Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         02          20                                   2024/ШЦТ/142

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Ж.М,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311023250037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                           

  Шүүгдэгч: Ц овогт Ж.М       

  Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, халх, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамтаар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга гэх шөнийн цэнгээний газарт иргэн Г.Сгийн толгойн хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга гэх шөнийн цэнгээний газарт иргэн Г.Сгийн толгойн хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хохирогч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг байх "Дуулга" төвийн 2 давхарт байх нийтийн караоке дотор пиво ууж байгаад дуу явахаар нь хажуу талын ширээний үл таних залууг ахын дуу бүжиглэх үү гээд хэлтэл тухайн үл таних залуу шууд миний зүүн талын нүд хэсэг рүү пивоны шилээр цохих шиг болсон ба би шууд доошоо газар унасан. Тэгсэн тэнд байсан залуучууд тэр залууг салгаад цагдаад дуудлага өгсөн. Одоо миний зүүн талын нүдний хөмсөг сэтэрсэн, мөн зүүн нүд харанхуйлаад байна. Тухайн залуу нь намайг өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэр залууг цагдаагийн алба хаагч нар аваад явсан... миний биеийн зүүн талын нүдний хөмсөг сэтэрч нийт 9 оёдол тавиулсан... би өөр хэн нэгэнтэй маргалдаж, муудалцсан зүйл байхгүй, намайг өөр хэн нэгэн зодож, цохисон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 14381 дугаартай “...Г.Сгийн биед зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 - шүүгдэгч Ж.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 37-42 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” гэх нэршилтэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Сд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөрт 600.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.Мыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ