Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2021/00003

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г******* ******* ХХК

Хариуцагч: Д*******гийн О*******

64 184 634.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Д.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г******* *******тай ЗГ5205103937 дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулж 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг жилийн 35,4 /гучин тав аравны дөрөв/ хувийн хүүтэйгээр 12 /арван хоёр/ сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ5205103937 дугаартай ипотекийн гэрээгээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол Бага тойруу ******* байрны 66 тоот, 48,9 м кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203021307 дугаартай 2 өрөө байрыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Д.О******* нь ЗГ5205103937 дугаар бүхий зээлийн гэрээний 2.4, 4.2.1-д заасан үүргээ зөрчиж зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй 2020 оны 02 дугаар 10-ны өдрийн байдлаар 1105 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247 төгрөг 88 мөнгө, зээлийн хүү 23 219 879 төгрөг 95 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5 753 017 төгрөг 61 мөнгө, нийт 56 126 145 төгрөг 44 мөнгийг зээлдэгч Д.О*******ээс гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Тус *******ны зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр хүүг бодож тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хандсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн тул хуримтлагдсан хүүг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилж байна. Зээлдэгч Д.О******* нь ЗГ5205103937 дугаар бүхий зээлийн гэрээний 2.4-д заасан үүргээ зөрчиж зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөхгүй 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1233 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-ын 4.2.1-т ...зээлдэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээг төлүүлэхээр буцаан дуудна гэж заасны дагуу ЗГ5205103937 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээл хаах дүнгээр үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 26 627 619.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 390 322.94 төгрөг, нийт 60 171 190.81 төгрөгийг зээлдэгч Д.О*******ээс гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно гэжээ.

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Тус *******ны зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож тус шүүхэд Д.О*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өгснөөс хойш дахин 4 сарын хугацаа өнгөрсөн тул хуримтлагдсан хүүг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч Д.О*******ийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Зээлдэгч Д.О******* нь зээлийг төлөхгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 64 184 634.27 төгрөг болсон байна.

Иймд хариуцагч Д.О*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 64 184 634.27 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О******* нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г******* *******наас зээл авах хүсэлтийг бичгээр гаргасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г******* *******тай Д.О******* нь зээлийн болон ипотекийн гэрээг байгуулсан. Д.О******* нь тухайн үед жилийн 35.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаагаар буюу *******ны хүү болон хугацааг зөвшөөрч харилцан тохиролцож гэрээ байгуулан 44.000.000 төгрөгийг авсан. Мөн ипотекийн гэрээ буюу барьцаа хөрөнгөөр Улаанбаатар хотод байрлах ******* м.кв талбай, Улсын бүртгэлийн Ү2203021707 дугаартай байрыг барьцаалсан бөгөөд уг байрны эзэмшигч Б.Т******* нь зээлийн болон ипотекийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Д.О******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Д.О*******эд зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, уулзаж, мэдэгдэх хуудас болон шаардах хуудас гардуулсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд Г******* *******ны зүгээс хандсан. Учир нь Д.О******* нь өөрөө Г******* *******анд хүсэлт тавьсан. Эвлэрүүлэн зуучлалд хандаад хүүг нь зогсоогоод өгөөч ээ. Шүүхэд яаралтай хандаач ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Эвлэрүүлэн зуучлал дээр Д.О******* нь гадаад явсан шалтгаанаар хоёр сар ирээгүй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, хүүгээ бодож тухайн өдөр албан ёсоор тус шүүхэд хандсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар Д.О*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 27.153.247 төгрөг 88 мөнгө, хүү 29.877.308 төгрөг 49 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 7.154.035 төгрөг 94 мөнгө, нийт дүн 64.184.638 төгрөг 27 мөнгө гаргуулах мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэсэн тус тус заалтуудыг үндэслэн хариуцагч Д.О*******ээс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ5205103937 дугаартай шуурхай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 27.153.247 төгрөг 88 мөнгө, хүү 29.877.308 төгрөг 49 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 7.154.035 төгрөг 94 мөнгө, нийт дүн 64.184.638 төгрөг 27 мөнгө гаргуулах мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан БГ520510397 дугаартай ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Д.О******* нь үндсэн зээлийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж байна. Мөн гуравдагч этгээд барьцаа хөрөнгө дээр маргаж байгаа гэсэн тайлбарыг хэлдэг боловч гуравдагч этгээд энэ хэрэгт татагдаагүй. Энэ маргаад байгаа үйл баримтын талаар хэрэгт нотлох баримт нь байхгүй. Энэ хүн өөрөө хүсээд *******тай гэрээ байгуулаад хүүгээ зөвшөөрөөд зээл авсан учраас манай талаас ямар нэгэн байдлаар энэ хүүг төлүүлэхгүй гэж ярих үндэслэл байхгүй болохоор нийт мөнгөн дүнг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээр байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ямар ч зөрчилгүй явсан гэж ярьж байна. Энэ бол худлаа. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр л хамгийн сүүлд төлөлт хийсэн. Түүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 30-нд нэг төлөлт хийсэн. 2017 онд зээлийн гэрээний хугацаа дууссан байсан. 12 сарын хугацаатай зээл авсан байсан.

Мөн эрх зүйн байдал нь дордсон гэж ярьж байна. Ер нь *******ны зүгээс хэд хэдэн удаа зээлийн хүү чинь ийм байдалтай болсон байна гэж уулзаж, шаардах, мэдэгдэх хуудас явуулах талаар ярьсан. Эвлэрүүлэн зуучлал болон шүүхэд хандсанаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүү нь нэмэгдсээр байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 186 дугаар журам байдаг гэж байна. Энэ журам нь хуультай адилхан Legаlinfo дээр байдаг учраас энэ журам дээрх аргачлалын дагуу бодогдоогүй гэж үзэж байвал тэр аргачлалын дагуу бодож үзэх байхаа гэж бодож байна. Гуравдагч этгээд татагдаагүй гэж ярьж байна. Ер нь энэ хэрэг дээр маргаантай байгаа бол эрх нь зөрчигдөж байгаа гээд ороод ирэх ёстой байсан. Гэвч энэ үйл явдлыг Д.О*******ийн хүүхэд нь мэдэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд энэ хэрэг дээр орж ирээгүй учраас би маргаагүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.О******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г******* *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Г******* *******наас 2016 оны 06-р сарын 27-ны өдөр 44 сая төгрөгийн шуурхай зээл авсан нь үнэн бөгөөд гэрээний дагуу төлөлтүүдийг хийгээд явж байсан боловч гадаад хүмүүстэй эхлүүлсэн ажил маш их асуудал гарч, бусдад залилуулсан байх магадлал маш өндөр болж, нэхэмжлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрч, өнөөдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 56,123,145 төгрөг 44 мөнгөний өртэй болоод байгаа нь үнэн юм. Нэхэмжлэгч Г******* *******анд зээлийн барьцаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ******* хорооны ******* хороолол 43-ийн 66 тоот 2 өрөө байрыг барьцаалсан нь үнэн боловч уг үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч Батгэрэлийн Т******* нь уг барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргаантай байгаа бөгөөд зээлдэгч Д.О******* миний бие уг зээлийг төлж барагдуулах болно. Миний бие *******, ******* бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон хувь хүмүүст маш их өр зээлтэй байгаа тул миний нөхцөл байдлыг ойлгож тухайн *******ны эрсдэлийн сан, журам, бодлого, боломж, арга зам ямар байдаг талаар тусламж хүсэж ******* дахь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгөхийг хүсэж өргөдлийг гаргасан боловч ямар нэгэн хариу аваагүй. Хавсралтаар уг өргөдлийн хувийг хавсаргав гэжээ.

Хариуцагч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г******* *******наас 44.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ хугацаандаа үндсэн зээлээсээ 16.846.752 төгрөг 12 мөнгийг төлсөн. Үндсэн хүүгээс 16.433.028 төгрөг 05 мөнгө төлсөн. Нэмэгдүүлсэн хүү нь 38.826 төгрөг төлсөн. Нийтдээ 33.318.606 төгрөг 42 мөнгийг төлсөн. Бусдад маш ихээр мөнгө төгрөгөө алдаж, маш их өр зээлтэй шүүхийн удаа дараагийн шийдвэрийг биелүүлээд явж байгаа. Өмч хөрөнгө бүх зүйл шүүхийн шийдвэрээр барьцаалагдаж битүүмжлэгдээд явж байгаа. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх болон төлж барагдуулах санхүүгийн чадамж байхгүй тул үндсэн зээлийн үлдэгдлээ төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигч Б.Т******* нь зээл авахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн. Одоогийн нөхцөл байдалд тэр байрыг барьцаа хөрөнгөд өгөхөд татгалзаад зөвшөөрөхгүй байгаа учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй маргаантай байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Өмнөговь салбараар дамжуулан хариуцагч Д.О*******эд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг, нийт 64 184 634.27 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.О******* нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг талаас Г******* ******* ХХК, нөгөө талаас Д.О******* нар нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ5205103937 дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 44 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-3-5/ болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн өдөр талууд БГ5205103937 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.О*******, Б.Т******* нарын өмчлөлийн Нийслэлийн Сүхбатаар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу 43 дугаар байрны 66 тоотод байрлалтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2., 166 дугаар зүйлийн 166.1. дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцон бичгээр байгуулж, ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Талууд зээлийн төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу сар бүр төлж, гэрээний нийт хугацаа /12 сар/-нд 54 535 729.70 төгрөгийг /үүнээс зээлийн хүүгийн төлбөр 10 535 729.70/ төлснөөр үүрэг дуусгавар болохоор тохиролцжээ.

Зээлдэгч Д.О******* нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлд 16 846 752.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16 433 028.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38 826.25 төгрөг, нийт 33 318 606.42 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 64 184 634.27 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба энэ нь:

а/ Үндсэн төлбөрийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг

б/ хүү 29 877 350.46 төгрөг

в/ нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг гэжээ.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөхөөр байна.

Гэвч нэхэмжлэгч нь ...зээлдэгч нь зээлийг төлөхгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг гэж шаардсан ба энэхүү зээлийн хүү 29 877 350.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй байх тул шүүх нэхэмжлэгч талыг дээрх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг байхад нэхэмжлэгч нь нэг нийлмэл байдлаар хүү 29 877 350.46 төгрөг гэж шаарджээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1-т зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд ******* гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардах эрхтэй талаар заасан ба хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйн улмаас гэрээний хугацаа дуусах хүртэл хэдий хугацааны, ямар хэмжээний; мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэдий хугацааны, ямар хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж буй нь тодорхой бус, энэ талаар тооцсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар:

Хавтаст хэргийн 6-8 дугаар талд нэг талаас Г******* ******* ХХК, нөгөө талаас Д.О*******, Б.Т******* нарын гарын үсэг бүхий 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ5205103937 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна. Тус барьцааны гэрээний зүйл нь Нийслэлийн Сүхбатаар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол /14191/, Бага тойруу 43 дугаар байрны 66 тоотод байрлалтай, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууц байна. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.О*******, Б.Т******* нар бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хэргийн 9-р талд авагджээ.

Барьцааны гэрээний талууд нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч, барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгч гэсэн бие даасан оролцогчид байх бөгөөд уг гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх, үүрэг зөвхөн эдгээр гэрээний талуудын хувьд үүснэ.

Барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгч Б.Т******* нь үндсэн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш боловч барьцаалагчийн гаргах шаардлага нь түүний эд хөрөнгөд чиглэдэг гэсэн утгаараа эд хөрөнгөтөй холбоотой ирээдүйд үүсч болох эрхийн хамгаалалт байх ёстой буюу тэрээр процессын хувьд маргах эрхтэй хөрөнгийн өмчлөгч юм.

Иймд нэхэмжлэгч нь барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгч Б.Т*******д холбогдуулж шаардлага гаргаагүй, түүнчлэн барьцааны гэрээний дагуу үүсэх шаардлагыг дан ганц хөрөнгийн өмчлөгч Д.О*******эд холбогдуулахдаа түүнд ногдох хэсгээс хангуулах талаар шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О*******ээс зээлийн гэрээний үүрэгт 27 153 247.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667 616.72 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******ээс улсын тэмдэгтийн хураамж 293 716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН