Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 112

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч О.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-497) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Загасны овогт Оюунбилэгийн Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0516 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Загасны овогт Оюунбилэгийн Нямсүрэн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3-122 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ШЖ87062115, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Нямсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 07 цагийн үед Б.Ууганбаярын эзэмшлийн Хьюндай Верна аксент загварын 38-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Велл март дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2. дахь заалт буюу “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас М.Хашчулууны жолоодож явсан Тоёота Приус загварын 61-95 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж М.Хандсүрэнд 378.000 төгрөгийн шууд, 523.000 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан,

Мөн дээрх хэрэгт сэжигтнээр тооцогдон 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

1.1. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийн үйл баримтын тухайд:

Шүүгдэгч О.Нямсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Велл март” дэлгүүрийн урд замаар Б.Ууганбаярын эзэмшлийн “Хьюндай Верна-аксент” загварын 38-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2. дахь заалт буюу “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас М.Хашчулууны жолоодож явсан “Тоёота Приус” загварын 61-95 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, М.Хандсүрэнд 378.000 төгрөгийн шууд, 523.000 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад, ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь;

1. Шүүгдэгч О.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэргүүддээ чин санаанаас гэмшиж, бусдад учруулсан хохирлоо төлж, гэм хорыг бүрэн арилгасан тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

2. Хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Миний машины баруун хойд талын хаалга, крыло, буфер хэсэгт хонхойгоод зурагдсан байсан. Улмаар би өөрийнхөө машиныг журмын хашаанаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр авахад 530.000 төгрөг төлж авсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Толгойтын автозасварын газарт машинаа 180.000 төгрөгөөр янзлуулсан. Би нийт 710.000 төгрөг нэхэмжилж байна. хохирлоо барагдуулбал гомдол саналгүй болно... гэх мэдүүлэг (хх-ийн 114 дүгээр хуудас),

3. Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Би машиныхаа эвдрэл хохирлын үнэлгээг зохих байгууллагаар хийлгэж, үнэлгээний дагуу хохирлыг нэхэмжлэх болно. Хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 11),

4. Иргэний хариуцагч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цаг 30 минутын үед намайг гэртээ эхнэр хоёр хүүхдийн хамт байж байхад манай хөрш айлын Нямсүрэн нь хашааны гаднаас дуудсан. Тэр үед би ганцаараа гараад очсон чинь Нямсүрэн нь тортой архи, ундаа барьчихсан ирсэн. Тэгээд намайг цуг ууя гэхээр нь гэрийнхээ ойролцоо сууж байгаад 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи уусан. Тэгээд би түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 30 минутын үед манай эхнэр намайг нэлээн ууртай дуудсан. Тэгэхээр нь би “яасан юу болсон бэ” гэсэн чинь “машинаа олж ав” гэсэн. Би “машин яасан юм бэ” гэхэд эхнэр “урд шөнө 05 цаг 30 минутын үед Нямсүрэн машиныг чинь аваад явчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би Нямсүрэнгийн утас руу залгасан чинь өөрөө утсаа аваад “найз нь баларсан, машиныг чинь барьж яваад машин мөргөсөн, найз нь орой машиныг чинь бариад яваад очно” гэж хэлээд утсаа тасалсан. Би түүнд машин барих зөвшөөрөл өгөөгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 13-14),

5. Иргэний нэхэмжлэгч М.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү М.Хашчулуун над руу утсаар холбогдож, таны машиныг машин шүргэчихээд зугтаачихлаа гэхээр нь би тэр даруй ослын газарт очиход, Хашчулуун мөргөсөн машиныг хөөж яваад Тахилтад очсон байсан. Би Хашчулуунд машинаа өгч явуулсан. Тэгээд мөргөсөн машины жолооч нь байхгүй, машинаа үлдээгээд өөрөө явганаар зугтаасан байсан. Гомдолтой байна, үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас),

6. Гэрч М.Хашчулууны мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн үүрээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Вэлл март дэлгүүрийн урд замд би Тоёота Приус загварын 61-95 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал миний зүүн гар талаар цагаан өнгийн Хьюндай Верна загварын 38-13 УБП дугаартай автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж орж ирээд зүүн талын үзүүрийг шүргээд улмаар урд гараад зогссон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад тухайн машины жолоочтой нь уулзах гэсэн боловч машинаасаа бууж ирэлгүй буцаж эргээд баруун тийшээ яваад өгөхөөр нь 102-т дуудлага өгсөн. Гэтэл цагдаагаас над руу залгаад “таны машиныг мөргөсөн машин явсан бол мөргөлдсөн газраа тэмдэглээд араас нь яв” гэхээр нь Орбитын тойрог ороод зогсож байтал гудамжны дундаас мөргөсөн машин маань гарч ирэхээр нь араас нь хөөсөөр байгаад Тахилт руу орсон чинь тухайн машины бензин нь дуусаад зогссон. Тэгээд би машинаа хажууд нь зогсоогоод машинаасаа буутал тухайн машины жолооч нь явганаар зугтаагаад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас),

7. Гэрч Г.Булганхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: Нямсүрэн нь үүрээр 05 цаг 30 минутын үед ганцаараа орж ирээд “хоол байна уу” гэхээр нь “юун хоол яриад байгаа юм бэ, машины түлхүүрээ авъя” гэхэд “машины чинь түлхүүрийг нуусан байгаа, нуусан газраа хэлье” гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би араас нь хувцсаа өмсөөд гарсан чинь Нямсүрэн манай нөхрийн Хьюндай Верна загварын 38-13 УБП дугаартай автомашиныг асаагаад бариад яваад өгсөн. Тэгтэл манай нөхөр Нямсүрэн рүү залгасан чинь “уучлаарай машиныг чинь барьж яваад аваар хийчихлээ” гэж хэлээд утсаа тасалсан... гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас),

8. Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хьюндай Верна загварын 38-13 УБП дугаартай машиныг яг хэзээ янзалснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан цас ороогүй дулаахан байсан. Тухайн тээврийн хэрэгслийг 200.000 төгрөгөөр янзалж өгнө гэсэн чинь машиных нь эзэн гэх залуу гуйгаад байхаар нь 180.000 төгрөгөөр янзалж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 133 дугаар хуудас),

9. Косто-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний газрын “Тоёота приус-20” загварын автомашинд 523.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан (хх-ийн 43 дугаар хуудас),

10. Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай: Хьюндай верна загварын 38-13 УБП дугаартай автомашины жолооч О.Нямсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах  бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх: 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 10.2 Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино. 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота приус 20 загварын 61-95 УБВ улсын дугаартай автомашины жолооч М.Хашчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт (хх-ийн 139-140 дүгээр хуудас),

11. Тээврийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай: “О.Нямсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 05 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Тахилтын 03-408 тоот хашаанаас иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн Хьюндай верна загварын 38-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг ба О.Нямсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ууганбаярт учруулсан хохирол болох нийт 710.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн байх тул яллагдагч О.Нямсүрэнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1. дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол (хх-ийн 177-178 дугаар хуудас),

12. Шүүгдэгч О.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд би гэртээ 0.75 литрийн Хараа нэртэй лонхны талаар архи байсныг ганцаараа уугаад 05 цагийн үед хөрш айлынх руу орж үүдний амбаарын дээвэр дээрээс нь машиных нь түлхүүрийг аваад машинд нь суугаад асаатал Ууганбаярын эхнэр ганцаараа гарч ирсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй цагаан өнгөтэй “Хьюндай верна” загварын 38-13 УБП дугаартай автомашиныг жолоодоод Жуков орж, эхнэрээ авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вэлл март” дэлгүүрийн урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр 50-60 орчим км/цагийн хурдтай явж байгаад урд явсан цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын автомашины зүүн гар талаар гүйцэж түрүүлээд ортол түс тас гэх чимээ гарахаар нь ослын газарт зогссон. Улмаар би “Тоёота Приус-20” загварын автомашины жолоочтой нь уулзсан боловч замын цагдаагийн газар дуудлага өгнө гэхээр нь тэр үедээ халамцуу машин барьж явсан болохоор айж сандарсандаа эргэж суугаад машинаа бариад явсан. Тэгтэл араас “Тоёота Приус-20” загварын автомашины жолооч хөөсөн. Тэгээд би машинаа бариад зугтаагаад Тахилтын гудамж руу ортол бензин дуусаад зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад явганаар зугтаачихсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

2.2. Мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэргийн үйл баримтын тухайд:

 Шүүгдэгч О.Нямсүрэн нь эрүүгийн 2016 2400 0516 дугаартай хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр тооцогдож, мөн өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн болох нь;

1. Гэрч Р.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Нямсүрэнг яг хэдэн сард явсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 8 сарын сүүлээр самранд яваад ирсэн. Тэгээд гэртээ хэд хоноод “Сэлэнгэ аймаг руу самранд явна” гэж ярьж байгаад хаашаа ч юм яваад өгсөн. Улмаар Нямсүрэн нь 10 сарын эхээр ирсэн. Тэгээд би Нямсүрэнгийн хамт хорооллын эцэст нийтийн байранд нэг өрөө хөлсөлж амьдрах болсон. Нямсүрэн хорооллын эцэст баригдаж буй барилга дээр мужаан хийдэг байсан. Би тэр үед түүнийг удаа дараа “цагдаагийн байгууллага дээр очиж хэргээ шийдвэрлүүл” гэж хэлэхээр “чи намайг дарамталлаа” гэж уурлаад байхаар нь хэлж чаддаггүй байсан. Энэ миний буруу... гэх мэдүүлэг (хх-ийн 130 дугаар хуудас),

2. Гэрч Г.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний хувьд О.Нямсүрэнг түүний эхнэрийн хамт батлан даалтад авчихаад 2016 оны 8 дугаар сард Дархан-Уул аймаг руу яваад нэг сар гаран болоод ирсэн. Би Нямсүрэнг хаанаас хайхав дээ ямар нэгэн боломж олдоогүй. Хааяа нэг эхнэртэй нь таараад “Нямсүрэн цагдаагийн байгуулага дээр очсон уу” гэж асуухад “манай нөхөр самранд явчихсан байгаа ирээгүй байна” гэж хэлдэг байсан. 2016 оны 10 сарын дундуур Хархорин зах дээр явж байгаад Дэлгэрмаа, Нямсүрэн нартай таарсан. Тэр үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч санаанд ороогүй... гэх мэдүүлэг (хх-ийн 131дүгээр хуудас),

3. Гэрч Х.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорооллын эцсийн Бугат-67 дэд хэсэгт би цагдаагийн дэд ахлагч Доржсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд бид хоёр үдээс хойш 12-13 цагийн хооронд дэд хэсгийн байрны гадна зогсож байтал 30-35 орчим насны нэгэн танихгүй эрэгтэй халамцуу байдалтай ирээд “Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэс хаана байдаг юм бэ” гэж асуухаар нь би  “1, 2, 3 дугаар хэлтэс гэж байгаа аль нь юм бэ” гэхэд намайг аль нэг хэлтэс рүү нь хүргээд өгчих, би замаа мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би “чи замаа өөрөө олоод явахгүй юу” гэж хэлтэл намайг цагдаагийн байгууллагаас хайж байгаа гэж хэлэхээр нь би түүнийг дагуулаад байр руу ороод санд түүний регистрийн дугаараар шүүж үзсэн чинь Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан. Тэгээд ойролцоогоор 30-40 орчим минутын дараа эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ихбаяр ирээд тэр согтуу залууг хүлээж авсан... гэх мэдүүлэг (хх-ийн 134-135 дугаар хуудас),

4. Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг эрэн сурвалжилсан талаарх нотлох баримтууд (хх-ийн 171-172 дугаар хуудас),

5. Тээврийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2. дахь хэсэгт заасан “сэжигтэн оргон зайлсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх тухай тогтоол (хх-ийн 58 дугаар хуудас),

6. Тээврийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 59 дүгээр хуудас),

7. Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 86а дугаартай Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай тогтоол (хх-ийн 110 дугаар хуудас),

8. Шүүгдэгч О.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш надад мөнгө төгрөгийн боломж болохгүй байхаар нь Хэнтий аймгийн Мөнгөнморьтын “Таван салаа” гэх газар руу таньдаг хүмүүсийнхээ хамт самранд явж 2016 оны 8 дугаар сарын сүүлээр хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилгоор Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд би хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж өгчихөөд ар гэрийнхэнтэйгээ 3 удаа уулзчихаад найз нөхдийнхөө гэрээр хонож яваад өдийг хүрсэн юм. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан нь миний буруу. Одоогоор бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Би ар гэрийнхэнтэйгээ 2016 оны 8 дугаар сарын сүүлээр, 9 дүгээр сарын дундуур, 12 сарын 31-ний өдөр очиж уулзсан... гэх мэдүүлэг (хх-ийн 150 дугаар хуудас),

...Би эхнэр Дэлгэрмаа болон хамаатан Ариунтунгалаг нарын батлан даалтад байсан. Намайг хаана байгааг аль аль нь мэдэхгүй байсан. Би тэр үед холбоо барих утасгүй байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 05-06-ны үеэр Ариунтунгалаг руу залгахад “чамайг цагдаагийн байгууллагаас хайгаад байна” гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш 4-5 хоног найз нөхдийнхөөрөө байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцсийн цагдаагийн хэсэг дээр халамцуу очсон юм... гэх мэдүүлэг (хх-ийн 154-155) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56, 101), иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт (хх-ийн 74, 120), Цагдаагийн байцгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 89-94) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч О.Нямсүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх О.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч О.Нямсүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 56, 101) байх тул шүүгдэгч О.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Нямсүрэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг О.Нямсүрэнгийн байнга оршин суух буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 03-122 тоот хаягийн харьяаллаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгалаа.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Ууганбаяр баримтаар 530.000 төгрөг, машины засварт 180.000 төгрөг нийт 710.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Хандсүрэн баримтаар нийт 548.000 төгрөг тус бүр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Нямсүрэн тэдэнд учирсан хохирол, гэм хорыг бүрэн төлсөн болох нь хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дөрөв. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Нямсүрэн бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч О.Нямсүрэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Загасны овогт Оюунбилэгийн Нямсүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч О.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2. дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 74 (далан дөрөв) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Нямсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямсүрэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд шүүгдэгч О.Нямсүрэн нь захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг анхааруулсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Нямсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Нямсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА