Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

2023       12         26                                          2024/ШЦТ/10

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 2325000000660 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т овгийн Д-ний А,

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Ж.М-той өөрийг нь зодсон гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний сулрал, урууланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Д.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ж.М-н “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найзуудтайгаа заал авна гэж яриад Ч  бид хоёрыг А нэг найзынхаа хамт ирж авсан. Тэгээд хотын төв рүү орцгоосон. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны гудамжны тэр хавьд байдаг маргад Б зааланд очиход цаг байхгүй гэхээр нь бид гурав тэндээс гараад Vegas баар орсон. Тэнд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд баар хаах үеэр гарч ирээд хорооллын эцэс болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 орж идэх юм авсан. Тэрийгээ машиндаа идэцгээсэн. Тэнд байсан нэг эмэгтэй харьлаа намайг хүргээд өг гэхээр нь А , Ч  хоёр жоохон байж байгаач гэсэн. Би бол хүргээд өгье гэж хэлсэн. Машинаас А бид хоёр тамхи татах гээд буусан. Гадаа зогсож байтал манай төрсөн ах Н-тай  таарсан. Тэгээд намайг харих болоогүй юм уу гэхэд би одоо харилаа гэж хэлсэн. Тэгээд ах яваад өгсөн. Машиндаа суугаад наад охиноо хүргээд өгчихье би ч гэсэн харилаа хэдүүлээ харьцгаая гэсэн. А , Ч  хоёр байж байгаа ч гэхээр нь би яахын бэ гээд тэр охины цүнхийг аваад машинаас буусан. Би тухайн үед тэр охиныг ардаас буугаад ирэх байх гэж бодсон. Тэгээд би алхаж явахдаа ах Н руу залгаад намайг ирээд аваач би доош алхаж байна гэхэд ах удаагүй хүрээд ирсэн. Бид хоёр гэртээ ороод ор дэрээ засаад унтах гээд хэвтэж байтал А , Ч , Б  гурав ээлжилж над руу залгаад байсан. Би гар утас унтрах гээд байсан болохоор цэнэглэчхээд гарья гэж бодсон. Тэгсэн гэрт А ороод ирсэн. Тэгэхээр нь гэрт согтуу орж ирлээ гээд алгадаж авсан. Тэгсэн А би гадаа байж байя гэж хэлээд гарсан. Би хувцсаа өмсөөд ахын хамт гарсан. А хашаан дотор зогсож байхаар нь би яваад очсон. Чи гэрт согтуу орж ирлээ ээж байхад чинь гэж хэлсэн. А ыг би тэвэрч аваад хойш унагаачихсан. Тэгээд би дээрээс нь хоёр гурван удаа цохиж авсан. Тэгээд толгойгоо гараараа хаагаад байсан. Гаднаас Ч  ороод ирсэн. Би хашааны гадаа байгаа машин дээр очоод Б ийг чи бууж ирээд цүнхээ ав гараад ир гэсэн. Тэгээд би хашааны хаалга онгойлгоод тэр охинд цүнхийг нь өгөх санаатай хашааны хаалгаа татаад ортол урдаас А миний уруул руу гараараа цохиж авсан. Бид хоёрыг Ч  тэр охин хоёр салгасан. Гараараа амаа дартал аймар их цус гарсан. Шүдээ гараараа барьж үзэхэд хөдөлчихсөн байсан. Тэгэхээр нь би шүдээ уначихлаа гэж бодсон. Тэгээд гэртээ ороод унтаж амарсан. Унтахаасаа өмнө А руу чамайг би маргааш цагдаад өгнө гэж чат бичсэн. Бааранд хүн амьтантай А маргалдаад байсан. Ч  бид хоёр салгаад авч гарч ирсэн. Тэгээд машинд суугаад явахаас эхлээд надад уурлаад үг хаяад байсан. Б ийг гарч орж явахаар нь намайг ардаас нь яваад аваад ир чи таньдгаараа гээд байлгахгүй байсан. Ер нь гаргаж байгаа ааш авир нь надаас Б ийг харамлаад байна гэж ойлгосон. Би тэр Б тэй ямар ч хамааралгүй. Зүгээр таньдаг танилууд юм. Тэгсэн надаас л хол байлгах гээд янз бүрийн ааш авир гаргаад байсан. Би эмнэлэгт очиж үзүүлсэн. Үүдэн дөрвөн шүд хөдөлгөөнд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бэхэлгээ хийсэн. Арьс хөхөрдөг шиг чиний шүд хөх цэнхэр өнгийн туяа үүснэ гэхээр нь би яаж янзлуулах уу гэхэд сувгийн эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шүдний сувгийн эмчилгээ хэд болох бэ гэхэд 200 000 төгрөг болно гэсэн. Сувгийн эмчилгээ хийлгээд энэ гурван шүдийг цууралттай байна гэж хэлсэн. А надаас уучлалт гуйгаад эмчилгээ хийлгэх мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн. Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй тул надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлагагүй. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14, 16-р тал/

2. Гэрч Э-н  “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би цагийг нь мэдээгүй. Маргааш орой нь манай хүү найз Ж.М-той маргалдаад уруул руу нь цохиод шүдийг нь гэмтээсэн талаар надад хэлсэн. Яагаад гэвэл манай хүү сууж тогтож өгөхгүй унтахгүй нэг л зовуурьтай байхаар нь би асуутал хэлэхгүй байж байгаад үнэнээ хэлсэн. Би ч уйлж бариад загнаад найзтай нь уулзана гэхэд манай хүү яах юм бэ ээж бид хоёр хоорондоо ярилцсан талаар хэлсэн. Тэгсэн найз нь нэг дэх өдөр цагдаад өргөдөл өгсөн талаараа хэлсэн. Тэгээд бид хоёр найзынх нь гэрийн гадаа очиж уулзаад уучлалт гуйсан. Тэгээд бид хоёр хохирол мөнгө төгрөг болох 2 сая төгрөг өгсөн. Одоо манай хүүд гомдолгүй гэж хэлж байсан. Б гэх охины цүнхийг авах гэж найз М-н гэрт орсон байсан. Тэгсэн найз нь босож ирээд цохиж аваад гадаа гаргасан байсан. Тэгснээ араас нь гарч ирээд бас цохиж барьсан байсан. Тэгээд унагааж байгаад толгой тархи руу нь өшиглөсөн байсан. Манай хүү уурлаад тэвчихгүй цохисон гэж надад хэлсэн. Манай хүү 2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой гэртээ орж ирэхдээ дуу нь цаашаа орчихсон байдалтай орж ирсэн. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тэрнээс хойш бие нь өвдсөн барьсан зүйл байхгүй. Одоо ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

3. Гэрч Д.Ч гийн “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А , түүний найз, М , бид дөрөв зааланд тоглох гэтэл цаг байхгүй учраас бааранд орохоор болсон. Тэгээд бааранд ороод сууж байтал Б  гэх охинтой таарсан. Тэндээс гараад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэст үйл ажиллагаа явуулдаг GS25 орж юм идэцгээсэн. Тэгээд авсан зүйлээ машиндаа орж идсэн. Би нойл ороод ирэх хооронд М  Б ийн цүнхийг аваад яваад өгсөн байсан. Тэгээд гэрийнхэн гадаа Б ийн цүнхийг авах гэж очсон. М-н гар утас руу залгахаар авахгүй байсан болохоор А гэрт нь явж орсон. Тэгсэн чинь намайг цохьсон гэсээр гарч ирсэн. А хувцсаа тайлаад М той юм ярина гэхээр нь би маргалдах гэж байгаа юм байхдаа гэж бодоод маргалдаж зодолдохгүй шүү гэхэд юу гэж дээ гэчихээд хашаа руу нь явж орсон. Би машиндаа буцаад суусан. Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдсан бололтой орилоод явчихаар нь би машинаас буугаад очиж салгасан. Тэгсэн тэр үед М-н ах гарч ирсэн. Тэгээд би ахад нь та М ийг авчих би А ыг аваад явлаа гэсэн. М  машин дээр очоод Б ийг цүнхээ ав гэж хэлээд А ардаас нь очоод тэр хоёр ахиад маргалдсан. Тэгсэн А М-н уруул хэсэг рүү цохичихсон. Би тэр хоёрыг дахин салгачихаад Б ийн цүнхийг аваад А ыг машинд суулгаад М-н гэрээс явсан. М  ахтайгаа гэртээ үлдсэн. Ах нь тухайн үед ууж идчихээд аятайхан байхад яадаг байна гэж хэлж байсан. Энэ хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. А ын гэрт нь орсон чинь М  цохисон байсан. Би тэрнээс болсон гэж бодож байна. Миний харснаар А нэг л удаа М ийг цохисон. Цохиход уруулнаас нь цус гарсан. Би М ийг А ыг цохисныг бол хараагүй, А цохиулсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/

4. Гэрч Ч.Б ийн “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр М , А , Ч  бас нэг танихгүй залуу дөрөвтэй би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Vegas” бааранд таарсан. Тэгсэн баар хаах үеэр тэндээс М , А , Ч  нарын хамт гарсан. Бид өлсөөд хорооллын GS25 орж идэх юм авсан. Тэгээд А харилаа гэхэд найзууд нь байж байгаа ч хүргээд өгнө гэж байсан. Би машинаас буугаад гадаа зогсож байтал М  явъя гээд миний цүнхийг машинаас буухдаа барьцан бууж ирсэн. Би юу болсон яасан бэ гэхэд явъя хүргээд өгье гэж хэлсэн. Намайг GS25 ороод гараад ирсэн чинь М  миний цүнхийг аваад явчихсан байсан. Би уулан юм аваад цуг явах гэж байсан. Тэгээд найзуудтай нь хамт гэрийнхэн гадаа очсон. Ч , А хоёр гэрт нь орж уулзчихаад ирнэ гээд машинаас буусан. Удаагүй М  машины хаалга татаад намайг буугаад ир гэсэн. Тэгээд би буугаад хашаа руу нь орсон. А , М  хоёр барьцалдаад авсан. Би тэр хоёрыг боль гэж хэлсэн. А нүүр хэсэг рүү аймар эвгүй цохисон. Тэгээд амнаас нь цус гарсан. А , М  хоёрыг боль гэхэд болихгүй байсан. А оос би чи яагаад ингэж байгаа юм гэж асуухад эхлээд намайг ороход М  зөндөө зодсон гэж хэлсэн. Би өөдөөс нь хариу үзүүлээгүй зодуулсан талаараа ярьсан. Тэгээд би ганц удаа цохичихлоо гэж хариулсан. Тэгээд бид явцгаасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

5. Гэрч Ж.Н-н “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ харих гээд хорооллын эцэс дээр явж байтал манай дүү М  найз А ын хамт явж байсан. Тэгээд би дүү М ийг хаачих гэж байна хурдан хариарай гэж хэлчихээд яваад өгсөн. Гэртээ орох гээд гудам руу орох гэтэл манай дүү М  над руу залгаад ирээд аваач гэж залгасан. Тэгээд би дүүгээ эргэж очиж авсан. Гэртээ орж ирээд гэрлээ унтраагаад орондоо орох гэж байхад гаднаас А ганцаараа орж ирсэн. Тэгээд А , М  хоёр гарсан. Би араас нь гартал тэр хоёр маргалдаж байсан. А ыг М  газар унгааснаа дээрээс нь хэд хэд цохиж авсан. Цаанаас Ч  ирсэн. Би наанаас очиж салгасан. Тэгээд би М ийг аваад оръё, чи найзыгаа аваад яв гэж Ч д хэлсэн. М  хашааны хаалгаар гараад ороод ирэх үед нь А цохиод авсан. Манай дүү М  нэг охины цүнх аваад ирсэн байсан. Тэр цүнхийг авах гэж найзууд нь ирсэн байсан. Би тэр охины цүнхийг машинаас аваад Ч д өгсөн. Тэгээд би дүүгээ аваад гэртээ орсон. А ыг найзууд нь аваад явсан. Гэрт ороход ээж унтаж байсан. Тэгээд дүү бид хоёр унтацгаасан. Тэд нар согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан. Энэ хоёрыг маргалдсан шалтгааныг мэдэхгүй байна. М-н нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Би М  А ыг цохиж байсныг харсан. Газар унагааснаа хоёроос гурван удаа цохиж авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1028 дугаартай “Ж.М-н биед 2 шүдний сулрал, уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-29-р тал/

7. “**** ” ХХК-ний тодорхойлолт. /хх-н 30-р тал

8. Яллагдагч Д.А ын “Би уг тогтоолтой танилцлаа. Би гэм буруугаа ухамсарлаж байна. Тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз М-н гэрт ортол надад чи одоо яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би за андаа гараад ирээ гэчихээд гарсан. Тэгсэн хойноос гарч ирээд намайг хавсарч унгаагаад цохиод байсан. Би уулан тэднийд Б ийн цүнхийг авах гэж орсон юм. Тэгээд М  намайг цохиод байсан болохоор Ч  ирж салгасан. М  хашаанаас гараад эргэж орж ирэх үед нь би уур хүрээд тэвчээгүй гараараа нэг удаа цохиж авсан. Би хохирол барагдуулсан, уучлалт гуйсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.А нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Ж.М-той өөрийг нь зодсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний сулрал, урууланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.М-н “А миний уруул руу гараараа цохиж авсан. Гараараа амаа дартал аймар их цус гарсан. Шүдээ гараараа барьж үзэхэд хөдөлчихсөн байсан, тэгэхээр нь би шүдээ уначихлаа гэж бодсон” гэх мэдүүлэг, гэрч Э-н  “манай хүү найз Ж.М-той маргалдаад уруул руу нь цохиод шүдийг нь гэмтээсэн талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Ч гийн “А М-н уруул хэсэг рүү цохичихсон” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б ийн “А , М  хоёр барьцалдаад авсан. Би тэр хоёрыг боль гэж хэлсэн. А нүүр хэсэг рүү аймар эвгүй цохисон. Тэгээд амнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Нямдагвын: “М  хашааны хаалгаар гараад ороод ирэх үед нь А цохиод авсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1028 дугаартай дүгнэлт “**** ” ХХК-ний тодорхойлолт, яллагдагч Д.А ын “М  хашаанаас гараад эргэж орж ирэх үед нь би уур хүрээд тэвчээгүй гараараа нэг удаа цохиж авсан. Би хохирол барагдуулсан, уучлалт гуйсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.А нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Ж.М-той маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний сулрал, урууланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Д.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Ж.М-н биед 2 шүдний сулрал, урууланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Д-ий А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А