Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01753/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар Р..., Ш... овогт М.Р... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р.. сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар Ф..., Өөлд овогт П.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.Р., хариуцагч П.Г. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Р. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Р.,  П.Г. 2008 онд гэр бүл болж 12 жил амьдрахдаа 2007онд М.., 2009 онд охин С.. төрүүлж өсгөсөн юм. Амьдрах хугацаандаа гэр орондоо үр хүүхэд хань ижилтэйгээ ярьж хөөрч, инээж наадаж огт үзээгүй. Байнга дуугүй хөндий хүйтэн байдаг ба архи уухаараа арслан бар шиг болж хэл амаар доромжилж, хамаг эд хогшилоо эвдэлж хагалж сүйтгэдэг. Мөн намайг зоддож, гэрээс маань хөөж зэрлэг авир гаргадаг, сав суулга телевизороо хагалж, аавын минь байшингийн цонхыг давхраар нь бут цохиж айлгасан учир би аавындаа очиж чадахгүй болж өөрийгөө хамгаалахын тулд гадагш гарч хээр гадаа нуугддаг болсон.

П.Г.. нь өөрийн аж амьдралын төлөө огт хөдөлмөрлөдөггүй ажил хийдэггүй. Харин миний цалингийн зээлээр 2 Фургон машин, 1 УАЗ-469 машин, 1 Эксель  машин, 2 мотоцикль худалдан авсан боловч эдгээр машин техникээ ашиглаж амьдралын орлого олох ажил хийгээгүй. Мөн миний цалингийн зээлээр байшин бариулж, байшиндаа бүх төрлийн тавилга авч тохижуулсан. Би олон жил энэ байдлаа бусдаас нууж явснаас болж хоёр охин минь байнгын айдас, түгшүүртэй найз, нөхөдгүй гунигтай байдаг болсон. Намайг ч ажил хийлгэхгүй байнга ажлаасаа гар гэж загинадаг, 12 жилийн хугацаанд би хамт олонтойгоо шинэ жил, багш нарын баярыг ч тэмдэглэж үзээгүй. Ийм хүнд дарамт хүчирхийлэлд цаашид амьдарч чадахгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Манай нөхөр 2019 оны 5 сард намайг ажил дээрээ ажлаа хийж байхад архи ууж уурлаад 2 охиныг минь өвөөгийнд нь аваачиж өгөөд 3 охиноо ав. Би тэр гэрт авсан хийсэн юм байхгүй учир юм ч авахгүй, танай охинтой хэзээ ч дахиж амьдрахгүй  гэж хэлээд явсан байсан. Түүнээс хойш буюу 2019 оны 5 сараас хойш одоог хүртэл жил гаруй хугацаанд тус тусдаа амьдарч байна. Энэ хүн хүүхдүүдээ өөрийн асраминд авна гэж байгаа боловч тогтсон ажилгүй, орох оронгүй, архи уудаг, хүмүүжлийн доголдолтой учир би хүүхдүүдээ энэ хүнд өгч чадахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг П.Г.с хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч П.Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эхнэр М.Р.  2006 онд гэр бүл болж 12 жил амьдрахдаа 2007 онд охин М., 2009 охин С. нар төрж охидуудаа хамтдаа өсгөж сайхан амьдарсаар ирсэн. Энэ хугацаанд эхнэр, хүүхдээ зодож байгаагүй. Хааяа үл ойлголцох маргах асуудлууд байсан. Хэдийгээр би тогтсон ажилгүй ч ажил гололгүй хот явж авто засварчин, гагнуурчин хийж, пургон машинаараа аймаг сумын хооронд хүн болон ачаа тээвэрт явж ар гэрийнхээ санхүү бусад хэрэгцээг хамтдаа болгож ирсэн. 2019 оны 5-р сард Өмнөговь, Цагаан хад, Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн жолоочоор 2020 оны 10 сар хүртэл ажиллаж яваад ирсэн. Ар гэрээ орхиж, явсан юм байхгүй. Одоо том охин М. 13 настай, бага охин 6-р анги ид шилжилтийн насан дээрээ явж байгаа учир 2 охиндоо салалт гэдэг аймшгийн зүйлийг үзүүлэхгүй эцэг эхийн хайр халамжийг бүрэн өгч эхнэр, 2 хүүхдийнхээ хамт цаашид сайхан амьдрах хүсэлтэй байна. Гэвч энэ хүн гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаа бол  хүлээн зөвшөөрч байна. Харин охидуудаа би өөрийн асрамжиндаа авна. Би одоогоор тогтсон ажил орлогогүй байгаа ч гагнуур, засварчингаар ажиллаж мөнгө олж хүүхдүүдээ тэжээнэ. Аав маань гэр хураалттай байгаа ба түүнийг барьж хүүхдүүдтэй амьдрана. Эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Р. нь хариуцагч П.Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 37 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч М.Р., хариуцагч П.Г. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин Ө. овогт Г.М., 2009 оны 12 дугаар ...-ны өдөр охин Ө. овогт Г.С. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч М.Р. охин Г.М., охин Г.С. нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч П.Г. хүүхдүүдийг өөрийнхөө асрамжид авна гэж маргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” эсэн байх тул охин Г.М., охин Г.С. нарыг эх М.Р. асрамжид үлдээлээ.

Охин Д Г.М., охин Г.С. нарыг эх М.Р.н асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг П.Г., эх М.Р. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин Г.М., охин Г.С. нарт сар бүр эцэг П.Г.с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж,

7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул хариуцагч П.Г. 179.204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Р. олголоо.

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Г., нэхэмжлэгч М.Р нарт шүүхээс эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р..., Ш. овогт М.Р., регистрийн дугаар ФД83010711, Ө. овогт П.Г. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р., 2007 оны 8 дугаар сарын ...-ний өдөр төрсөн, охин Ө. овогт Г.М., регистрийн дугаар Р...., 2009 оны 12 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, охин Ө. овогт Г.С. нарыг эх М.Р. асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р., 2007 оны 8 дугаар сарын ...-ний өдөр төрсөн, охин Ө.овогт Г.М., регистрийн дугаар Р..4, 2009 оны 12 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, охин Ө.. овогт Г.С. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Г. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч П.Г. 179.204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Р. олгосугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА