Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0674

 

 

 

 

                                                                                           

 

                                            

А.М, Г.Э, Ж.Ч,

Б.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0608 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: А.М, Г.Э, Ж.Ч, Б.Б нар

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.М, Г.Э, Ж.Ч, Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

Хэргийн индекс: 128/2026/0247/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0608 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М, Г.Э, Ж.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Албан тушаал бууруулах тухай” 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр тушаал болон мөн өдрийн “Шилжүүлэн томилох тухай” Б/676 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.М, Г.Э, Ж.Ч нарыг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчаар, Б.Бг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч А.М, Г.Э, Ж.Ч, Б.Б нарт албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг зохих журмын дагуу тооцож олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалган” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

“... Зөрчил бүхий улсын бүртгэлийг хянаж шалгасан хяналтын улсын байцаагч нар болон дотоод хяналт шалгалт хийсэн албан тушаалтнууд нь эрхийн улсын Ү-000 дугаарт бүртгэгдсэн, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл нь "...хуульд заасан нотcлох баримтыг бүрдүүлэн өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна" гэж, "...Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж, "...гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна" гэх зэргээр үзэж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, хуулийн шаардлага хангахгүй, бүрдэл дутуу, орчуулга, агуулгын хувьд эргэлзээтэй баримт бичгээр улсын бүртгэл хийхийг хүлээн зөвшөөрсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй болохыг тогтоосон.

....  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б.Бг шилжуулэн томилох тухай Б/676 дугаартай тушаалын ундэслэлийн тухайд:

...  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 сарын 15-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 1/361 дугаартай Илтгэх хуудсаар хяналтын улсын байцаагч Б.Бг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.8 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2,1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.7.1, 18.7.2, 18.7.4 дэх заалт, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг дүгнэсэн, улмаар Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Бг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын нэгж хооронд чиг үүргийг өөрчлөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст адил чанарын, ангилал зэрэглэл бууруулахгүй албан тушаалд шилжүүлэн томилохоор Илтгэх хуудас гарсан нь хүчин төгөлдөр байгаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар томилох эрх бүхий этгээд төрийн албан хаагчийг байгууллага дотроо өөр албан тушаалд шилжүүлэхэд тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан шаардлагыг хангасан байхаас бусдаар хуулиар ямар нэгэн болзол, шаардлагыг заагаагүй. Маргаан бүхий актад нэхэмжлэгч Б.Бг Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас дүүргийн Иргэний улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэгчээр томилохдоо албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийн нэмэгдэл зэргийг бууруулахгүйгээр шилжүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийг нэгж хооронд шилжүүлэн томилох бүрэн эрхтэй.

... Мөн Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.13 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2,1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.7.1, 18.7.2, 18.7.4 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11 дэх заалтыг тус тус зөрчсөн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч, ахлах улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг (ерөнхий 2, 2 дугаар зорилтын 4,6,7.,.)-ээ хангалтгүй биелүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025.10.15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 1/361 дүгээр илтгэх хуудас, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023.11.22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас зэргээр тус тус нотлогдож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025.12.01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дугаартай тушаалууд хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна...” гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 5012 дугаар дүгнэлтийн хувьд ямар дүгнэлтүүдийг хийгээд байдаг вэ гэхээр холбогдох улсын байцаагч нар хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд эрх бүхий байгууллагуудад хүсэлт хүргүүлж хуульд заасан ажиллагааг тухай бүрд нь хийгээд явдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон чиг үүрэг эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнээд байдаг. Гэтэл 2015 оны бүртгэл болох мэдүүлэг түүнд хавсрагдсан нотлох баримтууд хуулийн 6 буюу түүнээс дээш тооны зөрчилтэй байхад зөрчлийн агуулгыг ерөөсөө үндэслэл бүхий тайлбарладаггүй. Тийм учраас улсын бүртгэлийн дотоод хяналт шалгалтаар 2015 оны бүртгэл ерөөсөө хууль тогтоомж зөрчсөн гэдэг зөрчил илэрдэггүй. Тийм учраас Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажлын хэсэг гараад 2015 оны бүртгэл чинь бүхэлдээ хууль зөрчсөн юм байна гэдгийг илтгэх хуудас буюу дүгнэлтээрээ хангалттай тодорхой гаргаж ирээд байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг яг ямар зөрчил гаргасан гэж буруутгаад байгаа нь өөрөө тодорхойгүй байна гэж дүгнээд байдаг. Тэгэхээр давж заалдах шатны шүүх дээр нэхэмжлэгч нарын хууль зөрчсөн үйлдэл тус бүрийг тодорхой тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт хяналт шалгалтаар ямар зүйл тодорхой болдог вэ гэхээр бүртгэлийн хувийн хэрэгт байгаа БНХАУ-ын “” Co.Ltd-иас МУ-ын “Х” ХХК-ийн захирал /Х/-д олгосон гэх итгэмжлэл МУ-ын Иргэний хууль, ОУ-ын гэрээний шаардлага хангахгүй буюу орчуулгын алдаатай баримт бичгийг үндэслэл бүхий гэж дүгнээд хянан шалгагч нар дүгнэлт гаргаад байдаг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтууд болон тусгайлсан журмыг зөрчсөн гэдэг нь тодорхой тогтоогддог. Хоёрдугаарт “Х” ХХК-ийн дүрэм дутуу “Х” ХХК-ийн өмчлөлд байгаа 60 хувийг “А” ХХК-д шилжүүлэн авах талаар гаргасан “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр 2013 оны гэдэг огноотой боловч өдөр, сар бичигдээгүй бүрдлийн хувьд дутуу байдаг. Тэгэхээр байцаагч нарын хувьд юу гэдэг вэ гэхээр А констракшн компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт огноо дугаар хэдий бичигдээгүй боловч хувьцаа эзэмшигч н., н.А нар гарын үсэг зурсан. Компанийн тамга, тэмдгээр баталгаажуулсан учраас хүчин төгөлдөр гээд байдаг. Гэтэл мэдүүлэг дээр 2013 оны хэдэн сарын хэдний өдөр мэдүүлгийг гаргахдаа шийдвэр нь хэзээ гарсан бэ гэдэг тодорхойгүй байхад энэ зүйлийг тодруулах ажиллагааг хийгээгүй. Гуравдугаарт Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д их хэмжээний хэлцэлд тооцогдох хэлцлийг мөн хуулийн 88.1-д их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг ТУЗ байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр шийдвэрлэнэ гэж заасан. Үүнийг зөрчөөд “А Т” барилгын 60 хувийг “Х” ХХК-ийн өмчлөлөөс хасаж, “А” ХХК-д шилжүүлэх талаар “Х” ХХК-ийн ТУЗ болон 100 хувийн хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын (H) констракшн групп компаниас гаргасан шийдвэр тус үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой шийдвэр тухайн мэдүүлэгт огт авагдаагүй байдаг. “А” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж болох иргэн хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх, ингээд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн боловч үүнтэй холбоотой их хэмжээний хэлцэлд холбогдох хуулийн шаардлагыг хянан шалгагч нар нягталж, шалгаж үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй. Дөрөвдүгээрт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг “А” ХХК-аас мэдүүлэгтээ бол хавсаргаж өгсөн. Тухайн хэлцэлд худалдах, худалдан авах гэрээний үнэ үнэ төлбөргүй шилжүүлж байгаа эсэх, бэлэглэж байгаа эсэх буюу захиран зарцуулалтын үндэслэл тодорхойгүй ийм хэлцэл авагдсан. Тэгэхлээр тухайн мэдүүлгийн гол баримт болоод байгаа хэлцлийн хувьд утга агуулга үндсэн яг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл ямар байсан юм бэ гэдгийг мэдээж шалгах ёстой үүнтэй холбоотой ажиллагаа хийх ёстой үүнийг бол хийгээгүй. Мэдүүлгийн тухайд “А” ХХК-ийн менежер гэх иргэн н.О мэдүүлгийг гаргаж байгаа юм. Энэ тохиолдолд эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурсан байхыг заасан. Үүнийг бол зөрчсөн. н.Эрдэнэпүрэвийн тухайд олгосон итгэмжлэлийн хувьд улсын бүртгэлийн хувийн хэрэгт яг итгэмжлэл авагдаагүй, н.Оийн нэрийн хуудас авагдсан. Нэрийн хуудас гэдэг нь МУ-ын Иргэний хуульд заасан итгэмжлэлийг орлох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбоотой ажиллагааг улсын бүртгэгч нар огт хийгээгүй, хяналт шалгалтын холбогдох илтгэх хуудаснуудаар тодорхой дүгнэгдсэн байдаг. Зургаадугаарт, мэдүүлэгт газар нэгж талбарын дугаар үнэ бүртгүүлэх үндэслэл хавсарган өгсөн баримт бичгийн тоо мэдүүлэг дээр тодорхой бүх талбар бүрд бөглөгдсөн байх ёстой. Гэтэл бөглөгдөөгүй байхад улсын бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны журам загвар, маягт батлах тухай 38 дугаар тушаалаар батлагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана гэж заасан.

Үүнийг зөрчсөн болохыг улсын байцаагч нар дүгнээгүй. Ингээд улсын байцаагч нараас ямар ажиллагааг хийсэн бэ гэхээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд зурагдсан “Х” ХХК-ийг төлөөлж зурсан гэх БНХАУ-ын иргэн Х-ийн гарын үсэг хуурамчаар үйлдсэн болох нь холбогдох эрх бүхий байгууллагын тогтоолоор тогтоогдоогүй байна. 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлтэй холбоотой иргэний маргааныг шийдвэрлээд гарсан шүүхийн эцсийн шийдвэр бол хүчин төгөлдөр байгаа гэдэг агуулгаар “Х” ХХК-аас гаргасан холбогдох өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг удаа дараа өгөөд байдаг. Гэтэл яг юу тодорхойгүй үлдээд байгаа вэ гэхээр тухайн мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримт бичгийн хувьд алдаатай байна гэдгийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүртгэл, засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэн хүчингүй болгох талаар дүгнэлт гаргана” гээд энэ үүргийг ерөөсөө огт хэрэгжүүлэхгүй яваад байдаг.

Нөгөө талаараа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-д “хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх үүрэгтэй” гээд яагаад хяналт шалгалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийх үүргээ огт биелүүлэхгүйгээр цагдаагийн байгууллагаас, Авлигатай тэмцэх газраас, Шүүх шинжилгээний газраас ингээд хариунууд ирээд байдаг учраас хангалттай тодорхой нотлогдоод байгаа үйл баримт тодорхойгүй байгаа учраас танай хүсэлтийг гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Та бүхэн хуульд заасны дагуу шүүхэд юм уу, дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргах эрхтэй гэдэг байдлаар хариунуудыг өгөөд яваад байдаг. Нөгөө талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А341 дугаартай тушаалаар баталсан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14.2-т “улсын байцаагчийн дүгнэлтэд дараах асуудлыг тусгана” гээд 14.2.4-д “хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн алдаа зөрчил гаргасан этгээдийн үйлдлийг нарийн тодорхой дүгнэнэ” гээд 5012 болон бусад гарсан дүгнэлтүүдийг харахаар яг тухайн зөрчил гаргасан үйлдэл дээр дүгнэлт хийсэн байх ёстой хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, орхигдуулсан байдаг. 2015 оны мэдүүлэг болон түүнд хавсаргагдсан нотлох баримтыг хянан шалгах чиг үүрэгтэй улсын байцаагч нарын хувьд хянан шалгалтыг бүрэн гүйцэт ерөөсөө хийдэггүй. Ийм учраас дотооддоо зөрчил огт илэрдэггүй гэдэг зүйлийг анхан шатны шүүх дээр удаа дараа тайлбарласан. Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн маргаан бүхий акт дээр зөрчил нэг тус бүрийг ямар зөрчил гаргасныг тайлбарлаад, аль хуулийн аль заалтаар албан тушаал бууруулаад байгааг тодорхой тусгах ёстой байсан гээд байдаг. Гэтэл энийг маргаан бүхий акт дээр нарийн бүгдийг нь тусгах боломжгүй. Энэ дээр үндэслээд байгаа гол нотлох баримтууд болох илтгэх хуудаснууд дээр гаргасан зөрчлийн тухайд нэг бүрчлэн илэрсэн байна. Зөрчил нь тогтоогдсон байна. Төрийн албаны тухай хуульд албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэдгийг эдгээр дүгнэлтүүдээр хангалттай нотлоод байдаг. Дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээд байгаа илтгэх хуудаснуудаар гаргасан зөрчлүүд болох системийн алдаатай байдал процессын хувьд хууль зөрчсөн, дахиад гаргасан зөрчил нь нотлогдоод байгаа нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс бас анхаарч өгөөсэй гэж хүсэж байна.

... Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгавар дээр юу гэдэг вэ гэхээр Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч н.Эрдэнэбат, хяналтын улсын байцаагч Б.Б нар хяналт шалгалт хийсэн боловч хяналт шалгалт хийсэн материалд шалгах шаардлагатай байсан материалыг дутуу шалгасан, бүрдүүлбэрийн хувьд бүрэн бус хуулбар хувь материалыг шалгасан. Улмаар улсын бүртгэлийн хувийн хэргийн материалд холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй зөрчилтэй байхад хуульд нийцсэн байна. Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах түдгэлзүүлэн хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тухайн үед мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээгүй байсан байна гэдэг хариуг өгдөг. Үүнтэй холбоотой шалгах шаардлагатай байсан материалыг шалгаагүй учраас Төрийн албаны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлээгүй гэдэг нь хангалттай нотлогддог гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр маргаан бүхий актууд хууль зүйн үндэслэлтэй гарсан дээрээс нь нэмж шинэ нөхцөл байдал үүссэн учраас эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх дээр нэг мөр дүгнүүлээд, тал бүрээс нь хэргийг дүгнэсэн ийм шийдлийг анхан шатны шүүх дээр гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Нэхэмжлэгч А.М, Г.Э, Ж.Ч, Б.Б нараас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674, Б/676 дугаар тушаалуудаар албан тушаал бууруулж, шилжүүлж шийдвэрлэснийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгч тус бүрийг урьд эрхэлж байсан хяналтын улсын байцаагч /ахлах/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Маргаан бүхий тушаалуудаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 45 дугаар зүйлийн 45.1.1, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 албан даалгаврын 1.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.10, 5.16, 5.17-д заасныг тус тус үндэслэж, 

холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан:

2.1. Б/672 дугаар тушаалаар А.Мийг ахлах байцаагчийн албан тушаал бууруулж Сонгинохайрхан дүүргийн, Б/673 дугаар тушаалар Г.Э-ыг  албан тушаал бууруулж Баянзүрх дүүргийн, Б/674 дүгээр тушаалаар Ж.Чг албан тушаал бууруулж Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилсон.

2.2.Харин Б.Бг Б/676 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг дээрх тушаалуудаас ялгаатайгаар, бусад хуулийн заалт, албан даалгавар, журмын заалт болон шалтгааныг адилхан зааж, “албан тушаалын чиг үүргийг өөрчлөн” Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр шилжүүлэн шийдвэрлэжээ.

3. Хэрэгт авагдсан, маргаан бүхий актын үндэслэл болсон албан даалгавар, ажлын хэсгийн санал дүгнэлтүүд /илтгэх хуудас/, тэдгээртэй холбоотой шийдвэр, албан бичгийн агуулгын талаар:

3.1. “Х” ХХК-иас улсын бүртгэлтэй холбоотой гомдол гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолоор даалгасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь хяналт шалгалтыг хийж, ажлын хэсгийн илтгэх хуудсаар (1хавтас 217-247 хуудас)  илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгавраар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад тодорхой үүргийг өгчээ:

3.2. Уг албан даалгаврын 1.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О хаягт байрлах, 14386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ийн хамтран өмчлөгчөөс “Х” ХХК-ийг хасаж, “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах”,

... 1.3-д “Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт  гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... Хяналт шалгалтын газрын ... улсын ахлах байцаагч Ж.Ч, ... Г.Э, ... Б.Б, А.М ... нарт хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулах” гэсэн байна.

3.3. Дээрх албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор “А” ХХК, “А Девелопмент” ХХК-ийн нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0346 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0372 дугаар тогтоолоор хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хүчин төгөлдөр болжээ.

3.4. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/1628 дугаар албан бичгээр “... Хүсэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, хариуг иргэнд өгнө үү” гэж хүргүүлсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар ... Ажлын хэсгийг байгуулж, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаар илтгэх хуудсаар санал, дүгнэлт гаргасныг маргаан бүхий актуудад тусгажээ.

4. Анхан шатны шүүх “... Ажлын хэсгийн саналд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг зөрчсөн гэж дурдсан боловч яг ямар зөрчлийг хэн гаргасан, тухайн зөрчлийн хэр хэмжээ, гэм бурууг хангалттай тогтоогоогүй атлаа шүүхэд маргахдаа өөр үндэслэл буюу албан тушаалын тодорхойлолтын зорилтын 2 болон 2 дугаар зорилтын 4, 7-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолын 08 дугаар хавсралтаар батлагдсан хяналтын улсын ахлах байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилтын 2, 4, 7-д ... заасныг хэрхэн яаж зөрчсөн талаар маргаан бүхий актад огт тусгагдаагүй, эдгээрийг зөрчсөн гэх нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болно...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

5. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарыг хэрхэн буруутгасан нь Үндэслэх хэсгийн 3-т дурдсан баримт бичгүүд, маргаан бүхий акт гаргахаас өмнө удаа дараа хийсэн ажлын хэсгийн шалгалтын санал дүгнэлт /илтгэх хуудас/ зэрэгт тодорхой тусгагдсан байна. Тухайлбал,

5.1. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар албан даалгаварт “2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах, Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт  гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... Хяналт шалгалтын газрын ... улсын ахлах байцаагч Ж.Ч, ... Г.Э, ... Б.Б, А.М ... нарт хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулах” гэж,

5.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаар илтгэх хуудаст (1 хавтас 108-121 дүгээр хуудаст) “...  2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчилсөн буюу “Х” ХХК-ийг хассан байдлыг Ү-000 дугаартай “А Тауэр” барилгын улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар материалаас нягтлахад:

Бүрдүүлбэрийн хувьд: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан мэдүүлэгт хавсаргахаар заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл (“Х” ХХК, “А” ХХК тус тус ) гэсэн баримт бичгүүд байхгүй.

Мэдүүлгийн хувьд: а) Мэдүүлгийн 2 дугаар хуудаст байх  “... бүртгүүлэх үндэслэл ...” хэсэг бичигдээгүй байна. Бүртгэл хийлгэхээр хавсарган ирүүлсэн хэлцэл нь “... үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн гарчигтай ба тус хэлцэлд худалдах, худалдан авах, үнэ төлбөргүй шилжүүлэх, бэлэглэх зэрэг өмчлөлөөс хасагдах болсон үндэслэл нь тодорхой бус байжээ. Улсын бүртгэгч нь мэдүүлгийн “бүртгэх үндэслэл” болон хэлцлийн агуулгын таарч тохирсон, зөрүүгүй гэдгийг нягталж тодорхойлох боломжгүй мэдүүлэг, хэлцлийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хүлээн авсан байна. б) Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн мэдүүлгийн дангаар “А” ХХК-ийн менежер О.Эрдэнэпүрэв бүртгүүлэхээр гаргасан байна. ... Эрдэнэпүрэвт “А” ХХК-аас олгосон итгэмжлэл хувийн хэрэгт байхгүй, “А” ХХК-ийн менежер гэх О.Эрдэнэпүрэвийн нэрийн хуудас байна. Иймд тус улсын бүртгэлийг хийхэд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64.3, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам”-д заасныг тус тус зөрчсөн байна. ...” гэх зэргээр дурджээ.

5.3. Хэрэгт хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, хяналтын улсын байцаагч А.М, С.О нарын дээр дурдсан улсын Ү-000 дугаартай бүртгэлийн хувийн хэргийг хянаад гаргасан 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5012 дугаар дүгнэлт, хяналтын улсын ахлах байцаагчийн Ж.Чгийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3553, мөн түүний 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5051, хяналтын улсын ахлах байцаагч Г.Э 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6115 дугаар дүгнэлтүүд авагдсан, харин хэргийн оролцогчдын тайлбараас “... 2023 оны 02 дугаар сараас эхлэн нийт 5 удаагийн хяналт шалгалт хийгдсэн гэх ... эхний гомдлыг Хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбаатар, Б.Б нар шалгаад төлөөлөх эрх бүхий этгээд нь тодорхойгүй, иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн гэх хариуг, хоёр дахь хяналт шалгалтыг Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, хяналтын улсын байцаагч А.М, хяналтын улсын байцаагч н.О нарын бүрэлдэхүүнтэй хийж 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1090 дугаар албан бичгээр дээрхтэй адил агуулгаар хариу өгсөн, 4 дэх хяналт шалгалтыг Г.Э хийж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан тул энэ хугацаа өнгөрсөн гэх агуулгаар татгалзсан гэж тайлбарласнаас үзвэл эдгээр агуулгаар улсын байцаагчийн дүгнэлт гарч байсан байх боловч хэрэгт авагдаагүй байна.

6. Эдгээрээс үзвэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаар бүртгэлтэй, 14386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ийн 60 хувийг “Х” ХХК, 40 хувийг “А” ХХК хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байсныг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөн, хамтран өмчлөгчөөс “Х” ХХК-ийг хасаж, “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэл, уг үл хөдлөх эд хөрөнгийг хожим удаа дараа шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагааг нэхэмжлэгч улсын байцаагч нар нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгахдаа үндэслэлгүй дүгнэлт гаргасныг  “ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж хариуцагчийн нэхэмжлэгч нарыг буруутгаж байгаа шалтгаан нь тодорхой байна.

6.1. Анхан шатны шүүх үүнтэй холбоотой 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/4658 дугаар албан бичгээрээ “... албан даалгавраар улсын бүртгэлийн Ү-000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс “Х” ХХК-ийг хассан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн залруулахыг даалгасан албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тус бүртгэлд зохих өөрчлөлт оруулсан эсэх мэдээлэл, баримт”-ыг ирүүлэхийг хариуцагчаас шаардсан атлаа хариуд нь /хэргийн 2 дугаар хавтас 49-р талаас 5 дугаар хавтасны 78 дугаар тал хүртэл/ нийт 481 хуудас улсын бүртгэлийн хувийн хэргийн материал ирүүлсний дотор 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг ирүүлэлгүй, түүнээс хойших материалыг ирүүлсэн  байхад шаардаж аваагүй байна.

7. Дээрх баримтууд буюу маргаантай бүртгэлийн хувийн хэргийн материал, түүнийг хянасан улсын байцаагч нарын дүгнэлтүүд бүрэн хэрэгт авагдаагүйгээс шүүх тухайн улсын бүртгэл алдаатай хийгдсэн эсэхийг хянан шалгаж “алдаагүй” гэж үзсэн нэхэмжлэгч улсын байцаагч нарыг буруутгаж байгаа хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудаснууд үндэслэлтэй эсэх, тухайн алдаа нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны явцад гарсан эсэх, уг бүртгэлүүдийг хянаж дүгнэлт гаргахдаа улсын байцаагч алдаа гаргасан эсэх, тэдгээрийн чиг үүрэгт хамаарах, илрүүлэх боломжтой алдаа байсан эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, энэхүү шалтгаанаар албан тушаал бууруулсан маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. 

8. Анхан шатны шүүх дээрх хэрэгт ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/33 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хэзээ хэрхэн хүлээн авсан талаар нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. ... нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Б.Б дангаараа 70,200 төгрөг төлсөн байх бөгөөд А.М, Г.Э, Ж.Ч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна...” гэж маргасныг давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48-51 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой боловч нэгэнт шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийж нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

 

            ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ