Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/02007/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мххх сумын ххх дүгээр баг, ххх дугаар гудамжны ххх тоотод оршин суух, регистрийн дугаар Рххх, Уххх овогт Д.Х.- нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б... дүүргийн ... дугаар хороо, э.... тоотод оршин суух, регистрийн дугаар Р...., Ц... овогт Х.Б-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э., нэхэмжлэгч Д.Х... нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн эгч Д.Э... нь хүү Нэргүйбаатарыг 1 ой 10 сартай байхад өвчний улмаас 2010 онд нас барж, 2 хүүхдийг нь дүү Д.Х.. миний бие асран халамжилж байгаа билээ. Том хүү нь насанд хүрсэн боловч бидэнтэй амьдардаг. Эгчийг маань нас барахад нөхөр Х.Б... нь хүүхдүүдээ орхин явсан тул намайг хүүхдүүдийн асран хамгаалагчаар сумын Засаг дарга томилж байсан. Х.Б... нь өдий олон жил хүү Н... тус дэм болж байгаагүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй байсны улмаас эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоогоод энэ нэхэмжлэлээ гаргасан. Х.Б... нь хүүхдээ асрана, тэтгэнэ гэдэг боловч өдий хүртэл хуурч хүүхдийн сэтгэл санаагаар тоглож ирсэн.

Иймд хүү Б.Н...т төрсөн эцэг Х.Б...с тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Х.Б... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.. би Х...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрлөө. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцъё. Өөр гомдол санал байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х.. нь хариуцагч Х.Б... холбогдуулан нь хүү Б.Н... хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Регистрийн дугаар Р..., Ц...овогт Б.Н.. нь  2008 оны 02 дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотын төрөх газар төрснийг, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд 2008 оны 3 дугаар сарын ...-ний өдөр бүртгэсэн ба эцэг нь регистрийн дугаар И... Ц.. овогт Х.Б.., эх нь регистрийн дугаар Р..., ..Ц овогт Д.Э. болох нь 0000915721/10 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүү Б.Н...эх нь нас барсны улмаас нагац эгч Б.Х. түүний асран хамгаалагчаар тогтоосон болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Ц... сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар: “Нэг. Бүтэн өнчин үлдсэн Б..., Н...р нарын асран хамгаалагчаар 2 дугаар багийн иргэн нагац эгч болох Д.Х...тогтоосугай...” гэсэн бичвэр бүхий захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтууд, хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр Х. Б., Д.Э. нарын дундаас хүү Б.Н. төрсөн ба хүүхдийн төрсөн эцэг гэдэгтэй хариуцагч Х.Б.р маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Ц. овогт Б.Н. эцэг Х.Б.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Б..с улсын тэмдэгтийн хураамжид 54.502 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн 9971.... дугаарын утсанд 8834.... дугаарын утаснаас мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2008 оны 02 дугаар сарын ...-ний өдөр төрсөн, хүү Ц...овогт Б.Н...г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Б...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Б...с улсын тэмдэгтийн хураамжид 54.502 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.САРАНТУЯА