Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

       2024            02              15                                         2024/ШЦТ/119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо      даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шинжээч Ө.С (онлайнаар),

шүүгдэгч/хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Н.С,

шүүгдэгч/хохирогч Ц.Л, түүний өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О** овогт Ц.Л, Б** овогт Ж.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205016680*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***  Б** овогт Ж.О (РД:**********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** О** овогт Ц.Л (РД:**********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Л-тэй гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.О-той эхнэрийг минь хэл амаар доромжиллоо, гэрт нулимлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зулай, зүүн нүд, хоншоор, доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Ц.Л мэдүүлэхдээ ...”гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Ж.О мэдүүлэхдээ “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.С мэдүүлэхдээ “...Үндсэн эмчилгээ нь хэвтрийн дэглэм сахих, тархины цусан хангамжийг сайжруулах, бариа засал зэрэг эмчилгээнүүд байдаг” гэв.

Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Л-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.О-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зулай, зүүн нүд, хоншоор, доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 17-18 дугаар хуудас),

Хохирогч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 22-23 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хэргийн 65-66 дугаар хуудас),

Гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 34 дүгээр хуудас),

2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “...Уг 176 тоотод орж шалгахад Ц.Л нь намайг хэл амаар доромжлоод миний толгойн арын хэсэгт архины шилээр цохисон гээд гарнаас нь мултраад архины шил хагарсан гэх, гэрт архины шил хагарсан, эхнэр Оюунцэцэг нь шүүрдэж байсан, уг хүмүүсийг 103-т хэлтэст дээр үзүүлсэн. Ж.О гэмтэл явсан, цохисон гэх. Ц.Л толгой өвдөөд байна гэх, ил харагдах гэмтэлгүй байв. Гэмтэлд очиж толгойн зураг авхуулна гэв...” гэх тэмдэглэл (хэргийн 11 дүгээр хуудас),

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7272 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт (хэргийн 37-38 дугаар хуудас),

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13441 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт (хэргийн 40-41 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Ж.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 71 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ц.Л-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 72 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 75 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 76 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 77 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Л-тэй маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд вилла хотхон, 104-а байрны 171 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.О-той маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зулай, зүүн нүд, хоншоор, доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.О, Ц.Л нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ж.О-н өмгөөлөгч Н.С нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлд хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.Л-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13441 дугаартай шинжээчийн дүгнэлт (хэргийн 40-41 дүгээр хуудас)-ээр тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.С-н өгсөн мэдүүлгээр тус шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулсан буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгоогүй, техникийн шинжтэй алдааг засаж зөвтгөн өөрчлөлт оруулсан байх тул шүүгдэгч Ж.О-н үйлдлийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Л-н өмгөөлөгч Б.М нь “...Миний үйлчлүүлэгч Ц.Л нь Ж.О-н үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн бөгөөд энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарч байх тул Ц.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.О архины шилээр шүүгдэгч Ц.Л-н толгойн тус газарт цохисны дараа шүүгдэгч Ц.Л Ж.О-н нүүрэн тус газарт хариу цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Ц.Л-н хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Тиймээс шүүгдэгч Ж.О, Ц.Л нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О, Ц.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О, Ц.Л нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.О-н өмгөөлөгч Н.С “Хуульд заасан хамгийн бага ял буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Л-н өмгөөлөгч Б.М “Хуульд заасан хамгийн бага ял буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.О, Ц.Л нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Ж.О, Ц.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Л-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч Ж.О-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, Ц.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О** овогт Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

           Шүүгдэгч Ж.О-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Ц.Л нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Ц.Л нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.О, Ц.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, Ц.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЗОЛБОО