| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01782/И |
| Дугаар | 155/ШШ2021/00056 |
| Огноо | 2021-01-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2021/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01782/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр баг, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., О... овогт Г.Д. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дүгээр баг, Хотгорын аманд оршин суух, регистрийн дугаар Р..., Т.. овогт Б.Г...холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У..., хариуцагч Б.Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Д. нь Б.Г. 2016 оны 4 сараас үерхэж 2017 онд жирэмсэн болж, 2018 оны 02 сард хүүхдээ төрүүлсэн. Тухайн үед Б.Г гэр бүл болж, амьдрах талаар төлөвлөөгүй байсан тул олдсон хүүхдээ авахуулах гэтэл Б.Г. нь “болно бүтнэ, ээж гэр барьж өгнө, чамайг болон хүүхдээ тэжээн тэтгээд амьдарч чадна” гэж ятгасан тул өөрийн эх, эцэгт ч жирэмсэн болсноо хэлэлгүй нууж явсаар хүүхдээ 6 сар болсны дараа мэдэгдэж байсан. Үүнээс хойш өөрийнхөө ах, эцэг, эхийнхээ хажууд 2018 оны 2 сараас 2018 оны 10 сар хүртэл хүүхдээ асарч хамт амьдарч байгаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Б.Г. аав, ээжийнх нь төхөөрч гэрт хуримаа хийж хамт амьдарсан. Дараагийн хүүхэд Г.М. маань 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. 2018 оны 11 сараас Б.Г. ааш араншин танигдаж, ууж идэж, ааш авир гаргаж сэтгэл зовоож эхэлсэн бөгөөд 12 сараас эхлэн 2-3 хоногоор ууж идэж явдаг болсон. Миний хувьд нялх биетэй Б.Г. араас хөөцөлдөж явах боломжгүй, эх, эцгээрээ асруулаад гэртээ хүлээгээд суудаг болсон. Б.Г. энэ байдал үүнээс хойш огт засраагүй бөгөөд үргэлж худлаа ярьж архи уудаг байдал үргэлжилсээр байсан. 2020 оны 5 сард миний эх, эцгээс тусдаа салж нүүсэн. Үүнээс хойш намайг болон миний ар гэр, эх, эцгийг байнга хэл амаар дайрч, эх, эцгийг минь пизъда, гөлөг, чацга гэх мэтээр доромжилж намайг байнгын сэтгэл санааны дарамтанд байлгаж, охинд минь хатуу хандаж эхэлсэн. Улмаар 2020 оны 6 сараас надад гар хүрч эхэлсэн бөгөөд тухайн үед хөх няц, болтол чимхэж, үснээс зулгааж, зодсон. 2020 оны 7 сард гэртээ архидаж цээж рүү өшиглөж зодсон. Ийнхүү зодохдоо намайг бэлгийн харилцааны өмнө жирэмснээс хамгаалах эм уусангүй гэж буруутгасан. Энэ нь миний спирал тавиулах сонирхолтой Б.Гомбожав зөрчилддөгтэй холбоотой байсан. Бэлгийн харилцаанд орохгүй гэхээр тэгвэл эм уугаад бэлгийн ажил хий гэж дарамталсан. Б.Г. нь намайг “2 дүүгээрээ зодуулаад цус нөжтэй нь аав, ээж дээр чинь өөрөө чирч очино” гэж айлгаж, дарамталсан. Мөн энэ оны 7 сард том охин Г.Э.өөрөө хоолоо идэхгүй, асгаж уйллаа гэх өчүүхэн шалтгаанаар цамцных нь захнаас базаж орон дээр шидэж бөгсийг нь улайтал алгадаж хэрцгий хандсан. Г.Э. ийм байдлаар хандаж байгаа нь 2 дахь удаа болсон учир би сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон. Энэ мэт шалтгаанаар охинд хатуу хэрцгий ханддаг тул охин эцгээсээ байнга айж, архи уухаар нь байнга айж цочиж хөшдөг, гэдэс нь дүүрдэг болсон. Цаашид охинд минь ямар байдлаар хандах нь сэтгэл зовоож байна. Эх, эцгийн минь хажууд байхад намайг ингэж доромжилж, зодож чаддаггүй байсан гэдгийг одоо би баттай ойлгож байна. Тиймээс эх, эцгийнхээ амьд сэрүүнд Б.Г. албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж авмаар байна. Б.Г.нь урьд нь амьдрал зохиож байсан ч тухайн асуудлыг би сөхдөггүй байсан бөгөөд яагаад салж байсныг одоо яс махандаа тултал ойлгож байна. Б.Г. гэр бүлдээ хандах байдал үүгээр дуусахгүй. Тэрээр гэр бүлээ огт тэжээн тэдгэдэггүй. Үр хүүхэддээ огт анхаарал тавьдаггүй, өмсөж зүүхээр үргэлж дутааж, тэдний төлөө огт санаа зовохгүй өнөөдрийг хүрсэн. Үр хүүхдүүдийнхээ төлөө 5 цаас олж ирдэггүй. Ганц ч удаа хүүхдүүдийнхээ дансанд мөнгө, орлого хийж байгаагүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх хүсэлгүй нь надад нэгэнт ойлгомжтой болсон. Би өөрийн эх, эцгээсээ болгож, үхрээ сааж, эхийн 50.000 төгрөг дээрээ нэмж орлого олох байдлаар өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ тэжээн тэтгэж ирсэн. Гэсэн ч Б.Г. огт талархаж байгаагүй, харин ч надаас байнга мөнгө нэхэж, айлд зарцлагдлаа гэх мэтээр намайг буруутгаж ирсэн. Гэрт байнгын хэрүүлтэй байдлаар 5 сараас хойш амьдарч байсан.
Бид шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 2 удаа орсон. Би шүүхэд амьдралынхаа үнэн зөвийг ярьж тайлбарладаг бөгөөд Б.Г. үргэлж үгүйсгэж, эх, эцгийг минь буруутгаж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулахаар би өөрөө бие даан шийдэж байгаа гэдгийг огт ойлгодоггүй. Шүүх, цагдаа ярихаар тэр муу цагдаа, шүүхийг чинь чацга болгоно гэх мэтээр намайг даапаалдаг. Цаашид бид хамтран амьдарвал хүүхдийн хүмүүжил, зан төлөвт муугаар нөлөөлөх, цаашлаад Б.Г.нь намайг яаж ч магадгүй айдастай байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
Б.Г. нь хүүхдээ асрах нь битгий хэл байнга хэрүүл хийж, байнга худлаа ярьж бусдын итгэлийг алдаж явдаг, бас хэрцгийн авиртай байдлаар миний 2 хүүхдүүдийг асрах, тэжээн тэтгэх ямар ч боломжгүй. Би 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдүүддээ эцэг Б.Г.с нь тэтгэлэг тогтоолгон гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Г.Д., Б.Г. бидний гэрлэлтийг цуцалж, Г.Э., Г.М. нарыг эх Г.Д. миний асрамжид үлдээж, эцэг Б.Г.нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Г. нь эхнэр Г.Д. 2016 оноос үерхэж байгаад 2018 онд хурмаа хийж албан ёсоор гэр бүл болсон. Үүнээс хойш 2 хүүхэдтэй болсон. Г.Д. нь гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг өөрөө бичиж өгөөгүй байна. Бидний дундуур хадам аав маань байнга орж, биднийг салгах гэж оролддог. Бид тусдаа амьдраад хурим найраа хийгээд нэг гэрт ороод 7 хоног ч болоогүй байхад малынхаа ажилд туслуулахаар өөсрдийн эрх ашгийн төлөө биднийг нүүлгэн гэрийнхээ гадаа аваачиж буулгасан. Г.Д бид хоёр хадмын малыг харж тэдэнд чадах ядахаараа тус болж байсан. Бид нялх хүүхэдтэй ч гэсэн тэдний төлөө малыг нь маллаж байсан. Гэтэл намайг байнгын зодож дарамталдаг мэтээр бичиж, ярьж байна. Г.Д. “... намайг байнгын сэтгэл санааны дарамтанд, охинд минь хатуу хандаж эхэлсэн...” гэж бичиж, тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Энэ нь аавынх нь хэлж, бичүүлж байгаа санаа гэж би бодож байна. Охинд минь хатуу хандсан гэдэг нь ойлгомжгүй бөгөөд миний дагавар охин юм шиг бичиж, тайлбарлаж байна. Г.Д.нь өөрсдийн бэлгийн харьцааны талаар ингэж ярьж, бичих хүн биш юм. Энэ тал дээр ч бидний хооронд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Намайг бүх л талаар буруутгах гэж оролдож байна. Би эхнэр хүүхдээ л гэж бодож явдаг, илүү дутуу зодоон маргаан бид хоёрын дунд байхгүй. Гэр орноо тэжээн тэтгэдэггүй, хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, байнга мөнгө нэхдэг гэх зэргээр бичиж, ярьж байгааг нь ч ойлгохгүй байна. Эхнэр маань бичиг үсэг мэдэхгүй, сургуульд суугаагүй, зөвхөн эцэг, эхийнхээ зөвлөсөнөөр л явдаг хүн. Гэрлэлтээ цуцлуулах гээд байгаа нь ч зөвхөн аавынхаа үгээр ороод л гаргаж байгаа хүсэлт. Хадам ээж маань янз бүрийн юм ярьж бидний амьдралд оролцдоггүй. Манай эхнэр алга болчихоор нь архи уугаад хэзээ ирж зодож, дарамтлах бол гэж байнгын айдастай байдаг гэж тайлбарлаж байна. Би архи уусан ч гэртээ хэзээ ч согтуу ордоггүй, гэрийнхээ ойролцоо байж байгаад архиа гаргаад гэртээ ирдэг. Архи уух гол шалтгаан нь хадам аавтайгаа таарамжгүй байдгаас болдог. Хадам аав маань өөрөө архи уудаг, архи уухаар агсам согтуу тавьж, гэр бүлийнхнийгээ дарамталдаг. Эхнэр маань багаасаа ийм дарамтад байсан болохоор тэр сэтгэхүйгээрээ л сэтгээд байдаг болохоос би архи ууж, айлгадаггүй. Би өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан боловч тэд маань зам тээврийн ослын улмаас нас барцгаасан. Би хагацал зовлон үзсэн болохоор дахин амьдын хагацал үзэж, эхнэр хүүхдээсээ салмааргүй байна.
Иймд би гэр бүлээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ өөрөө авна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д. нь хариуцагч Б.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000061 дүгээрт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Д., хариуцагч Б.Г. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Т. овогт Г.Э., 2019 оны 10 дугаар 13-ны өдөр хүү Т.овогт Г.М. нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хүүхдийн эцэг тогтоосон тухай лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Д. нь охин Г.Э., хүү Г.М.н нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Б.Г. хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн байх тул охин Г.Э., хүү Г.М нарыг эх Г.Д. асрамжид үлдээлээ.
Охин Г.Э., хүү Г.М. нарыг эх Г.Д. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Г.эх Г.Д. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин Г.Э, хүү Г.М. нарт сар бүр эцэг Б.Г. тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж,
7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.Г.138.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д.т олголоо.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г., нэхэмжлэгч Г.Д. нарт шүүхээс эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р..., О..овогт Г.Д., регистрийн дугаар Р..., Т.. овогт Б.Г. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2018 оны 02 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, охин Т. овогт Г.Э., регистрийн дугаар Р.., 2019 оны 10 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, хүү Т.. овогт Г.М. нарыг эх Г.Д. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р., 2018 оны 02 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, охин Т.. овогт Г.Э., регистрийн дугаар Р..., 2019 оны 10 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, хүү Т. овогт Г. М. нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Г... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Г... 138.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА