| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Г /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2325001940515 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
И овгийн Г-ын Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б нь “** ” ТӨҮГ-ын үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажлыг хариуцан хийж гүйцэтгэх явцдаа 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын хэмжилт хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт “аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Геодизийн инженер ажилтай Б.М нь өндөр хүчдэлд цохиулж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан “хоёр гарын алга, хоёр хөлийн уланд 3 А,Б зэргийн цахилгааны түлэгдэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төлөгдөөгүй үлдсэн хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Б.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. “** ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, хохирогч Б.М-н ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ. /хх-н 8-28-р тал/
2. “** ” төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил гүйцэтгэх 7/007-23 дугаартай гэрээний хуулбар. /хх-н 29-35-р тал/
3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар. /хх-н 36-63-р тал/
4. Хохирогч Б.М-н “** ” ХХК-д геодизын инженерээр 2021 оны 03 дугаар сараас хойш ажиллаж эхэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт албан үүргээ гүйцэтгэн тухайн нутаг дэвсгэрийн газрын хэмжилтийг ажилтан Э-н Б-тай хамт хийж явж байгаад, мөн би рек нэртэй төмөр багжийг бариад явж байтал тог цохих шиг болсон бөгөөд тухайн үед нүд харанхуйлж хэсэг хугацааны дараа газарт унасан байдалтай сэрсэн. Сэрэхэд би босч чадахгүй огт хөдлөхгүй байсан. Э.Б ах тухайн үед намайг тогонд цохиулахад ухаан балартсан айсан сандарсан байдалтай байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тайвширч ажлын хүмүүс рүү ярьж тэдгээр хүмүүсийг дуудаж байсан шиг санагдаж байна. Тэр үед миний ухаан санаа үе үе орж гарч байсан учраас тухайн үеийн үйл явдлыг төдийлөн сайн санахгүй байгаа. Өвдөлтөө дийлдэхгүй байсан учраас эмнэлэг явмаар байна гэж багаас ажлын машинтай гарч эмнэлэгийн тусламж үйлчилгээг авсан. Би гомдолтой байна. Зам барих ажил эхлээгүй байгаа бөгөөд хэмжилтийн ажил явагдаж байгаа. Э.Б инженер бид хоёр хоорондоо зөвлөлдөөд хэмжилтийн ажлыг хийж байсан юм. Ажлынхаа цаг завыг зохицуулан хэмжилт хийсэн. Аюулгүй байдлыг хангах зорилгоор бичгээр зааварчилгаа өгөөгүй” гэх мэдүүлэг. /хх-н 72, 78-80-р тал/
5. Гэрч Э.Б-ны “Миний ажиллаж буй “** ” ХХК-нь авто зам, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг юм. Орхон аймгийн “Уул уурхай метамурги эмийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэр технологийн паркийн авто зам барих ажлыг хийж байгаа. Орхон аймагт манай компаний ажилд 4 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Манай компани уг төсөлд нийт 17.6 км авто замыг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 2023 оны 04-р сарын 24-ний өдөр геодезийн инженер Б-н М-тай ярилцаж байгаад ажлаа төлөвлөөд цагийг ашиглаад ажлаа хурдан шуурхай явуулахын тулд 20 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр Баянцагаан багийн нутаг дэвсгэр болох “** ” ХХК-руу явдаг замд буюу төмөр замын перизер өнгөрөөд шороон замын хажууд зам барих шугам буюу транссоны дагуу реперт өндөрт шилжүүлэх ажил хийж явахдаа Б.М нь хэмжилт хийгдэх рейк төхөөрөмжийг дээш нь барьчихсан байх үед өндөр хүчдлийн гэрлийн /тогны/ утсанд татагдаж өндөр хүчдэлд цохиулсан, би тухайн үед дурангийн ажлыг хийж байсан. Би бодохдоо тухайн өндөр хүчдлийн тогтой утас нь хэт доор буюу намхан санагдсан” гэх мэдүүлэг. /хх-н 74-76-р тал/
6. Орхон аймгийн Хөлөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай: “** ” ХХК-ийн инженер Э-н Б, геодезийн инженер Б-н М нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсэдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна. “** ” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанг томилсон тушаал шийдвэр хэргийн материалд байхгүй байна. Иймд тухайн компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Инженер Э-н Б д 2023 оны 04 дүгэр сарын 24- нд хөдөлмөр хамгааллын өдөр тутмын зааварчилга өгсөн, геодезийн инженер Б-н М ад 2023 оны 04 дүгээр сарын 24-нд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. 3. “** ” ХХК-ийн захирал Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эруүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу ажилтны аюулгүй байдлыг бүрэн хариуцна. 4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д /ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, 3.1.21-д /үйлдвэрлэлийн орчин гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “** ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний 7 зүйлийн 7.1-д /ажил гүйцэтгэгч тал болох “** ” ХХК нь ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангана./ заасан заалтуудын дагуу “** ” ХХК- ийн барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж буй “Үйлдвэр технологийн паркийн авто зам” барих ойр орчмын аюулгүй байдлыг “** ” ХХК хариуцна” гэх дүгнэлт. /хх-н 87-88-р тал/
7. Хохирогч Б.М-н өвчний түүхийн хуулбарууд. /хх-н 102-178-р тал/
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8013 дугаартай “Б.М-н биед хоёр гарын алга, хоёр хөлийн уланд 3 А,Б зэргийн цахилгааны тулэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 179-189-р тал/
9. Шинжээч эмч О.Н-н “Дээрх гэмтлийн хувьд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй ч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, эрүүл мэнд сарнисан байх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй” гэх мэдүүлэг. /хх-н 194-р тал/
10. Яллагдагч Г.Б-ы “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 208-209-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь “** ” ТӨҮГ-ын үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажлыг хариуцан хийж гүйцэтгэх явцдаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын хэмжилт хийх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад “...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Геодизийн инженер ажилтай буюу хохирогч Б.М аар нь өндөр хүчдэлд цохиулж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан “хоёр гарын алга, хоёр хөлийн уланд 3 А,Б зэргийн цахилгааны түлэгдэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд уг ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хохирогчийн биеийн байдал муу байгаа. Эмчилгээний зардал цалингийн зөрүү 32 969 624 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхээр тогтоосон хэмжээгээр хохирол төлбөр төлөгдсөн. Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй гэж хэлсэн учраас шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр хэлэх ямар нэгэн санал байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн эмчилгээний зардлыг тухай бүр өөрийн нягтландаа үүрэг өгч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлоо бүрэн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, “** ” төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил гүйцэтгэх 7/007-23 дугаартай гэрээний хуулбар, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, хохирогч Б.М-н “би рек нэртэй төмөр багжийг бариад явж байтал тог цохих шиг болсон бөгөөд тухайн үед нүд харанхуйлж хэсэг хугацааны дараа газарт унасан байдалтай сэрсэн. Аюулгүй байдлыг хангах зорилгоор бичгээр зааварчилгаа өгөөгүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-ны “Б.М нь хэмжилт хийгдэх рейк төхөөрөмжийг дээш нь барчихсан байх үед өндөр хүчдлийн гэрлийн /тогны/ утсанд татагдаж өндөр хүчдэлд цохиулсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Хөлөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хохирогч Б.М-н өвчний түүхийн хуулбарууд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8013 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Н-н “...Дээрх гэмтлийн хувьд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй ч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж, эрүүл мэнд сарнисан байх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Б ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь “** ” ТӨҮГ-ын үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажлыг хариуцан хийж гүйцэтгэх явцдаа 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт авто замын хэмжилт хийж байгаад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад “...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Геодизийн инженер Б.М нь өндөр хүчдэлд цохиулж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан “хоёр гарын алга, хоёр хөлийн уланд 3 А,Б зэргийн цахилгааны түлэгдэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эс үйлдлэхүйн улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь өндөр хүчдэлд цохиулж бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан “хоёр гарын алга, хоёр хөлийн уланд 3 А,Б зэргийн цахилгааны түлэгдэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого нийт 32 969 624 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад 16 288 356 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч нь төлөгдөөгүй үлдсэн 16 681 268 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А