Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 2325000000574 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Г-ын Л

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **** тоотод эхнэр Г.Т-н зүүн гуя болон баруун шилбийг заазуураар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 6-10-р тал/

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 11-13-р тал/

3. Хохирогч Г.Т-н “2023 оны 10 дугаар сарын 23-ны үеэр нөхөр Л над руу утсаар ярьж байгаад Орхон аймагт байгаа миний амьдарч байгаа гэрт ирээд манай гэрт хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Л өглөө босоод гарч яваад 15-16 цагийн орчимд ирсэн. Би гурван хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Л орж ирээд хэсэг унтсан. Л бид хоёр гадуур гараад дүү Б-н   гэрт очсон. Гэрээс нь гараад Зэст баг үйл ажиллагаа явуулдаг Шугар нэртэй бааранд орсон. Бааранд ороод хэсэг байж байгаад гэртээ харьсан. Гэртээ харихад 22-23 цаг болж байсан санагдаж байна. Ингээд хүүхдүүдийнхээ хамт унтаж амарсан. Бага хүү Б  уйлаад байхаар нь би түүнийг загнахад Л хөлөөрөө миний нуруу хэсэгт өшиглөөд хүүхэд загналаа гэсэн. Би хэзээ насандаа хүүхдээ анхаардаг байсан юм бэ гээд бид 2 маргалдсан. Энэ үед Л чамайг ална, алчихсан ч яадаг юм бэ гээд янз бүрээр хэлээд байхаар нь би гал тогооны өрөө рүү очиж шүүгээд байсан ногоон иштэй заазуурыг аваад буцаж унтлагын өрөө рүү ороод ингээд ал гэж хэлээд гартаа барьсан заазуураа Л-ий урд шидсэн. Л газар сууж байснаа заазуурыг аваад миний зүүн гуя хэсэг рүү заазуураар цохих шиг болсон. Би дотуур хувцастайгаа Л-ний урд зогсож байсан ба гуянаас их хэмжээгээр цус гарч байсан” гэх мэдүүлэг. /хх-н 17-18-р тал/

4. Гэрч Г.Б-н “манай төрсөн ах Л над руу залгаад Т  заазуур барьж ирэхээр нь би аваад заазуурдчихлаа гэхээр нь би Наран багийн **** тоотод очсон чинь Л ах хүүхдээ тэвэрсэн, нэг нь уйлсан, том нь унтаж байсан. Т  эгч хөлөө бариад сууж байсан. Би юу болсон талаар асуухад эхнэр нь хүүхдээ загнаад хэрүүл болж маргалдаад Т  эгч заазуур барьж ирээд намайг алаад өг гэж хэлэхээр нь заазуурыг нь аваад зүссэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-н 22-р тал/

5. Гэрч С.Н-н “2023 оны 10 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг 48 минутад төрсөн ах Г-н  охин Т  залгаад Л заазуурдчихлаа гэж хэлээд уйлаад байсан. Би түргэн тусламжийн 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн, дараа нь Цагдаагийн газрын 102-т дуудлага өгсөн. Ингээд гэрээсээ гараад Наран багийн **** тоот байшинд эхнэр М-н  хамт очиход Л-ий дүү гэх эмэгтэй ирсэн байсан. Т  унтлагын өрөөний үүдний хэсэгт газар сууж байсан. Байшинд ороход шал их хэмжээний цус мэт зүйл болчихсон байсан. Зүүн талын гуя зүсэгдсэн, баруун талын хөлийн шилбэ зүсэгдсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-н 24-р тал/

6. Гэрч А.А-н “2023 оны 09 дүгээр сард Т ийг дахин зодож цохисон гэхээр нь би охин дээрээ очиход Т ийн нүүр ам хөхөрчихсөн, зодуулчихсан байсан. Би охиныхоо гэрт байх үед Л гэрээсээ гарч яваад ирэхдээ шар айраг барьчихсан орж ирсэн. Ууж дуусаад намайг болон Т ийг зодсон. Би Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан боловч охин маань гуйгаад байсан болохоор цагдаагийн хэлтсээс өргөдлөө буцааж аваад гомдол саналгүй гэсэн. ингээд охиноо 3 хүүхдийнх нь хамт аваад Орхон аймагт ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 26-27-р тал/

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 969 дугаартай Г.Т-н биед зүүн гуя, баруун шилбэнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт.х-н 37-38-р тал/

8. Шинжээч эмч Э.Б-н “зүүн гуянд 27 см босоо байрлалтай, баруун шилбэний доод хэсэгт 8.5 см босоо байрлалтай ирмэг тэгш, ирмэг дагуу цайвар шаргал өнгөтэй өнгөц шархтай гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг. /хх-н 43-44-р тал/

9. Яллагдагч Г.Л-ий “Т ийг чи битгий хүүхэд зодоод бай гэж хэлсэн чинь эхнэр намайг чи хэзээ хүүхдээ анхаардаг болчихсон юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдаж, хэрэлдэж эхэлсэн. Хэрэлдэж, маргалдаж байгаад нэг харсан чинь эхнэр Т  намайг алаад өг гэж хэлээд гартаа заазуур бариад хоолойндоо тулгачихсан над руу дайраад байсан. Энэ үед би түүнийг болиод өгөөч гэж хэлээд гарт нь байсан заазуурыг авах гэж булаацалдсан. Миний санаж байгаагаар заазуурыг авах гэж булаацалдаж байх үед цус гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-н 52-53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л  дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Л нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **** тоотод 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эхнэр Г.Т-н зүүн гуя болон баруун шилбийг заазуураар зүсэж гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц  дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Хуулийн зйүлчлэлийг зөвшөөрч байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Имйд торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.Т-н “Л газар сууж байснаа заазуурыг аваад миний зүүн гуя хэсэг рүү заазуураар цохих шиг болсон, гуянаас их хэмжээгээр цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н   “манай төрсөн ах Л над руу залгаад Т  заазуур барьж ирэхээр нь би аваад заазуурдчихлаа гэсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Н-н “2023 оны 10 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг 48 минутад төрсөн ах Г-н  охин Т  залгаад Л заазуурдчихлаа гэж хэлээд уйлаад байсан” гэх мэдүүлэг, гэрч А.А-н “2023 оны 09 дүгээр сард Т ийг дахин зодож цохисон гэхээр нь би охин дээрээ очиход Т ийн нүүр ам хөхөрчихсөн, зодуулчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 969 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Э.Б-н “зүүн гуянд 27см босоо байрлалтай, баруун шилбэний доод хэсэгт 8.5см босоо байрлалтай ирмэг тэгш, ирмэг дагуу цайвар шаргал өнгөтэй өнгөц шархтай гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Л-ий “Т  намайг алаад өг гэж хэлээд гартаа заазуур бариад хоолойндоо тулгачихсан над руу дайраад байсан. Энэ үед би түүнийг болиод өгөөч гэж хэлээд гарт нь байсан заазуурыг авах гэж булаацалдсан. Миний санаж байгаагаар заазуурыг авах гэж булаацалдаж байх үед цус гараад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Л нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **** тоотод эхнэр Г.Т тэй маргалдаж, зүүн гуя болон баруун шилбийг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Л нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Л-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-н эрүүл мэндэд нь зүүн гуя, баруун шилбэнд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А