Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 143/ШШ2020/00532

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******

Хариуцагч: ******* овогт *******

Хариуцагч: ******* овогт *******

8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *******, нар болох ээж, хүү хоёр нь 2019 оны 09 сард ******* намайг 8 ботготой ингэ худалдаж аваач, мөнгөний хэрэг болоод хүү дээ машин авч өгөх гэсэн юм гэж гуйгаад байсан. *******, нарын саналыг хэд хоног бодож байгаад 8 ботготой ингийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингэхдээ нэг ботготой ингийг 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Тэгээд *******, нарт саадаг, номхон ингэ өгөөрэй бид 8 000 000 төгрөгөө урьдчилаад өгье гэж хэлээд амаар тохиролцсон. Миний бие 6 000 000 төгрөгийг гийн ХААН банкны дансанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 500 000 төгрөгийг *******гийн ХААН банкны дансанд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас, 1 300 000 төгрөгийг өөрийн найз М.Алтанхуягийн данснаас 2019 оны 11 сарын 09-ний өдөр тус тус шилжүүлсэн. 200 000 төгрөгийг нь бэлнээр д өгсөн болно.

Гэтэл *******, нар нь саадаг ингэ биш догшин саадаггүй 8 ботготой ингэ өгсөн тул би өгсөн малыг нь маллаж чадахгүй наймаа буцаая гэж хэлээд 7 ботготой ингийг нь буцааж өгсөн. Нэг ботго нь үхсэн тул 200 000 төгрөгөөр тохиролцож үнийг нь төлөхөөр тохиролцсон. Үхсэн ботгоны ингийг сувай ингээр сольж хүнсэнд хэрэглэсэн. *******, нараас удаа дараа нэхэж байсан боловч намайг ээж ******* нь хэл амаар доромжилж байсан. Хүү нь утсаа авдаггүй. *******, нар нь наймаа буцсанаас хойш мөнгийг чинь өгнө, одоо саадаг ботготой ингэ өгнө гэж удаа дараа худал хэлж намайг хохироож байна. Одоо 7 ботготой ингэний 7 000 000 төгрөг нэхэмжилнэ. Миний бие өөрт байсан 8 000 000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хийхээр төлөвлөж байсан бөгөөд *******, нарын гуйлтаар ботготой ингэ худалдаж авахаар болсон. Энэ хүмүүс тохиролцсоноороо саадаг, номхон ингэ өгөөгүйгээс 8 000 000 төгрөгөө хадгаламжид хийж чадалгүй хохирсон. Хэрэв хадгаламжийн дансандаа хийсэн бол 1 040 000 төгрөгийг хүү авах байсан. Ингээд 7 000 000 төгрөг дээр нэмж 1 000 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ. Иймд *******, нараас 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******, нар нь 2019 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч *******д 8 тооны тэмээг 8 000 000 төгрөгөөр худалдаж аваач ээ гэсэн саналыг тавьсан байдаг. Хариуцагч нь машин худалдаж авах гэж байгаа, 8 000 000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд ******* саналыг нь хүлээж аваагүй бодож байж хариу өгье гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6 000 000 төгрөгийг гийн дансанд хийгээд тэмээгээ хүлээж авсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 300 000 төгрөг, 200 000 төгрөгийг бэлэн өгсөн. Ингээд 8 000 000 төгрөгийг *******, нарт хүлээлгэж өгсөн. Харин 8 тооны тэмээнд 4 ингэ, 4 ботго авъя гэж тохирсон байдаг. Малчин айл болохоор сүү, цагаан идээг нь ашиглахаар саадаг ингэ өгөөрэй гэсэн. Гэтэл саадаггүй, бэлчээрийн ингэнүүдийг авчирч өгсөн байдаг. Тэгээд үр шимийг хүртэж чадахгүй болохоор 2020 оны 02 дугаар сард амаар байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцлаад тэмээг нь хүлээлгэж өгсөн. Маллаж байх хугацаанд нэг ботго нь үхсэн. Үхсэн ботгоны эхийг өөр ингээр солиод хүнсэндээ хэрэглэсэн. Тэгээд нэг ботготой ингийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд нийт тэмээний мөнгө гэж 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч ******* нь Хаан банканд 5592097216 гэсэн дугаартай хадгаламжийн данс эзэмшдэг, зунаас намар дуустал цуглуулсан сүү, цагаан идээ, мал борлуулсан гэх мэтийн малаас авах ашиг шимээс хураасан мөнгөө энэ дансандаа хадгалсан бол 1 040 000 төгрөг авах ёстой байсан. Энэ мөнгөөрөө хохироод байна. Тиймээс 7 тооны тэмээний мөнгө 7 000 000 төгрөг дээрээ Хаан банкны дансанд хадгалах байсан 1 040 000 төгрөгөө 1 000 000 төгрөг болгоод нийтдээ 8 000 000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэмээг чинь бид нар хүлээж аваагүй гэсэн тайлбарыг хэлж байна. ...Энэ тэмээнүүдийг энэ айлын малыг түрээсэлж малладаг Т.Отгонбаяр гэдэг хүнд болон ******* нарт хүлээлгэж өгсөн байдаг. Харин Т.Отгонбаяр нь мэдүүлэг өгөхдөө би хүлээж аваагүй гэж хэлсэн. Т.Отгонбаярын мэдүүлэгтэй холбоотой манай талаас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байгаа. 8 тооны тэмээ буюу 4 ингэ, 4 ботгыг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар талууд амаар тохирсон байдаг. Талууд тохиролцохдоо номхон саадаг ингэ өгөхөөр болсон боловч номхон саадаг ингэ өгөөгүй. Хариулгагүй бэлчээрт явдаг тэмээ өгснөөс болоод ашиглаж чадахгүй болсон, эд хөрөнгийн доголдлыг мэдсэн гэвч сургахаар хэдэн сар өөрийнхөө эзэмшилд байлгасан боловч сургаж чадаагүй. Хайнаг ингэнүүд байсан. Тиймээс наймаа буцаад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдлыг мэдсэнээс хойш 6 сарын дотор шаардлага гаргах ёстой гэсэн байдаг. Энэ хугацаандаа мэдэгдэж эд хөрөнгийг нь буцааж өгсөн. Гэрээ цуцалж байгаа тохиолдолд өгсөн авснаа буцааж өгөх үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгч талаас тэмээгээ буцаагаад өгчихсөн учраас тэмээний мөнгө нийт 7 000 000 төгрөг болон хадгаламжид байх ёстой байсан 1 040 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг нэмж нийт 8 000 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *******, нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4-р баг Баянхөөвөр 9-р гудамж 936 тоотод оршин суугч ******* овогт *******, Номгон сумын Дэрсэнэ-Ус багт оршин суугч ******* овогт ******* миний бие Номгон сумын Богт багт оршин суугч ******* овогт *******аас гаргасан иргэний нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. ******* 2019 оны хавар манай ээж *******гаас ботготой ингэ, тэмээ зарах боломж байгаа эсэхийг сурагласан байдаг. Бидэнд мөнгөний хэрэгцээ шаардлага гарч 2019 онд 6 ингэ ботголж 6 ботго бойжуулсан. Түүнээсээ 4 ботготой ингийг худалдах боломжтой байгаагаа *******д 2019 оны 9-р сард хэлж 4 ботготой ингэ, 2 нас гүйцсэн ат, ингэ том жижиг нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах ам хэлцэл хийсний дагуу тэднийх өвөлжөөндөө буух үедээ манайд ирж 4 ботготой ингийг авсан. Манай ээж *******, манай тэмээ, бог малыг маллаж байсан Т.Отгонбаяр нар 4 ботготой ингийг барьж бурантаглаж, ногтолж хүлээлгэж өгсөн. ******* 8 000 000 төгрөгийг бүрэн төлж 4 ботготой ингийг хүлээн авч, зүслэгдсэн нас гүйцсэн хоёр тэмээг 2020 оны хавар авах санал гаргаж үлдээсэн. Удалгүй 2019 оны 12-р сард өвлийн хүнсэндээ зүсэлсэн нас гүйцсэн нэг ингэн тэмээгээ авсан. Зүсэлсэн нэг тэмээ нь манай тэмээнд явж байгаа хээрээс барьж аваад явсан ч болно, тэдний тэмээ шүү дээ. Мөн тэмээ нэг бүрийг үнэлээгүй нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр үнэлсэн. Худалдсан 4 ботготой ингэний 2 нь саамгай, 2-ыг нь хавар шинээр сааж сургасан, ботготой ингэний 1 нь Хурдан шар гэдэг ботголоогүй жилд хөдөө бэлчээр, хаанаас ч барьж унаж эдэлдэг ингэ зэрэг саадаг, номхон тэмээнүүдийг өгсөн. Бид нар нас ахисан, чадал тэнхээ муудсан хүмүүс болохоор тэмээнийхээ ая эвээр унаж эдэлж, сааж сургаж малладаг учир аядуу зөөлөн хандаарай гэж хэлж байсан. Энэ хүмүүс ойлгосон эсэх нь мэдэхгүй. Тэмээг сааж сургахдаа туших, богочих, хойт хөл борвийг боож, сойж, тэлүүрдэх аргуудыг тэмээний онцлог шинжээр хэрэглэдэг болохоор Майга гэдэг энэ ингийг тэлүүрдэж саадаг гэж хэлж л байсан. Мөн тэмээ их зүс буруулдаг амьтан. Энэ хүмүүс тэмээнүүдийнхээ эв зүйг ололгүй ширүүн дориун хандаж ботгоны хүзүүг гэмтээж үхүүлэх хүртэл анхаарал болгоомж алдсан байх гэж бодож байна. Бид нар ам хэлцлийнхээ дагуу саадаг, номхон тэмээнүүдийг бүрэн хүлээлгэж өгч арилжаа наймаа дуусгавар болсон, тэмээнүүдийг бид буцааж хүлээж аваагүй хаана явж байгааг бид мэдэхгүй /чоно нохой идчихсэн ч юм билүү бүү мэд/ тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Хэрвээ наймаа буцаж мөнгийг буцааж өгөхөд хүрвэл бид тэмээнийхээ үр төл, ашиг шим, үнийн зөрүү 3 602 000 төгрөгийг анх хэлцэл хийж тохиролцсон үнийн дүнгээс хасаж тооцох болно. Нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр багцлан үнэлж өгч авахаар харилцан тохиролцсон. Хэрвээ энэ үнэлгээг задалж тооцвол ботготой ингэ тус бүрийг 1 400 000 төгрөгөөр, нас гүйцсэн тэмээг 1 200 000 төгрөгөөр үнэлэгдэнэ.

1 400 000 төгрөг х 4 тэмээ = 5 600 000 төгрөг, 1 200 000 төгрөг х 2 тэмээ = 2 400 000 төгрөг,

Тэмээ: Ботготой ингэ 1 х 1 400 000 төгрөг = 1 400 000 төгрөг,

Ноос: 10 тэмээ х 5кг =50кг. 50кг х 5000 төг = 250 000 төгрөг,

Сүү: 6 сар х 30 хоног= 180 хоног. 180 хоног х 0.4 л = 72 л. 72 л х 4 ингэ = 288 л.

288 л х 4000 төг = 1 152 000 төгрөг,

Төл: 2 ботго х 400 000 төг = 800 000 төгрөг,

Дүн: 1 400 000 төгрөг + 250 000 төгрөг + 1 152 000 төгрөг + 800 000 төгрөг = 3 602 000 төгрөг.

8 000 000 төгрөг - 3 602 000 төгрөг = 4 398 000 төгрөг

Иймд бид үнийн дүнгийн үлдэгдэл 4 398 000 төгрөгийг төлөх боломжтой юм гэжээ.

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авч явсан тэмээгээ өгвөл нэхэмжлээд байгаа 8 000 000 төгрөгийг өгч болно. 4 398 000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн нь манай ээжийн тайлбар, яг хүлээн зөвшөөрсөн зүйл биш. ******* өөрөө өмнө тэмээ байна уу, худалдаж авъя гэж жилийн өмнөөс сураглаж байсан. Тиймээс манайх 2019 оны намар нь манайх тэмээгээ зарахаар болж *******тай наймаа хийсэн. Их бага тэмээ нийлсэн нийт 10 тэмээ наймаалцсан. Үүнд 4 ингэ, 4 ботго эхлээд аваад явсан. Нэг тэмээ өвлийн хүнсэндээ хэрэглэсэн. Нэгийг нь хавар авахаар болсон боловч түүнээс өмнө наймаа буцсан. Наймаа буцъя, маллаж чадахгүй гэсэн зүйлийг ярьсан болохоос энэ мал чинь энд явж байна, бүрэн бүтэн хүлээж аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Т.Отгонбаярт хүлээлгэж өгсөн гээд байгаа нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй. ******* Т.Отгонбаяр руу яриад ботготой ингээ тавих гэсэн юм аа чи ирээд туслалцаад өгөөч ээ гэсэн. Тэгээд нэг удаа очиж торомтой ингийг нь тавилцсан байдаг. Малчин хүмүүс нэгнийдээ очоод тэмээ малыг нь тавиад уялцаж байдаг. Ганц удаа туслаад торомтой ингийг нь тавилцаж өгснийхөө төлөө тэр тэмээнүүдийг хүлээгээд авчихсан гэдэг хариуцлагыг хүлээнэ гэдэг хэцүү. Тэгээд ч нэг сүргээс тасдаад аваад явсан юм чинь нэг нутаг усны тэмээ эргээд сүрэг ижилдээ нийлж л байдаг. Би өөрөө ч гэрчилнэ. Зарим нэг нь байж л байдаг байсан. Би өөрөө хүлээлгэж өгсөн тэмээгээ би өөрөө хүлээж аваагүй. Өөрсдөө идсэн байж болно. Хэн нэгэн хулгайлсан байж болно. Тэр ингэ ботгоны хувьд хавар уяж байсан. Зарим ингийг нь би өөрөө сааж сургаж байсан. Олон жил сааж сургасан ингэнүүд байсан. ******* гэдэг хүн өөрөө огт тэмээгүй хүн. Тэмээг яаж малладаг талаар юу ч мэдэхгүй. Тэмээ гэдэг амьтан чинь зүс буруулдаг. Машин тэрэг оролдож байгаа юм шиг оролдох боломжгүй шүү дээ. Эвээр оролддог, арчилгаа шаарддаг. Нэг ботго үхсэн гээд байгаа нь уяанаас болоод хүзүүг нь хугалаад алчихсан байдаг. Өөрсдөө маллаж чадахгүй бутраасан тэмээгээ надаар төлүүлэх гээд байна уу гэж бодож байна. Би өөрөө хүлээгээд авсан бол авсан гэдгээ хэлнэ. Т.Отгонбаярт хүлээлгэж өгсөн гээд байна. Тэр Т.Отгонбаяр гэдэг хүн манай малыг түрээсээр малладаг болохоос манай малчин биш. Манайд ямар ч хамааралгүй хүн. Хэрвээ Т.Отгонбаярт хүлээлгэж өгсөн нь үнэн бол Т.Отгонбаяр өөрөө л хариуцлагаа үүрэх байх. Энэ бол манайд ямар ч хамааралгүй гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тэмээгээ буцааж хүлээн аваагүй тул мөнгийг өгөх боломжгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нар нь 2019 оны 09 дүгээр сард 8 тооны тэмээг /4 ингэ 4 ботго/ нийт 8 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч ******* нь тэмээний үнийг 2019 оны 09, 10, 11 дүгээр сард хуваан бүрэн төлж, 8 тооны тэмээг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд хариуцагч *******, нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч ******* нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тэмээний үнэ болох 8 000 000 төгрөгийг хариуцагч нарт төлж, 8 тооны тэмээгээ хүлээн авсан, нөгөө талаас хариуцагч *******, нар нь 8 тооны тэмээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн буюу дээрх гэрээний үндсэн үүрэг биелэгдсэн гэж дүгнэв. Талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анх номхон, саадаг ингэ худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон боловч догшин, саадаггүй ингэ өгсөн, мөн сольж өгөөгүй тул наймаа буцаая гэж хэлээд 2020 оны 02 дугаар сард 6 тооны тэмээг буцаан хүлээлгэн өгсөн учраас 7 000 000 төгрөгийг хохирол 1 000 000 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарладаг.

Хариуцагч тал нь ...тохиролцсон ёсоор номхон, саадаг ингэ бүрэн хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон, харин тэмээнүүдийг бид буцааж хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын тайлбараас үзэхэд эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч нь шаардлага гаргаж улмаар гэрээнээс татгалзсан байх ба уг тэмээнүүдийг хариуцагч талд буцаан өгсөн эсэх нь маргааны зүйл болж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 2020 оны 02 дугаар сард хариуцагчийн малыг малладаг малчин Т.Отгонбаярт тэмээг хүлээлгэж өгсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Т.Отгонбаярыг гэрчээр асуулгасан, тэрээр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч *******аас тэмээ буцааж хүлээн аваагүй талаар мэдүүлжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмээнүүдийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хариуцагч *******, нарт хүлээлгэж өгөх үүрэгтэй ба талууд малчин Т.Отгонбаярт хүлээлгэн өгөхөөр гэрээнд зааж тохиролцоогүй байхаас гадна нэхэмжлэгч нь тэмээнүүдийг буцаан хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлохгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр үүсдэг ба мөн зүйлийн 111.2.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үздэг. Маргаан бүхий тэмээнүүдийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нараас тэмээний үнэ 7 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь ...доголдолтой холбоотой гэрээнээс татгалзсан тул 8 000 000 төгрөгийг хадгаламжид хийсэн бол 1 040 000 төгрөгийн хүү авах байснаас 1 000 000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...8 тооны тэмээ авснаас 1 ботго үхсэн, түүний ингийг нь сувай ингээр сольж хүнсэндээ хэрэглэсэн тул 7 тооны тэмээг буцааж өгсөн. 1 ботготой ингийг 1 000 000 төгрөгөөр тохирсон гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...нийт 6 тооны тэмээг буцааж өгсөн, тэмээ нэг бүрийн үнийг тохироогүй гэх мэтээр зөрүүтэй тайлбар гаргаж, мөн хүнсэнд хэрэглэсэн гэх 1 тооны тэмээгээ буцаан өгсөн тэмээний тоонд оруулан үнийг нь нэхэмжилж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нь шүүх хуралдааны явцад *******гийн эзэмшлийн 50 орчим тооны тэмээн сүрэгт үзлэг хийж буцааж өгсөн 6 тооны тэмээ байгаа эсэхийг тодруулах буюу нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасан ба хүсэлтэд үзлэгээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг хэрхэн, яаж тодруулах нь тодорхойгүйгээс гадна мэтгэлцэх зарчмын үүднээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, нараас 8 000 000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН