| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Батцогт,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330003340221 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ... дугаар баг .... тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Т овогт П-ийн Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр алтны эрэл хайгуул хийх, олборлохоор ... улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт очиж, “Commander” гэх бичиглэлтэй том тавагтай хайгч 1 ширхэг, “Minelab” гэх бичиглэлтэй хайгч /1000-тай/ 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас эхнэртэйгээ хамт эмнэлэгт үзүүлэх гээд Дорноговь аймгийн төвд орж ирсэн. Тэгээд дэлгүүрт явж байхад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хойш 60 километрт юм гарч байна гэж хүмүүс ярилцаж байсан. Тэр яриаг сонсоод би авгайгаа “хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд авгайтайгаа хамт явсан чинь нөгөө газраа олохгүй төөрч явж байгаад шөнө 02 цагийн орчим очих газартаа очсон. Тэгээд тэр газар очиход дугуй хагарсан. Тэгээд цагдаад баригдсан. Сүүлд сонсоход Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт ирсэн байсан. Металл хайгчаа угсарсан чинь дугуй хагарсан байсан. Тэгээд дугуйгаа сольж байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хүүхдүүдийнхээ оюутны төлбөрийг төлөх гэж байсан. Бас эхнэрийн талын өнчин хоёр хүүхэд байдаг. Тэдний төлбөрийг төлөх гээд явсан” гэв.
- Иргэний нэхэмжлэгч Ж.Батцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн газрыг ухаж амжаагүй байсан. Манай залуучууд очиход ухаагүй дугуйгаа солиод байж байсан. Нэхэмжлэх зүйлгүй, хохирол байхгүй” гэв.
Эрүүгийн 2230001490025 дугаартай хэргээс:
- Гэрч *******ын “...ертөнцийн зүгээр урагш явж байхад хар өнгийн “Nissan Juke” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл дугуй нь хагарсан байдалтай зогсож байсан. Тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан. Тухайн хүмүүс бүгд металл хайгч, багаж, хоол хүнс машиныхаа багажид тээвэрлэж явсан учраас тухайн машинуудыг Түвшинширээ сум руу дагуулан очиход цагдаагийн газрын экологийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүн суманд ирсэн байсан тул тухайн хүмүүсийг тээврийн хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өгсөн.
...Би тухайн хүмүүсийг танихгүй, тухайн хүмүүс өөрсдийгөө “Дорноговь аймгийн хүмүүс” гэж хэлж байсан ба энд алт гарсан гэж сонсоод ирсэн талаараа ярьж байсан.” гэх (хх 38-39 дүгээр хуудас),
- Гэрч *******ийн “...цаашаа явж байхад дахин нэг хар өнгийн “Nissan Juke” маркийн, улсын дугааргүй машин таарсан. Тухайн машин дугуй нь хагарсан байдалтай, дотор нь 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. “Дорноговь аймгаас ирсэн. Энд алт гарсан гэж сонсоод ирсэн” талаараа ярьж байсан.” гэх (хх 41-43 дугаар хуудас) мэдүүлэг,
- Хэргийн газарт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 5-10 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх 21-24 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай “Түвшинширээ сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна” гэх албан тоот (хх 27 дугаар хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302214 дугаартай “... улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 18,384,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 48-59 дүгээр хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302215 дугаартай ““Minelab” 1000 металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 2,400,000 төгрөг, “Minelab” 5000 металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 3,150,000 төгрөг, жижиг молдок багажийн зах зээлийн үнэлгээ 186,666.7 төгрөг, нийт 5,736,666.7 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 65-78 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 93-94 дүгээр хуудас),
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх 96-99 дүгээр хуудас),
- “Nissan Juke” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хх 101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр алтны эрэл хайгуул хийх, олборлохоор ... улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт очиж, “Commander” гэх бичиглэлтэй том тавагтай хайгч 1 ширхэг, “Minelab” гэх бичиглэлтэй хайгч /1000-тай/ 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна иргэний нэхэмжлэгч Ж.Батцогт, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, хэргийн газарт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэдэгт: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсныг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нь хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газарт халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
“Газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгоно.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ... явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байгаль орчинд бодит хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан газар ухагч молдок 1 ширхэг, 2 ширхэг металл хайгч багаж, 2 ширхэг хүрз, 1 ширхэг газар ухагч зэрэг эд зүйлийг хураан авч, улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 18,384,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулах” гэх дүгнэлтийг гаргав.
3.3. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас шууд хохирол учраагүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорноговь аймгийн үндсэн харьяат бөгөөд тус аймагт оршин суудаг болох нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”-ны хуудас, түүний биеийн байцаалт зэргээр нотлон тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, ... ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ... хариуцан хөтөлнө” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ...явуулсан”-ы улмаас байгаль орчинд бусад хохирол учраагүй бөгөөд иргэний нэхэмжлэгчийн зүгээс шууд бус хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
5.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлийн 18,384,400 төгрөгийн үнэлгээтэй “Nissan Juke-YF15” маркийн 14-09 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өөрийн өмчлөлийн “Commander” загварын хайгч 1 ширхэг, “Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, молдок багаж 1 ширхэг, хүрз 2 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг зэргийг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan Juke-YF15” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн *******ын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх 46) “Тээврийн хэрэгслийн лавлагаа” (хх 101) зэргээр нотлогдон тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Nissan Juke-YF15” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч *******т буцаан олгох нь зүйтэй.
Харин тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 18,384,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, түүний өмчлөлийн “Commander” загварын хайгч 1 ширхэг, “Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, молдок багаж 1 ширхэг, хүрз 2 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг зэргийг хуульд заасан журмын дагуу хураан авч,төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
“Nissan Juke-YF15” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч ******* болон шүүгдэгч нарт тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэднээс хуульд заасан хугацаанд тусгайлан санал хүсэлт, гомдол гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт П-ийн Б-ыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болсон болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын өмчлөлийн ... улсын дугаартай “Nissan Juke-YF15” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 18,384,400 төгрөгийг, *******ын эзэмшлийн “Commander” загварын хайгч 1 ширхэг, “Minelab GM5” загварын металл хайгч 1 ширхэг, молдок багаж 1 ширхэг, хүрз 2 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 1 ширхэг”-ийг хураан авч,төсвийн орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар иргэн *******ын өмчлөлийн ... улсын дугаартай “Nissan Juke-YF15” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ