Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

Прокурор                                                             Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч           Г.Цэрэндолгор

Шүүгдэгч           ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2021000990128 дугаартай хэргийг 2020 оны4 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, ******* овогт *******ы *******. Урьд

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед согтуурсан үедээ Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутагт байх *****************ын гэрт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цээжний зүүн ар талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******ы *******ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Цэнхэр өнгийн хуванцар иштэй 15 см урттай хутга” 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 1013.330 /нэг сая арван гурван мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД: /-д олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч ******* 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие ******* өөрт учирсан хохиролд 1 013 330 төгрөгийг *******ын дүү гаас тоот данснаас өөрийн тоот дансаар хүлээн авлаа. Цаашид *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас хасаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие ******* нь хохирогч *******д төлөх 1 013 330 төгрөгийн хохирлыг төлсөн бөгөөд өөрийн гэм бурууг ухамсарлан гэмшиж буй зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан уг ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: ******* нь анх хэрэгт холбогдсоноосоо хойш өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарласаар ирсэн. Энэ хүний хувьд боломж бололцоо байгаагүйн улмаас анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд энэ хүнд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд үүсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: *******ын хувьд анхан шатны шүүх хуралдаанд орохдоо бусдад учруулсан хохирол болох 1 013 330 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэлээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******ыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед согтуурсан үедээ Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутагт байх ***********ын гэрт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цээжний зүүн ар талд хутгалж зүүн уушгийг гэмтээж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч *******, , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 158 тоот дүгнэлт, хохирогч *******, шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******, хохирогч ******* нарын “Ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт дөчин нэг хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч *******д 1,013,330 /нэг сая арван гурван мянга гурван зуун гуч/ төгрөгийг дүү Д.гийн ХААН банкны дугаарын дансаар төлснийг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.НАРАНБАЯР

 

ШҮҮГЧИД                                                                     З.ЭНХЦЭЦЭГ

 

Ж.ДОЛГОРМАА