Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 26

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Хохирогч: О.Амарнэмэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Шүүгдэгч: И.Нармандах,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хасаг овгийн Идэшийн Нармандахад холбогдох эрүүгийн 201720000057  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6,  эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2-р багт  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 7 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ОМ85022716, Хасаг овгийн Идэшийн Нармандах.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч И.Нармандах нь  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн иргэн О.Амарнэмэхээс 800.000 төгрөгийг хуурч мэхэлж, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч О.Амарнэмэхийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зүс таних И.Нармандах гэдэг залуу надтай уулзаад “Манай гэр хөдөө өвөлжиж байгаа. Би гэр дээрээ 10 тооны эр ямаа, 10 тооны эр хонь нядлаад махыг нь цасаар дараад хадгалсан байгаа. Маргааш пургон машин авч явж ачиж ирэх гэсэн юм. Та надаас хонь, ямааны мах ав, дээр нь танд эр хонь үхэр нэмж зарж, борлуулмаар байна, та эхний ээлжинд 500.000 төгрөг өгчихөөч, тэгээд та надтай хамт машинд сууж яваад махаа аваад ир” гэхээр нь би “Чи маргааш өглөө манай гэрт хүрээд ир” гэж хэлээд явуулсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байтал И.Нармандах манайд ирээд “Надад бараг 3.000.000 төгрөгийн хэрэг гарах юм шиг байна. Та эхний ээлжинд 1.000.000 төгрөг надад өгчих. Би хоёр, гурван айлын цагаан сарын бэлтгэл хийж авч гарна” гэхээр нь би тухайн үед И.Нармандахыг дагуулж яваад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөг авч өгч явуулсан. Тухайн үед И.Нармандах надаас мөнгө авч явахдаа “Би явах жолоочтойгоо уулзаж байгаад тантай утсаар яриулна” гэж хэлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны үдээс хойш Юнителийн дугаараас /яг хэд гэсэн дугаар байсныг сайн санахгүй байна/ надруу залгаж “Би И.Нармандахтай хамт хөдөө явах жолооч байна, машинаа асаагаад дулаан гражид тавьчихсан. Өглөө эрт 8 цагт хөдөө явна” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь жолооч гэсэн хүн рүү /нэрээ хэлээгүй/ утсаар нь залгаж ярьтал “Өнгөрсөн шөнө архи уучихлаа. Удалгүй И.Нармандах бид хоёр танай гэрт очно, та хүлээж бай” гэж хэлэхээр нь 12 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь дахин нөгөө утас руу нь залгаж үзэхэд холбогдохгүй болсон байсан. И.Нармандах урьд өмнө нь надаас мөнгө төгрөг зээллэж байсан удаа байхгүй. Би Улаангомын зах дотор байдаг “2009” үйлчилгээний төвд хүмүүсээс авсан түүхий эдээ бөөндөж зарж борлуулдаг байсан бөгөөд тэр үед И.Нармандах “2009” үйлчилгээний төвд түүхий эд ачдаг туслах ажилтнаар ажилладаг байсан учир нэгнээ сайн таньж мэддэг болсон. Түүнээс хойш мэнд усаа мэдээд явдаг байсан юм. И.Нармандах надаас авсан мөнгөө 2 хоногийн дотор бүгдийг нь зарж үрээд алга хийчихсэн байсан. И.Нармандах надад хэлэхдээ “Би танаас авсан мөнгөнөөсөө хүнээс зээллэж авсан байсан өрөндөө 600.000 төгрөг өгсөн. Бусдыг нь өөрийнхөө гэр оронд ойр зуурын гурил, будаа аваад дуусгачихсан” гэж хэлсэн. И.Нармандах нь одоо болтол миний хохирол 800.000 төгрөгийг төлж өгөөгүй байгаа, маргааш, нөгөөдөр мөнгөө төлж өгнө гэсээр өгөөгүй тул хохирлоо гаргуулахыг хүсч   байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

      2. Гэрч Ц.Дээшингийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2005 онд нөхөр И.Нармандахтай гэр бүл болж бидний дундаас 4 хүүхэд төрсөн. И.Нармандах бид хоёр 2005 оноос 2014 он хүртэл хөдөө мал маллаж амьдарч байгаад нэг хүүхэд маань цайнд түлэгдсэнээс болж аймгийн төвд ирж амьдрах болсон юм. И.Нармандах хааяа архи, дарс уудаг боловч уусан үедээ агсам, согтуу тавьж байгаагүй юм. Миний нөхөр И.Нармандах нь хүнд тусархуу зан чанартай хүн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

      3. Гэрч М.Чимгээгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “ Намайг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ нөхөр О.Амарнэмэхийн хамт байж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд нөхөр бид хоёрт “Намайг И.Нармандах гэдэг юм, манайх хөдөө байгаа. Манай гэрийн гадна 10 эр хонины гулууз мах, 10 эр ямааны гулууз мах арьстайгаа цасанд булчихсан байгаа. Маргааш би пургон машин авч явахаар жолоочтой нь ярьж тохирсон. Та өөрөө надтай хамт маргааш явчих” гэж миний нөхөр О.Амарнэмэхэд хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёроос гуйж, ярилцаж тохироод 500.000 төгрөг авахаар болж нөхөр О.Амарнэмэх банкны бэлэн мөнгөний машинаас түүнд мөнгө гаргаж өгөхөөр болоод гэрээс гараад явцгаасан. Удалгүй нөхөр О.Амарнэмэх буцаж гэртээ ирээд надад “Банкруу явж байтал И.Нармандах нэмээд 300.000 төгрөг, нийт  800.000 төгрөг өгчих” гэхээр нь би И.Нармандахад 800.000 төгрөг өгчихлөө гэж хэлсэн. И.Нармандах “Маргааш ирнэ” гээд явсан бөгөөд ирэхгүй болохоор нь би хөдөө явчихсан. Намайг хөдөө явсны дараа И.Нармандах ирэхгүй болохоор нь нөхөр О.Амарнэмэх И.Нармандах гэдэг залууг сураглаж, эрж хайж явсаар гэрийг нь олж очиж уулзаад залилуулсан талаараа мэдээд цагдаад мэдэгдсэн юм. Би нөхөр О.Амарнэмэхээс тухайн үед тэр И.Нармандах гэдэг залуугийн талаар асуухад нөхөр маань “Бид хоёр зах дээр байдаг “2009” худалдааны төв дээр хамт ажиллаж байсан юм. Нэг нэгнээ сайн танидаг юм” гээд байхаар нь би юм хэлээгүй юм. И.Нармандах миний нөхрөөс авсан 800.000 төгрөгийг бэлнээр өгөх гэж байна гэж олон удаа худлаа хэлж бид нарыг хууран мэхэлж, залилж явсаар байгаад гомдолтой байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

       4. Иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 15-16-ны хооронд байх өдрийг нь сайн санахгүй байна Улаангом сумын 10-р багт байрлах “Ундарага” шатахуун түгээх станцын төв байрлуу орж явтал зүс үл таних, ягаан өнгийн Монгол дээлтэй 30-35 орчим насны залуу намайг хараад надтай мэндэлсэн. Тэгээд надаас “Та хот хооронд явах уу?. Та мах ачих уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би хэр хэмжээтэй мах байгааг нь асуухад “6 тонн орчим мах байна” гэж хэлэхээр нь би “Манай нэг жолооч байгаа, түүнтэй ярь” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “Надад 100.000 төгрөг хэрэгтэй байна. Банкнаас зээл төлж мөнгөө авчихаад ачааныхаа мөнгө өгөхөөр нь 100.000 төгрөгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 100.000 төгрөгөө өгөөд явуулсан боловч нөгөө залуу ачуулах ачаа ч байхгүй, худал хэлж надаас мөнгө залилаад явсан болж таарсан. Тэгэхээр нь би тэр залуугийн гэрийг хайж олоод түүнийг цагдаа дээр авч ирж өгсөн. Тэр залууг И.Нармандах гэдгийг мэдсэн бөгөөд одоогоор надад надаас залилж авсан 100.000 төгрөгөө өгөөгүй байгаа. Намайг залилсан И.Нармандах гэгч энэ залууг би танихгүй бөгөөд надаас 100.000 төгрөг худал хэлж залилан мэхэлж авсан нь үнэн болно. Мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/,

 

            5. Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн засаг дарга Т.Эрхэмбаярын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 73 тоот тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,

            6. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 57 тоот,  Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолууд /хх-ийн 36-41-р тал/,

            7. Шүүгдэгч И.Нармандахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/,             

            8.  Шүүгдэгч И.Нармандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би тухайн үед О.Амарнэмэхэд худлаа хэлж 800.000 төгрөг авсан бөгөөд хөдөө явж уг 800.000 төгрөгөөр  мах, сүү бөөндөж аваад аймагт оруулж ирж зарж ашиг унагаж байгаад буцааж өгнө гэж бодож байсан. Гэвч тэгж чадалгүй, мөнгөө гэрийнхээ хэрэгцээнд зарцуулаад дууссан, би хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгтээ : өмнө нь хүнээс авсан байсан 550.000 төгрөгийн өр төлсөн гэж худлаа ярьсан юм, бүгдийг нь  өөрөө зарцуулчихсан юм. Би О.Амарнэмэх гэдэг хүнээс 800.000 төгрөг худал хэлж, залилж авсан үйдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг  нь төлж барагдуулж өгөөгүй байгаа. Манай ах 1 морь өгнө гэж хэлсэн байгаа, түүнийг Амарнэмэхэд өгнө” гэх мэдүүлэг,  

       Шүүгдэгч И.Нармандахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Мөн би Н.Эрдэнэбаатар гэдэг хүнийг хот хооронд ачаа ачдаг хүмүүсийг хариуцдаг гэдгийг зурагтаар харж мэдсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Ундарга Увс” шатахуун түгээх станцын төв байрны хаалган дээр Н.Эрдэнэбаатартай таараад “6 тонн мах ачуулна” гэж худлаа хэлээд түүнээс 100.000 төгрөг залилж авсан нь үнэн. Тэр мөнгөөр би гэртээ гурил, шар цай, тэжээл зэрэг зүйл авсан. Уг 100000 төгрөгийг мөн төлж өгөөгүй байгаа Миний ярьсан бүх зүйл үнэн. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.       

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч И.Нармандах нь  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн иргэн О.Амарнэмэхээс 800.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Амарнэмэхийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Чимгээгийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч И.Нармандахын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      Шүүгдэгч И.Нармандах нь хохирогч О.Амарнэмэхийг Улаангом суманд түүхий эдийн ченж хийдэг, мах худалдан авч борлуулдаг гэдгийг өмнө нь сайн мэддэг байсан байх бөгөөд энэ байдлыг нь ашиглаж, түүнтэй удаа дараа уулзаж “ Хонь, ямааны мах зарж борлуулмаар байна, маргааш машин авч яваад хөдөөнөөс  махаа оруулж ирж зарна, та хамт явж очоод мах авчих ” гэж худал ярьж итгүүлэн түүнээс урьдчилгаа болгож 800.000 төгрөгийг авсан байна. Тэрээр гэрээрээ Улаангомд амьдардаг, зарж борлуулах малгүй атлаа  хохирогч болон түүний эхнэрт өөрийгөө хөдөө амьдардаг, хонь, ямааны мах зарж борлуулахаар  бэлтгээд гэрийнхээ гадна тавьсан байгаа гэх мэтээр ярьж итгүүлсэн, мөн түүнчлэн махаа ачиж Улаангомд оруулж ирэх  машины жолооч гэх хүнийг хохирогчтой утсаар яриулсан  зэрэг нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн итгэл эвдэх замаар өөртөө олж авах зорилготой санаатай үйлдэл болох нь нотлогдож байна.  

      Шүүгдэгч И.Нармандахын энэхүү санаатай үйлдлийн улмаас хохирогч  О.Амарнэмэхэд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч И.Нармандах нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул 800.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амарнэмэхэд олгох үндэслэлтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч И.Нармандах нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Н.Эрдэнэбаатар гэгчээс хуурч мэхлэх аргаар 100.000 / нэг зуун мянга/ төгрөг авсан болох нь нотлогдож байгаа боловч учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  заасан бага бус хэмжээний хохирлын хэмжээнд хүрээгүй  буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирсан байх тул хэрэг бүртгэлтийн шатанд Н.Эрдэнэбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч И.Нармандахаас 100.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.  

                  Шүүгдэгч И.Нармандах энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч И.Нармандах нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул түүний дундын өмчлөлийн Монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                  1. Шүүгдэгч Хасаг овгийн Идэшийн Нармандахыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар шүүгдэгч И.Нармандахад 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан шүүгдэгч И.Нармандахад оногдуулсан баривчлах ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.  

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Нармандахаас 800.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амарнэмэхэд, 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нарт тус тус олгосугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгчийн дундын өмчлөлийн монгол гэр 1 битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шүүгдэгч И.Нармандахад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН