Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2020/00874

 

            Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, Х овогт Уийн Ен нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, И овогт Сн Б,

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газар /дарга Ч.Б/ нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшлийн газраас С.Бын барьсан гэх Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг албадан нүүлгэх тухай.

            Нэхэмжлэгч У.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Е би Ө сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар Ө сумын 0 дүгээр багийн нутагт Сы хашааны дээд талд нэгж талбайн 031303836 дугаар бүхий 750 /0,075/ м2 газрыг 50 жилийн хугацаагаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр авсан, гэрчилгээний дугаар 0305229 юм.

Энэ газартаа бид 2011 оны хавар 28 м.кв талбай бүхий 3 өрөө сууц барьсан ба ногоон төмрөөр эргэн тойронд хашаа босгосон. Гэр бүлээрээ өвлийн сууц, үүдний блокон амбаар хашаатай сайхан амьдарч байхад сумын 4-р багийн “Шт” гэх газрын Улаан толгой гудамжинд харьяалалтай 00000 регистрийн дугаартай Иовогт Бийн Г ирж худалдахыг хүсэхэд би эхнэртэйгээ ярилцаад 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хашаа байшин газраа тохиролцсон үнээр худалдсан юм. Б.Г ах

Байшинг өөрийн дээрээ буулгаж авсан байсан. Би 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар Б.Г ахад газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Гэхдээ улсын бүртгэлээр Б.Ггийн нэр дээр газар шилжээгүй юм. Б.Г ахын байшин өвлийн сууцанд үерээр ус бууж, байшинд ан сав хашаа байр нурсан гэж хэлж явсан ба хэдэн жил өвөлжиж чадалгүй нурсан, байрны хогийг цэвэрлэж байсныг харсан. Гэтэл Б.Г ахын эхнэрийн элэг нь 3-4 удаа Улаанбаатар хот эмчилгээнд явж ирэхэд С.Б гэгч нь Б.Гд шилжүүлсэн газарт ахмадын чөлөөт амралтын талбай гэгчийг барьчихсан байжээ.

Нэгэнт газар нь эзэмших эрх нотариатаар гэрчилж Б.Гд шилжсэн хэдий ч улсын бүртгэлийн газраас шилжүүлэг хийгдээгүй тул газар маргаантай байна гээд эзэмших, өмчлөх гэрчилгээ олгоогүй болохоор газрын эзэн би эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байгаа юм. Б.Гд гэрээгээр шилжүүлсэн боловч уг газар нь улсын бүртгэлээр албан ёсоор Б.Ггийн нэр дээр шилжээгүй тул газрын эзэмшигч нь У.Е би мөн болохоор хариуцагч С Баас газрыг минь чөлөөл гэж шаардах эрхтэй билээ. Иймд

У.Е миний Өлгий сумын 4 дүгээр багийн С-ны хашааны дээд талд байрлалтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй 750 /0,075/ м2 газраас С.Бын “Ахмадын чөлөөт талбай” гэх барилга байгууламжийг албадан нүүлгэж газрыг минь чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд У.Ен итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт барьсан  Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч С.Быг хариуцагчаар татсан. Харин С.Бад тухайн барилга байгууламжийн захиалга өгч хийлгэсэн  байгууллага Өлгий сумын хурал байсан, хариуцах ёстой байгууллага бол Ө сумын Засаг даргын тамгын газар гэж хэлж байсан. Нэхэмжлэлдээ нэхэмжлэгч тухайн газрыг хэзээ авсан, ямар байдалтай байсан тухай тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл 2011 оны 06 дугаар сард Ө сумын Засаг даргын захирамжаар Сы хашааны дээд талд 50 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших зөвшөөрөл авч тухайн газартаа 28 м.кв талбайтай 3 өрөө байшин барьсан. Тухайн гэрчилгээг ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бус тооцсон эрхийн акт гараагүй. 2014 онд газар болон байшингийн хамт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Гд худалдсан байдаг. Тухайн 0,7 га газар нь нэхэмжлэгчийн нэр дээр харин 28 м.кв талбайтай газар нь Б.Ггийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Тухайн газрын Ө сумын Засаг дарга болон бусад эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож өөр хүний эзэмшил өмчлөлд тухайн газрыг ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй. Тийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Тухайн газрыг худалдан авах үед гуравдагч этгээд газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байдаг ба тийм учраас тухайн газар нэхэмжлэгчийн нэр дээр байшин гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй болсон. Тухайн байшинд гуравдагч этгээд амьдарч байхад шар усны үер бууж байшин гэмтсэн байдаг. Тийм учраас тухай байшинг нураасан. Энэ хугацаанд  Б.Ггийн  гэр бүлийн хүн нь хүндээр өвдөж Ул хотод ирж очин эмчлүүлж байсан байдаг. Тухайн үед тухайн газарт байшин барьж хүмүүс амьдраагүй байдаг. Газраа эргэж  байх үед тухайн газарт Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай баригдсан байдаг. Тухайн Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг хэн барьсан вэ гэж эрэн сурвалжилж үзэхэд Ө сумын тамгын газарт ажилладаг С.Б гэдэг хүн тухайн талбайд Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барьсан байдаг гэж хүмүүсээс сонссон. Хариуцагч С.Б тайлбартаа тухайн газарт барилга би бариагүй харин тухайн тендерийн хорооны гишүүнээр оролцож байсан маань үнэн гэдэг. Харин хариуцагчийг тодорхойлохын тулд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахад хамтран хариуцагчаар Ө сумын Тамгын газрын Засаг даргын Тамгын газрыг татсан.  Хариуцагч байгууллага тухайн талбайг барих үед тухайн газар хэний эзэмшил өмчлөлд байгаа эсэхийг шалгаагүй байдаг. Газын албанаас тухайн талбай бусдын эзэмшил газарт баригдсан давхацсан гэдэг нь үнэн гэсэн тодорхойлолт өгсөн. Мөн Ө сумын Засаг даргаас тухайн талбайг барих үед бид ямар нэгэн газар олгоогүй болно гэсэн алба бичиг мөн хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нэгэнд нэхэмжлэгчийн газар нь ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй. Нэхэмжлэгч 50 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа. Мөн тухайн газарт ямар нэгэн талбай барихыг зөвшөөрөөгүй байхад хариуцагч тухайн талбайд хууль бусаар барьсан гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн Газрын тухай хуульд газрыг давхардуулан олгохгүй гэж хуульчилсан. Тийм учраас нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас тухайн Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч У.Ен шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Уг нэхэмжлэлийн хариуцагч би биш байгаа. Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай гэх байгууламжийн захиалагч Ө сумын Засаг даргын Тамгын газар бөгөөд Худалдах, худалдаж авах үйл ажиллагааны тухай дагуу тендер зарлагдаж, тендерийн шаардлагад төрийн бус байгууллага нь нийцсэн компани тендерийг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад ороод 3 жил болж байгаа бөгөөд уг хугацаанд ямар ч мэдэгдэл гаргаагүй байна. Миний бие тендерийн гишүүнээр суусан болно. Иймд уг нэхэмжлэл надад ямар ч хамаагүй бөгөөд уг талбайд миний ямар ч хариуцах юм байхгүй болно. Иймд У.Ен нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн нэхэмжлэлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ нотлох баримтаар харуулсан. Захиалагч байгууллага нь Ө сумын тамгын газар. Одоо уг барилга байгууламж Х компанийн бүртгэлд шилжүүлсэн. Тийм учраас би хариуцагч биш байна гэв.

Хамтран хариуцагч Б аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж баталсан билээ. Энэхүү ажлын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих газрын зөвшөөрлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч, газрын даамлуудын гаргаж өгсөн кадастрын дагуу энэхүү  талбай баригдсан юм. Тус газарт зөвшөөрөл олгохдоо хэн нэгний эзэмшилгүй, нийтийн эзэмшлийн газар хэмээн олгосон билээ.

Ахмадын чөлөөт цаг  өнгөрүүлэх талбай барих тендерт ялалт байгуулсан Ё констракшн ХХК энэхүү талбайг барьж гүйцэтгээд улмаар энэхүү барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч Х ОНӨААТГ-т бүртгэлд авахыг даалгасны дагуу бүртгэлд авсан болно. Иймд Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих газрын зөвшөөрөл өгч, газрын кадастр гаргаж өгсөн аймгийн ГХБХБГазар энэхүү маргааны хариуцагч хэмээн үзэж байгаа тул Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хамтран хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авсан ба тухайн үед иргэд Ө сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай байгуулах тухай санал нь давуу эрхтэй байсан учраас үүнийг орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдэгдэж батлагдсан. Тухайн батлагдсан ажлыг Өлгий сумын Засаг даргын тамгын газар зохион байгуулах үүрэгтэй байдаг учраас тендер зарласан. Уг сонгон шалгаруулалтаас Ё ХХК ялсан ба тухайн компаниар уг ажлыг хийлгэсэн. Уг тендерт Ө сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт уг ажил хийгдсэн гэсэн болохоос яг энэ газар тухайн ажил хийгдэх ёстой гэсэн байршил зааж өгөөгүй. Гүйцэтгэсэн компани тухайн талбайг барих газрыг судалж газрын албанаас албан ёсоор зөвшөөрөл авч хийх ёстой. Хууль тогтоомжид заасан журам нь ийм байдаг. Тухайн сул чөлөөтэй байгаа талбайг  давхцуулахгүйгээр  олгох асуудлыг газрын алба шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Тухайн газарт ажил гүйцэтгэхийг ялж авсан компани Ё констракшн ХХК хариуцаж байгаа. Тэгэхээр манай байгууллагын зүгээс тухайн тендерийг зарлаж, газрын албаны зөвшөөрөл олгосон газарт Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай баригдаж тухайн ажлыг улсын комисс хүлээн авч Х орон нутгийн өмчийн газрын  мэдэлд шилжүүлж орлогод нь бүртгэж авсан. Ийм л үе шат явагдсан. Тэрнээс биш Ө сумын Засаг даргын тамгын газраас яг энэ газарт тухайн газар баригдах ёстой гэсэн шаардлага тавиагүй. Үүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газрын албаны буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тийм учраас манай байгууллага тухайн хэрэгт хариуцагчаар оролцох ёсгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г би 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ө сумын 0 дүгээр багт байрлах төмөр хашаатай, 3 өрөө модон байшинг 750 м.кв газрын хамтаар Ө сумын 0 дүгээр багийн иргэн У.Егаас худалдаж авсан. Бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар газар эзэмших гэрээг хийлгэсэн. Гэхдээ улсын бүртгэлээр би нэр дээрээ шилжүүлээгүй байсан юм. Тухайн үедээ миний эхнэр Д.Энхтуяа нь элэгний хавдраар өвдөж Улаанбаатар хотод  удаа дараа явж эмчлүүлсэн. Мөн үер бууж байшингийн үүдний амбаар нурж байшингийн ханад ан цав  гарч хүн амьдрах ямар ч боломжгүй болсон тул буулгаж дахин барих шаардлага гарсан юм. Ингээд байшингаа буулгаж эхнэр Д.Э-г Улаанбаатар хотод 3 сар эмчилгээ хийлгээд яваад ирэхэд Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тухайн үед Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Б нь дур мэдэн миний газар дээр Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг байгуулсан юм. Ингэхдээ аймгийн Газрын алба, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас зохих  зөвшөөрөл аваагүй болно. Иргэн С.Бад 2 жил хэлж ярьсан боловч ямар арга хэмжээ авч асуудлыг минь шийдвэрлэж өгөлгүй худал хэлж ирсэн учир шүүхэд хандаж гомдлоо барагдуулахыг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний худалдаж авсан газар албан ёсны гэрчилгээтэй. Өлгий сумын засаг даргад албан ёсны хүсэлт гаргасны дагуу шалгуулж тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн газрын албаны дарга М.Болатад хүсэлт гаргаж тухай албаны ажилчдад шалгуулж кадастрын зургийг нь үзэж таны газар мөн байнга гэсэн албан ёсны тодорхойлолтын мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний худалдаж авсан газар нэгэнд хууль бусаар бусдад ашиглагдсан учраас газраас чөлөөлүүлэх тухай хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Е нь Б аймгийн Ө сумын 0-р багт байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй 750 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүсжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчаар С.Быг тодорхойлж ирүүлсэн бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Б аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан болно.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хувьд:

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр У.Е нь Ө сумын 0 дүгээр багт байршилтай 750 м.кв газрыг Б.Гд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.1,  35.1.4-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэж тус тус заасан байх ба У.Е нь эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхээр гэрээ хийсэн байгаа боловч 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Х овгийн Уийн Ед  Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт, нэгж талбарын 0 дугаар бүхий 750 м.кв газрыг 50 жилийн хугацаатай олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ нь бусдад шилжээгүй байх тул эзэмшлийн газраа бусдын эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хэрэг авагдсан баримтуудын талаар:

Б аймгийн Өлгий сумын газрын даамлаас 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0305229 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Харахас овгийн Уийн Ед  Б аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031303836 дугаар бүхий Өлгий сумын 4 дүгээр баг, Сандалханы Хашааны дээд талд байршилтай 750 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Б аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/563 дугаартай 13 дугаар багийн оршин суугч У.Ед гэх албан бичгээр “Өлгий сумны 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх амрах талбайд Өлгий сумаас газрын зөвшөөрөл олгогдоогүй байна” гэжээ.

Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 387 дугаартай тодорхойлолтод “иргэн У.Ен 0305229 дугаартай газрын гэрчилгээтэй газар дээр ахмадын чөлөөт амралтын талбайг давхцуулан барьсан нь үнэн болно” гэжээ.

Б аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх, ахмадын талбай барих гэрээг Захиалагч Б аймгийн Засаг даргын тамгын газар болон гүйцэтгэгч Ё ХХК-тай байгуулсан бөгөөд Ё ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайн барилгын ажлыг хийж гүйцэтгэж дууссан тул хүлээж авах комисс томилж өгөх тухай хүсэлт гаргаснаар Б аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг байгуулж, хийсэн ажлыг зохих журмын дагуу хүлээн авч Х ОНӨААТҮГазрын дансанд бүртгэлд авахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайн схем зургаас үзэхэд тухайн талбайг буулгасан байшингийн бууринд барих гэж дурдсан байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд У.Е нь тухайн газарт байсан өөрийн өмчлөлийн хувийн сууцыг иргэн Б.Гд худалдсан ба Б.Г нь худалдаж авсны дараа үерийн улмаас байшингийн амбаар нурж байшингийн ханад ан цав гарч хүн амьдрах боломжгүй болсон тул байшинг нураасан болох нь тогтоогджээ.

Шүүхээс Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай баригдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зургаар У.Ен эзэмшиж байсан гэх газарт 228 м.кв хэмжээтэй торон хашаа баригдсан байх ба хашаан дотор 5 ширхэг саравч, 3 ширхэг тоглоом шинээр байршуулсан байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч У.Ен эзэмшлийн Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт байршилтай 750 м.кв газарт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж баригдсан болох нь тогтоогдож байгаа тул уг газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайг албадан нүүлгэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчаар С.Быг тодорхойлж ирүүлсэн боловч С.Б нь тухайн барилга байгууламжийн өмчлөгч биш бөгөөд бусдын буюу У.Ен эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул С.Бад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Б аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газар нь У.Е-н эзэмшлийн газарт баригдсан Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай гэх барилга байгууламжийг барихад захиалагчийн хувиар оролцсон байх тул нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд гэж үзэх боломжтой бөгөөд тухайн барилга байгууламжийг Х ОНӨААТҮГазрын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтгүй байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан У.Ен эзэмшлийн Б аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 750 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Хариуцагч С.Бад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ед олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М