Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

   2024        02         23                                   2024/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн “2411 00132 0110” дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..............................тоотод хамтран амьдрагч Б.Дг “өөрийг нь найзаас нь утасдаж асуулаа" гэх үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, бугалгад зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу, би өөрийн үйлдэлд гэмшиж байна ...” гэв.

            Эрүүгийн 2411001320110 дугаартай хэргээс:           

            Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдрийн өмнөх өдөр манай нөхөр Н.Эын 10 жилийнх нь ангийн багш нас барсан гээд гарч яваад 1 хоног гэртээ ирээгүй. Утас руу нь залгасан утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь найз Бых нь утас руу залгаад асуусан. Тэгээд 6 сарын 16-ны өдрийн шөнө Н.Э гэртээ согтуу ирээд “чи яагаад намайг Б-аас асуудаг юм, янхан минь, ална шүү" гээд агсам тавиад байсан. Ингээд миний зүүн гарын бугалга руу хэд хэдэн удаа цохиод, зүүн хөл, бөгс рүү өшиглөөд байсан. Ерөнхийдөө зүүн тал руу аягүй их цохиод, тэр үедээ нэлээн өвчин орчихсон байсан. Тэгээд өглөө нь би эрт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Н.Э гараад явчихсан. Миний зүүн бугалга, зүүн гуя хавдаж хөхөрсөн байсан бөгөөд нэлэнхүйдээ өвчин орсон байсан. Хүзүүний зүүн хэсгээр өвчин орсон байсан. Тэр үедээ зүүн талаараа сууж болохгүй, өвдөөд байсан. Дээрх гэмтлүүд нь манай нөхөр Н.Э намайг цохиж, өшиглөсний улмаас үүссэн... Н.Э бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Өмнө нь цохиж зодож байсан асуудал байгаагүй... Ер нь надтай анх танилцахдаа л архи уудаг байсан. Гэхдээ 2023 оны 6 дугаар сараас хойш Н.Э архи уугаагүй, ямар нэгэн асуудал гаргаагүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Н.Э архи уухгүй байгаа бөгөөд бид хоёрын харилцаа хэрүүл уруулгүй, хэвийн байгаа..." гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7862 дугаартай: “...Б.Дгийн биед зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хх-ийн 23-24-р хуудас),

            Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

            Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн .......................тоотоос гаргаж байсан дуудлага мэдээллийн жагсаалт (хх-ийн 41-46-р хуудас),

            Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “…архи ууж дуусаад гэртээ ороод Дэлгэрмаатайгаа маргалдсан байсан. Юунаас болж маргалдсанаа би санахгүй байна. Тэгээд хэрэлдэж байгаад манай эхнэр намайг гаргахгүй гээд би толгой руу нь түлхсэн. Тэр үедээ ноцолдож байгаад цохичихсон юм шиг байсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. 2020 онд эхнэртэйгээ маргалдаад баривчилгаанд явж байсан. Өөр хариуцлага хүлээж байсан асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 53-р хуудас),

            Шүүгдэгч Н.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 59- 71-р хуудас), 

Шүүгдэгч Н.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх баримт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..............................тоотод хамтран амьдрагч Б.Дг “өөрийг нь найзаас нь утасдаж асуулаа" гэх үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, бугалгад зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдрийн өмнөх өдөр манай нөхөр Н.Эын 10 жилийнх нь ангийн багш нас барсан гээд гарч яваад 1 хоног гэртээ ирээгүй. Утас руу нь залгасан утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь найз Бых нь утас руу залгаад асуусан. Тэгээд 6 сарын 16-ны өдрийн шөнө Н.Э гэртээ согтуу ирээд “чи яагаад намайг Баас асуудаг юм, янхан минь, ална шүү" гээд агсам тавиад байсан. Ингээд миний зүүн гарын бугалга руу хэд хэдэн удаа цохиод, зүүн хөл, бөгс рүү өшиглөөд байсан. Ерөнхийдөө зүүн тал руу аягүй их цохиод, тэр үедээ нэлээн өвчин орчихсон байсан. Тэгээд өглөө нь би эрт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Н.Э гараад явчихсан. Миний зүүн бугалга, зүүн гуя хавдаж хөхөрсөн байсан бөгөөд нэлэнхүйдээ өвчин орсон байсан. Хүзүүний зүүн хэсгээр өвчин орсон байсан. Тэр үедээ зүүн талаараа сууж болохгүй, өвдөөд байсан. Дээрх гэмтлүүд нь манай нөхөр Н.Э намайг цохиж, өшиглөсний улмаас үүссэн... Н.Э бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Өмнө нь цохиж зодож байсан асуудал байгаагүй... Ер нь надтай анх танилцахдаа л архи уудаг байсан. Гэхдээ 2023 оны 6 дугаар сараас хойш Н.Э архи уугаагүй, ямар нэгэн асуудал гаргаагүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Н.Э архи уухгүй байгаа бөгөөд бид хоёрын харилцаа хэрүүл уруулгүй, хэвийн байгаа..." гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7862 дугаартай: “...Б.Дгийн биед зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хх-ийн 23-24-р хуудас),

            Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас),

            Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн .......................тоотоос гаргаж байсан дуудлага мэдээллийн жагсаалт (хх-ийн 41-46-р хуудас),

            шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “…архи ууж дуусаад гэртээ ороод Дэлгэрмаатайгаа маргалдсан байсан. Юунаас болж маргалдсанаа би санахгүй байна. Тэгээд хэрэлдэж байгаад манай эхнэр намайг гаргахгүй гээд би толгой руу нь түлхсэн. Тэр үедээ ноцолдож байгаад цохичихсон юм шиг байсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. 2020 онд эхнэртэйгээ маргалдаад баривчилгаанд явж байсан. Өөр хариуцлага хүлээж байсан асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 53-р хуудас) болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Н.Эын үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин Н.Э хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаар нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

            Өөрөөр хэлбэл хохирогч Б.Дгийн биед учирсан зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2023 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Н.Эаас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч Н.Эын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч тэрээр баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 34-35-р хуудас/ гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх  тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Г.УУГАНБААТАР