| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0022/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Э.Мөнх-Оргил,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2423000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ийг хохирогч Х.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.******* гэрт хохирогч Х. “чи өмнө нь манай гэрийн тооноор орж, манай ээж, дүү нарыг айлгасан” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, хавдар, хамрын хянга ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Х.*******: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед манай ангийн найз Г. над руу гар утсаар яриад чамайг А. дуудаж байна. А.******* гэрт хүрээд ирээч гэхээр нь яваад очтол тэднийд манай ангийн Г., Н. нар пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар пиво уугаад, хөзөр тоглоод сууж байтал манай ангийн Б. нөхөр Б.*******ийн хамт орж ирээд дараа манай ангийн Д. ирсэн. Тэгээд А. 1 шил архи задалсныг бид нар бүгд хувааж уусан. Тэгээд архи дуусахаар нь би гэртээ очоод гэрээсээ 0.5 литрийн Агар, 0.75 литрийн Экс зэрэг 2 шил архи авчирч А., Н., Б. түүний нөхөр Б.*******, Д. бид нар хувааж уусан. Тэр үед Г. гэр рүүгээ явсан байсан. Тэгээд бид нар үргэлжлүүлэн архи уугаад сууж байтал Б.******* над руу үг хаяад байсан бөгөөд чи өмнө нь манай тооноор орж, манай ээж дүү нарыг айлгасан биз дээ гэж над руу уурлаж, согтуурхаад намайг заамдаж аваад хоолой боож гараараа нүд рүү 1 цохисон. Тэгээд Д.. А., Б. нар салгасан боловч Б.******* нь дахин надаас зуурч татаад гэрийн гадна гаргаж ирээд намайг унагаад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би чамд хийсэн гэм байхгүй, чи намайг битгий цохиж зодооч гэж Б.*******ээс гуйсан боловч Б.******* чамайг өнөө шөнө алсан байсан ч яадаг юм гээд дайраад байсан. Тэгээд мөн Д., А., Б. нар гэрээс гарч ирээд Б.*******ийг салгаад эхнэр нь түүнийг аваад явсан. Би ******* гэрт хоносон. Би эмнэлэгт хэвтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Харин дусал /шингэн/ хийлгүүлэх, эм уух зэргийн мөнгө төгрөгийг бүгдийг нь Б.******* гаргаж төлж надад эмчилгээ хийлгүүлсэн. ...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Яллагдагч Б.******* нь миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээг өөрөө авч өгч надад учруулсан хохирлоо нөхөн төлж өгсөн. Надад хохирол нөхөн төлүүлсэн баримт байхгүй. Бид 2 сайн дураараа эвлэрсэн тул Б.*******эд холбогдох хэргийг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хх-н 5-6-р хуудас/
- Гэрч А.******* “...2024 оны 02 сарын 13-ны орой ангийн хүүхдүүдтэйгээ гэртээ хөзөр тоглонгоо ганц 1 шил архи, пиво ууж сууж байгаад ангийнхаа хүүхэд Б. руу яриад дуудсан чинь хөдөөгөөс орж ирж байна яваад очъё гэсэн. Удалгүй Б. нөхөр Б.*******ийн хамт ирсэн. Түүний өмнө манай ангийн Д. ирээд би гэртээ байсан тул 1 шил архи нэмж задлаад найзуудтайгаа хувааж уусан. Тэгээд архи дуусах үед Х. гарж яваад 2 шил архи авчирсныг мөн бид нар хувааж уусан. Тэгээд сууж байтал Б.*******, Х. нар хоорондоо юм яриад байгаа бололтой сууж байснаа Б.******* Х.******* нүүр рүү цохчихсон. Тэгээд бид нар салгасан боловч тэр 2 гэрээс гараад явсан. Эвлэрэх байх гэж бодоод араас нь гараад иртэл Б.******* Х. түлхэж унагаад, цохих гээд байсан. Харин түүний эхнэр , Б.*******ийн гараас бариад автал хөлөөрөө Х. өшиглөчихсөн юм. Тэгээд Х. манайд орж ирж унтаад бусад нь гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-н 9-р хуудас/,
- Гэрч Н.ы “...2024 оны 02 сарын 13-ны орой 12 цагийн үед манай ангийнхан А.******* гэрт хөзөр тоглох гэж байна хамт очъё гээд манай ангийн намайг ирж гэрээс аваад суманд байдаг манай ангийнхан ангийн хүүхэд А.*******д хөзөр тоглонгоо 2 том пиво, 4 шил архи уусан. Тэгээд бүгд нэлээн халсан байсан бөгөөд ын нөхөр Б.*******, Х. нар хоорондоо юм яриад байгаа бололтой байснаа гэнэт муудалцаад 1 харахад Б.******* Х. цохиод байсан. Манай ангийнхан салгасан боловч удалгүй тэр 2 гараад явсан. Би бие засах гээд гартал Х.******* хамраас цус гарсан, хажууд нь Б., Б.*******, А. нар байсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай “...1. Иргэн Х.******* биед: Баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, хавдар, Хамрын хянга ясны хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
2 .Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гадны цохилтын улмаас үүснэ.
4. Иргэн Х.******* биед: Баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, хавдар, Хамрын хянга ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Х.******* эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг шүүгдэгч Б.******* төлсөн, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ