| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01872/И |
| Дугаар | 155/ШШ2020/02031 |
| Огноо | 2020-12-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2020/02031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01872/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Чулуутын 09-09 тоотод оршин суух, регистрийн дугаар Рхххх, Мххх овогт Ц.А. н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ххх сумын ххх тоотод оршин суух, регистрийн дугаар Рхх, М ххх овогт Ц.Д. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ц.А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А миний бие нөхөр болох ххх 1998 онд танилцаж, нэг гэрт орж амьдраад бидний дундаас 4 хүүхэд мэндэлсэн. Эхний жилүүдэд харьцангуй архи ууж, зодож цохих нь гайгүй байсан боловч 2015 оноос хойш архийг өдөр шөнөгүй ууж, гэр бүлийн хүчирхийлэл буюу бие мах бодийн болон сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд байнга өртөх болсон. Би нөхөр Дххх 22 жил амьдарсан. Амьдрал ахуйгаа сайжруулах тухайн хүнийг архинаас гаргах гэж зөндөө оролдсон боловч миний үгэнд орох нь битгий хэл миний ууж идэх чамд хамаагүй, янхан, банзал энэ хүүхдүүд миний хүүхэд биш гэх зэргээр байнга хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, хүүхдүүдээ үл хайхран, гэртээ хүмүүс авчирч архи ууна. Мөн би л уух архитай байвал та нарын идэж уух надад хамаагүй гээд хүнсний толанаар авсан зүйлсийг архинаас өгчихөөд хог дээрээс хог түүгээд ороод ирдэг. Сүүлийн 2 жил өмдөндөө өтгөн шингэнтэйгээ холилддог тэрийг нь би цэвэрлэдэг. Хэлэхээр чи цэвэрлэхгүй яах юм хохино, чи надтай яах гэж суусан юм заяа чинь тэр гэхчилэн олон үг хэллэгүүд хэлдэг. Энэ байдал нь улам даамжирсаар байна. Манай хадам ээж, эгч нар Ц.Дххх архи ууж байгаад дандаа намайг буруутгаж, элдэв өнгөөр хэлдэг. Ц.Дххх архи их ууж, гэртээ хэрүүл хийж, хүүхдүүдээ сэтгэл санаагаар хямрааж байгаа байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа учир 2006 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 155/007486 дугаар гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийн цуцалж өгнө үү.
Би 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 14 настай, хүү Д.Хххх, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 6 настай, хүү Д.Эххх, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 4 настай, охин Д.Иххх нарыгаа өөрийн асрамжинд авч эцэг болох Ц.Дхх хүүхдийн тэтгэлэг хуульд заасны дагуу гаргуулан авах хүсэлтэй байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч Ц.Дхх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Дхх би эхнэр Ц.Аххх шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан.
Би эхнэр Ц.Ахх й 1999 онд танилцаж, 2000 онд гэр бүл болсон. Эхнэр бид хоёрын дундаас том охин Иххх 1999 онд, хүү Хххх 2007 онд, хүү Эххх 2014 онд, охин Д.Иххх 2016 онд төрсөн. Бид 4 хүүхдийн эцэг, эх юм. Том охин маань одоо насанд хүрээд тусдаа гарсан. Одоо эхнэр 3 хүүхдийн хамт гэртээ амьдарч байгаа.
Бид хамт амьдарч байхдаа үл ойлголцох зүйл байсан. Би хаяа архи уудаг. Намайг архи уугаад байсан учраас эхнэр маань шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би зодож байгаагүй. Архи дарс уусан үедээ муухай үг хэлж, эхнэр хүүхдээ гомдоосон байна. Би буруугаа ойлгож байна. Одоогоор эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Би архи уухгүй бол зуны дулаан цагт ажил хийдэг. Зах дээр түлхүүр цоож хийдэг.
Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэр хүүхэдтэйгээ эвлэрч хамт амьдрахыг хүсэж байна. Эхнэр, хүүхдээсээ уучлалт хүсч цаашид гэр бүлээ бүрэн бүтэн амьдрахыг хүсч байгаа тул эвлэрэх боломж олгож өгнө үү. Бид эвлэрүүлэн зуучлахаар 2 жилийн өмнө орж эвлэрч байсан. Би сүүлийн хоногуудад архи уухгүй байгаа.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Аххх нь хариуцагч Ц.Дххх холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 257 дугаарт 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн болох гэрлэлтийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахыг хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Ц.Дххх нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх зөрчил үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар Шүүхийн архив хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/4... дугаар шийтгэврийн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар магадлал, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж үзэж, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох шаардлагагүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Ц.Аххх, хариуцагч Ц.Дххх нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Д.Хххх, 2014 оны 02 дугаар сарын ххх-ний өдөр хүү Д.Эххх, 2016 оны 4 дүгээр сарын хххны өдөр охин Д.Иххх нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар, эрүүл бойжиж буй болон сургуульд суралцаж буй тодорхойлолтууд зэргээр нотлогдож, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Ц.Ахх нь хүү Д.Хххх, хүү Д.Эххх, охин Д.Иххх нарыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь энэ талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул гэрлэгчдийг хүүхдийн асрамжийн талаар эвлэрсэн гэж үзэх боломжгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул хүүхдүүдийг ёс суртахууны байдал, нас, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Ц.Аххх асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Хүү Д.Хххх, хүү Д.Эххх, охин Д.Иххх нарыг эх Ц.Аххх асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ц.Дххх, эх Ц.Аххх нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хүү Д.Хххх, хүү Д.Эххх, охин Д.Иххх нарт сар бүр эцэг Ц.Дххх тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Аххх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 193.130 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасан байх тул хариуцагч Ц.Дххх улсын тэмдэгтийн хураамжид 193.130 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар Рххх, Мххх овогт Ц.А.г, регистрийн дугаар Рххх, Мххх овогт Ц.Дххх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮххххххх, 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, хүү М... овогт Д.Х., регистрийн дугаар Рххххххххх, 2014 оны 02 дугаар сарын хх-ний өдөр төрсөн, хүү М. овогт Д.Э., регистрийн дугаар Рххххх, 2016 оны 4 дүгээр сарын хххны өдөр төрсөн, охин М. овогт Д.Их нарыг эх Ц.А. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р......, 2007 оны 9 дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, хүү М.овогт Д.Х., регистрийн дугаар Р......., 2014 оны 02 дугаар сарын ...-ний өдөр төрсөн, хүү М.овогт Д.Э., регистрийн дугаар Р....., 2016 оны 4 дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, охин М. овогт Д.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.Д... улсын тэмдэгтийн хураамжид 193.130 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд болон шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА