| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01269/И |
| Дугаар | 155/ШШ2021/00085 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2021/00085
2021 01 11 155/ШШ2021/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01269/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, регистрийн дугаар Р.., Т... овогт Б. О.. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багт оршин суух, регистрийн дугаар Р..., Ч...овогт С.Б..т холбогдох гэм хорын хохирол 5.421.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, иргэдийн төлөөлөгч Н.Д., нэхэмжлэгч Б.О., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д., хариуцагч С.Б., хариуцагчийн өмгөөлөгч Д.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний охин Г. овогтой Ц. нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С.Б. гэгчид хүчиндүүлж тухайн гэмт хэргийн хохирогч болсон. Тухайн хэрэг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эцэслэн Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Охинд учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж тогтоолд тусгасаны дагуу бодит хохирол болох тухайн хэрэгт авсан өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, төгс зохицол Гэр бүл ТББ-аас охин 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Нэг удаагынх 45.000 төгрөг, бүгд 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан ирж, очих зардал 155.000 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан 8.200 төгрөг нийт 4.990.000 төгрөгийг ялтан С.Б.с гаруулах хүсэлтэй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 4.990.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан ирж, очих унааны зардал 146.800 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсны зардал 8.200 төгрөг, нийт 155.000 төгрөг гэж бичих байсныг Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан зардал ирж, очих зардал 155.000 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан 8.200 төгрөг гэж тусдаа орохоор ойлгогдохоор бичсэн байна. Үүнийгээ тухайн хэрэгт авсан өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, төгс зохицол Гэр бүл ТББ-аас охиндоо 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан зардал ирж, очих зардал 146.800 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан зардал 8.200 төгрөг, нийт 4.990.000 төгрөг гаргуулах гэж тодруулж байна.
Шүүх хуралдааны шатанд үрэвслийн улмаас охиндоо эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, энэ шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг, нийт 431.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд С.Б.с эрүүгийн хэрэгт өмгөөлсөн өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, төгс зохицол Гэр бүл ТББ-аас охиндоо 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан унааны ирж, очих зардал 146.800 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан зардал 8.200 төгрөг, нийт 4.990.000 төгрөг, үрэвслийн улмаас охиндоо эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, энэ шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг нийт 431.750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол бүгд 5.421.750 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч С.Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С. овогтой хоригдол Б. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар хорих ял авсан. Уг ялаа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 413 дугаар нээлттэй хорих ангид эдлээд хугацааны өмнө суллагдаж, Хөвсгөл аймгийн Э... сумандаа амьдарч байна.
Миний бие уг гэмт хэргийг үйлдээд эдлэх ялаа эдлээд гарсан, тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б.О. хохирол 282.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлээд байгаа мөнгөө тухайн үед нь нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжилсэн бол би өгөх байсан. Ялаа эдлээд гараад ирсний дараа гэм хорын хохирол гэж нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдааны шатанд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаараа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Б.О. нэхэмжилсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхдээ авсан өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, төгс зохицол Гэр бүл ТББ-аас охиндоо 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан зардал ирж, очих зардал 146.800 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан зардал 8.200 төгрөг, нийт 4.990.000 төгрөг, шүүх хуралдааны шатанд нэмэгдүүлсэн эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, энэ шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг бүгд 431.750 төгрөг, нийт 5.421.750 төгрөгийн гэм хорыг хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Иргэдийн төлөөлөгч Н.Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэм буруутай гэж үзэж байгаа тул гарсан зардлыг гаргаж өгөх хэрэгтэй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О. нь хариуцагч С.Б. холбогдуулан эрүүгийн хэрэгт өмгөөлсөн өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, төгс зохицол Гэр бүл ТББ-аас охиндоо 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсны төлбөр 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан унааны ирж, очих зардал 146.800 төгрөг, бичиг баримт нотариатчаар батлуулсан зардал 8.200 төгрөг, нийт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 4.990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд үрэвслийн улмаас охиндоо эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, иргэний шүүх хуралдаанд өмгөөлж буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг, бүгд 431.750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 5.421.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагч Ч.. овогт С.Б. нь арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Ц. хүчиндэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь хэрэгт гаргаж өгсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын ...-ны өдрийн 2019/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Б.О. шүүхэд гаргаж өгсөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Г.Б. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаар өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг авсан тухай тасалбар, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг авсан тухай тасалбар, Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нотариатын зардалд 8.200 төгрөг төлсөн тухай тасалбар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн Чингүн хурд транс ХХК-ий 22-21 УБР улсын дугаартай, автобусаар зорчсон тухай 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зорчигчийн тасалбарууд, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн Нөхөрлөл зам хоршооны 00-66 ХӨА улсын дугаартай, автобусаар зорчсон тухай 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зорчигчийн тасалбарууд, Төгс зохицол гэр бүл НҮТББ гэсэн тамга дарагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөр 2.835.000 төгрөгний нэхэмжлэл, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сэтгэл зүйч О.У., үйлчлүүлэгч Б.О. нарын хооронд байгуулагдсан Үйлчлүүлэгч, сэтгэл зүйч хоорондын гэрээ, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгэний үйлчлүүлэгчийн бөглөх хуудас, Үйлчлүүлэгч Г.Ц. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны хооронд сэтгэл зүйн зөвлөгөө авсан ирцийн бүртгэл, Төгс зохицол гэр бүл НҮТББ-ын сэтгэлзүйч О.У. гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.О нь эрүүгийн хэрэгт өмгөөлсөн өмгөөлөгчийн хөлсөнд 2 сая төгрөг, Төгс зохицол гэр бүл ТББ-аас охиндоо 63 удаа сэтгэл зүйн зөвлөгөө авсны төлбөрт 2.835.000 төгрөг, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхээр явсан унааны ирж, очих зардалд 146.800 төгрөг, бичиг, баримт нотариатчаар батлуулсаны зардалд 8.200 төгрөг төлж, гэмт хэргийн улмаас нийт 4.990.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д нэхэмжлэгч Б.О. нь охиндоо сэтгэлзүйн зөвлөгөө авахад 2.835.000 төгрөг болсон боловч үүнийгээ төлөөгүй гэж тайлбарлаж байгаа учир уг хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах боломжгүй хэмээн маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас охин Г.Ц. эрүүл мэндэд хохирол учирч сэтгэлзүйн зөвлөгөө авсан болох нь тогтоогдож байх тул сэтгэлзүйн зөвлөгөө авсан төлбөрөө төлсөн эсэхээс үл хамаарч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас хохиролын гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч Д.Д. нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ирцийн бүртгэлээс харахад зарим өдрүүдэд давхцаж зөвлөгөө авсан, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зөвлөгөө авсан атлаа дахин 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зөвлөгөө авсан мэтээр бүртгэгдсэн, О.У. нь мэргэжлийн сэтгэлзүйч биш, хохирогч нь үнэ төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой байсан гэж маргаж байгаа боловч татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, түүнчлэн хохирогч нь өмгөөлөгч болон сэтгэлзүйчээ өөрөө сонгох эрхтэй бөгөөд сэтгэлзүйчийн хөтөлж буй ирцийн бүртгэлд үйлчлүүлэгчийг буруутгах боломжгүй ба сэтгэлзүйчээс зөвлөгөө авсан болох нь тогтоогдож юм.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд үрэвслийн улмаас охиндоо эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, иргэний шүүх хуралдаанд өмгөөлж буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг нийт 431.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нотлох баримтаар Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Т.Д.гэсэн тамга дарагдсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 420.000 төгрөг төлсөн тухай тасалбар, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НӨАТ тооцох баримт, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2800848251 дүгээр мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Энгийн эмийн жор, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний их эмч Ч. Ц. Нян судлалын лабораторийн шинжилгээний дүн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний их эмч Ч. Ц. Нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн охин хохирогч Г.Ц. нь уг эрүүгийн гэмт хэргийн улмаас 11.750 төгрөгний эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн эрх байх тул нэхэмжлэгчийн үрэвслийн улмаас охиндоо эмчилгээ хийлгэсний төлбөр 11.750 төгрөг, иргэний шүүх хуралдаанд өмгөөлж буй өмгөөлөгчийн хөлс 420.000 төгрөг нийт 431.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Б.хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 4.990.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94.790 төгрөгийг гаргуулж, улсын орлогод орууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч С.Б. гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 4.990.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 431.750 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Б. улсын тэмдэгтийн хураамж 94.790 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН