| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01523/И |
| Дугаар | 142/ШШ2021/00005 |
| Огноо | 2020-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2021/00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ө -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
“Гэм хорын хохирол 4 468 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ө, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОД*******ОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э.Ө би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Соната-8 маркийн ******* ******* улсын дугаартай суудлын автомашинаар Зэст багийн нутаг дэвсгэрт Холбооны уулзвар руу шар өнгийн гэрлэн дохиогоор ортол приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас зүүн гар тийш дараад ороод ирсэн тул би баруун гар тийш нь огцом дараад багтахгүй тэр машинтай мөргөлдсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. *******ын буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа.
*******ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл ногдуулсан. Миний машинд "Арвижих-Эстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр 2 908 000 төгрөгний хохирол учирсан.
Иймд хариуцагч *******аас машинд учруулсан хохирол болох 2 908 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 160 000 Төгрөг, мөн уг хохирлыг арилгуулах засвар үйлчилгээ хийх ажлын хөлс болох 1400 000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 4 468 000 төгрөг, нийт 4 468 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э.Өын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнд миний бие мөнгө төлөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.
Миний бие 2020-08-22-ны өдөр 1-16-р байрнаас гарч 100 айл чиглэлд эргэхээр 4 замын уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгөн ногоон гэрэл асмагц уулзвар нэвтрэн үйлдлээ гүйцэтгэхээр зогсож байх үед Ө гэгч нь өөдөөс улаан гэрлээр маш хурдтай орж ирж миний машиныг мөргөсөн. Намайг мөргөсөн бичлэг камерт бичигдсэн байсныг хуулбарлан авсан. Мөн энэ хүн тухайн үед жолоо барих эрхгүй, дээр нь уг машиныг техникийн бичиг баримтгүйгээр унаж явж байсан.
Энэ хүн замын цагдаад маш их танил талтайгаа ашиглан намайг буруутай болгон Замын цагдаагаар дүгнэлт гаргуулж, намайг торгуулсан. Өөрөө зүв зүгээр өнгөрсөн. Дээр нь ичихгүй намайг шүүхэд өгч, надаас мөнгө нэхэж байна. Тийм болохоор би прокурор болон Цагдаагийн ерөнхий газарт хандсан байгаа. Иймд миний гомдлын хариуг ирмэгц нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Камерын бичлэгийн хуулбар болон дээрх байгууллагад гаргасан гомдлын хувийг өгч байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 4 468 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Соната-8 маркийн ******* ******* улсын дугаартай Э.Өын жолоодож явсан тээврийн хэрэгсэл, *******ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаар талууд маргаагүй.
Уг ослын улмаас Соната-8 маркийн ******* ******* улсын дугаартай Э.Өын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* өөрийгөө буруугүй гэж үзэж нэхэмжлэлээс татгалзсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хэргийн газрын үзлэгийг Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Э.Өлзийсүрэн 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөж хийсэн болох нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон.
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4. Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Мөн 1.2.16. “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг, Мөн 10.8. Жолооч уулзвар гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзавр гарцаар гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Жолооч Э.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд уг зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 1.2.16, 10.8.а/ заалтуудыг зөрчсөн зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... гэжээ.
Хариуцагч нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг няцааж чадаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан осол болох үеийн камерийн бичлэгээр хариуцагч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4. Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. “Зам тавьж өгөх” гэдгийг дээрх шинжээчийн дүгнэлтэд тайлбарласан байна.
Тиймээс *******ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4. дэхь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан, гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...хохиролын үнэлгээ 2 908 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 160 000 төгрөг, ажлын хөлсөнд 1 400 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.
“АЭ” ХХК Э.Өын Соната-8 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохиролын үнэлгээ хийсэн байх ба үнэлгээгээр 2 908 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. Уг үнэлгээнд ажлын хөлс багтсан байна.
Э.Ө нь өөрийн машинаа засаж янзалсан гэж тайлбарласан, ямар, ямар эд ангийг яаж янзалсан, хэдэн төгрөг зарцуулсан талаар хэрэгт нотлох баримт ирээгүй ч, “Арвижих-эстимейт” ХХК түүний тээврийн хэрэгсэлд 2 908 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Харин ажлын хөлсөнд 1 400 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна. Учир нь уг төлбөрийг Э.Ө ажлын хөлсөнд төлсөн шилжүүлснийг нотолсон баримт хэрэгт ирээгүй, зөвхөн засвар үйлчилгээний хуудас гэх баримтыг үндэслэн мөнгө төлсөн гэж үзэх боломжгүй, түүнчлэн шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээс илүү төлбөр гаргаж тээврийн хэрэгслийг засаж янзалсан болох нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч Э.Ө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл гэсэн заалтыг зөрчиж жолооны эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нь нотлогдож байна.
Бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд Э.Өыг жолооны эрхийн үнэмлэхгүй явсан, уг зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн ч шүүх түүнийг зөвтгөх үндэслэл гэж үзээгүй болно.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй хүн л тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байхад замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг зөрчин тээврийн хэрэгслийг жолоодсон нь мөн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцсон нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Э.Өоос хохирлын хэмжээ 2 908 000 төгрөгийн 30 хувийг нэхэмжлэгч өөрөө хариуцах, Ш.Мд 70 хувийг хариуцуулах нь зүйтэй гэж үзэн хариуцагчаас 2 147 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Өод олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 438 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 49 312 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 2 147 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Өод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 438 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 49 312 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Б.БЯМБАСҮРЭН