Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 111

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч П.Болормаа, иргэдийн төлөөлөгч Ц.Өлзийжаргал, хохирогч Б.Боржингалаа, шүүгдэгч Б.Эрдэнэхүү, түүний сонгон авсан өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0234) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Баярбатын Эрдэнэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1571 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:  

Боржигон овогт Баярбатын Эрдэнэхүү, Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-ын 23-11 тоотод оршин суух хаягтай, СЩ96060416 регистрийн дугаартай, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, найман сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орчим иргэн Б.Боржингалааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодод нь “баруун чамархай ясны хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Эрдэнэхүү: Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бямбадорж, Батцоож хоёртой хамт явж байгаад, Чинзориг, Өсөхбаяр нартай таараад 2.5 литрийн хэмжээтэй хоёр сав шар айраг аваад хойд талын 60 айлын саад руу явсан. Бид шар айргаа уугаад сууж байхад, Очир-Эрдэнэ, Боржингалаа хоёр ирсэн. Тэгээд бид хоорондоо юм яриад шар айргаа хувааж уусан. Энэ үед Боржингалаа бид хоёр манай найз охины талаар ярьж, хоорондоо маргалдсан. Гэтэл Боржингалаа “хоёулаа уулзъя” гээд бусдаасаа бага зэрэг холдсон. Тэгээд Боржингалаа над руу гар далайсан, харин би түүнийг баруун гараараа зүүн шанаа руу нь алгадсан, алгадах үед Боржингалаа хойшоо унасан. Тэгснээ удалгүй өөрөө босоод ирсэн. Бид Боржингалааг найзынд нь хүргэж өгсөн. Тэгээд бид гэр, гэр рүүгээ харьцгаасан. Би Боржингалааг алгадаж унагаасны улмаас түүний биед гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надтай уулзахдаа ил харагдах шарх, гэмтэлгүй байсан. Гэхдээ би гэмтлийн зэргийг ойлгохгүй байна. Учир нь анх хүндэвтэр, дараа нь хөнгөн гэмтэл байсан хэр нь сүүлийн хоёр дүгнэлтэд хүнд зэргийн гэмтэл гарсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Мөн би хохирогчоос уучлалт гуйсан. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

2. Хохирогч Б.Боржингалаа: Би 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Очир-Эрдэнэ, Одгэрэл, Тулгаа нартай хамт нэгнийдээ уулзаад, 3 сав том шар айраг хувааж ууцгаасан. Тулгаа, Одгэрэл хоёр унтлаа гэсэн. Харин Очир-Эрдэнэ бид хоёр гарч, 60 айлын сааданд Эрдэнэхүү нартай таарсан. Тэр хэдтэй юм ярьж байгаад шар айргийг нь хувааж уусан. Эрдэнэхүү бид хоёр түүний найз охин Оюунбилэгийн талаар ярьж байгаад муудалцсан. Би Эрдэнэхүүд “хоёулаа ийшээ явж учраа олъё” гэж дагуулаад бага зэрэг холдсон. Сагсны талбайд очоод Эрдэнэхүүг цохих гээд гар далайсан боловч түүнийг оноогүй, эсхүл Эрдэнэхүү бултсан байх, би нарийн сайн санахгүй байна. Гэтэл Эрдэнэхүү баруун гараараа миний зүүн шанаа руу алгадсан, би газар унасан. Би газар унахдаа толгойнхоо баруун талаар цементэн талбай мөргөж унаад, босож ирсэн. Би тухайн үед чихнээс цус гарсныг сайн мэдээгүй, өглөө босоод гар нүүрээ угаах гэхэд чихнээс цус гарсан байсан. Түүнээс хойш чих шуугиж, толгой өвдөөд, ам муруйгаад байхаар нь буюу хэрэг гарснаас хойш 3-4 хоногийн дараа ээжтэйгээ хамт Эрдэнэхүүгийн гэрт очсон. Тэгээд Эрдэнэхүү бид хоёр хамт Гэмтлийн эмнэлэг явж, толгойн зураг авахуулсан бөгөөд би эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт 8 хоног хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Миний бие эрүүл болсон. Би одоо барилга дээр ажиллаж байгаа. Цаашид ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй. Эрдэнэхүү миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй. Мөн бид хоёр багын найзууд тул түүнд гомдол саналгүй гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 1571 дугаартай хэргээс)

1. Хохирогч Б.Боржингалаагийн мөрдөн байцаалтад өгсөн: …Баянхошууны 60 айлын тоглоомын саадны хажуугаар явж байхад Монхоо (Эрдэнэхүү) тааралдсан. Тэр үл таних хэдэн залуустай хамт байсан. Тэгээд Монхоо бид хоёр хоорондоо муудалцаад, зодолдохоор болоод, би дээгүүр хувцсаа тайлаад, урд нь гараад явсан. Монхоо миний ард явж байсан. Тэгээд миний араас цохисон, би газарт унасан, босох гэсэн чинь хөлөөрөө миний толгой дээрээс дэвссэн. Би цаашаа юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг сэрэхэд эгчийнхээ өрөөнд унтаж байсан. Миний толгой өвдөөд баруун чихнээс цус гарсан байсан. Тэгэхээр нь би өвчин намдаах эм уугаад овоо гайгүй болсон. Би гурав, дөрөв хоног гэрээсээ гарахгүй хэвтэж байгаад, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна миний уруул зүүн тал руугаа муруйгаад байхаар нь гэрийнхэндээ Монхоод зодуулсон талаар хэлсэн. Манай гэрийнхэн Монхоогийнд очоод аавтай нь уулзаж, маргааш нь Монхоо манай гэрт ирж, мөнгө өгсөн. Тэгээд би 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд, хэвтэн эмчлүүлсэн. Миний ам муруйгаад баруун нүд анигдахгүй болсон байсан бөгөөд эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Эмчилгээний зардалд 253.040 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас),

...Миний бие зүгээр байгаа. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлээд зүгээр болсон. Одоо Жуковын тэнд барилга дээр ажиллаж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эрдэнэхүүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Эрдэнэхүү миний эмчилгээний зардлыг төлсөн. Эрдэнхүү бид хоёр урьд нь бие биенээ таньдаг байсан. Манай ээж болон эгч гомдол гаргасан. Харин би анхнаасаа гомдол гаргаагүй. Эмнэлэгт хэвтэх үед Эрдэнэхүүгийн аав, ээж нь намайг эргэж очиж байсан. Эрдэнэхүү намайг зодож гэмтэл учруулсан бөгөөд намайг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд миний эмчилгээний зардлыг төлсөн учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эрдэнэхүүд зодуулчихаад босож ирэхэд миний баруун чихнээс цус гарсан байсан. Би тухайн үед чихний нүхнээс гарч байгааг мэдээгүй. Маргааш өглөө нь чихнээс доош цус гарсан байхаар нь усаар угаагаад үзэхэд чихний нүхнээс цус гараад хатсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 139 дүгээр хуудас),

...Эрдэнэхүү бид хоёр хоорондоо юм ярьж байгаад сүүлдээ Эрдэнэхүүгийн найз охин байсан Оюунбилэгийн талаар ярьж байснаа хоорондоо маргалдаж, муудалцаад бид хоёр зодолдохоор болоод би түрүүлээд дээгүүр хувцсаа тайлаад хажууханд байсан сагсны талбай дээр очсон. Харин Эрдэнэхүү араас ирсэн. Тэгээд би Эрдэнэхүү рүү баруун гараа далайхад Эрдэнэхүү түрүүлээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би цохиулаад сагсны талбайн бетонон шалан дээр толгойн баруун хэсгээрээ мөргөж унасан. Тэгээд миний толгой дүүнгэтээд, ухаан санаа орж гараад байх шиг байсан. Тухайн үед Эрдэнэхүү бид хоёр сууж байсан сааднаас зүүн тийшээ гараад сагсны талбай дээр зайдуухан очсон болохоор хамт байсан хүмүүс “бид хоёрын хооронд юу болсон” талаар харсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан мөн толгой руугаа цохиулсны дараа өөрийгөө яг ямар байдалтай байсан талаар мэдэхгүй байна. Толгой эргээд байх шиг байсан. Эрдэнэхүүгийн гэр бүлээс миний эмчилгээний зардалд 253.040 төгрөг төлсөн. Миний хувьд Эрдэнэхүүд ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 185-186 дугаар хуудас),

2. Гэрч Ч.Отгонбаяр (хохирогч Б.Боржингалаагийн эх)-ын мөрдөн байцаалтад өгсөн: Боржингалаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн үед бага зэрэг халамцуу ганцаараа орж ирсэн. Түүний баруун чихнээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би хүүгээ “хаана байж байгаад ирж байгаа юм бэ, ямар хүмүүстэй байсан” гэж загнахад, манай хүү буцаж гараад, эгчийндээ орж унтсан юм. Тэр унтаж сэрээд чихээ цэвэрлэсэн. Мөн “толгой өвдөөд байна” гээд өвчин намдаах эм уучихаад хэвтээд байсан. Гэртээ хоёр хоног хэвтсэн юм. Түүнээс “юу болсон” талаар асуухаар хэлэхгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байгаад уруул нь хажуу тийшээ муруйчихаад баруун нүд нь анигдахгүй болчихсон ирсэн. Тэгээд Боржингалаа “би Монхоо гэдэг залууд зодуулсан” гэж хэлэхээр нь бид тэр залуугийн гэрийг заалгаж очсон. Манай хүүг Монхоо гэх залуу ганцаараа зодсон гэсэн. Монхоо гэх залуугийн гэр бүлээс Боржингалаагийн эмчилгээний зардалд нийт 253.040 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

3. Гэрч П.Баярбат (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн эцэг)-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын эхээр намайг гэртээ байж байхад, Боржингалаа гэх хүүхдийн ээж, аав, эгч нь ирээд, “танай хүү Монхоо манай хүү Боржингалааг зодож биед нь гэмтэл учруулсан байна, эмнэлэгт үзүүлмээр байна” гэсэн. Тэгэхээр нь би “та нар хүүхдээ үзүүл, зардлаас нь боломжоороо төлье” гэж хэлсэн. Би “манай хүүхэд тэр залууг зодсон эсэх” талаар мэдэхгүй. Хүмүүс хүрч ирээд “хүүхэд чинь манай хүүхдийг зодсон” гэхээр нь би эмчилгээний зардлыг төлье гэсэн. Маргааш нь Боржингалаа гэх залуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлээд, толгойн зураг авахуулаад, эмнэлэгт хэвтсэн. Тэгээд Эрдэнэхүү бид хоёр эмчилгээний зардлыг хэд хэд хувааж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас),

4. Гэрч И.Очир-Эрдэнэ (хохирогч Б.Боржингалаагийн найз)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Боржингалаа бид хоёр Одбаярынхаас гараад харих гээд явж байхад, 60 айлын хажууд байрлах хүүхдийн тоглоомын сааданд Эрдэнэхүү хэдэн залуутай сууж байсан. Тэд шар айраг ууж байсан бөгөөд бид хоёр хамт суусан. Гэтэл Боржингалаа, Эрдэнэхүү хоёр хоорондоо муудалцаад байсан. Эрдэнэхүү Боржингалаа руу хандаж “чи миний эхнэрт юу гээд хэлчихсэн юм, чамаас болоод бид хоёр салчихлаа” гэх зэргээр маргалдаад байсан. Тэгснээ Боржингалаа “ийшээ болж байгаад ярья” гээд Эрдэнэхүүг дагуулаад уг сууж байсан саадны хажуу тал руу явсан. Тэгээд тэр хоёр бие биенийхээ толгой руу гараараа нэг, нэг удаа цохисон. Тэр үед Боржингалаа арагшаа дагзаараа цементэн талбай дээр савж унасан. Тэгэхээр нь би гүйж очоод Эрдэнэхүүг тэвэрч аваад “боль боль” гэсэн. Боржингалаа хэсэг ухаан алдаж унаад, удалгүй босоод ирсэн. Тэгэхэд Боржингалаагийн өрөөсөн чихнээс нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд ахиж зодолдоогүй. Эрдэнэхүү нэг л удаа цохисон, ахиж цохиогүй. Бид түүнийг салгачихсан юм. Тэгээд бид Боржингалааг Мөнх-Эрдэнэ гэх найзынд нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас),

5. Гэрч О.Бямбадорж (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн найз)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Эрдэнэхүү, Батцоож, зүс таних Чинзоо, Есүхэй бид тав 2016 оны 6 дугаар сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбай дахь сааданд хоёр сав том шар айраг хувааж уугаад дуусаж байх үед буюу 02-ны өдрийн үүрээр 04-05 цагийн үед Боржингалаа, Очироо ах хоёр ирсэн. Тэгээд тэр хоёр бидэнтэй юм яриад сууж байх үед Эрдэнэхүү Боржингалаа руу хандаж “чи манай эхнэрт юу гээд хэлчихсэн юм бэ, чи намайг эхнэрээс минь салгачихлаа” гэсэн, харин Боржингалаа “би ямар салгасан юм уу, чи арчаагүйдээ салаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж, маргалдаж байснаа зодолдох гээд байсан. Тэр хоёр сагсны талбай дээр байж байгаад эхлээд Боржингалаа баруун гараа далайгаад Эрдэнэхүүгийн толгой руу нэг удаа цохисон. Энэ үед Монхоо буюу Эрдэнэхүү зөрүүлээд нүүр рүү нь алгадаад унагаасан. Боржингалаа унах үедээ сагсны цементэн талбай дээр унасан. Тэгэхэд Очироо гүйж очоод Эрдэнэхүүг тэвэрч аваад “боль боль” гээд салгасан. Боржингалаа босож ирэхдээ согтуу тасарчихсан хүн шиг явж чадахгүй гуйваад байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

6. Гэрч Л.Чинцогт (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн найз)-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянхошууны эцэст Эрдэнэхүү, Бямбадорж, Батцоож, Есүхэй нартай хамт 60 айлын ойролцоо байрлах хүүхдийн тогтоомын талбайн сааданд шар айраг уусан. Шар айраг ууж байх үед Боржингалаа, Очир-Эрдэнэ нар согтуу хүрч ирсэн. Тэгээд бүгдээрээ хамт шар айргаа хувааж уугаад сууж байтал Эрдэнэхүү, Боржингалаа хоёр хоорондоо нэгэн эмэгтэйн талаар яриад муудалцаад байсан. Тэгснээ тэр хоёр бидний сууж байсан саадны зүүн талын сагсны талбай руу явсан. Тэгээд тэндээ юм ярьж байснаа нэг харахад Эрдэнэхүү Боржингалааг цохих шиг болсон. Боржингалаа тоглоомын талбайн цементэн дээр уначихсан өндийж байсан. Тэгээд очсон чинь Боржингалаагийн баруун чихнээс цус гарчихсан байсан. Би “чихний нүхнээс нь цус гарсан юм болов уу” гэж бодож байна. Тухайн үед сайн анзаарч хараагүй. Би яг Боржингалаа, Эрдэнэхүү хоёрыг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэд Эрдэнэхүүгийн хуучин найз охины талаар яриад байсан. Эрдэнэхүү Боржингалаагийн зүүн шанаа руу нэг удаа алгадсан. Боржингалаа нэлээн согтуу байсан учраас газарт хүчтэй унасан байх. Газарт унах үед нь түг гээд толгойгоороо унаж байгаа юм шиг чимээ сонсогдсон. Боржингалаа бидэн дээр ирэх үедээ нэлээн согтуу байсан, гэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 140-141 дүгээр хуудас),

7. Гэрч У.Есүхэй (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн найз)-н мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 01-ний орой би Чинцогт, Бямбадорж, Батцоож, Эрдэнэхүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын доод талд байрлах тоглоомын талбай дахь сааданд суугаад хоёр том шар айраг уугаад байж байтал Боржингалаа, Очир-Эрдэнэ хоёр бидэн дээр согтуу хүрч ирсэн. Тэгээд бүгдээрээ шар айраг уугаад сууж байхад Эрдэнэхүү, Боржингалаа хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд тэр хоёр зодолдох гээд сагсны талбайн тийш явсан. Боржингалаа эхлээд Эрдэнэхүүг гараараа цохих шиг болсон. Энэ үед Эрдэнэхүү баруун гараараа Боржингалаагийн толгой руу нэг удаа цохиход Боржингалаа цементэн талбай дээр савж унасан. Би түүнийг яг аль хэсгээрээ унасныг мэдэхгүй байна. Би согтуу байсан учраас бөөлжих гээд тонгойж байсан. Тэр хоёрыг зодолдохоор нь Чинцогт бид хоёр явчихсан. Эрдэнэхүү, Боржингалаа нар яг юунаас болж маргалдсан талаар би санахгүй байна. Тухайн үед нэг охины талаар ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 142-143 дугаар хуудас),

8. Гэрч Д.Батцоож (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн найз)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Эрдэнэхүү, Чинцогт, Бямбадорж, Есүхэй бид тав Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын ойролцоо байдаг хүүхдийн тоглоомын талбай дахь сааданд сууж, том савтай хоёр шар айраг ууж байхад Баржингалаа, Очир-Эрдэнэ нар согтуу хүрч ирсэн. Тэгээд бүгдээрээ шар айргаа уугаад сууж байхад Боржингалаа Эрдэнэхүү рүү хандаж “чи хөгийн пизда, манай найз Оюукаг гомдоогоод” гээд байсан. Хариуд нь Эрдэнэхүү “би яахав дээ, Оюукатай тохирохгүй байгаа юм чинь” гээд байсан. Тэгснээ тэр хоёр бидний сууж байсан газраас жаахан цаана сагсны талбай дээр очсон. Тэгээд нэг мэдсэн Боржингалаа сагсны цементэн талбай дээр суучихсан хашгираад байсан. Биднийг очиход Боржингалаагийн баруун чихнээс бага зэрэг цус гарч байсан. Би Боржингалаагийн чихний яг хаанаас цус гарсныг мэдээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 144-145 дугаар хуудас),

9. Гэрч С.Оюунбилэг (шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн найз охин асан)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Б.Эрдэнэхүүг танина. Эрдэнэхүүтэй 2013 оноос 2014 он хүртэл үерхэж, хамт амьдарч байгаад нэг хүүхэдтэй болсон боловч хамт амьдарахаа больсон. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй бөгөөд нэг жил орчим хамт амьдарч байгаад салснаас өөр зүйлгүй. Одоо хүү маань гурван настай надтай хамт амьдардаг. Би Эрдэнэхүүтэй огт уулздаггүй, бидний холбоо тасарсан. Эрдэнэхүү хааяа хүүхэдтэйгээ уулздаг. 2014 оны 01 сараас хойш Эрдэнэхүүтэй таарч тохирохгүй болохоор салсан. Харин Боржингалаа нь миний найз. Гэхдээ бидний салсан явдалд огт хамаагүй. Би 2016 оны 6 дугаар сарын 10-ны үед “Боржингалаа Эрдэнэхүүтэй муудалцаж, зодуулаад эмнэлэгт хэвтсэн” гэж сонсоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, Боржингалаатай уулзсан. Бусдаар би тэр хэргийн талаар огт мэдэхгүй. Хэрэг гарах үед би тэнд байгаагүй. Ямар хүмүүс хамт байсныг ч мэдэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 146-147 дугаар хуудас),

10. Гэрч Ц.Отгонтөгс (ГССҮТ-ийн дүрс оношилгооны их эмч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Б.Боржингалаагийн толгойн компьютерт томографийн зургийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уншихад “баруун талын чамархайн яснаас суурь яс, хөхлөг сэртэн дайрсан хугаралтай, хамар ясны хугаралтай” байсан. Би зурган дээр байсан хугаралыг дүгнэлтэндээ бичсэн. Энэ хугарал нь гэмтлийн улмаас тодруулбал ямар нэгэн мохоо зүйлээр цохих, өндрөөс унах, автын осол гэх мэт гэмтлийн үед үүсэх боломжтой. Уг гэмтэл үүссэн даруйд чихнээс цус гарах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 160-161 дүгээр хуудас),

11. Гэрч Н.Содбилэг (ГССҮТ-ийн Гавал, тархины тасгийн их эмч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Боржингалаа нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай тасагт хэвтэн эмчлүүлэх үед “баруун чамархай зулай ясны хугаралтай, зүүн чамархай хэсгийн тархины эдэд цусархаг няцралтай, нүүрний баруун талын саажил” гэсэн оноштой биеийн байдал хүндэвтэр ирж, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Уг гэмтлийн үед өвчтөн дотор муухайрах, толгой өвдөж, чихнээс цус гарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Тухайн гэмтлийг авсан өвчтөн гэмтэл авснаас хойш 6-7 хоног эмнэлгийн тусламж авахгүй явах боломжтой. Б.Боржингалаагийн биед учирсан гэмтэл нь цохиулах, унах, юм мөргөх үед аль алинд нь үүсэх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 162-163 дугаар хуудас),

12. Гэрч С.Нааяа (Улсын гуравдугаар төв эмнэлэг дэх “Фрондиал корон” дүрс оношилгооны төвийн их эмч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Боржингалаа гэх хүн манай эмнэлэгт толгойн компьютерт томографийн зураг авахуулаад уг зургийг би уншиж дүгнэлт гаргахад Б.Боржингалаагийн “баруун чамархайн ясанд цууралттай, зүүн чамархай хэсэгт тархины эдэд 1.1х1.5 см хөндлөн огтлолтой цусархаг няцралтай, тархины бүрхүүл хальсны завсар “бага” хэмжээний цустай” байсан. Би Боржингалааг биеэр үзээгүй болохоор биеийн ерөнхий байдал ямар байсан талаар мэдэхгүй байна. Хүний нас, биеийн эсэргүүцэл, хүйс зэргээс хамаарч зовиур болон өвдөх нь өөр өөр байдаг. Ийм учраас Боржингалаагийн хувьд эмнэлгийн тусламж авахгүй 7-8 хоног явах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 164 дүгээр хуудас),

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8086 дугаартай: Боржингалаагийн биед баруун чамархай, зулай ясны цууралт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, эмгэгшил, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх мэдрэлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, эмгэгшил нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас),

14. Шинжээч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 8086 дугаартай дүгнэлтээ 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Фрондиал корон” оношилгооны төвийн компьютерт томографийн шинжилгээг үндэслэн гаргасан. Тус зурган дээр Боржингалаагийн тархины зүүн чамархайн хэсэгт цусархаг ушибтай, баруун талд чамархай зулай хэсэгт ясны цууралттай гэсэн учраас дүгнэлтэд уг цууралтыг дурдаж өгсөн байгаа. Боржингалаагийн баруун талд чамархайн зулай хэсэгт ясны цууралт гэмтэлтэй юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 20073 дугаартай өвчний түүхэд “чамархай ясны хугарал” гэж бичсэн байсан. Энэ нь гэмтлийн эмнэлгийн эмчийн онош байгаа юм. Дүгнэлтийг би компьютерт томографийн зургийг үндэслэж бичсэн. Түүний биед учирсан гэмтэл нь хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1420 дугаартай: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8086 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. Б.Боржингалаагийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтот тархины эдийн няцрал, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Боржингалаагийн чихний хэнгэрэг гэмтлийн гаралтай цоорсон байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2016 оны 6 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд 8 хоног явах боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 134 дүгээр хуудас),

6. Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Б.Боржингалаагийн биед үзлэг хийж гаргасан Б.Ундармаа эмчийн дүгнэлтэд баруун чамархай, зулай ясны цууралт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, эмгэгшил, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл гэж үзээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж дүгнэлт гаргасан байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Боржингалааг дахин үзэхэд түүний биед нүүрний мэдрэлийн эмгэгшил, өөрчлөлт нь үгүйсгэгдсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 08, 16-ны өдрийн компютерт томографийн зургуудыг дахин уншуулахад баруун зулай, чамархай ясны цууралт нь мөн үгүйсгэгдсэн. Шинжээч эмч Ундармаа нь тархины гэмтлээсээ болж нүүрний мэдрэлийн хурц үрэвсэлтэй болсон гэж дүгнэлт гаргасан байна. Дахин үзлэгээр нүүрний мэдрэлийн эмгэгшил, баруун чамархай зулай ясны цууралт нь үгүйсгэгдсэн учир бид 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8086 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна гэж дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг (хх-ийн 137-138 дугаар хуудас),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8086 болон 1420 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэл муутай байна. Б.Боржингалаагийн биед баруун талд чамархай яснаас суурь яс, хөхлөг сэртэн дайрсан хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог тархины эдийн няцрал, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Боржингалаагийн чихний хэнгэрэг гэмтлийн гаралтай цоорсон байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2016 оны 6 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд 7-8 хоног явах боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 170-171 дүгээр хуудас),

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8086 болон 1420 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Боржингалаагийн биед баруун чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Боржингалаагийн чихний хэнгэрэг гэмтлийн гаралтай цоорсон байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2016 оны 6 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн 7-8 хоног явах боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 177-179 дүгээр хуудас),

19. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан Б.Боржингалаагийн биед учирсан баруун чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт хүчтэй цохигдож, толгойн баруун хэсгээр бетонон гадаргууд унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс гэмтлийн гаралтай нүүрний хурц үрэвсэл үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг ба хэд хэдэн удаагийн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдийг авсан хүн 7-8 хоног зовиур илрээд яваад байх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 180-181 дүгээр хуудас),

20. Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: Шүүх эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Боржингалаагийн биед учирсан гэмтлүүд нь зүүн шанаа руу цохигдож, баруун хэсгээр бетонон шалан дээр унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг ба хэд хэдэн удаагийн хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлийг авсан хүн 7-8 хоног явах боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 182 дугаар хуудас),

21. Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ...Боржингалаа бид хоёр хоорондоо маргалдаад бид хоёр зодолдохоор болоод өөд өөдөөсөө харсан. Боржингалаа намайг цохих гээд гараа далайхаар нь би баруун гараараа Боржингалаагийн зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд Боржингалаа хүүхдийн тоглоомын талбайн бетонон шалан дээр толгойгоороо унасан. Тэр үед намайг Очир-Эрдэнэ салгаж авсан. Боржингалаагийн баруун чихнээс цус гарсан байсан. Мөн Боржингалаа миний найз охиныг таньдаг байсан болохоор ялихгүй зүйлээс болоод бид хоёр салсан чинь “найз охиноо хайрладаггүй, арчаагүй” гэх зэргээр намайг хэл амаар доромжлоод байсан. Түүнээс болоод Боржингалаа намайг цохих гэхээр нь би зөрүүлээд гараараа нэг удаа цохисон чинь тэрээр газар унаад гэмтчихсэн юм... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

22. Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Боржингалаагийн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Харин хөлөөрөө өшиглөөгүй, дэвсээгүй. Надад цохиулаад Боржингалаа хүүхдийн тоглоомын талбай дахь сагсны шийдний бетонон шалан дээр толгойгоороо унасан. Уначихаад хэсэг дуугарахгүй хэвтэж байснаа босоод ирсэн. Түүний баруун чихнээс нь бага зэрэг цус гарчихсан байсан. Боржингалаа намайг цохих гээд далайхаар нь би түрүүлээд цохисон... гэх мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар хуудас),

23. Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтад ял өөрчлөн сонсгох үед өгсөн: Би надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт заасан зүйл ангийг ойлгож мэдлээ. Гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Боржингалаатай муудалцаж, улмаар түүнийг цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ би догшин авирлаж танхайраагүй. Боржингалаа намайг зүгээр байхад өдөөд, маргаан эхлүүлсэн. Боржингалаа бид хоёрын хооронд таарамжгүй харьцааны улмаас маргаан үүссэн  болохоос би Боржингалааг зүгээр байхад нь зодоогүй. Тийм учраас би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 149 дүгээр хуудас),

24. Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтад дахин ял өөрчлөн сонсгох үед өгсөн: Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Боржингалаатай ойролцоо амьдардаг учраас таньдаг байсан. Харин Боржингалаа миний үерхдэг байсан найз охин Оюунбилэгийг урьд нь таньдаг, найзууд байсан юм билээ. 2014 онд Боржингалаа Оюунбилэгт намайг муулж ярьсан юм шиг байгаа юм. Хэрэг гардаг өдөр Боржингалаа бид хоёр энэ талаар ярилцаж байгаад муудалцсан. Улмаар харилцан зодолдохоор болсон бөгөөд Боржингалаа эхлээд сагсны талбай руу явсан, би араас нь очсон. Боржингалаа намайг цохих гээд баруун гараа далайсан, тэр үед нь би түрүүлээд баруун гараараа Боржингалаагийн толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохисон чинь тэрээр толгойн баруун хэсгээрээ сагсны талбайн бетонон шал мөргөж унасан. Тэгээд толгойгоо барьж байгаа харагдсан бөгөөд Очир-Эрдэнэ намайг барьж байснаа тавьчихаад Боржингалаа дээр очоод, өндийлгөж суулгасан юм. Тэнд өөр сүртэй зодоон болоогүй. Боржингалааг би нэг удаа л цохисон, өөр хүн зодолдоогүй. Боржингалаа далайх үедээ намайг цохиж амжаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 193  дугаар хуудас),

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 574 дүгээр хуудас), сурагчийн хувийн хэрэг, шагнал урамшуулал, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 74-87 дугаар хуудас), хохирол төлсөн талаарх хохирогчийн мэдүүлгүүд (хх-ийн 11-12, 139, 185-186 дугаар хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг, дадлага, тушлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон харьцуулан үнэлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.  

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү согтуурсан үедээ буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын ойролцоох хүүхдийн тоглоомын талбайд найз Б.Боржингалаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн шанаа руу алгадаж, хатуу гадаргуу бүхий бетонон талбайд толгойн баруун талаар нь унагаж, түүний бие махбодод “баруун чамархай ясны хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь хохирогч Б.Боржингалааг алгадаж унагасан, мөн өөрийнх нь үйлдлийн улмаас тэрээр гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн сонгон авсан өмгөөлөгч Г.Хандсүрэн нь өмгөөлөл явуулахдаа шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байгааг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасантай холбоотой шүүх дараах дүгнэлт хийв.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой өмгөөллийн үг: Шинжээч нарын мэдүүлэг, дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, янз бүрийн байдлаар бичигдсэн байна. Хамрын ясны хугарал байхгүй байхад хамрын ясны хугаралтай гэж бичсэн байна. Шинжээч нар тухайн хүний биеийг үзээд нэгэн ижил дүгнэлт гаргах ёстой. Гэтэл тэдний дүгнэлт, мэдүүлгүүд зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг. Иймд эргэлзээ төрж байна. Шинжээчийн дүгнэлт хөнгөн, хүндэвтэр, хүнд гарсан. Хүнд гэмтлээ батлахын тулд 7 бүрэлдэхүүнтэй давтан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “хамрын ясны хугарал хуучин гэмтэл байсан” гэж хэлсэн. Шинжээч нарын гаргасан сүүлийн хоёр дүгнэлт эргэлзээтэй байна. Анх хүндэвтэр, хөнгөн гэж гарч байсан. Хохирогчид учирсан гэмтлүүдийн аль нь хүнд гэмтэлд орно гэдгийг ялгаж зааглаагүй, шинжээчээс асуусан зүйл байхгүй. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэв.

Шүүхийн дүгнэлт, няцаалт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8086 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Боржингалаагийн биед учирсан гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэсэн байх боловч шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үед хэргийн материалаар томилсон давтан шинжилгээгээр гэмтлийн зэрэг хөнгөн болж өөрчлөгджээ.

Анхны дүгнэлтэд тусгасан баруун чамархай, зулай ясны цуурал, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, эмгэгшил бүхий гэмтлийг давтан буюу 2 дахь удаагийн дүгнэлтээр хөнгөн болгож өөрчлөхдөө шинжлэх ухааны үндэслэл бүхий эх сурвалж, тайлбаргүйгээр няцаасан байх ба дүгнэлт гаргасан шинжээч нь тодорхой бус, өнгөц хариулт бүхий мэдүүлэг өгчээ. Ийнхүү гэмтлийн зэрэг үндэслэл муутай өөрчлөгдсөнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын үед гурав дахь удаагийн давтан шинжилгээ хийлгэхэд гэмтлийн зэрэг хүнд болж өөрчлөгджээ. Иймд эдгээр гурван өөр гэмтлийн зэрэг бүхий дүгнэлтийн аль нь бодитой, үнэслэлтэй болохыг тодруулах зорилгоор 4 дэх удаагийн шинжилгээ хийлгэснийг шүүх “зөв зүйтэй, шалгавал зохих шаардлагатай ажиллагаа байсан” гэж үзэж байна.

Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2010 оны 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2. дахь хэсэгт зааснаар гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарахаар байна. Тодруулбал, уг хугаралд гавлын орой буюу дух, зулай яс, чамархай, дагз ба суурь ясны хугарал, мөн заадсын салалт хамаарахаар заажээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8086 дугаартай анхны дүгнэлт болон сүүлийн 28, 126 дугаартай дүгнэлтүүдийн аль аль нь хохирогч Б.Боржингалаагийн баруун чамархай ясны хугарал бүхий гэмтлийг тогтоосон байгаагаас дүгнэвэл хүнд зэргийн гэмтэл гэж дүгнэсэн 28, 126 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын хувьд хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Харин 8086 дугаартай дүгнэлтэд баруун чамархай, зулай ясны цуурал, бүхий гэмтэл тогтоосон атлаа хүндэвтэр хэмээн дүгнэсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өмгөөлөгчийн хувьд шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд нэгэн ижил дүгнэлт гаргах ёстой хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд давтан шинжилгээ хийлгэх процесс нь аль дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой гэдгийг нотлон, тогтоох зорилготойг анхаарвал зохино.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь хохирогч Б.Боржингалаагийн зүүн шанаа руу алгадаж, улмаар хохирогч сагсны бетонон талбай дээр толгойн баруун хэсгээрээ мөргөж унасан үйл баримт нотлогдон тогтоогдсон. Иймээс хохирогчийн зүүн шанаа орчим болон баруун чамархай хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилжээ. Шинжээч нар хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг нэг, нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж дүгнэсэн. Ялангуяа, ахлах зэргийн шинжээч Ө.Саранцэцэг, шинжээч Д.Мөнхбат нар “Б.Боржингалаагийн биед учирсан баруун чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн хурц үрэвсэл, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чамархайн хуйхны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт хүчтэй цохигдож, толгойн баруун хэсгээр бетонон гадаргууд унах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна. Нөгөөтэйгүүр, хохирогч Б.Боржингалаад шүүгдэгч Б.Эрдэнэхүүгээс өөр хүн гар хүрээгүй, зодоогүй гэдгийг гэрч нар, хохирогч, мөн шүүгдэгч өөрөө агуулгын хувьд зөрөөгүй, тогтвортой мэдүүлсэн байх тул шүүх хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг зааглах, гэмтлийн зэргээр нь ялгаж авч үзэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэрэг гарахаас нэг сар гаруйн өмнө хамраа гэмтээсэн учир хамрын хуучин гэмтэл байсан, иймд энэ гэмтэл нь Б.Эрдэнэхүүтэй холбоогүй” гэж мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд “хамар ясны хугарал” гэх гэмтлийг тусгаагүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтэд “зүүн ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү бага зэрэг цөмөрсөн. Уг цөмрөлийн хананууд хатуурсан тэгш ирмэгтэй байна. Мөн цөмрөлттэй зэргэлдээх элхэгийн агаарт эсүүд эмгэг салстын зузааралгүй, хамрын дайвар хөндийнүүд эмгэг шингэний түвшингүй байна. Иймд энэхүү өөрчлөлтүүдийг хуучин хугарал гэж үзмээр байна” гэж оношлоод өмнөх дүгнэлтүүд дэх хамар ясны хугаралыг хассан байгаа нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд хэргийн байдал хөнгөрсөн гэж үзнэ. Үүнээс гадна энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт нөлөөлөхөөргүй байгааг анхаарч шүүх өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг няцаан үгүйсгэв.

Гэм буруугийн хэлбэртэй холбоотой өмгөөллийн үг: Шүүгдэгчид анхнаасаа “хохирогчтой зодолдъё” гэсэн санаа зорилго байгаагүй. Хоёр хүн хоорондоо маргалдсан үед хохирогч далайсан, далайх үед нь алгадсан. Иймд санаатай хүнд гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй буюу болгоомжгүй байдлаар гэмтэл учруулсан байх боломжтой гэв.

Шүүхийн дүгнэлт, няцаалт: Шүүгдэгч Б.Эрдэнэхүү, хохирогч Б.Боржингалаа нар гэмт хэрэг гарахаас өмнө бие биенээ таньдаг бөгөөд согтуурсан үедээ урьдын явдлаас болж өөр хоорондоо маргаж, улмаар харилцан зодолдох гэж бусдаасаа холдож, мөн хохирогч Б.Боржингалаа цохих гэж оролдоод чадаагүй үйлдлийн дараа шүүгдэгч Б.Эрдэнэхүү түүнийг алгадаж, унагаасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл алга. Учир нь хохирогч Б.Боржингалаа гадуур хувцсаа тайлаад сагсны талбай руу түрүүлж алхсан, харин шүүгдэгч Б.Эрдэнэхүү түүний араас дагаж очсон байх тул түүний үйлдлийг сэтгэхүйн харьцаа бүхий идэвхтэй буюу ухамсартай гэж үзнэ.   

Шүүх Б.Эрдэнэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Б.Эрдэнэхүүг “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57) болон ял шийтгүүлсэн тогтоолууд (хх-ийн 68-69, 71-73)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, найман сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан 2 жил 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1. дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн урьд үйлдсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолтой гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн байх тул түүнийг хянан харгалзах болон түүний ялгүй болох хугацааны аль аль нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байгааг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүү нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд оногдуулсан хорих ял дээр урьд тэнссэн ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүүгийн хувийн байдал, шүүхээс тогтоосон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар буюу хохирогчид учирсан гэмтлийн урхаггүй шинж байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч Б.Боржингалаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 126.863 (нэг зуун хорин зургаан мянга найман зуун жаран гурав) төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэхүү түүнд 253.040 (хоёр зуун тавин гурван мянга дөч) төгрөг төлж, хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 11-12, 139, 185-186 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Эрдэнэхүү цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Боржингалаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Б.Эрдэнэхүүд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баярбатын Эрдэнэхүүг “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3. дахь хэсгийг журамлан мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Эрдэнэхүү цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Б.Боржингалаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Эрдэнэхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эрдэнэхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА

   ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

                                               Б.ДАШДОНДОВ