Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

 

       2024            02             27                                           2024/ШЦТ/150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г*** овогт П.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000*** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Г*** овогт П.Г (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            Шүүгдэгч П.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” дэлгүүрийн орчимд хохирогч Ж.А-н эзэмшлийн “Samsung A34” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 989,100 төгрөгийн хохирол,

            2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол их дэлгүүрийн зүүн талд явган хүний гарцаар гарч явсан А.М-н халааснаас “Iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,000 төгрөгийн хохирол,

            2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Москва” дэлгүүрийн орчимд Ц.Б-н эзэмшлийн “Samsung Note 20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875,000 төгрөгийн, нийт 2,489,100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч П.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” дэлгүүрийн орчимд хохирогч Ж.А-н эзэмшлийн “Samsung A34” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 989,100 төгрөгийн хохирол,

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол их дэлгүүрийн зүүн талд явган хүний гарцаар гарч явсан хохирогч А.М-н халааснаас “Iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,000 төгрөгийн хохирол,

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Москва” дэлгүүрийн орчимд хохирогч Ц.БямбБ-надоржийн эзэмшлийн “Samsung Note 20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875,000 төгрөгийн, нийт 2,489,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 9-10 дугаар хуудас),

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 3 дугаар хуудас),

“Дамно” ХХК-н 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай “...зах зээлийн үнэлгээ нийт 989,100 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 15-17 дугаар хуудас),

Хохирогч А.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 93-94 дүгээр хуудас),

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хэргийн 73 дугаар хуудас),

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 80-81 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-н 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1836 дугаартай “...зах зээлийн үнэлгээ 625,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 98-100 дугаар хуудас),

Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 142-143 дугаар хуудас),

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 136 дугаар хуудас),

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан хохирогч Ц.Б-н өргөдөл (хэргийн 137 дугаар хуудас),

“Дамно” ХХК-н 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 127 дугаартай “...зах зээлийн үнэлгээ 875,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 148-150 дугаар хуудас),

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 118-119 дүгээр хуудас),

Яллагдагч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 63-64 дүгээр хуудас, 183-184 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 23 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 41 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хэргийн 42 дугаар хуудас), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хэргийн 43 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 44 дүгээр хуудас), асап сангийн лавлагаа (хэргийн 46-52 дугаар хуудас), Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 25-28 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 29-32 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 33-38 дугаар хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 215 дугаар хуудас), “Эв хамт констракшн” ХХК-н тодорхойлолт (хэргийн 216 дугаар хуудас).

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г***овогт П-Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО