Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0690

 

Х******* НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэгч шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******

Нэхэмжлэгч Х******* НҮТББ

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд Ө******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0569 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******

Хэргийн индекс: 128/2026/0104/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* НҮТББ нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан Х******* НҮТББ-иас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй ба хуульд заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдал хөндөгдсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга өөрчлөгдсөн нөхцөлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч буюу итгэмжлэл олгогч нь эрх зүйн бүрэн чадамжгүй болох бөгөөд энэ тохиолдолд өмнө олгосон итгэмжлэл хуульд заасны дагуу дуусгавар болно. Шинээр томилогдсон Засаг даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдаар төлөөлүүлж оролцох эрхийг хангах үүднээс хэргийн оролцогчоос хариуцагчид олгосон итгэмжлэл хуульд заасны дагуу дуусгавар болсон учраас хариуцагчийн итгэмжлэлийн асуудлаар хүсэлт гаргахад шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба нэхэмжлэгч талаас захиргааны байгууллагын удирдлага солигдсон агуулгаар шүүхэд хүсэлт гаргаагүй, хариуцагч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх итгэмжлэл хуульд заасны дагуу дуусгавар болсон тул уг процессын зөрчлийг арилгуулахаар х*******ад шүүх хүлээн авалгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж байна.

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлд бичигдсэн үндэслэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарыг огт харгалзан үзээгүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг хуульд заасан захиргааны акт гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр маргасан байхад энэ талаар шийдвэрт үндэслэл бүхий байдлаар огт дүгнэгдээгүй байна. Шүүхийн шийдвэрийн бүтцийг харахад тухайлбал Үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан өөрт ашигтай гэж үзсэн зарим баримтуудын хүрээнд үйл байдлын талаар дурдсан, хууль зүйн дүгнэлт гэх хэсэгт зөвхөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зохицуулалтын зарим хэсгийг дурдаж хариуцагчид захиргааны акт гаргах эрх олгосон талаарх хуулийн зохицуулалтыг дурдсан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гараагүйг нотолж байна.

3.3. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолд заасан ажиллагааг хариуцагч нар хуульд заасны дагуу шударга ёсны үүднээс хэрэгжүүлсэн эсэх, хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэж оролцсон байхад шүүхийн шийдвэрт уг үйл байдлын талаар үнэлсэн, няцаасан байдлаар дүгнэлт хийгээгүй мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 469 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаар магадлалд заасан ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр албадан биелүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас хэрэгжүүлсэнтэй холбоотой дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа хийгээгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/595 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад гарсан ба, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/576 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл байдлаа болиулсан гэж үзэх үндэслэлтэй учраас шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг дахин хангуулах үр дагаврыг бий болгож байна.

3.4. 2019 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн Ө******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн үндсэн хариуцагч нь Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Ө******* ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж хүсэлт гаргасан эсэх, Нийслэлийн Засаг дарга ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийн дор маргаан бүхий байршилд буй 3.9 га газрыг талуудад зөвхөн хуваах, тулгах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхгүй байх, сүүлд нөхөж төлүүлж шийдвэр гаргах зэрэг захиргааны хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлүүдийг шүүх дүгнэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Улсын дээд шүүхийн 2019 оны 305 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 344 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ маргаан бүхий газрын хэмжээ болон газрын давхцалын талаар тодорхой дүгнэлтүүдийг хийсэн ба 2016 онд Ө******* ХХК-аас Хан-Уул дүүргийн Газрын албанд явуулж байсан албан бичигт газрын хэмжээ бодит байдал 2.5 га хэмжээтэй байсан талаар дурдаж байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 16 оны А/74 дүгээр захирамжаар 3.5 га газрыг 2.5 га хэмжээтэй болгосон үйл байдлаас шалтгаалж хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх хэмжээнд хүрсэн, шүүх давхцалыг тогтоох боломжгүй, давхцал тодорхойгүй болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн талаар дүгнэсэн.

3.5. Түүнчлэн дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд айн газар хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзсэн, бодит нөхцөл байдалд тулгуурлан газар давхцалтай эсэх, давхцалтай байвал түүний зааг, хэмжээг тодорхойлж, маргаан бүхий удыг цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын, аль эсвэл Нийслэлийн Засаг даргын алиных бүрэн эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага өөрөө алдаагаа залруулах боломжтой гэж үзсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас тодорхой үндэслэлээр маргаж байхад дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хариуцагчийн хувьд зөвхөн газрын хэмжээг 3.9 га хэмжээнд тооцож муйхар байдлаар хувааж өгөх байдлаар хүчээр шийдвэр гаргасан ба маргаан бүхий захиргааны актыг гаргахад өмнөх Нийслэлийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх Зөвлөлийн хурлын шийдвэрийг зөрчиж гаргасан агуулгаар уг Зөвлөлийн хууль бус шийдвэрийг биелүүлэх бус шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу хэрэгжүүлж гарах ёстой байдлыг орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.6. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа маргаан бүхий газрын хэмжээг 3.9 га хэмжээнд тооцож хуваах боломжгүй ба Улсын дээд шүүхийн 2019 оны 305 дугаар тогтоолд заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй 6 сарын хугацаа өнгөрсөн тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/128 дугаар захирамж хүчингүй болсон боловч Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/180 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн бөгөөд уг захирамжаар Ө******* ХХК-тай хамааралгүй 2 га газар эзэмших эрх нэхэмжлэгчид өмнө нь олгогдсон бөгөөд уг газрын байршлыг газар эзэмшигчийн хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/585 дугаар захирамжаар зүүн талд Золгож өөрчилж олгогдсон байгааг Зөвлөл хуралдахдаа маргаан бүхий газрыг 3.9 га хэмжээгээр бүхэлд тооцож маргаж буй талуудад хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба өмнө нь төсөл сонгон шалгаруулж, газрын дуудлага худалдааны анхны үнэ төлж авсан газар тул хуваагдах газар биш учраас 2023 онд зөвхөн байршлыг нь өөрчлүүлж авсан байгааг уг Зөвлөлийн хуралдаанд Тамгын газрын хуульчаас дээрх асуудлыг хөндөж тавьж байсан байна. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/595 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байдлаар буюу үлдсэн маргаан бүхий 1.9 га хэмжээтэй газрыг талууд харилцан зөвшилцөж хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх чадваргүй, хүсэл зориггүй тул нэхэмжлэгчид 0.9 га, гуравдагч этгээдэд 1.0 газрыг олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Ө******* ХХК-иас 2023 онд газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй хасагдсан байхад нөхөн төлүүлж маргаантай байдлыг дахин дахин үүсгэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Х******* НҮТББ-ын нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Х******* НҮТББ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Х******* НҮТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах тухай, гуравдагч этгээд Ө******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.2. Гуравдагч этгээд Ө******* ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 23/03 тоот албан бичгээр ... Х******* НҮТББ, Ө******* ХХК нар нь сонсох ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр газрыг хуваан авахаар тохиролцсон тул манай компанид 19082.7 м.кв газрыг шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.

3.3. Улмаар Нийслэлийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тэмдэглэлээр Х******* НҮТББ-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газрыг үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 20000 м.кв хэмжээгээр, Ө******* ХХК-д 19082 м.кв хэмжээгээр тус тус эзэмшүүлэхийг зөвшөөрчээ.

3.4. Нэхэмжлэгч Х******* ТББ нь маргаж буй газар дээр хашаа, цахилгааны дэд станц барьсан тул газрын байршлыг солих санал, хүсэлт гаргасныг Ө******* ХХК зөвшөөрч улмаар талууд кадастрын зургаа эрх бүхий байгууллагаар хийлгэж захиргааны байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

3.5. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Х******* НҮТББ-д үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/595 дугаар захирамжаар үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар Х******* НҮТББ-д 9082 м.кв газрыг, Ө******* ХХК-д 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлжээ.

3.6. Үүнийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ө******* ХХК нь нийслэлийн Засаг даргад хандан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18/24 тоот албан бичгээр ...манай компанид олговол зохих 9082 м.кв газрыг бидэнд шилжүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасны дагуу маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/576 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/595 дугаар захирамжийн хавсралтын 79 дэх хэсгийн Ө******* ХХК-д үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 10000 м.кв газрын талбайн хэмжээг 19082 м.кв болгон нэмэгдүүлж, мөн захирамжийн хавсралтын Х******* төрийн бус байгууллагад холбогдох 78 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх, 21.2.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заажээ.

3.8. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх болон газар эзэмших эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй байх бөгөөд уг бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/576 дугаар захирамжийг гаргасан гэж үзнэ.

3.9. Учир нь, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн төслийн хавсралтад Х******* НҮТББ 20,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, харин Ө******* ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр хасахаар тусгасан ч гуравдагч этгээд Ө******* ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газрын дуудлага худалдааны үнэ болох 302,269,968.00 төгрөгийг төлснөөр Нийслэлийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар Ө******* ХХК-д 19,082 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн 88.89 хувийн саналаар зөвшөөрсөн байна.

3.10. Энэ тохиолдолд газар эзэмших эрх олгохоос хасах үндэслэл арилсан байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга 2024 оны А/595 дугаар захирамжийг гаргахдаа дээрх сонсох ажиллагаа болон зөвлөлийн шийдвэр, газрын төлбөр төлсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр талбайн хэмжээг өөрчилж, Х******* НҮТББ-д 9,082 м.кв, Ө******* ХХК-д 10,011 м.кв газар олгосон нь буруу байх тул Нийслэлийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/576 дугаар захирамжаар Ө******* ХХК-ийн газрын хэмжээг 19,082 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

3.11. Энэ талаар анхан шатны шүүх ... Хариуцагч нь Зөвлөлийн хурлаас дэмжсэн талбайн хэмжээг өөрчилсөн шалтгаан, үндэслэлээ тухайн актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль ёсны байх зарчим, 4.2.5-д заасан захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ. Захиргааны байгууллага урьд гаргасан шийдвэрийнхээ энэхүү алдааг гомдлын дагуу хянан тогтоож, маргаан бүхий 2025 оны А/576 дугаар захирамжаар Ө******* ХХК-ийн газрын хэмжээг анх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс дэмжсэн хэмжээ буюу 19,082 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан алдаатай шийдвэрийг өөрөө залруулах эрх хэмжээний хүрээнд байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм... гэх үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

4. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Нийслэлийн Засаг дарга солигдсон тул хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэл дуусгавар болсон гэх хүсэлт гаргасан байх бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дахь төлөөлөл дуусгавар болох үндэслэлүүдийг тухайлан заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй захиргааны байгууллагын удирдлага солигдсон гэх нөхцөл байдал нь тус зохицуулалтад хамаарахгүй болно ... гэж зөв тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... хариуцагч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх итгэмжлэл хуульд заасны дагуу дуусгавар болсон тул уг процессын зөрчлийг арилгуулахаар х*******ад шүүх хүлээн авалгүйгээр шүүх хуралдаан үргэлжилсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж байна... гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх шийдвэрлэж, тусгай санал гарсан болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* НҮТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ