Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2336003040336 дугаартай, 178/2024/0033/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 ******* Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой,мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын13-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хууль хамрагдаж байсан гэх,  ******* ургийн овогт *******гийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.*******гийн байшинд 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр нэвтэрч ясан хяртай, мөнгөн даруулгатай, нанжин гахай гөлөмтэй, жийжүү дөрөөтэй мөнгөн баавартай хуучны эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 9,000,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-р хуудас)

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11-р хуудас)

-Хохирогч П.*******гийн өгсөн...би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сумын төвд байдаг байшиндаа иртэл цонхны хажууд байсан эмээл алга байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирээд цонхны хажууд байсан эмээлээс тохмыг нь салгаж аваад хөдөө явсан. Эмээл яг хэзээ алга болсныг огт анзаараагүй. Манай эмээл ясан хяртай, мөнгөн даруулгатай, нанжин гахай гөлөмтэй, хуучны эмээл байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас)

-Гэрч М.*******ийн өгсөн...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай эхнэр П.******* над руу залгаад гэрт байсан эмээл алга болсон тухай хэлсэн. Тэр эмээл нь манай 3 үеийн эцэг өвгөдөөс дамжиж ирсэн хуучны эмээл юм...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-р хуудас)

- гэрч Н.*******гийн өгсөн... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгчөөс эмээлийн талаар сонсоод хүү Б.*******аас асуухад “ ******* аймгийн Жаргалант сумын Сон*******т төвийн ломбарданд 1,000,000 төгрөгний барьцаанд тавьсан” гэж хэлсэн. Би Б.*******аас 700,000 төгрөг дансаараа шилжүүлж аваад өөрөө 400,000 төгрөг нэмээд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уг эмээлийг ломбарднаас очиж авсан. Тухайн айл руу цоожийг нь эвдэж орж авсан гэдгээ надад хэлсэн... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 25-р хуудас)

-“Мөнх наран” ХХК-ний  хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 26-27-р хуудас)

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-30-р хуудас)

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-32-р хуудас)

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-р хуудас)

- Эд зүйл үнэлсэн шинжээчийн ...ясан хяртай, мөнгөн даруулгатай, нанжин гахай гөлөмтэй, жийжүү дөрөөтэй,мөнгөн баавартай хуучны эмээл-9,000,000 төгрөг... гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 43-р хуудас)

- Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2023 оны 8 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ манай эхнэр Зулаа аймгийн төрөх эмнэлэгт төрөөд хүүхдээ авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлага гараад надад мөнгө байхгүй байсан тул ******* гэх айлын байшинд орж хоймор нь байсан эмээлийг аваад хөлсний машинд сууж аймгийн төвд ирсэн.Уг эмээлээ Сон*******т төв дотор байрлах ломбарданд 1 сая төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө эхнэртээ өгсөн.Манай хүүхэд хот руу эмчилгээнд яваагүй, аймагт 2 сар эмчилгээ хийлгэсэн.Тухайн айл эзэнгүй, хашааны хаалга нь онгорхой, байшин нь цоожтой байхаар нь цоожийг нь татсан чинь онгойчихоор гэрт нь орж том өрөөнд нь байсан эмээлийг аваад буцаж гараад хаалгыг нь цоожилсон.Уг эмээлийг авч яваад ******* сумаас замын машинд сууж аймгийн төвд ирээд Сон*******т төв дотор байх ломбарданд 1 сая төгрөгний барьцаанд тавьсан... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 58-р хуудас)

-Гэрч Ш.ий өгсөн...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусаж Б.******* ирж эмээлээ авах байтал ирээгүй учир утас руу нь 2 удаа мессэж бичсэн. 20-оод хоногийн дараа Б.*******ийн аав ээж гэх 2 хүн ирээд Б.*******тай утсаар яриулаад 1,100,000 төгрөгийг бэлнээр төлөөд эмээлийг аваад явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-р хуудас)

- “Ган-Ууган” ломбардны баримт (хавтаст хэргийн 65-р хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх М.*******ийн байшинд нэвтэрч том өрөөнд нь байсан  хуучны эмээлийг хулгайлж аваад ******* аймгийн Жаргалант сумын Сон******* төвийн байранд байх “Ган-Ууган” ломбардны газарт 1,000,000 төгрөгний барьцаанд тавьсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.*******ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх М.*******ийн байшинд эзэнгүй үед нь нэвтэрч гэрт нь байсан эмээлийг мэдэгдэлгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

2.2. Хүний орон байранд болон тусгайлан хамгаалсан байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иймд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 2.3. Шүүгдэгч Б.******* нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж аваад цааш барьцаалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгч нь гэр бүлийнхээ эрүүл мэнд, амьжиргааны эх үүсвэрээ хангахдаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүй нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

2.5. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “ Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг өгсөн болно.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1.Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч П.*******д 9,000,000 төгрөгний хохирол учирчээ.

Эд мөрийн баримтаар тооцогдож хураан авсан эмээлийг хохирогч П.*******д буцаан олгосон (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) бөгөөд хохирогч нь ”миний бие эмээлээ хайж ******* аймаг руу 2-3 удаа орж ирсэн, эмээлийнхээ үнэлгээ гаргуулж мөнгө төлсөн.Эмээлээ буцааж авсан, сэтгэл санааны хохирол 1 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-р хуудас) баримтаар шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлсөн гэж үзнэ. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77дугаар хуудас), эд хөрөнгийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас)эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 87-97 дугаар хуудас), мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 98-111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэрлээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа өмч хөрөнгөгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй гэх хувийн байдал тогтоогдож байна.

 2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 3. Улсын яллагч “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын боломжит доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Тухайн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж “ болохоор хуульчилжээ. Гэвч тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хэм хэмжээг хэрэглэх нэг ******* урьдач нөхцөл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх юм.

 Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөгдсөн, сэтгэцэд учирсан гэмт хорыг барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг   01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2336003040336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж хохирогч П.*******д олгосугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС