| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01953/И |
| Дугаар | 155/ШШ2020/02044 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2020/02044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01953/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М. сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Х.овогт П.З. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Н., хариуцагч П.З. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр болох П.З. танилцаж үерхэж байгаад гэр бүл болж, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Н.А. төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, төрөөд хоёр сартай байхад аавын маань гал голомтыг өшиглөн зодож, ээжийн дэргэд данхтай цай авч шидэж, жимсэнд явж байхдаа хамаатныхаа ахтай хардаж голын усруу шидэх зэргээр аашилж ирсэн. Нэгэнт бидний зан харьцаа таарч тохирохгүй болсон, нөхөр маань өөр бусадтай гэр бүлийн харилцаа үүсгэж улмаар тэр хүүхнээ аав, ээж дээрээ аваачиж танилцуулсан байх ба эдгээр байдлуудаас болоод цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид гэрлэлтээ бүртгүүлээд охиноо эцгийнх нь нэрээр овоглуулахаар ярилцаж байсан боловч гэрлэлтээ бүртгүүлснээсээ хойш маргалдаж тусдаа амьдраад өдийг хүрч байна. Бидний хэн хэн маань бие биенээ харддаг, хэрүүл маргаан маань даамжирч зодоон цохиондоо хүрч бие биенээ гэмтээдэг. Хэн хэн маань ааш гаргадаг болохоор зан байдлын хувьд таарч тохирохгүй гэдгээ ойлгосон. Энэ хүнд би өчнөөн боломж өгсөн боловч эврэлэх ямарч сонирхолгүй байгаа гэдгээ удаа дараа харуулсан.
Би үр хүүхдээ бодож энэ хүнийг жил хүлээсэн жилийн хугацаанд охин бид хоёр дээр нэг ч ирээгүй охин нь өвдөөд байна гэхэд ганц удаа ч залгаж яаж байна гэж асуугаагүй. Аав, ээж нь бидний амьдралд дэндүү оролцдог байсан. Мөн аав нь хэд хэдэн удаа манайд очиж согтуу агсам тавьж манайхыг ядуу хоосон гэж доромжилж байсан. Ээж нь юм л бол сал ганц хүүхэд юу ч биш өчнөөн хүүхэдтэй хүмүүс салж байна гэдэг байсан. Би буцаж эвлэрэхийн тулд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч П.З. эвлэрэхгүй гээд уулзалт амжилтгүй болж байсан. Цаашид би энэ хүнтэй амьдрах ямар ч боломжгүй. Нэгэнт бид эвлэрч чадаагүй учраас дахин шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н.А..миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч П.З. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би эхнэр Б.Н. танилцаж, үерхэж байгаад 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Н.А. төрсөн нь үнэн.
Бид оюутан тул тусдаа гарч амьдарч байгаагүй, 2 талдаа ирэн очин амьдарцгааж байсан. Би одоо оюутан ба АШУҮИС-ийн 6-р курст сурч байна. Бид 2 хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны намраас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Хамт амьдрах хугацаанд маргалдах асуудал маш их гарч байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг би эхнэр рүүгээ данхтай цай авч зодож, гар хүрч байсан удаа байхгүй. Мөн намайг өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, тэр эмэгтэйгээ гэр бүлдээ танилцуулсан гэж бичсэн байна. Надад өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн асуудал байхгүй. Найз охинтой л болсон. Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байхдаа бид маргалдсанаас болж Б.Н. нь миний нүд рүү өшиглөж, баруун талын нүдэнд цус хурсан. Үүнээс болж одоог хүртэл миний нүд болон тархи толгойгоор хатгаж өвддөг болсон. Эхнэр Б.Н. нь миний нуруу руу угаалтуурын төмөр авч шидснээс болж бүсэлхий, нугаламаар өвддөг болсон. Миний нүүр, хүзүүг маажих зэрэг ааш авир гаргадаг байсан. 2019 оны намар эхнэр Б.Н. нь ээжтэйгээ нийлж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, цохиж, зодсноос болж бид тус тусдаа амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа хэн хэнийхээ эрхэнд халддаг, хэн хэн маань ааш гаргаж, маргалдаж, хэрэлдэж, зодолддог байсан. Бид зан байдлын хувьд таарч тохирох хүмүүс биш гэдгээ хэн хэн маань ойлгосон. Ийм ааш зантай хүнтэй цаашид амьдарч чадахгүй. Анх гэрлэлтээ бүртгүүлэхдээ надад энэ талаараа хэлж байсан боловч би тусдаа гарч хурим найраа хийснийхээ дараа бүртгүүлье гэсэн байр суурьтай байна гэдгээ хэлэхэд уурлаж бухимдаад очоод бүртгүүлсэн байсан.
Тийм болохоор би эхнэр Б.Н. гэрлэлтээ цуцлуулах, 2018 оны 4 дүгээр сарын ..-ний өдөр төрсөн охин Н.А.өөрийнхөө асрамжинд авах, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх хугацаа авах шаардлагагүй бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н. нь хариуцагч П.З. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 67010001... дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Н., хариуцагч П.З. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Ш.. овогт Н.А.. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж буй тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Н... нь охин Н.А...өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэхэд, хариуцагч нь охиноо эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар зохигчид маргаагүй байна.
Иймд шүүх охин Н.А... эх Б.Н... асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг П.З..., эх Б.Н... нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин Н.А... сар бүр эцэг П.З.... тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.З... 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н... олголоо.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар тайлбараа гаргасан тул шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., Ш... овогт Б.Н..., регистрийн дугаар Р..., Х... овогт П.З... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2018 оны 4 дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин Ш. овогт Н.А. эх Б.Н... асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2018 оны 4 дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин Ш. овогт Н.А...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.З... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч П.З... 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н... олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА