| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/1501/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1539 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1539
2023 12 11 2023/ШЦТ/1539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч К.Чимгээ,
Хохирогч Н.М-,
Шүүгдэгч Ч.Э- түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю овогт Ч-ийн Э-од холбогдох эрүүгийн 2306 00000 3564 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Ю овогт Ч-ийн Э-
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Ч.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 тоот хашааны гадна хохирогч Н.М-тай маргалдан түүний эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 2 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн хэвээрээ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөрБаянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 тоот хашааны гаднах хогийг ачиж ажил үүргээ гүйцэтгэж явахад хог ачсангүй гэсэн шалтгаанаар миний унаж 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж хагалсан.Хохиролд 4 дугуйны үнэ 2 600 000 төгрөгийг хүлээж авсан гэв.
Эрүүгийн 2306 00000 3564 хэргээс:
Шүүгдэгч Ч.Э- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай гаднах хогийг энэ хүмүүс ачсан юм.Хашаанд байсан хогийг ачуулах гэхэд дургүйцээд байсан учир би машиных дугуйг хагалсан. /хх-ийн 73-74 дүгээр хуудас/
Эд зүйлийн үнэлгээ Дамно ХХК 2600 000 төгрөг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Э-од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөрБаянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны 0 тоот хашааны гадна иргэн Н.М-тай маргалдан, түүний эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 2 600 000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийн устгах, гэмтээх гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй.
Шүүгдэгч Ч.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 2 600 000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан хохирогч Н.М- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.Э- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2 600 000 төгрөгийн төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю овогт Ч-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ч.Э-ыг чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Э- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 600 000 төгрөгийг хохирогч Үйлст мандал ХХКомпанид төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА