Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

      2024            02              23                                           2024/ШЦТ/140

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч А.Т

хохирогч Г.С,

шүүгдэгч У.Ж,

шүүгдэгч Т.М,

шүүгдэгч Г.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц*** овогт У.Ж, Х*** овогт Т.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050206911*** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт Г.Г (РД:********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х*** овогт Т.М (РД:********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц*** овогт У.Ж (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 5 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр М.А-н нүүрэн тус газарт нь цохиж, унасан байхад нь дээрээс нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун хацрын нум ясны зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, баруун нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, нэг цаг хугацаанд ямар нэгэн шалтгаангүйгээр А.Т, Г.С нарын нүүрэн тус газарт нь өшиглөж хохирогч А.Т-н эрүүл мэндэд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зулайн хуйх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.С-н эрүүл мэндэд хамарт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн хөмсөг, хүзүү, зүүн сарвууны алга, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, завжинд язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

           Шүүгдэгч Г.Г, У.Ж, Т.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг зөрчиж, М.А, А.Т, Г.С нарт хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т мэдүүлэхдээ: “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С мэдүүлэхдээ: “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

           Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 5 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 21-нд шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найзтай муудалцсан” гэх шалтгаанаар хохирогч М.А-н биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацрын нум ясны зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, баруун нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, тухайн цаг хугацаанд хохирогч А.Т, Г.С нарын биед халдаж, улмаар хохирогч А.Т-н  эрүүл мэндэд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зулайн хуйх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.С-н эрүүл мэндэд хамарт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн хөмсөг, хүзүү, зүүн сарвууны алга, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, завжинд язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Г.Г, У.Ж, Т.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, М.А, А.Т, Г.С нарт хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас),

Хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

Хохирогч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас),

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),

Шүүгдэгч У.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дугаар хуудас),

Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6763 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6761 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 82-87 дугаар хуудас),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Г.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 196-200 дугаар хуудас),

Шүүгдэгч У.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 212-231 дүгээр хуудас).

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эсрэг үйлдсэн”, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц*** овогт У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х*** овогт Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 06 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 (тавин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж, Т.М нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Ж, Т.М нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч У.Ж, Т.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч У.Ж, Т.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО