| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 110/2026/0043/З |
| Дугаар | 221/МА2026/0654 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0654
А.Жын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0090 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ж
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Ж
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.
Хэргийн индекс: 110/2026/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0090 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Жын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч А.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.Үүнийг дараах байдлаар тайлбарлана.
3.1. Миний бие А.Ж нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар тус газрын Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагаа хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагчаар томилогдож ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2025 оны А/08 дугаар тушаалаар “Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагаа хариуцсан нэг цэгийн үйлчилгээний зохион байгуулагч” гэх миний эрхэлж байсан албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга" гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮ-9 болгон өөрчлөн баталсан. Ингэхдээ ажлын байрны зураглал, үнэлгээ, шинжилгээ огт хийгээгүй, зөвхөн өөрсдийн хамаарал бүхий хүнийг тухайн албан тушаалд томилж дарга болгох, намайг ажлаас чөлөөлөх зорилготой байсан.
Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “А.Жыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/32 дугаар тушаалаар намайг тухайн өдрөөс урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, дараа нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдол гаргасан. Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч надад удаа дараа хоорондоо эвлэрэх санал тавьж байсан. Хариуцагч тухайн үед намайг цаашид ажлын байраар хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулах санал тавьсан учир бид хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч эвлэрлийн гэрээний дагуу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар намайг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны ажилд томилсон тул би захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2025/0062 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэгэнт эвлэрлийн гэрээний дагуу тодорхой албан тушаалд томилогдсон учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.Би тухайн үед цаашид тогтвор суурьшилтай ажиллана, намайг дахин ажлаас чөлөөлөхгүй гэсэн итгэл үнэмшилтэй болсон байсан.
3.2. Гэтэл хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж намайг үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байхад 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын зарим бүтэц, орон тоог цөөрүүлэх болох хасах болсон тул тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас өгсөн. Дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” Б/95 дугаар тушаалаар тухайн өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооноос маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүл гэж хариу өгсөн учир Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхээс миний гомдолд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч талын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудтай танилцахад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар шинэчлэн батлахдаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийг үндэслэл болгосон нь тодорхой болсон.
Аймгийн Засаг даргын дээрх захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа миний эрхэлж байсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хасаж баталсан байх ба аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх захирамжийг үндэслэн А/43 дугаар тушаалаар мөн адил дээрх орон тоог хасаж баталсан учир аймгийн Засаг даргын Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн холбогдох хэсэг миний хууль ёсны эрх ашгийг мөн адил зөрчиж байгаа, Аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/696 дугаар захирамжаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог үндэслэлгүйгээр хассан учир дээрх шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр миний зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй учир Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.3. Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч нар эхнээсээ намайг ямар нэгэн аргаар ажлаас чөлөөлөх хүсэл сонирхолтой байсан анх ажлаас чөлөөлөх үед шүүхэд хандахад өөрсдийн гаргасан шийдвэр хууль бус болохыг мэдмэгц намайг аргалж, эвлэрлийн гэрээ байгуулж, түр ажилд томилсон болоод хэдхэн сарын дараа дахин чөлөөлсөн, шүүхийн хууль ёсны шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэдэг нь тодорхой байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, хэрэгт цугларсан энэ талаарх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.4. Хариуцагч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт миний урьд эрхэлж байсан орон тоог хассан үндэслэлээ Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот албан даалгавартай холбон тайлбарласан. Ерөнхий сайдын албан даалгавар нь төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авах байгууллагын орон тоон нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны 1 орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх. Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөхгүй халахгүй байх, хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах шилжүүлэх шийдвэр гаргахгүй байхыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Гэтэл хариуцагч энэхүү албан даалгаврын заалтыг буруугаар ашиглаж мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагч миний орон тоог хасаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох талаар хуульчилсан. Дээрх зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
24.3.Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ
24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.
Мөн хуулийн 25 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулахаар хуульчилсан. Хариуцагч энэхүү ажиллагааг мөн огт хийхгүйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог батлахдаа эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд надад огт мэдэгдээгүй. Мөн дээрх хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Аймгийн Засаг дарга миний урьд эрхэлж байсан орон тоог хассан шийдвэр гаргасныг миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбараас харж мэдсэн гэдгийг гомдлын өмнөх хэсэгт тодорхой дурдсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр энэхүү гомдлыг хянан шийдвэрлэж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч А.Жаас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаартай захирамжийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Уг А/696 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалт, Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2 дахь заалтын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн тодотгол хийж төрийн байгууллагуудын төсвийн цалингийн санг буруулж баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-ээр шийдвэрлэж, хавсралтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтан /ТҮ-5/-ны орон тоог хассан байна.
4. Анхан шатны шүүх “... захиргааны байгууллагаас маргаан бүхий орон тоог хасаж шийдвэрлэхээс өмнө холбогдох журамд зааснаар чиг үүргийн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан, Ажлын хэсгээс “...Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд бие даасан Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийг ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн буюу Засаг даргын тамгын газар нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний нэг тасагтай байх нь үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргаснаар хариуцагчаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасгийг нэгтгэж, ажлын чиг үүргийн хувьд зохион байгуулагчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцалтай ажлын байр болох төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан нь Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/696 дугаартай захирамжийн үндэслэл болох Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дугаартай албан даалгаврын 1.2 дахь хэсэгтэй тус тус нийцсэн гэж үзэхээр байна ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч А.Ж нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “... Аймгийн Засаг даргын А/696 дугаар захирамжаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог үндэслэлгүйгээр хассан учир дээрх шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр миний зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй ...” гэж маргаж, харин өөрийг нь ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд болох Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар “хөдөлмөрийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”-тэй маргаагүй байна.
5.1. Нэхэмжлэлийн дээрх шаардлага буюу захиргааны байгууллагын бүтэц, орон тоо өөрчилсөн, хассан захиргааны байгууллагын шийдвэр (урьд нь тухайн актыг дотогшоо чиглэсэн, захиргааны байгууллагын зохион байгуулалттай холбоотой гэж үздэг, харин түүнтэй холбоотой албан хаагчийг чөлөөлсөн, өөрчилсөн шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцсэн эсэх буюу орон тоо, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд хамгаалагдах төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн эсэхийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан)-тэй маргасан нэхэмжлэлийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 15-ны 001/ХТ2026/0071 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, уг тогтоолд “... тус орон тооны бүтэц баталсан захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалын (төрийн захиргаа болон үйлчилгээ) орон тоо хасагдаж, улмаар тэдгээрийг ажлаас чөлөөлөх үр дагаврыг шууд үүсгэсэн буюу уг захирамж өөрөө нэхэмжлэгч нарын эрх зүйн байдалд өөрчлөлт оруулсан анхдагч эрх зүйн акт болсон байна. ...” гэж дүгнэснээр хэргийн харьяалал тогтсон байна.
5.2. Хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын 1.2-т “төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, .... аймаг, нийслэлийн Засаг дарга ...нарт” даалгасан, мөн аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025.07.09-ний өдрийн төсвийн тодотголоор төсөвт байгууллагуудын цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан албан хаагчдын тоог тодорхой хувиар цөөлөх зайлшгүй шаардлага үүссэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийж, орон тоог цөөрүүлэх, ажлын байр хасагдах албан тушаалын жагсаалтыг гаргах ажлын хэсгийг” байгуулж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байрны шинжилгээний тайлангийн Нэгдсэн санал, зөвлөмжийн 7-д “Төрийн үйлчилгээний мэдээллийн төвийн Хурал зохион байгуулалтын техникийн ажилтан-Шинээр бий болсон сул орон тоо шууд хасах...” гэж тусгасан, уг ажлын байрны шинжилгээг Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцсэн 21 дүгээр хурлын тэмдэглэл зэргээс үзвэл хариуцагч нь төсвийн тодотгол, Ерөнхий сайдын албан даалгаврын чиг үүргийн давхардлыг арилгах зорилтын хүрээнд ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн тайлангаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Төрийн үйлчилгээний мэдээллийн төвийн Хурал зохион байгуулалтын техникийн ажилтан”-ны орон тоо нь давхардалтай, шинэ бий болгосон орон тоо болох нь тогтоогджээ.
5.3. Үүнийг үндэслэн хариуцагч Засаг дарга нь “Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа тухайн орон тоог хасах”-аар маргаан бүхий актыг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “хууль бусаар ямар нэгэн аргаар чөлөөлөх хүсэл зорилготой байсан, хариуцагч энэхүү албан даалгаврын заалтыг буруугаар ашиглаж нэхэмжлэгчийн орон тоог хасаж шийдвэрлэсэн..., ... хариуцагч энэхүү албан даалгаврын заалтыг буруугаар ашиглаж мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагч миний орон тоог хасаж шийдвэрлэсэн нь хууль бус байна...” гэжээ.
6.1. Энэхүү маргааны хувьд хариуцагч нь Аймгийн Засаг дарга бөгөөд “орон тоо хассан” шийдвэрийг иргэн А.Жд чиглэж гаргаагүй, тухайн орон тоонд хэн ажиллах, ажиллаж байгаа, ажиллаж байснаас үл хамааран Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөхдөө тухайн албан тушаалын чиг үүргийн давхардал байгаа эсэх, Тамгын газарт зайлшгүй шаардлагатай эсэх зэрэгт ажлын байрны шинжилгээ хийсний үндсэн дээр “орон тоог давхардалтай байгааг тогтоож хасах”-аар шийдвэрлэсэн тул зориуд А.Жыг ямар нэгэн аргаар ажлаас чөлөөлөхийн тулд хассан гэж үзэх үндэслэлгүй, мөн өмнөх маргааны үед шүүхэд эвлэрсэн этгээд нь энэхүү хэргийн хариуцагч Засаг дарга биш, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэрийг Засаг дарга гаргаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулахаар хуульчилсан. Хариуцагч энэхүү ажиллагааг мөн огт хийхгүйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог батлахдаа эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд надад огт мэдэгдээгүй. Мөн хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй...” гэжээ.
7.1. Энэ талаар анхан шатны шүүх “... захиргааны байгууллагаас маргаан бүхий орон тоог хасаж шийдвэрлэхээс өмнө холбогдох журамд зааснаар чиг үүргийн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан, Ажлын хэсгээс ...Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд бие даасан Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийг ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн буюу Засаг даргын тамгын газар нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний нэг тасагтай байх нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргаснаар хариуцагчаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний 2 тасгийг нэгтгэж, ажлын чиг үүргийн хувьд зохион байгуулагчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцалтай ажлын байр болох төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтны орон тоог хассан нь Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/696 дугаартай захирамжийн үндэслэл болох Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дугаартай албан даалгаврын 1.2 дахь хэсэгтэй тус тус нийцсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
7.2. Мөн магадлалын энэ хэсгийн 6.1-д дээр дурдсанаар иргэн А.Жд шууд чиглэсэн шийдвэр биш тул байгууллагын бүтэц, орон тоог өөрчлөхдөө төрийн албан хаагч тус бүрийг сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл тухайн орон тоонд ажиллаж байгаа албан хаагч иргэнээс үл хамааран захиргааны байгууллагын бүтэц, орон тоог батлах, оновчтой болгох, чиг үүргийн давхардлыг арилгах үйл ажиллагаа тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2026/0090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Жын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ