Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 49

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0120/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Б.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын О-д холбогдох, 1918008590082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч  шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь :

 - 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж 2017-07-03-нд суллагдсан,

-2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдээгүй үлдсэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын О-.

Шүүгдэгч Б.О- нь Д.У-аас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буудал түрээслэнэ гэж 3,500,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 16-аас 2018 оны 9-р сарын 16-ны хооронд  ...манай дүү С- овогтой М-... “Хаан” банкнаас 30.000.000 төгрөгөөр байр гаргах гэж байгаа... гэж хуурч, 17,750,060 төгрөг, нийт 21,250,060 төгрөг,

2018 оны 10 сарын 11.,  2018 оны 10 сарын 17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн Ц.С-ос зээл чөлөөлөөд удахгүй мөнгийг чинь өгнө гэж хуурч 1,200,000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор:

Б- овогт Б-ын О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар Б- овогт Б-ын О-д 2 /хоёр/ жил хорих ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2., 6.9 дүгээр зүйлийн 1., 2.т зааснаар Б.О-д энэ тогтоолоор оногдуулсан 2  жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулнаас эдлээгүй үлдсэн 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, 31 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  2 /хоёр/ жил, 31 /гучин нэг/ хоног  хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 31 /гучин нэг/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.О-ээс нийт 21,450,060 /хорин нэгэн сая дөрвөн зуун тавин мянга жаран төгрөг/ гаргаж үүнээс  20,250,060 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Гангын **-** тоотод оршин суух хохирогч  Д-ын У- /РД: **********/-д., 1,200,000 төгрөг гаргаж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, **-** тоотод оршин суух хохирогч Ц-гийн С- /РД: **********/-Д 1,200,000 / тус тус олгох.,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2. д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б-ын А-ыг /РД: **********/ асран хамгаалахыг эцэг Б- овогт Д-ын Б- /РД: **********/-д даалгаж,

Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдолдоо:

Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 3 нас хүрээгүй нялх хүүгээ хараа хяналтгүй салсан нөхөр буюу хамтран амьдрагчдаа, архины хамааралтай хүнд үлдээсэндээ маш их сэтгэл санааны гүн хямралд орж архаг хууч өвчин сэдэрч биеийн байдал сайнгүй байгаа тул энэ бүхнийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О- тайлбартаа:

Хамтран амьдрагч маань архины хамааралтай учраас хүүхдээ үлдээсэндээ сэтгэл санаа зовж байна. Намайг хүүхэдтэй минь уулзуулдаггүй, аваад явсан, гэтэл намайг хүүхдээ хайхардаггүй гэдэг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Б.О- нь бага насны буюу 3 настай хүүхэдтэй бөгөөд хүүхдийг нь бага байхад эцэг нь авч явсан байдаг. Бага насны хүүхэд эхтэйгээ хамт өсөх нь зүйтэй. Иймд хүүхэдтэй нь хамт байх боломжоор хангаж зүйлчлэлийг өөрчилж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О- нь хохирогч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.У-аас буудал түрээслэнэ гэж 3,500,000 төгрөг.,  мөн 2018 оны 06 дугаар сарын 16-аас 2018 оны 9-р сарын 16-ны хооронд манай дүү М- “Хаан” банкнаас 30.000.000 төгрөгөөр байр гаргах гэж байгаа... гэж хуурч мэхлэн  17,750,060 төгрөг, нийт 21,250,060 төгрөг.,

-2018 оны 10 сарын 11., 17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн Ц.С-ос зээл чөлөөлөөд удахгүй мөнгийг чинь өгнө гэж хуурч 1,200,000 төгрөг тус тус  авч  бусдын эд хөрөнгийг залилан авсан  гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.О-ийн энэ үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч  Ц.С-, Д.У-, гэрч Д.Б-, Б.О-, Ч.Б-, С.С-, Э.Р-, С.З- нарын мэдүүлэг., гэрчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн “ХААН” банкны дансны хуулга / х.хийн 7., 10-16-р хуудас /,  хохирогч Ц.Солонгын мөнгө шилжүүлсэн баримт, хуулга  /х.хийн 25-26-р хуудас /зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл,  хэмжээний ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.             

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн., шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл  байдлыг шалгаж тогтоожээ.

           Хэргээс үзвэл шүүгдэгч Б.О- нь Д.Б-тай гэр бүлийн баталгаагүй амьдарч байсан., тэдний дундаас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүү А-  төрсөн, одоо 2  настай  болох  нь тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2. д заасныг баримтлан  түүнийг  асран хамгаалахыг эцэг Б- овогтой Д-ын Б-д  даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

              Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн гаргасан  ...бага насны хүүхэд маань архи уудаг, хүүхэд асрах чадваргүй эцэг дээрээ үлдсэн., амьдралын  энэ байдлыг харгалзан үзэж ялаас хасаж өгнө үү.. гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР

                                                            ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                      Ц.ТУЯА