| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,
Иргэний нэхэмжлэгч ,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2330003330220 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын слесарь мэргэжилтэй, малчин, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын .... дүгээр баг ....гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт С-ын М,
Хоёр. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ... дугаар баг “...” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт С-ын М
Гурав. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын .... дүгээр баг “.... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр алтны эрэл хайгуул хийх, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатайгаар нэгдэн, ******* ******* улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт очиж, “Minelab GM10” загварын металл хайгч нэг ширхэг, “Minelab GM05” загварын металл хайгч 2 ширхэг, “Mono” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж 2 ширхэг (осков) зэрэг техник хэрэгсэл ашиглаж 0,408 грамм алт олборлосон, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би *******тай уулзаад Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 23 цагийн үед очсон. Тэгээд хайгчаа аваад буугаад 10 минут орчим болж байхад хүмүүс гэнэт бужигналдаад тал тал тийшээ зугтсан. Бид хэд бас машиндаа суугаад хаашаа явахаа мэдэхгүй зугтааж байгаад баригдсан. Би газар ухаагүй. *******, ******* хоёр хэдэн нүх ухсаныг би тоолоогүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байна. Миний хоёр металл хайгчийг эд мөрийн баримтаар хураасан байгаа.” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт ирээд бид машинаасаа буугаад 20 орчим минут болж байхад тэнд байсан машинууд гэнэт асаад явсан. Тэгэхээр нь бид ч гэсэн машинаа асаагаад 2 километр орчим явж байхад хажуу талаас машин орж ирээд бид нарыг бариад авсан. Би 10 орчим нүх ухсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан алтыг би олборлосон.” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар тэр газар очоод удаагүй байхад гэнэт машинууд давхилдаж эхэлсэн. Бид ч машинаа асаагаад араас нь хөдлөөд явж байгаад баригдсан. ******* хайгчаа барьж буугаад газарт хүргэхэд хайгч дуугарч байсан. Тэгэхээр нь би хайгчийг нь барьж үзсэн. Газар ухаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2330003330220 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үдийн хойно гэхээр 14 юм уу 15 цагийн орчимд манай сумын малчин ******* над руу яриад “Дэлгэрэх сумын цаахна алт гарсан сураг байна гэж ******* ярьж байна. ******* тийшээ явах уу гэж байна” гэж ярьсан. Тухайн үед би эхнэр *******ийн хамт Сайншанд суманд байсан тул эхнэртэйгээ хамт *******ын гэрт очиж уулзаад ******* руу бид гурав очиж уулзаад алтанд явахаар болсон. Тэгээд би өөрийнхөө 1000-тай 2 ширхэг металл хайгч, газар ухагч осковоо авсан. ******* мөн өөрийн 1000, 2200-тай нийт 2 ширхэг металл хайгч, мөн газар ухагч осков багажаа аваад бид дөрөв *******ын “Prius 20” машинтай 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 17-18 цагийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумаас хөдлөөд Дэлгэрэх сум руу явсан. Би замд унтаж сэрээд яваад байсан. Нэг мэдэхэд Дэлгэрэх сумаас гараад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт явж байхад машины гэрэлд 2 машин явж байсан. Тухайн 2 машин нь улсын дугаараа авсан байсан учраас бид нар тухайн хүмүүсийг алтанд явж байна гэж ойлгоод дагаад араас нь явсан. Тэгээд явж байгаад алттай газарт ирсэн. Тус газарт машинууд гэрэл тусгаад хэдэн хүмүүс гар чийдэн тусгаад металл хайгчаар алт байгаа эсэхийг нь шалгаж байсан. Бид нар захад нь очиж зогсоод өөрийн 1000-тай металл хайгчаа тавиад алхаад явж байхад алт ч олдоогүй. Манай эхнэр ******* машиндаа үлдсэн ба би ******* ******* нараас салаад арай өөр газраар металл хайгчаа тавиад байсан болохоор тэр хоёрыг хэдий хэмжээний алт олсон болохыг мэдээгүй. Тэгээд бид нарыг тус газарт металл хайгч тавьж алт байгаа эсэхийг нь шалгаж байхад “цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирлээ” гээд тэнд байсан хүмүүс бужигналдаад машин, машиндаа суугаад зугтсан. Бид нар ч металл хайгчуудаа аваад тухайн газраас зугтсан боловч хаашаа явахаа мэдэхгүй хадан дунд орж машины дугуй хагарч зогсоход цагдаагийн алба хаагч ирж бид нарыг саатуулсан. Иймд би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид нарт ямар нэгэн ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл байхгүй.
...Тухайн “Minelab-1000” загварын металл хайгчууд нь миний өөрийн эзэмшлийн металл хайгчууд юм. Би худалдан аваад хэдэн жил болж байна. Тухайн үед хоёуланг нь 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн газарт хоёр 1000-тай хайгчийн нэгийг нь би өөрөө ашигласан. Нэгийг нь угсарч ашиглаагүй машинд байсан. Тухайн металл хайгчуудад бичиг баримт байхгүй, миний өөрийн эзэмшлийнх юм.” (164-167 дүгээр хуудас),
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “*******ын гэрт очиход *******ын найз *******, түүний эхнэр ******* нар байсан бөгөөд бид бөөндөө алтанд явахаар болоод ******* нь өөрийнхөө 1000-тай 2 ширхэг металл хайгч, газар ухагч осковоо авсан. Харин би өөрийнхөө гэрээс 1000, 2200-тай нийт 2 ширхэг металл хайгч, мөн газар ухагч осков багажаа аваад *******, С ******* болон түүний эхнэр ******* бид дөрөв миний “Prius 20” машинтай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад Дэлгэрэх сумаар дамжаад ертөнцийн зүгээр зүүн тийш буюу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу алтанд миний эзэмшлийн ******* ******* дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан.Бид нар Дэлгэрэх сумаас гараад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт явж байсан чинь машины гэрэлд 2 машин явж байсан. Тухайн машинууд нь улсын дугааруудаа авсан байсан учраас бид нар тухайн хүмүүсийг алтанд явж байна гэж бодоод тухайн машинуудыг дагаж явсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Мөн өмнө нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу явж байгаагүй учраас замд явж байсан 2 машины араас дагаад явсаар байгаад Түвшинширээ сумын 4 дүгээр баг “Хавцал" гэх газарт ирсэн. Дэлгэрэх сумаас Түвшинширээ сум руу гарахдаа харанхуй болсон хойно буюу оройны 18 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд алт гарч байсан газарт очиход шөнийн 22 цаг дөнгөж өнгөрч байсан. Тус газарт машинууд гэрэл тусгаад хэдэн хүмүүс металл хайгчаар алт байгаа эсэхийг нь шалгаж байхаар нь би өөрийн 1000-тай металл хайгчаа *******тай ээлжилж тухайн газарт тавьж үзсэн. ******* бид хоёр нийт 13 удаа металл хайгч дуугарсан учраас тухайн газрыг өнгөц хөрсийг осков багажаар ээлжилж ухсан. Нийт 0.4 грамм алт авсан. Тэгэхдээ С.******* нь 3 газрын хөрсийг өнгөц ухаж гарсан алтыг нь надад өгсөн. Үлдсэн газрын хөрсийг нь би өнгөц ухсан. Харин ******* нь 1000-тай металл хайгчаа тус газарт байхдаа тавьж үзэхэд тавьсан газар нь дуугараагүй учраас алт олж чадаагүй. Хамгийн сүүлд хэлэхэд алт ухсан газрын алт нь өнгөн хөрсөн дээрээ ил байдаг учраас газрын хөрсийг бага хэмжээгээр ухсан. Бид нарыг тус газарт металл хайгч тавьж алт байгаа эсэхийг нь шалгаж байхад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бид нарын үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Иймд би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” (206-209 дүгээр хуудас),
- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн төв Сайншанд суманд бензин авахаар орж ирсэн. Манай гэр Сайншанд сумын төвд байдаг. Тэгтэл ******* над руу залгаад “Дэлгэрэх сумаас зүүн хойш алт гарч байна гэнэ, би сая хүмүүс ярьж байхыг сонслоо явах уу?” гэсэн. Тэгэхээр нь би “хамт явъя” гээд бас танилууд болох ******* руу утсаар яриад “******* сая над руу ярьсан. Дэлгэрэх сумаас зүүн хойш алт гарч байгаа сураг сонссон гэнэ, хамт явах уу” гэхээр нь “хамт явъя” гээд манай гэрийн гадаа цугласан. Тэгээд Сайншанд сумаас *******ын “Prius 20” маркийн машинтай *******, *******ын эхнэр *******, ******* бид дөрөв 2023 оны 08 дугаар сарын 11-ний оройн 16, 17 цагийн үед гарсан. *******, ******* хоёр өөрсдийн хоёр, хоёр металл хайгчаа авсан. Ингээд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас зүүн хойш гараад явж байхад улсын номер дугаараа авсан машин явж байсан. Маркийг нь одоо санахгүй байна. Тухайн машинуудыг алт гарсан газар луу явж байна гэж ярилцаад түүний араас нь явсаар нэг газарт ирэхэд гар чийдэнгийн олон гэрэл асаасан металл хайгч тавьсан хүмүүс байж байсан. Бид нарыг очиход харанхуй болсон байсан болохоор ямар газар ирснээ сайн мэдээгүй. Тэгээд бид нар хэсэг харж сууж байгаад ******* буугаад 1000-тай металл хайгчаа тавьсан. ******* бас 1000-тай металл хайгчаа тавьсан. Би *******ын хамт хайгчийг нь ээлжилж 2-3 удаа тавьж дуугарсан шороог нь атгаад хайгчийнхаа таваг дээр тавьж байгаад жижиг тоос алтыг ялгаж авч *******од өгөхөд ******* жижиг саванд хийж авсан. Ийм байдлаар 3 удаа өгсөн санаж байна. *******од жижиг, жижиг шар өнгийн металлуудыг өгсний дараа ******* надаас металл хайгчаа аваад өөрөө тавиад явсан. Тэгээд би хэсэг хугацаанд машины хажууд зогсож байсан чинь хүмүүс бужигналдаад зугтацгааж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар ч металл хайгчуудаа аваад тухайн газраас зугтсан боловч хаашаа явахаа мэдэхгүй 2-3 км яваад цагдаагийн алба хаагч нарт баригдаж саатуулагдсан” гэх (хх 183-190 дүгээр хуудас),
- Иргэний нэхэмжлэгч ын: “Бид нар хамгийн ойр байгаа машины араас хөөхөд цагаан өнгийн улсын дугааргүй “Prius 20” маркийн автомашинтай хүмүүс хэсэг газар зугтаж яваад хадтай газарт нь дугуй нь хагарч зогссон. Тухайн машиныг шалгахад машинд Дорноговь аймгийн харьяат гэх 3 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 4 хүн явсан. Машиныхаа тээшинд металл хайгч болон хоол хүнс, газар ухагч багажууд ачсан байсан. Тухайн хүмүүс хэлэхдээ “алт гарсан гэж дам сураг сонсож ирсэн” гэж ярьж байсан.” (хх 183-190 дүгээр хуудас),
- Гэрч С.*******ийн: “Би замд нөхрийнхөө хамт ихэнхдээ унтаад явсан. Тэгтэл шөнө нэг газар ирэхэд тухай газарт олон гэрэл гарсан, гэрэл чийдэн тусгаад хүмүүс металл хайгч тавиад байсан. Тэгээд би “хэрэггүй юм биш үү” гэхэд манай гурав өдий хол ирчхээд гээд буугаад явсан. Хэн нь хаана ямар металл хайгч тавьсныг мэдэхгүй. Би тухайн зүйлд оролцохгүй гээд машиндаа үлдсэн. Тэгээд машинд унтаж байхад гэнэт “хөөлгө, туулга боллоо” гээд тэнд байсан хүмүүс ийш, тийшээ тарсан. Бид нар зугтсан боловч тухайн газраас холгүй яваад цагдаад баригдсан. Би “нөхрийн хамт яваад ирье” гэж бодсон. Би анхнаасаа алт олборлох зорилгогүй явсан. Тэгээд ч очоод металл хайгч тавьж алт олборлоогүй.” гэх (хх 44-45 дугаар хуудас),
- Гэрч А.ын: “... Бид нарыг тухайн гэрлүүд рүү ойртож очиход тэнд цугласан байсан 20-30 тооны машинууд тал тал тийшээ зугтсан. Тухайн хүмүүс болон машинууд байсан газарт жижиг хэмжээтэй нүхнүүд ухагдсан байсан. Бид нар нэг машинтай очсон учраас хамгийн ойр байсан цагаан өнгийн улсын дугааргүй “Prius 20” маркийн машины араас явахад ойролцоогоор 10 орчим километр яваад хадтай газарт дугуй нь хагарч зогссон. Тухайн машинд 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс явж байсан. ...Тухайн хүмүүс металл хайгч, багаж, хоол хүнс машиныхаа багажид тээвэрлэж явсан учраас машиныг Түвшинширээ сум руу дагуулан очиход Цагдаагийн газрын экологийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүн суманд ирсэн байсан. Тиймээс тухайн хүмүүсийг тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн.
...Би тухайн хүмүүсийг танихгүй, тухайн хүмүүс өөрсдийгөө Дорноговь аймгийн хүмүүс гэж хэлж байсан. Энд алт гарсан гэж сонсоод ирсэн талаараа ярьж байсан.” гэх (хх 47-48 дугаар хуудас),
- Гэрч Ц.ийн: “...Бид нарыг очих үед байсан машинууд бид нарыг хармагцаа шууд тал тал тийшээ тарж бутарч зугтсан. Бид нар хамгийн ойр байгаа “Prius 20” маркийн машины араас дагаж явахад тухайн автомашин эхлээд зогсохгүй хэсэг зугтаж яваад дугуй нь хагарч зогссон. Хэсгийн төлөөлөгч тухайн машиныг саатуулж хүмүүстэй нь уулзахад машины улсын дугаараа тайлж авсан, дотор нь 3 эрэгтэй 1 эмэгтэй нийт 4 хүн явсан. Тухайн машиныг тэнд нь түр үлдээсэн. Гэхдээ манайхнаас нэг нь харж үлдсэн. Яг хэн нь гэдгийг одоо сайн санахгүй байна.” гэх (хх 50-51 дүгээр хуудас)
- Шинжээч С.ийн: “1 ширхэг ухагдсан нүхний хохирлыг 6,857 төгрөгөөр бодож тооцсон. 1 ширхэг нүхний хохирлыг нийт ухагдсан нүхэндээ үржүүлж, нийт хохирлыг бодож тооцно.” (хх 144-145 дугаар хуудас) мэдүүлэг
- Хэргийн газарт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 4-9 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай “Түвшинширээ сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна” гэх албан тоот (хх 17 дугаар хуудас),
- Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ““Minelab” загварын GM10 металл хайгч 1 ширхэг, “Minelab” загварын GM05 металл хайгч 2 ширхэг, “Mono” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 2 ширхэг, олборлож авсан 0.408 грамм алт”-ыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх 21 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх 24-27 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3879 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлсийн гол найрлагын элементүүд нь алт-72,249% /Au/, цахиур-10,898% /Si/, төмөр-6,082% /Fe/, кали-4,905% /K/, кальци-3,910% /Ca/ зэрэг химийн элементүүд агуулагдаж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл зүйлсийг ямар аргаар (химийн буюу бусад) гаргаж авсныг тогтоох нь физикийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх 54-58 дугаар хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2302259 дугаартай “0.408 граммтай 73 хувийн байгалийн алтны зах зээлийн үнэлгээ 64,100 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 67-78 дугаар хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302218 дугаартай “******* ******* улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 13,833,400 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 88-98 дугаар хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302219 дугаартай ““Minelab” 1000 металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 2,400,000 төгрөг, 3 ширхэг нь 7,200,000 төгрөг, “Minelab” 5000 металл хайгчийн зах зээлийн үнэлгээ 3,150,000 төгрөг, нийт 10,350,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 105-118 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3476 дугаартай “... 3. Эвдэгдсэн талбайн нөхөн сэргээх ажлын нийт зардлын дүн 691,169 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх 124-139 дүгээр хуудас),
- Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 168-169 дүгээр хуудас),
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх 171-173 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 191-192 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх 194-196 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 210-211 дүгээр хуудас),
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх 214-216 дугаар хуудас),
- “Toyota Prius 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хх 213 дугаар хуудас) зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр алтны эрэл хайгуул хийх, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатайгаар нэгдэн, ******* ******* улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Хавцал” гэх газарт очиж, “Minelab GM10” загварын металл хайгч нэг ширхэг, “Minelab GM05” загварын металл хайгч 2 ширхэг, “Mono” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж 2 ширхэг (осков) зэрэг техник хэрэгсэл ашиглаж 0,408 грамм алт олборлосон, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна иргэний нэхэмжлэгч , гэрч С.*******, А., Ц. нарын мэдүүлэг, хэргийн газарт 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай албан тоот, мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэдэгт: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нар нь хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
“Газрын хэвлий” гэж хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж)-ийг ойлгоно гэж “Газрын хэвлийн тухай” хуульд тодорхойлжээ.
2.3. Прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд энэ гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлээ гүйцэтгэхэд ашигласан 13,833,400 төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг металл хайгч багаж, 2 ширхэг газар ухагч осков, 0.408 грамм алт зэрэг эд зүйлийг улсын орлого болгох” гэх дүгнэлтийг гаргав.
3.3. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлтээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар, тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Дорноговь аймгийн үндсэн харьяат бөгөөд тус аймагт оршин суудаг болох нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”-ны хуудас, тэдний биеийн байцаалт зэргээр тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, ... ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ... хариуцан хөтөлнө” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан”-ны улмаас байгаль орчинд 267,423 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг нөхөн болно.
5.1. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Minelab” загварын GM10 металл хайгч 1 ширхэг, “Minelab” загварын GM05 металл хайгч 2 ширхэг, “Mono” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 2 ширхэг, олборлож авсан 0.408 грамм алт зэргийг хуульд заасан журмын дагуу хураан авч, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
“Toyota Prius 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын өмчлөлийн болох нь хэрэгт авагдсан “тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх 86), “Toyota Prius 20” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хх 213) зэргээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт С-ын *******, А овогт С-ын М, Б овогт Б-ын Г нарыг “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нарт дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан гэм хорын хохирол 267,423 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл, “Minelab” загварын GM10 металл хайгч 1 ширхэг, “Minelab” загварын GM05 металл хайгч 2 ширхэг, “Mono” загварын металл хайгч 1 ширхэг, газар ухагч төмөр багаж буюу осков 2 ширхэг, олборлож авсан 0.408 грамм алтыг төсвийн орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ