| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01697/И |
| Дугаар | 155/ШШ2020/02137 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2020/02137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01697/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар Н..., У... овогт Г.Б.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Х.. овогт А.Д. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.Б., хариуцагч А.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б. нь А.Д 2007 онд танилцаж, 2007 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн бид хамт амьдраад охин Д. 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, хүү Д. 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. А.Д. нь хамт амьдарч эхэлсэн үеэс л архи ууж элдвээр хэлэн зодож нүддэг болж, үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болсон. Одоо сүүлдээ хүүхдүүдийнхээ идэх талхыг гэрээсээ авч гарч архичин хүмүүст өгдөг болсон. Би засрах байх гэж зөндөө л харлаа. Энэ хүн өөрийнхөө байдлыг ухамсарлаж ойлгохгүй байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Хүүхдүүд маань ч гэр орондоо тайван байж чадахгүй, хүүхдийн хүмүүжилд энэ хүний архи ууж, гэр бүлийнхнээ дарамталдаг байдал нь муугаар нөлөөлж байгаа тул цаашид цуг амьдрах боломжгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэв.
Хариуцагч А.Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Д.нь 2007 онд эхнэр Г.Б. гэрлэж хоёр хүүхэдтэй болсон. Би архи ууж эхнэр хүүхдээ зовоож байсан нь үнэн. Би модонд явж байгаад модонд даруулж бэртээд тэрнээс хойш бие өвдөхөөр өвчин намдаах эм, архи их уух болсон. Эхнэр намайг ямар ч хамаагүй хүнтэй хардана. Архи уугаад ороод ирэхээр ажилгүй гуйлгачин гэж дуудахаар нь би ажил олдохгүй болохоор уурандаа архи их уусан. Би Мөрөн худалдааны төвд ажилд орсон. Архи уухгүй бараг 2 сар болж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний гэрлэлтийг цуцалбал хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б. нь хариуцагч А.Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг, 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0043787-181 дүгээрт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбаруудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Б., хариуцагч А.Д. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 9 дүгээр сарын ... -ны өдөр охин Х.. овогт Д.Д., 2011 оны 5 дугаар ...-ны өдөр хүү Х. овогт Д. Д. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.Б. охин Д.Д., хүү Д.Д. нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч А.Д. хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй тул охин Д.Д., хүү Д.Д. нарыг эх Г.Б.-н асрамжид үлдээлээ.
Охин Д.Д., хүү Д.Д.нарыг эх Г.Б.-н асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг А.Д., эх Г.Б. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул охин Д.Д., хүү Д.Д нарт сар бүр эцэг А.Д тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна. гэж,
7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул хариуцагч А.Д. 158.916 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б. олголоо.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нэхэмжлэгч Г.Б.нарт шүүхээс эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Н..., У .Г.Буянжаргал, регистрийн дугаар РЭ..., Хариад овогт А.Д. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ..........., 2008 оны 9 дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, охин Х..овогт Д.Д, регистрийн дугаар РЮ......, 2011 оны 5 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, хүү Х. овогт Д.Д. нарыг эх Г.Б. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ...., 2011 оны 5 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, хүү Х.овогт Д.Д.11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, регистрийн дугаар РЮ......., 2008 оны 9 дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, охин Х. овогт Д.Д, хүү Х.овогт Д.Д нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Д сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч А.Д 158.916 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА