон аймаг дахь ШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байна.     

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...шүүхийн шийдвэрт Ө.Бээс төлбөр гаргуулахаар шийдсэн байхад, “БУ” ХХК-ийн данснаас уг компанийн гүйцэтгэх захирал надад мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэл суутгал хийсэн нь хууль бус ажиллагаа. Иймд би “БУ” ХХК-ий 45 хувийг эзэмшдэг тул уг компанийн данснаас надад мэдэгдэлгүйгээр суутгасан 30,0 сая төгрөгний 45 хувь болох 13 500 000 төгрөгийг Орхон аймаг дахь ШШГГас гаргуулах хүсэлтэй байна... гэж тайлбарласан.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана..., мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкан дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт эдлэл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно гэж заажээ.

            Хэрэгт “БУ” ХХК-ийн Капитал банкны дансны хуулга авагдсан бөгөөд, энэ хуулгаас нэхэмжлэгч М.Л харандаагаар тодруулсан хэсгийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага суутгаж авсан байна, эдгээр суутгалуудыг нэмэхээр 30,0 сая төгрөгт дөхөж байгаа... гэсэн.

                “БУ” ХХК-ийн Капитал банкны дансны хуулгаас Орхон аймаг дахь ШШГГйн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнг тооцож үзэхэд нийт 18 200 000 төгрөг болж байх ба, үүнээс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаар тойрог Бат-Очироос Тойлоожавын төлбөр шилжүүлэв гэсэн утгатай 700 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч байгууллага: энэ төлбөрийг мэдэхгүй Ө.Б өөрөө шилжүүлсэн байх гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Тиймээс “БУ” ХХК-ийн Капитал банкны данснаас Орхон аймаг дахь ШШГГйн данс руу нийт 17 500 000 төгрөг шилжсэн гэж үзэхээр байна.

            Хэрэгт авагдсан “БУ” ХХК-ийн Капитал банкны төлбөрийн баримтаар Ө.Бийн гарын үсгээр Орхон аймаг дахь ШШГГйн данс руу гүйлгээ хийгдсэн байх ба, тухайн гүйлгээнүүдийг тухайн дансанд орсон өдрийн орлоготой нь харьцуулахад 55 хувьд хүрээгүй байна.

            Тодруулбал: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “БУ” ХХК-ийн дансанд 14 743 773 төгрөг орж ирснээс 4,0 сая төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30 835 970 төгрөг орж ирснээс 8,0 сая төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг орж ирснээс 4,0 сая төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 713 569 төгрөг орж ирснээс 1 500 000 төгрөгийг Бээс төлбөрт шилжүүлсэн байх ба, энэ нь төлбөрийн баримтаар Б.Бийн гарын үсгээр шилжжээ.

Нэхэмжлэгч М.Л нь миний гарын үсгээр кампанийн данснаас зарлага гарах ёстой гэж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаагаар “БУ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ө.Б бүртгэгджээ.

Иймд Орхон аймаг дахь ШШГГ нь төлбөр төлөгч Ө.Б, төлбөр авагч О.Байгаль, төлбөр төлөгч  “БУ” ХХК, төлбөр авагч Б.Уранбилэг нартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа М.Лгийн эрх, мөн хууль зөрчиж түүнд гэм хорын хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ШШГГд холбогдуулан гаргасан 13 500 000 төгрөг гаргуулах М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь ШШГГас 13 500 000 төгрөг гаргуулах М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                  ШҮҮГЧИД                                   Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                     Р.ҮҮРИЙНТУЯА