Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2020/02073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/02101/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын х дугаар багт оршин суух, регситрийн дугаар Рхх, Бххх онход овогт Г.О. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т. сумын хх дугаар багт оршин суух, регистрийн дугаар Рххх, М. овогт Ч.М. холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.О. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.О. нь 2015 онд нөхөр болох Ч.М. танилцан, үерхэн дотносож байгаад 2016 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Б. мэндэлсэн. Бид хоёрын хувьд хурим найраа хийснийхээ дараа гэрлэлтээ албан ёсоор батлуулах талаар харилцан ярилцаж байсан учраас гэрлэлтийн бүртгүүлээгүй байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд аз жаргалтай хором мөч бүхэн төдийлөн байгаагүй бөгөөд байнгын хэрүүл маргаантай, гэр бүлийн хүчирхийлэл дүүрэн өдрүүд үргэлжилсээр ирсэн. Миний хувьд айл гэрийн эхнэр хүний хувьд хань ижлээ засрах болов уу гэж бодож, үр хүүхдүүдийнхээ төлөө тэсч, тэвчин, итгэж хүлээсээр ирсэн.

Ингээд эцэс сүүлдээ намайг байж суухын аргагүй байдалд оруулж, садар самуун явдлаар гаршиж, гэр орондоо тогтож суухгүй хөнгөн хийсвэр нэгэн болсон тул салахаас аргагүй болж, 2019 оны намар түүнээс салж тусдаа амьдарсан. Ингээд салаад удаагүй буюу 3-4 сар өнгөрөөд байж байтал Ч.М. надтай холбогдож, өнгөрсөн бүх алдаа дутагдлаа ойлгож, гэмшсэн талаараа хэлж, гуйсаар байгаад буцаад эвлэрч байсан. Гэсэн хэдий боловч Ч.М. нь урьдын адил архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсээр, хонон өнжин мөрийтэй тоглоом эргүүлсээр, элдэв янзын охид хүүхнүүдтэй нэр холбогдсоор байсан. Сүүлдээ Ч.М. нь надтай ам зөрөхдөө “би өөр хүнтэй болсон, чи хурдан зайлаад өг...” гэх мэтчилэн элдэв муу үгээр дайрч давшлан доромжлон, бие махбодид минь удаа дараа гар хүрч, цохиж зодох болсон.

Миний хувьд тухай бүрд нь түүний энэ мэт бусармаг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахуулахаар сум орон нутгийн Цагдаагийн эрх бүхий албан хаагчдад мэдэгдэж байсан бөгөөд улмаар түүнд шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь тухай бүрт нь хариуцлага ногдуулж байсан. Би өөрөө Төрийн банкны Тосонцэнгэл сум дахь салбарт ажилладаг бөгөөд түүнд зодуулсны улмаас удаа дараа ажилдаа очиж чадахгүй байх тохиолдол гарч байсан. Энэ мэтчилэн айл гэрийн эзэн болж амьдрах чадваргүй, эхнэр хүүхэддээ хайр халамжгүй, тэжээн тэтгэхээс цаг ямагт зайлсхийсээр ирсэн Ч.М. цаашид амьдрах ямар ч боломжгүй болсон тул түүнийг орхин тусдаа амьдарч байна.

Иймд хүү М.Б.г өөрийн асрамжинд авч, эцэг Ч.М.аас нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ч.М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ч.М. нь Г.О. шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ч.М. би Г.О. анх 2015 онд танилцаж, бидний дундаас хүү М.Б.  нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Бид 2016 оноос хойш 2020 оны 7 дугаар сарыг дуустал хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй байна. М.Б.  нь миний хүүхэд мөн. Хүүхдийн эцэг эх гэдэгтэй маргаан байхгүй. Би хүүхэддээ хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхийн асрамжийн хувьд ээжтэйгээ байхыг зөвшөөрнө. Хүүхэдтэйгээ уулзаж байх боломжийг надад олгож байхыг хүсч байна. Одоогоор хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О. нь хариуцагч Ч.М.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү М. овогт М.Б-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгч Г.О., хариуцагч Ч.М. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү М.Б. төрж, эцэг Ч.М. овоглосон, хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй зохигчид маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, хүү М. овогт М.Б эцэг Ч.М.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.О. нь хүү М.Б. өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэхэд, хариуцагч нь хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар зохигчид маргаагүй байна.

Иймд шүүх хүү М.Б.г эх Г.О асрамжид үлдээж, эцэг Ч.М. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,

мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,

мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт: “... урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно.” гэж тус тус заасан ба хүүхдийн асрамжийн асуудал нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай хамтатган шийдвэрлэгдэж байх тул улсын орлогоос илүү төлөгдсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.М.с 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О.олгож шийдвэрлэлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд 99340044 дугаарын утаснаас түүний 98201149 дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Рхххххххх, 2017 оны хх дугаар сарын хх-ны өдөр төрсөн хүү М. овогт М.Б.г эх Г.О асрамжид үлдээсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Рхххх, 2017 оны ххх  дугаар сарын хххны өдөр төрсөн, хүү Мхххх овогт М.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.М... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар улсын орлогоос илүү төлөгдсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.Мөнхбаяраас 34.214 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Охххх олгосугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.САРАНТУЯА