| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 119/2026/0032/З |
| Дугаар | 221/МА2026/0655 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0655
“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2026/0046 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн татварын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 119/2026/0032/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/115 тоот албан хүчингүй болгуулах, Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Т ББСБ ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2026/0046 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 13.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/115 тоот албан бичгийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ББСБ ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “Т ББСБ” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах”-аар нэхэмжилсэнийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
. “...Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2026/0046 дугаартай шийдвэрээр “Т ББСБ” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах" шаардлага нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул уг маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй юм.
“Т ББСБ” ХХК (РД: 1) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ТТ-02) 2025 оны тайлангаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дахь хэсэг “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 2.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө, хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагыг хангаагүйгээр 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварын хөнгөлөлтийг эдлэхээр хуулийн хугацаанд хавсралт материалыг хавсарган тайлагнасан.
Татвар төлөгчийн тайланг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр илгээсэн бөгөөд татварын удирдлагын нэгдсэн системээр 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу тухайн төрлийн тайлан илгээгдэх сүүлийн өдрийн дараагийн өдрөөр тасалбар болон байцаагчид хуваарилагдаж, хуульд заасан хөнгөлөлт эдлэх боломжгүй тухай холбогдох хуулийн заалт, журмын дагуу хариуг газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 албан тоотоор хүргүүлсэн. . Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК (РД:ХХХ) нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0030 тоот албан бичигтээ “...бид анхны тайлангийн үргэлжлэлээ засварлаад зөрүү татвар үүссэн бөгөөд уг дүнг бид хүлээн зөвшөөрч төлөх болно...” гэж албан татварын тайлангаа буруу гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг ба татварын тайланг хүлээн авах, залруулгыг хийж засаж тайлагнахыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Иймээс энэ асуудлын хүрээнд татварын алба татвар төлөгчид хариуг хүргүүлж, 2025 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайланг хөнгөлөлтгүй дүнгээр илгээх талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй тайланг илгээхгүй байх, хөнгөлөлттэй тайланг хүлээж авах боломжгүй, харин хөнгөлөлтгүй тайлан хүлээн авна гэдгийг дурдах нь зүйтэй.
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх үйл ажиллагааны журмыг зохицуулсан байх ба ингэхдээ 30.2-т “Татварын албан тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийх’’- ээр, 30.3-т “тайланг хянахад мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болох”-оор, 30.4-т “мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх”-ээр, 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авах”- аар, 30.6-д “Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж энэ тухайгаа тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлэхээр”-ээр, 30.7-д “Энэ хуулийн З0.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авах”-аар тус тус заасан.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу татварын хуулиудын холбогдох зохицуулалтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад татварын алба татварын ногдуулалт, төлөлтийг үнэн тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нөхцөлүүдийг хянаж мэдээллийн зөрүүг арилгуулан тайланг хүлээж авах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан болно.
Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу ... жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу тогтоосон хугацаанд тайланг илгээж, татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. “Т ББСБ” ХХК нь буцаагдсан тайланг 2026 оны 02 дугаар сарын 28-нд хуулийн шаардлагад нийцүүлэн илгээж тайлангийн ногдлын зөрүү 16,056.1 мянган төгрөгийг мөн өдрөөр төлж, алдаагаа хүлээн зөвшөөрч татварын удирдлагын нэгдсэн системд засварласан.
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.7-д татварын алба нь “тайланд тусгасан татварын хөнгөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”-ийг хянан боловсруулалт хийхээр заасан зохицуулалт нь татвар төлөгчийн тодорхойлсон татварын хөнгөлөлтөд хамаарах хасагдах зардал нь баримтаар тогтоож буй эсэх, хувь хэмжээ тооцооллын хувьд алдаатай эсэх, хөнгөлөгдөх татварт хамаарах эсэх зэрэг тухайн зардлын хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох хүрээнд хэрэгждэг.
Мөн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална...” гэж заасан. Сангийн сайдын 202.1 оны’2 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Илүү төлсөн татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан харилцааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгч, суутган төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална” агуулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох хүрээнд хэрэгждэг.
Мөн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална...” гэж заасан. Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Илүү төлсөн татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан харилцааг зохицуулах журам’’-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгч, суутган төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална” гэсний дагуу судлан үзэхэд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хуулийн хугацаанд хамрагдахгүй тул хөнгөлөлтийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болсон.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “Т ББСБ” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” шаардлага нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул уг маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2026/0046 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:”... давж заалдсан хариуцагчийн төлөөлөгч Т.Б-ийн гомдолтой танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.
Давж заалдсан гомдлын гол агуулга нь Татварын ерөнхий хууль болон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, түүнийг үндэслэн гарсан Сангийн сайдын тушаалын зохицуулалтуудыг тайлбарлан дурдсан байдалтай байх бөгөөд маргаан бүхий харилцаа, түүнийг зохицуулсан хууль, шүүхэд ирүүлсэн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт, анхан шатны шүүх түүнийг хэрхэн үнэлсэн, шүүхийн энэ дүгнэлт нь үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл заагаагүй байна. Магадгүй захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд тухайн байгууллагыг төлөөлсөн этгээд удирдлагынхаа чиглэлээр ч юм уу эсхүл өөрийн ажил үүргийн хувьд давж заалдах гомдол гаргах үүрэгтэй байдлаар хандсан байж болох юм.
Маргааны гол агуулга нь “Т ББСБ” ХХК нь хуульд заасан татварын тайлан илгээх сүүлийн хугацаа буюу 2026 оны 02 сарын 10-нд татварын өргүй байх шаардлага хангаагүй, Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлага хангаагүй гэж захиргааны байгууллага үзэж татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж байгаа, татвар төлөгч “Т ББСБ” ХХК нь үүнийг үндэслэлгүй гэж үзэж нотлох баримт гаргаж, хуулийн тодорхой үндэслэл зааж маргаж байгаа бөгөөд энэ асуудлаар талууд анхан шатны шүүх дээр хангалттай мэтгэлцэж, шүүх эдгээр маргаанд тодорхой дүгнэлт хийсэн байгаа.
Татвар төлөгч “Т ББСБ” ХХК нь хөнгөлөлт эдлэхээр тайлан гаргаж илгээсэн, Татварын албаны татгалзсан хариуг сонсоод тайлбар гомдол гаргасан, дээд шатны татварын байгууллагад хандсан зэрэг нь татварын хууль тогтоомжийн хүрээнд явагдсан, татвар төлөгчид хуулиар олгосон эрхийн асуудал бөгөөд ямар нэгэн хууль бус зүйл огт байхгүй. Татварын албаны шаардлагаар, татварын хөнгөлөлтөө эдлэхийн тулд Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцсон “Т ББСБ” ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Мөнхбаярын хүү н.Тгийн сургалтын зардал, тийзний зардлын дүнгийн 10 хувь болох 16,056,100 төгрөгийн татварын ногдуулалт хийж, түүнийгээ 2026 оны 02 дугаар сарын 28-нд төлж ААНОАТ-ын тайландаа залруулга хийж засварлагдсан тайланг мөн өдөртөө илгээсэн байна. Татварын албаны тайлан боловсруулалт, шаардлагаар татвар ногдуулалт хийж, тухайн өдөрт буюу 2026 оны 02 сарын 28-нд төлсөн нь Татварын Ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар татварын өр гэж тооцогдохооргүй байгаа. Татварын тайланд татвар төлөгч өөрөө болон татварын албаны тайлан боловсруулалтын үеийн шаардлагаар залруулга хийж болох нь тухайн жилийнхээ хугацаанд зөвшөөрөгдсөн байна.
М.Ттэй гэрээ хийж, тэрээр сургуулиа төгсөөд аавынхаа үүсгэн байгуулсан, хувьцааны хяналтын багц эзэмшигч “Т ББСБ” ХХК-д ирж ажиллаж санхүүгийн зах зээл дээр өрсөлдөх, хөгжүүлэлт хийж зорилготой сургаж байгаа нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон Компанийн тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийцсэн, татварын хууль тогтоомжоор хориглолт тогтоосон зүйлгүй тул татвар төлөгч тайлангийнхаа 2.3 хэсэгт “Үндсэн бус үйл ажиллагааны зардал” гэж тайлагнасан ба энэ зардлыг татвар ноогдох орлогоос хасахгүй гэж үзсэн татварын албаны татгалзал хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.
Харин анхан шатны шүүх “Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон, хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1- д заасан нөхцөл, журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны уйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “Т ББСБ” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал мөн хуулийн 106.3.11-т зааснаар шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүх залруулах шаардлагатай. Үүнд:
а. Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэх тийм нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд илэрч бий болоогүй, талууд тийм санал гаргаагүй, шүүх тийм тодорхой нөхцөл заагаагүй,
6. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхийн үйл ажиллагаагаар болон хэргийн оролцогчид өөрсдөө гаргах замаар бүрэн цуглуулсан, маргааны үндэслэл болсон эдгээр баримт болон хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэлд шүүх дүгнэлт хийсэн, талуудаас тодруулсан.
в. Эдгээр байдал нь маргааны үйл баримт, шинжлэн судлах нотлох баримт шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх нөхцөл бий болоогүй болохыг харуулна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэгэнт гарсан захиргааны актыг биш нэхэмжлэлийг шийдвэрлэх акт гаргуулахаар нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
г. Анхан шатны шүүхийн 0046 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тийм нөхцөл байдал байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган маргааныг эцэслэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-аас “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Татварын газар нь ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөгийг татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий 2026 оны 03/115 дугаар албан бичгээр “... Танай компанийн гадаадын сургуульд сурч байгаа суралцагчийн төлбөрт төлсөн зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаагүйгээр 2025 оны тайланд тусган тайлагнасан нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлтөд эдлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Албан бичигт танай компани алдаагаа хүлээн зөвшөөрч, татвараа төлөхөө илэрхийлсэн боловч ...журам-ын ... дагуу судлан үзэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хуулийн хугацаанд хамрагдахгүй тул хөнгөлөлтийг эдлүүлэх боломжгүй болно” гэж хөнгөлөлт олгохоос татгалзсан хариу өгсөн байна.
4. Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч талаас залруулгыг хугацаанд нь илгээж баталгаажуулсан ...” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг 2 өөр шаардлага гэж үзэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.11-д заасныг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг буруу, дутуу үнэлжээ.
5. Мөн шүүхийн үнэлсэн “... “Ц” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/002 дугаартай аудитын тайлангаар “тус компанийн санхүүгийн тайлангууд нь 2025.12.31-ний өдрийн байдлаарх компанийн санхүүгийн байдал хийгээд тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартуудын үнэн, зөв бодитой үзүүлсэн байна ...” гэх дүгнэлт гаргасан нь татвар ногдуулах орлогыг тодорхойлоход хасагдах зардлыг зөв хассан эсэх, татварын хөнгөлөлт эдлэх эсэхийг дүгнэхэд гол нотлох баримт болохгүй, түүнчлэн шүүхээс “Т ББСБ” ХХК болон М.Т нарын хооронд сургалтын гэрээтэй, мөн М.Тгийн сургалтын төлбөрт төлсөн төлбөр нь Америкийн нэгдсэн улсад орлого болсон, зарлага нь Худалдаа хөгжлийн банкны гадаад валютын гүйлгээгээр гарсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн хуулийн шаардлагыг зэрэг хангаагүй гэснийг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
5.1. Учир нь сургалтын төлбөр төлөгдсөн, төлбөрийг шилжүүлсэн, үүнийг компанийн санхүүгийн байдлын болон жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан зэрэгт хасагдах зардалд тайлагнасан, энэ талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан .... шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй байхад хасагдах зардалд тайлагнасан нь алдаатай гэж үзсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлангаа засварлан, татвараа төлсөн талаараа нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарласан байна.
6. Мөн “... шүүх татварын тооцоолол хийх, эсхүл татварын захиргааны чиг үүргийг орлон хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд хариуцагчид нэхэмжлэгчийн хүсэлтийг энэхүү шийдвэрийн хууль хэрэглээний дүгнэлтийн дагуу дахин шийдвэрлэж, хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхтэй холбоотой захиргааны ажиллагааг хийхийг даалгах нь үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д нийцээгүй, аль захиргааны актыг түдгэлзүүлж, дахин акт гаргахыг даалгасан нь ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй шийдвэр болсон, энэ талаарх хариуцагчийн гомдолтой холбоотой гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга буюу шүүхэд маргасан үйл баримт нь хариуцагч татварын байгууллагаас “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг алдаатай буюу хасагдах ёсгүй зардлыг хассан” гэж үзэж тайланг буцаасныг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч хасагдах зардалд “захирлын хүү Б.Тгийн сургалтын төлбөр”-ийг оруулан тооцсоныг залруулж зөрүү татварыг төлөхөө мэдэгдэж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар албан бичгийг[1] хүргүүлсний хариуд хариуцагч Орхон аймгийн татварын газар нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 дугаар албан бичгээр “... хасагдах ёсгүй зардлыг хасаж тайланг ирүүлсэн, алдаагаа хүлээн зөвшөөрсөн боловч хууль, журамд заасан хугацаанд хамрагдахгүй ...” гэх шалтгаанаар хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан байна.
8. Үүний дараа нэхэмжлэгч нь тайлангаа засварлаж, холбогдох татвар 16,056,100 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн байх бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд “хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: ... 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар гаргах шийдвэрийн төрөлд хамаарах тул энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
8.1. Гэтэл шүүх энэхүү маргааны хүрээнд хариуцагчийн татгалзсан шалтгаан болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэх, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хугацаа хэтрүүлсэн эсэх, хариуцагчийн Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Илүү төлсөн татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан харилцааг зохицуулах журам’’-ын дагуу татгалзсан нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй байх тул энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
8.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө: гэж”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө.” гэж заасан[2].
8.3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хуульд заасан 2 дугаар сарын 10-ны дотор хугацаандаа илгээсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон Санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан зэргээс үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн жилийн нийт орлого 727,174,587.86 төгрөг байх ба татварын байгууллагын алдаатай гэж үзсэн тухайн сургалтын төлбөр 160,561,419.77 төгрөгийг хасагдах зардалд тайлагналгүйгээр татвар ногдуулах орлогыг тодорхойлсон ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан татвар ногдох орлого нь “1.5 тэрбум” төгрөгт хүрэхгүй болох нь тогтоогдож байна.
8.4. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтын дагуу 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх хуульд заасан татвар ногдох орлоготой холбоотой шаардлагыг хангасан байна.
8.5. Хариуцагч нь татвар төлөгчийн илгээсэн тайланг хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, хувьцаа эзэмшигч М-ын хүү Тг гадаадад сурах сургалтын зардлыг хасагдах зардлаар тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулж буруу тайлагнасан гэж үзсэн нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: ... 30.2.7.тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх;” гэж заасан хүрээнд хийгдсэн гэж үзэж болохоор байна.
Уг шаардлагыг татвар төлөгч зөвшөөрөөгүй тохиолдолд хяналт шалгалт явуулж нөхөн татвар ногдуулах асуудал хөндөгдөх байсан боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хуульд заасан хугацаандаа гаргасан тайланг буцаасныг засварлан хүргүүлсэн, мөн зохих татварыг төлсөн байхад “тайланг зөвтгөж ирүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн татварын хөнгөлөлтийг эдлэх эрх нь зөрчигдсөн байна.
9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид зохих журмаар хөнгөлөлт эдлүүлэхийг даалгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2026/0046 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “...106.3.1, 106.3.11...” гэснийг “... 106.3.4, 106.3.12 ...” гэж, Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 дугаар албан бичгээр хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу “Т ББСБ” ХХК-д зохих журмаар хөнгөлөлт эдлүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж,
3 дахь заалтын дугаарыг 2 гэж, уг заалтын “... 48.3 ” гэснийг “... 48.1 ...” гэж “... үлдээсүгэй” гэснийг “... үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Орхон аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ