Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/043

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Д.А,

хохирогч Н.Х,

шүүгдэгч Ө.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х б ургийн овогт Өийн Еад холбогдох 2413000180030 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х б ургийн овогт Өийн Е, регистрийн дугаар ....,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Е нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 233 тоот хашаанд байрлах контейнерт байсан хохирогч Н.Хийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 2,900 ам долларыг завшсаны улмаас хохирогчид 9914000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:

1.1. Хохирогч Н.Х мэдүүлэхдээ: “Хохирлыг төлж өгсөн. Бид цуг амьдарч байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

1.2. Шүүгдэгч Ө.Е мэдүүлэхдээ: “...Мөнгөний хэрэг гарсан. Утас авахаар хадгалж байсан мөнгө аав, ээждээ өгсөн.  Цахим мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан. Хохирлыг 2 долоо хоногийн өмнө аав, ээжээсээ бэлэн мөнгө авч төлсөн...” гэв.

2. 2413000180030 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Н.Наби гэх хүний эзэмшлийн 233 дугаартай хашааны  хойд хэсэгт байрлах цагаан өнгийн 7935 БӨА гэх дугаартай контейнер байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

2.3. Хохирогч Н.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би Монгол болон БНКУ-ын хооронд арилжаа, наймаа хийдэг юм. Би 2023 оны 11 дүгээр сарын ихээр БНКУ руу наймаа хийхээр явсан. Би явахдаа энд байгаа эд зүйлсээ өөрийн төрсөн ахын хүү болох Ө.Еад үлдээдэг байсан. Би өмнө БНКУ руу явахаас өмнө хадам ах болох Нарбек гэх хүнд 2900 доллар үлдээсэн байсан. Харин 2023 оны 11 дүгээр сарын дунд үед Нарбек нь холбогдож “доллароо аваарай” гэж хэлсэн. Би тухайн үед БНКУ-д байсан учир Баян-Өлгийд байсан дүү болох Ө.Еад "Нарбекээс очиж 2900 доллар аваад хашаанд байгаа контейнерт нуугаарай" гэж хэлсэн. Харин 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байсан байх хүргэн болох Б.А нь над руу залгаж “танай контейнерт хулгайч орж 2900 доллар алдагдсан байна” хэмээн хэлсэн. Б.А тухайн үед Цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Б.А надтай видео калл хийж харуулж байсан. Над руу Е яриагүй. Зөвхөн Б.А ярьсан. Харин тэрнээс хойш 5-6 цагийн дараа байх Б.А над руу яриад “тухайн 2900 долларыг Ө.Е тоглоом тоглосон байна, хулгай ороогүй байна” гэж хэлсэн. Би тухайн үед Б.Аэд хэлээд “очиж гомдлоо аваарай” гэж хэлсэн. Ө.Е 2900 доллароор цахим тоглоом тоглоод алдчихсан байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн контейнер байгаа юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй. Би хохирлоо барагдуулж авсан. Миний зүгээс Ө.Еад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал),

2.4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Рйгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24/11 дугаартай “1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 3 ширхэг гарын мөрөөс 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэж байна. 2. Уг гарын мөр нь иргэн Ө.Еын зүүн гарын дардастай хувийн болон ерөнхий нийлэлт, эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал),

2.5. Гэрч З.Фийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг 50 минутын орчимд Ө.Е гэх танил хүүхэд ирээд 900 долларыг 3420 төгрөгөөр бодож солиулж, нийт 3,078,000 төгрөг болгож өөрийн Хаан банкны 5197345319 гэх дансанд шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

2.6. Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хадам дүү Ө.Е над руу залгаж “ах Н.Хийн контейнерт хулгай орсон байна та хүрээд ирээч” гээд намайг дуудсан. Намайг очиход хашаанд байсан цагаан өнгийн контейнерын хаалга хагас онгорхой байсан. Намайг орж ирэхэд Ө.Е нь надад “Би энэ контейнер дотор ах Н.Хийн хүнээс авсан 2,900 долларыг нуусан байсан юм, тэр мөнгө нь хулгайд алдагдсан байна.” гэж хэлсэн. Тэгээд би ах Н.Хэд мэдэгдэж, цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

2.7. ХААН банкны Баян-Өлгий салбарын эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5180/657 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ө.Еын 5197345319 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 103-108 дахь тал),

2.8. Иргэн Ө.Еын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 109-114 дэх тал),

2.9. Яллагдагч Ө.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Хийн хувьд аавын маань дүү, миний нагац ах юм. Тэр хүн Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд худалдаа эрхэлдэг. Би түүний ажилд нь тусалдаг. Энэ жил би Улаанбаатар хотод их сургуульд 2 дахь жилдээ суралцах гэж байсан бөгөөд ээлжийн амралтаараа Баян-Өлгий аймагт байна. 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр авга ах Н.Х өөрөө Бүгд Найрамдах Казахстан улсад байсан бөгөөд тэр надтай чат мессенжерээр холбогдож “ахын дүү чи хүргэн ах Н дээрээ очоод чи 2900 америк доллар өгнө тэрийг авч ирж ахынхаа аавын хашаан дахь контейнерт нуугаад хадгалж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би хүргэн ах нь Б.Нарбект очиход тэр задгай нийт 2,900 америк доллар өгсөн. Түүнийг уутанд хийгээд Н.Х ахын эзэмшлийн 79-35 БӨА улсын дугаартай цагаан контейнерт нуусан. Ингээд би цахим мөрийтэй тоглоом тоглож байхдаа мөнгө хэрэгтэй болоод 2900 долларыг 4-5 удаа хувааж валют хүмүүст солиулж, "ВЕТ"-т бооцоо тавьж алдсан. Ингээд ямар ч мөнгө байхгүй болчихоор 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байх хүргэн ах Б.Аэд “Н.Х ахын контейнерт хулгай орж, дотор нь байсан 2900 ам.доллар алдагдсан” гэж хэлчихсэн. Тэгээд цагдаад шалгагдаж байх явцад намайг уг мөнгийг авсан талаар тогтоосон. Одоогоор өгөөгүй байгаа ах дүүгийн хувьд хоорондоо тохироод шийдвэрлэнэ.”...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/01 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.

2.11. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.2. Шүүхийн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Н.Х, гэрч З.Фи, Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, (хавтаст хэргийн 14-15, 18, 20, 22 дахь тал) шүүгдэгч Ө.Еын Хаан банкан дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 103-108, 109-114 дэх тал) гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, криминалистикийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24/11 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ө.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 123-124 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ө.Е нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Н.Хийн итгэмжлэн хариуцуулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 233 тоот хашаанд байрлах контейнерт хадгалуулсан 9914000 төгрөгтэй тэнцэх хэмжээний 2,900 ам.долларыг 5 удаагийн үйлдлээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч, төгрөгөөр солиулж мөрийтэй тоглоом тоглох, ахуйн хэрэгцээндээ хэрэглэх зэргээр захиран зарцуулсан  нөхцөл байдал тогтоогджээ.

3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд  шүүгдэгч Ө.Еын өөрт хариуцуулсан хохирогч Н.Хийн эзэмшлийн 2,900 ам.долларыг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан үйлдэл нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэмд аюултай үйлдэл юм. 

4.2. Шүүгдэгч Ө.Е нь өөрт нь итгэж, контейнерт хадгалуулсан хохирогчийн эзэмшлийн хөрөнгө болох 2900 ам.долларыг дур мэдэн авч Монгол Улсын мөнгөн дэвсгэртээр солиулж, захиран зарцуулж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 9914000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

4.3. Шүүгдэгч Ө.Еын  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.4. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атлаа өөрт нь хариуцуулсан бусдын эд хөрөнгөд халдаж, хохирол учруулсан  байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Иймд шүүгдэгч Ө.Еыг хохирогч Н.Хийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан буюу үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2 Шүүгдэгч Ө.Е нь хохирогчид  учруулсан 9914000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “бүх хохирлоо төлүүлж авсан, ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэрэг (хавтаст хэргийн 18 дахь тал)  нотлох баримтуудаар нотлогдож байна.

5.3. Иймээс шүүгдэгчийг хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Ө.Еыг шүүхээс хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Ө.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргав.

2.4. Шүүгдэгч Ө.Еын бичгээр гаргасан “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно” гэсэн хүсэлтийг шүүх  хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Е нь хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, эцэг эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 40-45 дахь тал),

2.6. Шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.7. Шүүгдэгч Ө.Еын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.8. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Еыг  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэв.

2.9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.4 дэх хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна.” гэж, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна.” гэж тус тус хуульчилжээ.

2.10. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд шүүгдэгч Ө.Еын өдөрт ажиллах  хугацааг /цагийг/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зөвшөөрлөөр шийдвэр гүйцэтгэгчээс тогтоох нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид сануулж шийдвэрлэлээ.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Ө.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х б ургийн овогт Өийн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Еыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ө.Еад сануулсугай. 

4. Шүүгдэгч Ө.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Еад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. 2413000180030 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Хт 9914000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б