| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01022/И |
| Дугаар | 142/ШШ2020/01175 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2020/01175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******ишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 18 480 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь зээлдэгч *******т 4 000 000 төгрөгийг 2014-10-24-ний өдрөөс 2014-11-23-ний өдөр хүртэл 15%-ийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5%-алданги төлөхөөр 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж гэрээ байгуулсан болно.
Зээлдэгч ******* нь 1 сарын хугацаа өнгөрсөн боловч мөнгөө төлж чадахгүй байна гээд сунгалтыг 2014-11-23-ний өдрөөс 2015-11-23-ний өдөр хүртэл, 2015-11-23-ний өдрөөс 2016-11-23-ний өдөр хүртэл, 2016-11-23-ний өдрөөс 2017-11-23-ний өдөр хүртэл, 2017-11-23-ний өдрөөс 2018-02-23-ний өдөр хүртэл тус тус 3 жил 3 сараар сунгалтыг удаа дараа хийж байсан юм. Учир нь ******* надаас үндсэн мөнгө дээр чинь 3 жил 3 сарын хүүг төлнө гээд гуйсаар байгаад гэрээгээ сунгуулсан байдаг. Гэтэл одоо нэг ч төгрөг өгөхгүй өнөөг хүрч байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Одоо би хүүгээ 8% болгож багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-05-25-ний өдрийн 00688 дугаартай шийдвэрээр *******ийг оршин сууж байгаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгахаар шийдвэр гарсан ба түүнийг эрэн сурвалжилж олоод Хүрэнбулаг Меttle town 24 тоотод оршин сууж байгааг тогтоосон байна.
Иймд *******ээс үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, хүү 4 000 000 төг х 8%=320 000 төг х 3 жил 3 сар = 11 520 000 төг + 960 000 төг =12 480 000 төг алдангийг хуульд нийцүүлвэл 2 000 000 төг нийт 18 480 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******гийн нэхэмжлэлтэй 18 480 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,0 сая төгрөгийг би хамаатны эгч болох ******* Х эгчид хэлж авч өгсөн. *******, ******* нар уулзалдаж цувуулж авахаар тохирлоо гэж байсан. ******* бид хоёр гэрээний сунгалт нэг цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Нэг өдөр 7 цагт би бичиж өгсөн. Надад 1 хувь өгөөгүй. Мөнгийг нэхэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул би энэ мөнгийг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө одоогоор ажил орлогогүй байна” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
******* нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,0 сая төгрөгийг *******гээс авсан гэдэг дээр маргаагүй бөгөөд уг мөнгийг хамаатны эгч болох ******* өгсөн гэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ******* шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байх ба татгалзлын үндэслэлээ: ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, би одоо ажил орлогогүй гэжээ.
Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд, гэрээний ард талд гэрээний сунгалт гэж 2014-11-23-наас 2017-11-23-ны өдрүүдэд жил бүр сунгалт хийж байсан талаар хариуцагч гарын үсэг зурсан байна.
Гэрээний дээрх сунгалтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг л өдөр ирж бүгдэн дээр нь гарын үсэг зуруулсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
Гэсэн хэдий ч гэрээний сунгалт нь гэрээний нэг адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно.
Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сая гэрээг сунгагдсан гэж үзнэ, гэтэл нэхэмжлэгч гэрээний ард бичигдсэн гэрээний сунгалт гэх баримтад гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж сунгагдсан хугацааны зээлийн хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Зээлийн гэрээний сунгалтыг талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцох ёстой бөгөөд нэгэнт хугацаа өнгөрсний дараа хугацааг нөхөн сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.-д заасантай нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээний сунгалтыг нэг л өдөр бичээд гарын үсэг зуруулсан гэснийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ хамгийн сүүлд 2017-11-23-ны өдрөөс 2018-02-23-ны өдөр гэж бичсэн байгаагаас үзэхэд хамгийн сүүлийн хугацааг 2017-11-23-ны өдөр бичсэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана”, мөн хуулийн 232.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүй тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, алданги нэхэмжлэх эрхгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний сунгалтын дагуу зээлийн хүү, алданги шаардах эрхгүй ч, уг мөнгийг өгнө гэж итгэл төрүүлж, өөрөө хүлээн зөвшөөрч гэрээг сунгаж байна гэж гарын үсэг зурж байсан байх ба энэ нь гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Мөн түүнчлэн *******ийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд хандсан нэхэмжлэлийг буцаасан тухай, мөн хариуцагчийг эрэн сурвалжилсан тухай тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаартай шийдвэр хэрэгт ирсэн.
Хариуцагч ******* нь гэрээг сунгасан гэж гарын үсэг зурж байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж зааснаар үндсэн үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгйүсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ бүрэн тайлбарлаж чадахгүй байх ба хүүг яаж бодсон, мөн 960 000 төгрөгийг юу гэдгийг тайлбарлаж чадаагүй болно.
Иймд *******ээс үндсэн зээл 4,0 сая төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжаар 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 4 000 000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******ИШИГДАВАА