Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

 

      2024            02              27                                           2024/ШЦТ/149

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Н.Энхтөр,

хохирогч О.Г,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт О.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000*** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт О.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч О.Б нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн оройн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадаа хохирогч О.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу амьдарч байсан байрны эд хогшлыг гадаа гаргаж тавьсан гэдэг шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар 4 удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зовхи , хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Г мэдүүлэхдээ: “...эмийн мөнгө нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадаа хохирогч О.Г-н биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 10-11 дүгээр хуудас, 13 дугаар хуудас),

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 15-17 дугаар хуудас),

Гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 19-20 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт (хэргийн 37-38 дугаар хуудас),

Яллагдагч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүүгийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Санал, хүсэлт байхгүй, хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хэргийн 49-50 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 53 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хэргийн 60-64 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/ (хэргийн 56 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хэргийн 57 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 58 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 59 дүгээр хуудас), Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хэргийн 68-69 дүгээр хуудас).

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с 123,821 (нэг зуун хорин гурван мянга найман зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-д олгосугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО