| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0943/З |
| Дугаар | 128/ШШ2022/0250 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2022/0250
2022 04 04 128/ШШ2022/0250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т п ХХК /РД: /,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М нарыг оролцуулан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т п ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргасан.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нэхэмжлэгч Т п ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 01-07-106/259, 01-07-106/260 тоот дүгнэлтийг тус тус гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргаж, хариу өгөөгүй учир 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2021/6398, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2021/6985, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2021/7595 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2021/8090 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2021/10043 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 23-ноос 2021 оны 4 дүгээр сарын 06- ны өдрийн хооронд манай байгууллагын ШТС болон гадаад вагоноос дээж авч Мэргэжлийн хяналтын еренхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Б 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 01-07-106/260 дугаар дүгнэлтийг тус тус үйлдсэн байна.
Тус дүгнэлтийг гаргасан эрх бүхий байгууллага нь дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй гарсаар байтал манай байгууллагын бүтээгдэхүүнийг илт чанаргүй гэх дүгнэлт гаргасан, Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжилтийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт үйлдэж бидний эрх ашгийг зөрчиж нэр хүндэд халдсан.
Дизель түлшний СШ21/171, СШ21/172, СШ 21/155, GT090 сорьцыг шинжлээд цетан тоо 42.7-43.3 буюу дунджаар 43.5 тодорхойлсон нь Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй, 20ºС дахь хувийн жин 819,1+0,01 кг/м3 тодорхойлогдсон нь "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй зөрчилтэй хэмээн дүгнэсэн. Гэтэл манай байгууллагаас 2021 оны 3 сард Гаалийн ерөнхий газрын төв лаборатори болон хөндлөнгийн шинжилгээний Амбер ХХК-ийн лабораторид өгсөн шинжилгээний хариунуудыг харахад дээрх үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байна.
Чанарын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа дээж авсан 73103335 дугаартай вагонд дагалдан ирсэн үйлдвэрийн чанарын бичиг /паспорт №397/ дээр цетаны тоо 49,9 гэж заасан бөгөөд бусад үзүүлэлтүүд ч мөн стандартын шаардага хангаж байгаа харагдаж байна. Мөн хувийн жингийн хувьд 6861:2020 стандартад өвлийн түлшний хувийн жин 840 кг/м3 ихгүй, зуны тулш 860 кг/м3-аас багагүй гэж заасан бөгөөд манай шинжилгээний хариу дээр 819 кг/м3 байгаа нь ямар стандартын ямар шаардлага хангахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй.
Манай байгууллага тус тус дугнэлттэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/1473 дугаар албан тоотыг 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудангаар ирүүлсний дагуу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр очиж танилцсан бөгөөд тус тус судалж шинжлсэний үндсэн дээр 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгад хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүд хуульд нийцэхгүй байгаа тухай тайлбараа гаргаж хүчингүй болгох тухай хүсэлтийг өгсөн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Ц.Ө 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Зах зээлд худалдаалж буй шатахуун нь чанар стандартын шаардлага хангахгүй байна гэх мэргэжилийн хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдэд үндэслэж Т п ХХК-д есөн сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас үйлдсэн. 2021 оны 3 дугаар сард Гаалийн ерөнхий газрын төв лаборатори болон хөндлөнгийн шинжилгээний А ХХК-ийн лаборторид өгсөн шинжилгээний хариуг үзэхэд манай байгууллагын зах зээлд худалдан борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн нь Монгол улсад хэрэгжиж буй чанар стандартын шаардлагад нийцэж байгаа талаар, мөн 73103335 дугаартай вагонд дагалдаж ирсэн үйлдвэрийн бичиг дээр ч мөн адил чанар стандартын шаардлага хангаж байгаа нь харагдаж байна.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг арилгах, нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Ц.Ө нь дээрх дүгнэлтэд үндэслэж манай компанийг 9 сая төгрөгөөр торгож эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй тус зөрүүтэй байдлыг дахин шинжилгээ хийж арилгах, нягтлан шалгаагүй дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд дизелийн түлш техникийн шаардлага MNS 6861:2020 , Дизель түлш евро MNS0216-2017 стандарт зөрчсөн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлан байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн манай компанид хамаарах хэсгийн хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 06-ны хооронд манай байгууллагын шатахуун түгээх болон гадаад воганаас дээд авсан мэргэжлийн хяналтын байцаагч тэр дээжийн дүгнэлтэнд үндэслээд тухайн дээжийг ашигт малтмал газрын тосны лабортори оруулж шинжилгээний дээжүүдыг явуулсан байдаг. Тухайн шинжилгээний хариу нь манай компаны дээж авсан бүтээгдэхүүн нь хувийн жин стандартад тэнцэхгүй байна хэмээн дүгнэлт гарсан дүгнэлтыг үндэслэхдээ 2 байгууллагын шинжилгээний байгууллагын шинжилгээний багажийн зурагт тод байдлыг тооцоогүй үүнээс гадна нэг ижил дээжийг 2 өөр лаборторт 2 өөр шинжилгээний арга баримтлаад дүгнэлт гаргасан.
Кодлогдсон ШС20 171, 172, 155, GТ090 гэсэн сорцуудыг шинжлээд үзэхэд цитоним 42.7-аас 43.3 буюу дунджаар 43.5-аар тодорхойлогдсон байдаг. Мөн 68 ,61 гэсэн актын хувийн жин 819.1 буюу энэ стандартад нийцэхгүй гэсэн 2 дүгнэлтэнд үндэслээд гарсан байсан. Чанарын шаардлага хангаагүй гэж дээж авсан воган нь 73103335 дугаартай вагонд дагалдаж ирсэн үйлдвэрийн бичиг байгаа. Тэр үйлдвэрийн бичиг дээр цитаны тоо 49.9 гэж заасан буюу мөн бусад нь гэсэн ялгаагүйгээр стандартын шаардлага хангагдсан байдаг. Вагонд дагалдаж ирж байгаа чанарын паспорт гэдэг нь тухайн үйлдвэрлэгч орноос дагалдаж ирж байгаа. Энэ паспортыг үндэслээд Гаалийн ерөнхий газрын Гаалийн лаборатори шинжилгээ хийгдээд тухайн шинжилгээний хариуг үндэслээд Монгол улсын зах зээлд худалдан борлуулах боломж нь бүрддэг.
Гаалийн ерөнхий газрын гаалийн лабороториос гаргасан шинжилгээний дүгнэлтэн дээр аваад үзвэл Иргэний засгийн ерөнхий газар болон Ашигт малтмалын үндэсний газраас гаргасан хариуг авч энэ гурван байгууллагын хариу хоорондоо зөрөөтэй байдаг. 2 лабороторийн хариу зөрөөтэй гарсан тохиолдолд хөндлөнгийн гуравдагч байгууллагаар шинжлүүлэх ёстой байдаг. Үүнийг ямар нэгэн байдлаар шинжлүүлээгүйгээр лаборатори хоорондын багажын зөрүүний асуудлыг тооцож үзээгүй. Манай байгууллагын тухайд авч үзвэл вагон орж ирсэн хөндлөнгийн лаборотороор шинжилгээ өгдөг. Паралель дээж өөрсдөө аваад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг манай байгууллага давхар хянаад явдаг. 4 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК-иас гаргасан шинжилгээний хариуны бичиг дээр мөн адил стандарт шаардлага нь нийцэж байгаа.
Манай байгууллага үүсгэн байгуулагдсанаасаа хойш орос нефтийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж Монгол улсын зах зээл дээр худалдан борлуулж байгаа. Өөрөөр хэлбэл манай бүтээгдэхүүн нь Гаалийн ерөнхий газар болон амберын шинжилгээний хариунуудаас тухайн бүтээгдэхүүн стандартын шаардлага нийцэж байгаа гэдэг нь харагдаж байгаа тул мэргэжлийн хяналт улсын байцаагч нэгдмэл байдлын аргыг ашиглахгүйгээр өөр дүгнэлт гарган хууль бус оршин суухад хардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Манай улс үйлдвэрлэгч орон биш, импортлогч орон. Тухайн үйлдвэрийн чанарын паспорт гэдэг зүйл үйлдвэрээс гаргаж байгаа бид нар үүнийг өөрчлөх ямар ч боломжгүй. Энэ нь вагоныг дагаж ирдэг бичиг юм.
Цаад улс нь Монгол Улсад нийцсэн бүтээгдэхүүнээ манай улс руу нийлүүлж байгаа. Үүнийг үндэслээд хамгийн Монгол Улс руу гаалиар орж ирээд Гаалийн төв лаборатори шинжлээд зах зээл дээр худалдан борлуулах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл энэ шиншилгээ нь чанарын шаардлага хангаагүй бол Гаалийн лабораторын шиншилгээний дүгнэлтээр гарах боломжтой. Тэгтэл энэ дүгнэлтээр ямар нэгэн 7310, 3530 дугаарын чанарын шаардлага бол стандартад нийцсэн байна. Магадгүй шинжилгээ авч байгаа үед шинжилгээний арга барилаас шалтгаалаад тухайн бүтээгдэхүүний чанарт ямар нэгэн нөлөөлөх боломжтой байдаг учраас тухай үед шинжилгээ авахдаа чмар байдлаар авсан, шинжилгээ авч байгаа сав нь ямар байсан үгүй бол дахиад шинжилгээний дүгнэлтэнд нөлөөлдөг 2 дах хүчин зүйл юу гэхээр механик буюу автомат аргаар шинжилдэг.
Лабораторийн аргаар шинжлэхдээ тухайн лаборатори нь шинжилгээ хийж байгаа сав болон бүтээгдэхүүнээр цэвэрлэсэн юм уу эталон гэдэг бодисоор цэвэрлээгүй тохиолдолд. Тухайн бодисоор цэвэрлээгүй тохиолдолд ямар нэгэн байдлаар хүн оролдож байгаа учраас гадны нөлөөтэй шинжилгээний дүгнэлтэнд нөлөөлөх буюу санамсаргүй байдлаар шинжилгээний дээж буруу авсанаас үүдэлтэй эсвэл тухайн бүтээгдэхүүний савны бохирдлоос шалтгаалаад бүтээгдэхүүний шинжилгээнд өөрчлөлт орох боломжтой байдаг. Үүнийг бодолцож үзэхгүйгээр, Төрийн байгууллага шийдвэрээ үндэслээд нотлох үүрэгтэй байдаг. Тэгвэл энэ дээж хангахгүй байна гээд хоёр дахь хөндлөнгийн лаборатори луу яаагаад явуулаагүй вэ. Дээжүүдийг явуулах боломжтой байдаг. Үүнийг ямар нэгэн байдлаар хориглосон зүйл байдаггүй. Гэтэл эцсийн зөв шийдлийг нь гаргахгүйгээр худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүн аж ахуй нэгжид халдаж, эргэлзээтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзсэн.“ гэв.
6.Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний /газрын тос, хий/ улсын ахлах байцаагч А.Б миний бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон. Хяналт шалгалтад оролцох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийн хурлаар тус хяналт шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцсэний үр дүнд газар дээр нь шалгалт хийх, бүтээгдэхүүний дээж авах бүрэлдэхүүнийг дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд тус ажлын хэсгээс шинжилгээнд авсан дээжийг тусгай кодоор тэмдэглэж холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр, мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд /А.Б/-ийг нууцлалыг хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар төлөвлөж шийдвэрлэсэн.
Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд автобензиний 60ш дээж, дизель түлшний 84ш дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай кодоор тэмдэглэж шинжлүүлсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын еренхий газарт ирүүлсэн "Дүгнэлт гаргуулах тухай" хүсэлт болон ажлын хэсгийн гишүүний хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх" гэж заасныг баримтлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/1577 тоот албан бичгээр албажуулан Шударга өрсөлдөөн , хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж ажилласан.
Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нийт 144 шинжилгээний сорилтын тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS 0217:2017, "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS 0217:2017, "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартуудад тавигдсан шаардлагатай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар обьектоос хэдэн дээж авч хаана шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлтэд тус компанид хамааралтай гэх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер С.А, ахлах инженер Ж.С, эрхлэгч Г.Б нарын баталгаажуулсан 2021 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн СШ21/155, СШ21/156, СШ21/171, СШ21/172 дугаартай сорилтын үр дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжээч Ж.Б, дарга Г.О нарын баталгаажуулсан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн GT090 дугаартай сорилтын үр дүнгийн нийт 5 тайланг "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь /Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалтын шаардлага хангасан эсэхийг хянан узэж улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Тухайлбал: 1. СШ21/156 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо 43.3 ± 0.1, СШ21/172 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо 42.7 ± 0.1 тус тус тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 1 дэх хэсэгт тусгагдсан цетаны тоо 45-аас багагүй байх шаардлагыг хангахгүй байгааг дүгнэлтэд тусгасан байна.
2. СШ21/155 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20°С дахь нягт 819.2± 0.1 кг/м³, СШ21/171 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20ºС дахь нягт 819.1±0.1 кг/м3 тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 17 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх шаардлагыг, GT090 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 15°С дахь хувийн жин 845.6 kг/м3 тодорхойлогдсон нь мөн заалтын 1-р хүснэгтийн 16 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 843.4 кг/м³-ээс ихгүй байх шаардлагыг тус тус хангахгүй байгааг улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлтэд тус тус тусгасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаартай дүгнэлттэй холбоотой асуудал нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй тул тайлбар гаргах боломжгүй байна.
Нэхэмжлэлд дурдагдсан лабораторийн шинжилгээний сорилтын үр дүнг алдаатай хийгдсэн, өөр өөр шинжилгээний аргын стандарт ашигласан, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, сорилтын дүн нь зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй, багажийн зөвшөөрөгдөх алдааг тооцоогүй гэх тухайн лабораторийн чадавхи болон шалгах аргын стандарттай холбоотой болон бусад асуудал нь манай газрын чиг үүрэгт хамааралгүй бөгөөд эрх бүхий лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөн дүгнэх боломжгүй юм.
Мөн тус компаниас улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/275 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль зүй мониторингийн хэлтсээс хянан үзээд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2138 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Т п ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тосны бүтээгдэхүүн маань физикийн шинж чанарын хадгалалтын бүтэц болон орчны темпэратур болон хадгалалтын нөхцөл тээвэрлэлтийн нөхцөл гэх зэрэг энэ нөхцөлд байнга шинж чанараа өөрчилж байдаг. Өөрөөр хэлэх юм бол эмзэг бүтээгдэхүүн гэж хэлж болно. Яг үйлдвэрээс ямар шинж чанартай бүтээгдэхүүн гарсан тэр маань үйлдвэрийн савнаас воган цэс рүү дахиад температур нь өөрчлөгдөөд авто систем рүү орж ирээд мөн шатахууны агуулах хадгалалтаас шатахуун түгээх станц гэх мэт олон шат дамжлагатайгаар дамжиж байж эцсийн хэрэглэгч буюу шатахуун түгээх станцын хошуунаас бид нарын тээврийн хэрэгслийн банк руу ордог.
Монгол Улсад энэ олон шат дамжлагаас гадна тухайн үйлдвэрлэлийнхээ шат дамжлаганд хүртэл энэ шат дамжлагч явж байдаг. Тэгэхээр шинжилгээ анх үйлдвэрээс хийснээс хойш шат дамжлагдахууны тухайн бүтээгдэхүүний физикийн шинж чанар өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаас тухайн дээж авсан асуудал яригдаж байна. Тухайн дээж авсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие өөрөө оролцоогүй. Өмнө нь сүүлийн 7 жилд энэ төрлийн шалгалтууд хийгдэж байгаа. Өмнө нь хийгдсэн шалгалтуудаас улбаалаад харахад дүгнэлт гаргах этгээд дээжийг авч тогтоож өгөх нь тухайн шалгуулсан этгээдийн ашиг сонирхлыг зөрчих буюу лабораторийг нь мэдсэнээр дүгнэлтийг эерэг сөрөг гаргах байцаагчийн нөлөө орох гэсэн хардалтууд байдаг.
Ийм учраас энэ удаагийн шалгалтыг улсын байцаагч дүгнэлт гаргах байцаагч аль цэгээс дээж авах аль дээжийг хэдэн цэгээс авах нэг компанаас хичнээн дээж авах аль лабораторид нь аль компанийн дээж өгөх зэрэг энэ асуудлыг тогтоосон. Эцсийн байдлаар нийт 144 ширхэг 2 хавтас бүхий сорилын тайлан ирсэн. Түүнийг цаасан дээр ирэх тоон үзүүлэлтийг цэг таслалгүйгээр хүчин төгөлдөр шаардлага хангаж байна, хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн дүгнэлтэнд шаардлага хангаж байгаа хэсгүүдэд 1 дүгээр заалтад бүгдийн хангаж байгаа үзүүлэлтүүдийг бичсэн. Нийт 144 дээжээс 72 буюу 50 хувь нь хангаагүй 26 аж ахуй нэгж байна. Энэ дотроос шаардлага хангаагүй 18 үзүүлэлтүүд байна. 9 үзүүлэлт нь шаардлага хангаж байсан. 7-9 үзүүлэлт хангахгүй байгааг ялгаж бичсэн.“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т п ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т п ХХК-иас дараах үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.
1/дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй гарсаар байтал манай байгууллагын бүтээгдэхүүнийг илт чанаргүй гэх дүгнэлт гаргасан,
2/хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжилтийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт үйлдсэн.
3/манай байгууллагаас 2021 оны 3 дугаар сард Гаалийн ерөнхий газрын төв лаборатори болон хөндлөнгийн шинжилгээний А ХХК-ийн лабораторид өгсөн шинжилгээний хариунуудыг харахад дээрх үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байна.
4/дээж авсан 73103335 дугаар вагонд дагалдан ирсэн үйлдвэрийн чанарын бичиг дээр цетаны тоо 49.9 гэж заасан бөгөөд бусад үзүүлэлтүүд ч мөн стандартын шаардлага хангаж байна. Мөн хувийн жингийн хувьд 6861:2020 стандартад өвлийн түлшний хувийн жин 840 кг/м3 ихгүй, зуны түлш 860 кг/м3-аас багагүй гэж заасан бөгөөд манай шинжилгээний хариу дээр 819 кг/м3 байгаа нь ямар стандартын ямар шаардлага хангахгүй байгаа нь ойлгомжгүй байна.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, мөн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар хандаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 тоот дүгнэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хүргүүлсэн байна.
4.Маргаан бүхий 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 2, 3 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын СШ21/156, СШ21/172 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй” гэж, дүгнэлтийн 3 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын GT090, СШ21/155, СШ21/171 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй ” гэж тус тус дүгнэсэн.
5.Т п ХХК-ийн дизель түлшний дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид шинжилж СШ21/155 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний нягт 200С-д 819,2±0.1 кг/м3 гэж, СШ21/156 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний цетаны тоо 46.3±0.1 гэж, СШ21/172 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний цетаны тоо 42.7±0.1 гэж тус тус тодорхойлсон.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид өдрийн GT090 дугаартай сорилтын үр дүнгийн нийт 5 тайланг "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг тус тус дүгнэсэн.
Эдгээр шинжилгээний дүгнэлтэд үндэслэн Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан ба тухайлбал дизель түлшний нягт 200С-д 819,2±0.1 кг/м3 гэж гарсан нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 17-д “200С-д нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх” шаардлагыг хангаагүй, дизель түлшний цетаны тоо 42.7±0.1 гэж гарсан нь уг стандартын 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 1-д “цетаны тоо 45-аас багагүй байх” гэж заасныг,
СШ21/155 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20°С дахь нягт 819.2± 0.1 кг/м³, СШ21/171 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20ºС дахь нягт 819.1±0.1 кг/м3 тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 17 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх шаардлагыг, GT090 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 15°С дахь хувийн жин 845.6 kг/м3 тодорхойлогдсон нь мөн заалтын 1-р хүснэгтийн 16 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 843.4 кг/м³-ээс ихгүй байх шаардлагыг тус тус хангахгүй байгааг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Нэхэмжлэгчээс “хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжилтийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт үйлдэж бидний эрх ашгийг зөрчиж” гэж маргасан бөгөөд хариуцагч А.Б нь тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон боловч бүтээгдэхүүний дээж авах ажиллагаанд оролцоогүй болох нь тухайн ажлын хэсгийн уулзалтын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ.
Мөн хариуцагч нь кодоор ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Тп ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаагүй болно.
8. Тп ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэснийг зөрчсөн тул
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр заасны дагуу шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
9.Иймд дээр дурдсан үндэслэлээр Т п ХХК-иас гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан Т п ХХК-иас гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН