Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0390

 

 

  

 

 

     2022           05           23                                        128/ШШ2022/0390

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э нарыг оролцуулан татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч Д.Б, Татварын ерөнхий газрын даргын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Д.Б нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

          2.Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалаар “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт улсын байцаагчаар томилсон байна.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11/5549 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

             4.Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

          “Д.Б миний бие улсад нийт 24 жил, төрийн албанд 20 жил 9 сарын хугацаанд ажилласан бөгөөд үүнээс татварын албанд 13 жил 11 сарын хугацаанд тус тус ажилласан төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм.

          Гэтэл намайг Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01- ний өдрийн Б/391 дүгээр тушаалаар “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас бууруулж, тус тасагт татварын улсын байцаагчаар томилсон тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдлоо холбогдох байгууллагад гаргасан.

          Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд арван дөрөв дэх хэсэгт"... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...”, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заажээ.

          Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч бусдыг гэм хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоодог субьект болохыг огт хуульчлаагүй байхад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлийг үндэслэн миний албан тушаалыг бууруулсан байна.

          Мөн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.3, 45.2-т заасныг тус тус үндэслэсэн байдаг.

          Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно", 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “сануулах”, 48.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-д “төрийн албанаас халах”, 48.1.4-д “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “хуульд заасан бусад” гэж тус тус заажээ.

          Гэтэл миний бие хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлэн ажиллаж байсан болохыг огт тогтоогоогүй, мөн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин маань тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болоогүй, “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад албан тушаал бууруулсан. Үүний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

          Мөн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байх ёстой. Одоо ч эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд миний бие дээрх гэм хэргийг үйлдээгүй, тухайн асуудал нь намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд үүссэн, тухайн үед би төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд биш байсан тул зохих шатны прокурорт гомдлоо гарган хянуулж байгаа.

          Түүнчлэн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангах эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж, тогтоогоогүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл байхгүй байхад захиргаан акт, түүнийхээ үндэслэлийг Татварын ерөнхий газрын дарга бүрэн нотолж чадалгүй тушаал гаргасан байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлахаар 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тус тус баримтлахаар тусгайлан зохицуулсан, мөн хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.

          Гэвч Татварын ерөнхий газрын дарга дээрх тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй тохиролцох, зөвшөөрөлцөх шаардлагыг биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлалгүйгээр миний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өмнө нь болсон шүүх хуралдааны үеэр дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ санал, байр сууриа дэмжиж байна.” гэв.

          6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Татварын ерөнхий газрын харъяа Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бийг Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалаар албан тушаал бууруулж, тус тасагт татварын улсын байцаагчаар томилсон.

          Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасны дагуу Д.Бт сонсох ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны хийж гүйцэтгэсэн. Д.Бийг албан тушаал бууруулах үндэслэл нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч 3 байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” заалтыг зөрчсөн нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/4092 тоот албан бичгээр ирүүлсэн тус хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр мэдэгдэлд дурдсан байсан.

          Мөрдөгчийн мэдэгдлийн дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгаас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бт 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн төсөв татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд төсөвлөсөн 599,756,000 төгрөгөөс шагнал урамшуулал олгох тухай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаар  тушаалын дагуу авсан 18,000,000 төгрөгийг буцаан улсын төсөвт тушаалгахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл уг хохирлыг барагдуулаагүй байгаа мөн дээрх мөнгө олгох эсэхийг шийдвэрлэсэн гэх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тус хэлтсийн хурлын тэмдэглэлийг Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нь хуурамчаар үйлдсэн болохыг мөрдөн шалгах явцад тогтоосон болохыг мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан бөгөөд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар өөртөө давуу эрх бий болгосон байх тул хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авсан.

          Мөн Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж томилох хүртэл ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилогдсон бөгөөд дээрх нөхцөлд байдлын улмаас ажил албан тушаалыг түр орлон гүйцэтгэхийг дуусгавар болгосон.

          Өмнөх хурлуудад хариуцагчийн зүгээс нэхэмжлэл дээр тодруулга хийсэн. Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн томилуулах гэдэг байдлаар залруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан, өмнөх хурал дээр залруулсан. Мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэд хэдэн удаагийн хурал хойшлуулж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэн авсан. Тэгэхээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байдаг. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/391 тоот тушаалаар эрхэлж байсан ажил, үүргийг нь буюу түр орлон гүйцэтгэж байсан ажлаас нь чөлөөлж, тухайн тасагт нь татварын улсын байцаагчаар томилон ажиллуулсан. Үүнтэй холбоотой ямар нөхцөл байдлаас шалтгаалсан бэ гэвэл өмнөх хурлууд дээр ярьсан, нотлох баримтыг мөн бүрдүүлсэн. Өмнөх ажил, албатай нь холбоотойгоор тодорхой зөрчил илэрсэн учраас тухайн зөрчил, дутагдлуудтай холбоотойгоор тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн үүргийг дуусгавар болгож, үндсэн татварын улсын байцаагчийн ажилд нь томилсон байдаг. Тухайн ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар сонсох ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хийгээд үүний дагуу тушаал гаргаж байцаагчаар томилон ажиллуулсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Д.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр дараах үндэслэлээр маргасан.

1/Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч бусдыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоодог субьект болохыг огт хуульчлаагүй байхад мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлийг үндэслэн миний албан тушаалыг бууруулсан.

2/Хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин маань тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болохыг тогтоогоогүй.

3/Төрийн албаны тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй тохиролцох, зөвшөөрөлцөх шаардлагыг биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлаагүй.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/643 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалаар албан тушаал буурч, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт улсын байцаагчаар томилогдсон.

4.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаар тушаалаар тус хэлтсийн албан хаагч нарт шагнал урамшуулал олгосны 2 дугаарт Д.Бт 20,000,000.00 төгрөг олгохоор /х.х-ийн 155 дахь тал/ шийдвэрлэсэн бөгөөд тус хэлтсийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17.18 цагт 15 дугаар тэмдэглэлээр шагнал урамшуулал олгох асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэсэн гэх боловч мөн өдөр нь амралтын өдөр байсан, түүнчлэн уг тэмдэглэлийг хөтөлсөн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бийн 2018 оны 12 дугаар сарын цагийн бүртгэлд мөн өдөр ажилласан бүртгэл бүртгэгдээгүй байна. /х.х-ийн 154 дэх тал/

 

5.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/4082 тоот албан бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай Мөрдөгчийн мэдэгдлийг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлсэн./х.х-ийн 27, 28 дахь тал/

Мөрдөгчийн мэдэгдэлд “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор ...татвар хураалт, орлого бүрдүүлэлтэнд төсөвлөсөн 599,756,000 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаар тушаалаар нэр бүхий 17 хүнд нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон. Дээрх мөнгийг олгох эсэхийг шийдвэрлэсэн гэх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэлийг Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нь хуурамчаар үйлдэж дэмжлэг үзүүлж ... их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн” гэжээ.

6.Уг мэдэгдлийн дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Д.Бт хүргүүлсэн мэдэгдэлд ...хууль бус орлогоос хариуцвал зохих 18,000,000.00 төгрөгийг төлөх шаардлагатай, төлбөр төлсөн баримт болон холбогдох баримтыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэж, Татварын ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 02/1002 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар хариу өгсөн байна. /х.х-ийн 32 дахь тал/

7.Татварын ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Бт албан тушаал бууруулах шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааг явуулж, тайлбар авсан. /х.х-ийн 26 дахь тал/

8.Нэхэмжлэгч Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх;” зохицуулалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан.

9.Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь Д.Бийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:”, 45.1.3-т “хуульд заасан бусад үндэслэл.”, 45.2.Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана.”, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.8-д “татварын албаны ажилтныг шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;” бүрэн эрхийн хүрээнд албан тушаалын чиг үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгон, албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн хариуцагчаас Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа" гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг;”, 6 дугаар зүйлийн 6.6Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.”, 6.7-д “Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.” гэж заасан үүргээ хэрэгжүүлэх хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байна.

10.Иймд нэхэмжлэгч Д.Бийн Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.3, 45.2, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН