| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01583/И |
| Дугаар | 155/ШШ2020/02138 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2020/02138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01583/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ...., О... овогт У.Б. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын .. дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, Д...аймгийн Салхит багийн Ши...гудамжны .. тоотод түр оршин суух, Б. овогт Г.Б. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч У.Б., хариуцагч Г.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Б.г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие У. овогтой Б.г нь нөхөр Г. Б. 2008 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр том охин Б.З. төрүүлсэн. Тухайн үед албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиноо би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Түүнээс хойш нэг гэрт ороогүй 2 гэрээрээ ирэн очин явж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бага охин Б. Д. төрж бид 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Би одоог хүртэл 2 охинтойгоо аав, ээжтэйгээ амьдардаг. Одоог хүртэл тусдаа гараагүй тал талынхаа аавынхаар ээлжлэн амьдарч байгаад 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хүнийг тусдаа гарах болов уу гэж хараад 10 гаруй жил болж байна. Гэтэл тусдаа гардаггүй биднийг ч тэжээн тэтгэж чаддаггүй. Том охиноо төрснөөс хойш тусдаа байж байгаад энэ хүнд боломж олгож, дахин хамт амьдран бага охиноо төрүүлсэн. Том охин маань биднийг гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн учраас надаар овоглодог. Бага охиноо төрөх үед нь ааваар нь овоглохын тулд гэрлэлтээ батлуулж байсан. Энэ хүн сүүлийн үед архи ууж аав, ээжийг маань элдэв янзаар хэлж доромжилдог болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Би 2 охиноо өөрийнхөө асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч Г.Б.шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У. овогтой Б. бид 2 анх 2008 онд үерхэн нөхөрлөж ирсэн. Эхнэр Б. үерхэж нөхөрлөсөөр 12 жил болсон байна. Бид 2 бие биенээ сайн мэднэ. Би Мөрөн суманд очоод найз нөхөдтэйгөө уулзахгүй удсан учраас архи уусан нь үнэн. Тэр миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тусдаа гарахгүй байхын тухайд бид цалингийн зээл аваад хашаа байшин авах гэсэн боловч миний мөнгө үнэхээр багадсан болохоор авч чадаагүй. Тэгээд ч би айлын бага болохоор эцэг эхийнхээ гал голомтыг залгах учраас заавал тэгж тусдаа гарах шаардлагагүй байх гэж үздэг. Би эхнэртээ эвлэрэх санал зөндөө тавьсан боловч намайг хүлээж авахгүй байгаа. Миний цалингийн зээл 2021 оны 2 сард дуусах юм тэр үед Мөрөнд очоод амьдарч болно гэж бодож байгаа. Мөрөнд миний мэргэжлийн дагуу ажил олдохгүй болохоор амьдрахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ одоо надад төлөвлөсөн юм байгаа. Шинэ он гарангуут эхнэр, хүүхэд дээрээ очоод амьдарч болно гэж бодож байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн боловч би ажлаа хаяж явж чадахгүй байсан. Хүүхдүүд маань ээжийнхээ асрамжинд байдаг болохоор хүүхдүүдийн асрамжийн талаар маргах зүйл байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б. нь хариуцагч Г.Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000166 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдийн тайлбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч У.Б., хариуцагч Г.Б. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2011 оны ... дугаар сарын ..-ны өдөр охин Онход овогт Б.З, 2017 оны .. дүгээр сарын ..-ний өдөр охин Б. овогт Б. Д.н нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч У.Б.г нь охин Б.З., Б.Д. нарыг өөрийнхөө асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй, охин Б.З. санал зэргийг харгалзаж, охин Б.З., охин Б.Д. нарыг эх У.Б. асрамжид үлдээлээ.
Охин Б.З., Б.Д.н нарыг эх У.Б. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Г.Б., эх У.Б.нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул хариуцагч Г.Б.с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Болорцэцэгт олголоо.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б., нэхэмжлэгч У.Б. нарт шүүхээс эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ZOOM программыг ашиглан оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р., О.овогт У.Б., регистрийн дугаар Р., Б. овогт Г.Б. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р....., 2011 оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, охин О. овогт Б.З., регистрийн дугаар Р...., 2017 оны .. дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, охин Б. овогт Б. Д. нарыг эх У.Б... асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Г.Б.. 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Б... олгосугай.
4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА