| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
2024 02 01 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2425000000033 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Б-ийн Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод хамтран амьдрагч Ө.О-г гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар гараараа болон индүүгээр нүүрэн тус газар, гарын шуу, хөлийн шилбэнд цохиж, үснээс нь зулгаан чирэх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ө.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хх-н 4-6-р тал/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 7-11-р тал/
3. Хохирогч Ө.О ын “2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагт би ажлаасаа буугаад өөрийн гэртээ ирэхэд миний найз залуу Э нь манайд унтаж байсан юм. Тэгээд тус өдөр манай байгууллагын шинэ жилтэй байсан тул би гэрээсээ 19 цаг 20 минутын үед гарч явсан бөгөөд гэрт Э ганцаараа үлдсэн. Тэгээд би шинэ жилдээ орж шөнийн 01 цагийн үед найз М-нд очиж үргэлжлүүлж байгаад тэндээ хоносон. Тухайн үед намайг гэр лүү явах гэтэл гадаа хүйтэн байна, хоноод яв гэхээр нь би хоносон юм. Ингээд би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 08 цагт гэртээ ороход Э унтаж байсан. Би тэгээд түүний хажуугаар ороод хэвттэл намайг гадуур хонолоо гэж хардаад гараараа миний нүүр лүү олон удаа цохисон. Цээж рүү мөн гараараа цохисон. Тэгснээ индүү барьж аваад миний дух руу 1 удаа, 2 гар луу олон удаа индүүгээр цохисон мөн 2 хөл рүү олон удаа индүүгээр цохисон юм. Индүүний залгуураар биш суурь төмрөөр нь цохисон. Энэ үед би зугтааж голын жижиг өрөө рүү орж хаалгаа дотроос нь цоожлоход тэрээр хаалгыг эвдэж орж ирээд индүүгээрээ үргэлжлүүлж миний хөл рүү цохисон. Би гадаа гарч зугтаасан боловч тэрээр араас гарч ирээд намайг гүйцэж барьж аваад үснээс чирч гэр лүү оруулсан юм. Тэгээд гэрт ороод ахин намайг зодож байтал хаалга тогшсон бөгөөд онгойлгоход цагдаа нар ирсэн юм. Тэгээд намайг зодохоо больсон. Тухайн үед хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Би түхайн үед эрүүл байсан бөгөөд уусан согтууруулах ундаа маань гарчихсан байсан харин Э эрүүл байсан юм. Би Э д гар хүрээгүй. Тэрээр зодож байхдаа гар утсыг маань булааж аваад кодоо гарга гээд байхаар нь би хэлээгүй юм. Мөн тэрээр намайг ална гээд манай гэрийн хар иштэй хутгыг аваад ишээр нь хэвлий рүү олон удаа цохисон. Би Э тай танилцаад 3 жил, үерхээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэрлэлтийн батлахгүй, дундаасаа хүүхэдгүй бөгөөд тэрээр хааяа манай гэрт ирж хонодог юм. Тэрнээс байнга бид 2 хамт амьдардаггүй юм. Э нь намайг хардаад өмнө нь зодож байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны тэнд амарч байхад миний баруун хөлийг мушгиад шөрмөсийг нь гэмтээж байсан. Тухайн үйл явдлыг харсан хүн байхгүй, бид 2 л байсан. Тэрнээс өмнө жижиг сажиг ганц нэг цохих асуудал байсан бөгөөд ер нь хоёулхнаа байхдаа л ийм асуудал гаргадаг. 2022 оны 02 дугаар сард Дэнжид байр түрээсэлдэг байхад тэрээр миний чих рүү алгадаж зүүн чихний хэнгэргийг хагалж байсан бөгөөд тухайн явдлыг харсан хүн байхгүй. Би дээрх зодуулж цохиулж байснаа хэнд ч хэлж байгаагүй бөгөөд цагдаад ч хандаж байгаагүй юм. Би ганцаараа амьдардаг болохоор цохиулж зодуулсныг маань мэдэх хүн байдаггүй, өмнө нь тэглээ ч нүүр лүү биш бусад газар руу цохидог байсан юм... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Э нь шинэ хаалга авч өгсөн, мөн шинэ индүү авч өгсөн. Эмчилгээнд зориулж 1 350 000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 18, 20-р тал/
4. Гэрч Б.Т-н “хаалгыг тогшиход эхнэр нь онгойлгосон бөгөөд тус айлд эхнэр, нөхөр хоёроос өөр хүн байгаагүй. Нөхөр нь цээж нүцгэн байсан бөгөөд тэр хоёрын хэлснээр эхнэр нь гэртээ ирж хоноогүй өглөө ирсэн гэж байсан бөгөөд эхнэрийгээ зодсон гэж байсан. Тухайн үед эхнэрийнх нь өвдөгнөөс цус гарч байсан, гарын шуу нь хавдсан, нүүр нь хавдсан байсан санагдаж байна. Индүүгээр цохисон гээд индүү нь эвдэрчихсэн байсан, зугтаагаад өрөө рүү ороход хаалга эвдсэн гэж байсан бөгөөд нэг өрөөнийх нь хаалга эвдрээд салаад уначихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/
5. Сэжигтэн Б.Э ы “2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед миний хамтран амьдрагч О нь байгууллагын шинэ жилийн баярт оролцохоор гэрээсээ гарч явсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад одоо тарж байна, харина гэж хэлсэн. Түүнээс хойш утсаа аваагүй бөгөөд өглөө 8 цагт гэртээ орж ирсэн юм. Би түүнээс утсаа яагаад авахгүй хаачсан юм бэ гээд хэрүүл болсон. Тэгээд би түүнийг гараараа 2 удаа алгадсан, мөн гоо сайхны сав шидэж мөн түүний хөлийг оносон юм. Тэрээр тэгтэл жижиг өрөө рүү очоод хаалгаа түгжчихээр нь би тус өрөөний хаалгыг цөм түлхэж эвдсэн юм. Мөн тэрээр зугтаагаад гэрээс гарчихаар нь би араас нь гадаа гарч түүний гараас чирч болон үсдэж гэрт оруулж ирсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 26-р тал/
6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №42 дугаартай “Ө.О ын биед зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, доод уруул, нуруу, баруун шуу, баруун тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 29-30-р тал/
7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Ө.О ын биед зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалга баруун зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, доод уруул, нуруу, баруун шуу, баруун тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтолдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт. /хх-ийн 36-38-р тал/
8. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/8527 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-н 46-48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр ***** тоотод хамтран амьдрагч Ө.О-г гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар гараараа болон индүүгээр нүүрэн тус газар болон гарын шуу, хөлийн шилбэнд цохиж, үснээс нь зулгаан чирэх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, доод уруул, нуруу, баруун шуу, баруун тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ө.О ын “гараараа миний нүүр лүү олон удаа цохисон, цээж рүү мөн гараараа цохисон. Тэгснээ индүү барьж аваад миний дух руу 1 удаа, 2 гар луу олон удаа индүүгээр цохисон мөн 2 хөл рүү олон удаа индүүгээр цохисон юм. Индүүний залгуураар биш суурь төмрөөр нь цохисон. Энэ үед би зугтааж голын жижиг өрөө рүү орж хаалгаа дотроос нь цоожлоход тэрээр хаалгыг эвдэж орж ирээд индүүгээрээ үргэлжлүүлж миний хөл рүү цохисон. Би гадаа гарч зугтаасан боловч тэрээр араас гарч ирээд намайг гүйцэж барьж аваад үснээс чирч гэр лүү оруулсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “Тухайн үед эхнэрийнх нь өвдөгнөөс цус гарч байсан, гарын шуу нь хавдсан, нүүр нь хавдсан байсан санагдаж байна. Индүүгээр цохисон гээд индүү нь эвдэрчихсэн байсан, зугтаагаад өрөө рүү ороход хаалга эвдсэн гэж байсан бөгөөд нэг өрөөнийх нь хаалга эвдрээд салаад уначихсан байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Э ы “би түүнийг гараараа 2 удаа алгадсан, мөн гоо сайхны сав шидэж мөн түүний хөлийг оносон юм. Тэрээр тэгтэл жижиг өрөө рүү очоод хаалгаа түгжчихээр нь би тус өрөөний хаалгыг цөм түлхэж эвдсэн юм. Мөн тэрээр зугтаагаад гэрээс гарчихаар нь би араас нь гадаа гарч түүний гараас чирч болон үсдэж гэрт оруулж ирсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай нэмэлт дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/8527 дугаартай хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр ***** тоотод хамтран амьдрагч Ө.О-г гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар гараараа болон индүүгээр зодож эрүүл мэндэд нь “зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, доод уруул, нуруу, баруун шуу, баруун тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.О ын эрүүл мэндэд зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, доод уруул, нуруу, баруун шуу, баруун тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А