| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2024 01 15 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э од холбогдох эрүүгийн 2425000000003 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Б-ын Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн оримд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Vegas” нэртэй баарны гадна Н.М-г шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь хагарсан пивоны шилээр цохиж хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-н 8-9-р тал/
2. Хохирогч Н.М-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны орой найз Л, У нарын хамт Уурхайчин багт байдаг Вегас баар луу 23 цаг өнгөрч байхад орсон. Тэндээс хүний нэг, нэг пиво авч уугаад баар хаахаар гарсан юм. Тэгээд баарны гадаа найзуудтайгаа зогсож байтал гэнэт хажуу талаас гар орж ирээд миний хамрыг зүсчихсэн юм. Тэгэхээр нь би доошоо суусан бөгөөд надаас цус гарч эхэлсэн. Тэгээд манай найзууд тэр залууг барьж цагдаа дуудсан юм. Ингээд цагдаа ирж Л бид 2 намайг зүссэн залуутай хамт цагдаа дээр ирсэн. Тухайн үед би тэр залуутай маргалдаж муудалцаагүй бөгөөд танихгүй залуу байсан. Би болон надтай хамт явсан хүмүүсээс тэр залууг цохиж зодоогүй юм. Яагаад намайг ингэснийг мэдэхгүй байна. Тухайн үйл явдал нь баарны гадна, 2 баруун урд хэсэгт баар яг хаасны дараа болсон юм. Л ын ажлын дүү нар гээд 5-6 залуус байсан бөгөөд би тэдгээрийг танихгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Б.Э нь эмчилгээний зардалд 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-н 13-15-р тал/
3. Гэрч Б.Л ын “2023 оны 11 дүгээр сарын 28-ны 23 цаг өнгөрч байхад би найз М , У нарын хамт Вегас баар луу орсон. Тэндээ хүний нэг нэг лааз пиво уучхаад баар хаахаар нь гарч ирсэн юм. Бид 3 баар луу орохдоо согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан юм. Баарны гадаа би таньдаг хүмүүстэйгээ таараад юм яриад байж байтал нэг танихгүй залуу үсэрч орж ирээд М ыг цохичихсон юм. М тэгтэл нүүрээ дараад суусан бөгөөд түүнээс цус гарч байсан. Тэгэхээр нь би эргэж хараад салгатал М ыг цохисон залуу нь гартаа хагархай шил барьчихсан байхаар нь хаяулсан юм. Тэр залуу тэгтэл би хүн цохичихлоо, цагдаа дууд гэхээр нь би өөрийнхөө дугаараас цагдаа дуудсан. Тус үйл явдаг нь баарны гадаа баруун урд хэсэгт болсон бөгөөд М нь тэр залууг цохиж зодоогүй. Ер нь тэр залууг миний мэдэхийн хүн цохиж зодоогүй юм. Би юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй” гэх мэдүүлэг. /хх-н 17, 19-р тал/
4. Гэрч М.У ын “2023 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад би найз Л , М нарын хамт Вегас баарнаас гарч ирээд гадаа нь зогсож байсан юм. Тэгээд тамхилаад зогсож байтал нэг залуу шууд орж ирээд М ын нүүр лүү 1 удаа цохисон бөгөөд би юугаар цохисныг нь хараагүй юм. Тэгтэл М ын хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд цохисон залуу нь өөрөө цагдаа дууд гээд байсан бөгөөд Л цагдаа дуудсан. Ингээд цагдаа нар ирж М болон түүнийг цохисон залууг авч явсан юм. Мөн Л бид 2 бас хамт цагдаа руу очсон. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй бөгөөд яагаад М ыг цохисныг мэдэхгүй байна. М ыг тэр залуугаас өөр хүн цохиогүй бөгөөд тэр залууг хэн нэгэн нь цохиогүй байх” гэсэн мэдүүлэг. /хх-н 21-р тал/
5. Гэрч Д.Б-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны 21 цаг өнгөрч байхад ажлын газрынхаа Б.Ө , Ц.С нарын хамт Вегас бааранд орсон юм. Тэгээд баар хаах дөхөж байхад ажлын газрын Л той таарсан юм. Л той цуг явсан М нь надтай цэргийн он жав болж таарсан юм. Ингээд баар хаах үеэр гарч тамхилъя гээд би Б.Ө, Ц.С , Л . М бид нар гадаа гарч тойрч зогсоод тамхилангаа юм ярьсан юм. Тэгтэл хажууд зогсож байсан нэг залуу нь М ыг пивоны шилээр цохичихсон бөгөөд тухайн үед тэр хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй юм. Тэгээд би яаж байгаа пязда вэ гэтэл тэрээр өөдөөс пязда гэсэн. Тэгэхээр нь би М ыг цохисон залууг гараараа хэд хэдэн удаа цохиж мөн хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгтэл тэр хавьд байсан залуучууд хүрч ирээд тойрчихсон байсан бөгөөд танихгүй залуус ч гэсэн тэр залууг цохих гээд байсан. Тухайн үед М аас цус гарч байсан бөгөөд Л нь бид нарыг яв яв гэхээр нь бид нар явцгаасан юм. Би тухайн үед халамцуу, Б.Ө, Ц.С нар ч адилхан халамцуу явсан. Тухайн үед би чихтэй шаргал өнгийн малгай, хар ногоон өнгийн куртик, хар өнгийн гуталтай, шар өнгийн өмдтэй явсан. Б.Ө нь саарал куртиктэй, шар өнгийн гуталтай явсан, Ц.С нь хар өнгийн савхитай явсан. Би тэр М ыг цохисон залууг цохиж байна. Надтай хамт явсан Б.Ө, С нар нь М ыг цохисон залууд гар хүрээгүй байна. Ардаа найктай хар куртиктэй нь Л байна, танихгүй 4 залуу байна. Тэр дөрвөөс зарим нь М ыг цохиж байна. Тэдгээр танихгүй 4 залуу баарны гадаа байж байгаад ирсэн байх” гэх мэдүүлэг. /хх-н 23-р тал/
6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1068 дугаартай “Н.М-н биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-н 30-31-р тал/
7. Яллагдагч Б.Э ын “Миний өмнө мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны 21-22 цагийн үед ганцаараа, согтуу Вегас бааранд орсон юм. Бааранд ороод 4 шил пиво авч уусан. Тэгээд би согтоод ухаанаа алдчихсан бөгөөд нэг мэдсэн чинь над руу хүмүүс дайраад яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд байсан. Тэр үед би гадаа байсан бөгөөд хэзээ хэрхэн гадаа гарснаа мэдэхгүй байна, хүнтэй маргаж муудалцсан эсэхээ ч мэдэхгүй байна. Бааранд орохоосоо өмнө би ажлынхаа Г ахтай 2 ширхэг том пиво уучихсан байсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч залууд 500,000 төгрөгийг эмчилгээнд нь өгсөн. Би тэр залууг танихгүй” гэх мэдүүлэг /хх-н 51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн оримд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Vegas” нэртэй баарны гадна Н.М-г шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь хагарсан пивоны шилээр цохиж хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.М-н “гэнэт хажуу талаас гар орж ирээд миний хамрыг зүсчихсэн юм. Тэгээд манай найзууд тэр залууг барьж цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Л ын “нэг танихгүй залуу үсэрч орж ирээд М ыг цохичихсон юм. М тэгтэл нүүрээ дараад суусан бөгөөд түүнээс цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч М.У ын “нэг залуу шууд орж ирээд М ын нүүр лүү 1 удаа цохьсон бөгөөд би юугаар цохисныг нь хараагүй. Тэгтэл М ын хамраас цус гарч эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-н “хажууд зогсож байсан нэг залуу нь М ыг пивоны шилээр цохьчихсон бөгөөд тухайн үед тэр хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1068 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Э ын “Тэр үед би гадаа байсан бөгөөд хэзээ хэрхэн гадаа гарснаа мэдэхгүй байна, хүнтэй маргаж муудалцсан эсэхээ ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн оримд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Vegas” нэртэй баарны гадна Н.М-г шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь пивоны хагархай шилээр цохиж хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Н.М-н хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А