Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2019/01357

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2019/01357

  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: М.М-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: ОАЗДТГт холбогдох,   

“Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1991 оноос цагдаагийн байгууллагад жирийн цагдаагаас нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын албан тушаал хүртэл ажиллаж байсан. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 06 сарын 29-ны өдрийн Б/41 тоот тушаалаар тус Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдсон. Уг хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажил үүргээ чанартай, цаг хугацаанд гүйцэтгэж, идэвх санаачлагатай, зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 сарын 02 өдрийн Тамгын газрын Б/41 тоот “Албан тушаал бууруулах” тухай тушаалаар намайг архивын тасгийн даргаар томилсон. Дээрх тушаал нь үндэслэлгүй байсан тул би Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан. Улмаар Орхон аймаг дахьЗзахиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал ОАЗДТГ даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, ОАЗДТГ Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд намайг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү шийдвэрийг хариуцагч Тамгын газрын дарга сайн дураараа биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оноос өдийг хүртэл 3 жил орчим хугацаанд үргэлжилж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаартай шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүү 3 034 000 төгрөгийг Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойших цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Цалингийн зөрүүг Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаартай шийдвэрээр 629 742 төгрөг болохыг тогтоосон. Иймд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг Засаг даргын Тамгын газраас гаргуулж надад олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь ОАЗДТГт холбогдуулан ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2019 оны 5 дугаар сарын 22-ноос хойш 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 3 778 452 төгрөг гаргуулна гэсэн.   

Хариуцагч ОАЗДТГ нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.   

М.М нь ОАЗДТГ хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх ба, нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүх М.Мыг ажилд нь эгүүлэн тогтоожээ.  

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 396 дугаартай тогтоолоор Улсын дээд шүүх хэвээр баталж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Гэсэн хэдий ч М.М нь ажилдаа эргэж ороогүй, түүний зөрчигдсөн эрх сэргээгүй хэвээр байх тул дутуу авсан цалингийнхаа зөрүүг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00681 дугаартай шийдвэрээр М.Мын хууль эрх зүйн хэлтсийн даргын авч байсан цалин, одоогийн түүний эрхэлж буй архивын даргын ажлын цалингийн зөрүүг 629 742 төгрөг гэж тогтоосон байх тул 2019 оны 5 дугаар сарын 22-ноос хойш 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 6 сарын цалингийн зөрүү болох 3 778 452 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан М.Мт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 75 405 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан ОАЗДТГ-аас ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 3 778 452 төгрөгийг гаргуулан М.Мт олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 75 405 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА