Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01378

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: О.У-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Ц.Г-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ц.Гтой 2014 онд танилцаж гэр бүл болж 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 онд том хүү Г.А, 2017 онд охин Г.Х төрсөн. Миний хөнгөн хийсвэр зангаас болж удаа дараа би өөр хүнтэй явалдаж нөхрөө гомдоосон. Бид хоорондоо зан ааш ч тохирохгүй хэрүүл маргаан тасрахгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2018 онд салсан. Би 2019 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлж амьдарч байна. Хүүхдүүддээ тэтгэлгийг хуулийн дагуу өгнө. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Бидний гэр бүлийг /гэрлэлтийг/ цуцалж өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Урангоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн О.Угийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Г би Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 41-21 тоотод амьдардаг.

О.Утай 2015 онд танилцаж бид дундаасаа Г.А, Г.Х гэх 2 хүүхэдтэй болсон. О.Утай гэр бүл болсноос хойш удаа дараа араар тавьж баригдсан. Энэ явдалаас гэр бүл тогтворгүй хэрүүл маргаан тасрахгүй байнгын худал хэлдэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-нд намайг хөдөө ажлаар явсан хойгуур 2 хүүхэддээ хувцас авна гэж 600 000 төгрөг аваад дэлгүүр явсан боловч ирээгүй. Би хөдөөнөөс ирээд 2 хоног ирээгүйг нь мэдээд цагдаад мэдэгдсэн. Хөдөөнөөс ээж, аавыг нь дуудаж 6 хоногийг дараа У залгаж уучлалт гуйгаад зардлын мөнгө явуулаач гэсэн, би явуулсан. Гэвч худлаа яриад ирээгүй. Эгч Золжаргал нь хайж яваад авчирсан боловч би хүүхдэд дарагдаж амьдрахгүй, өөрийн дураар амьдарна гээд эгчтэйгээ Замын-Үүд рүү явсан. Би тухайн үед 2 хүүхдээ бодоод үлдээч гэж гуйж үзсэн боловч татгалзсан. Ирэх болов уу гэж харсан боловч 2 сарын дараа нэг залуутай танилцаад жирэмсэн болсныг нь эгч нь хэлсэн. Явснаасаа хойш 2 хүүхэд рүүгээ нэг ч удаа залгаагүй, тоодоггүй. Хоёр хүүхдийг минь алдаа байсан мэтээр ярьдаг байсан. Би одоо хоёр хүүхэдтэйгээ, ээж аавтайгаа амьдарч байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй. Иймд буцаж амьдрах хүсэлгүй тул бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.У нь Ц.Год холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

О.У, Ц.Г нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.А, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Г.Х нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.  

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.   

Нэхэмжлэгч нь хүү Г.А, охин Г.Х нарыг эцэг Ц.Гын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, мөн хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн тул хүүхдүүдийг эцэг Ц.Гын асрамжид үлдээж, насанд хүртэл нь эх О.Угаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шарнууд овогт Ц.Г, Авга овогт О.У нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.А, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Г.Х нарыг эцэг Ц.Гын асрамжид үлдээсүгэй.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.А, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Г.Х нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр О.Угаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэр-Оддамбад даалгасугай.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА